Categories
мэдээ цаг-үе

Г.Угалзцэцэг: Ангийн маань хүүхэд “Биеийн тамирт ордоггүй байсан хүн дэлхийн аварга болчихдог сонин юм аа” гээд инээгээд байсан

Тайландын Бангкок хотноо болсон долоо дахь удаагийн бодибилдинг, фитнессийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай баг тамирчид амжилттай оролцож, атлетик бие бялдар ангилалд (women’s athletic physique) Монгол Улсын тамирчин Гамбагаагийн Угалзцэцэг алтан медаль хүртэж, дэлхийн аварга цолыг эх орондоо авчраад байгаа билээ. Түүнтэй уулзаж ярилцлаа.

-Дэлхийн аварга хэмээх алдар хүндийн эзэн болсонд баяр хүргэе. Өөрийгөө түрүүлчихнэ гэж бодож байв уу?

-Яг үнэнийг хэлэхэд би өөртөө дэлхийн аварга болчихно гэж огтхон ч бодоогүй. Өмнө нь ганц хоёрхон удаа л гадаадад болж буй тэмцээнд оролцсон. Тэгээд ч би энэ спортоор хичээллээд гуравхан жил болж байгаа л даа. Нэг студид зурагчны ажил эрхэлж байхдаа жингээ барих зорилгоор хичээллэж эхэлсэн юм. Саяын тэмцээнд нийт 48 орны 480 гаруй тамирчин оролцсоноос атлетик физик эмэгтэй 165 см хүртэл ангилалд 16 тамирчин оролцсон. Улс улсын шилдэг тамирчид байсан болохоор маш их өрсөлдөөнтэй, ширүүн тэмцээн болсон. Дэлхийн аварга боллоо гэж зарлахад “Үнэн гэж үү” гэсэн бодол төрж байлаа. Ноднин Нурлан ах маань дэлхийн аварга анхны монгол эрэгтэй тамирчин болсон. Харин би энэ жил бодибилдингийн төрлөөр дэлхийн аварга болж буй анхны эмэгтэй болсондоо баяртай байна.

-Манайхаас хэдэн тамирчин тэмцээнд оролцов?

-Энэ удаагийн ДАШТ-д Монгол Улсаа төлөөлөн 16 тамирчин, албаны дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй оролцож, дэлхийн аварга, мөнгө, хүрэл медаль, IV байр тус бүр нэгийг хүртлээ. Миний ангилалд Г.Гансаруул хүрэл медаль хүртлээ. Мөн эрэгтэйчүүдийн мастер бодибилдингийн 40-49 насны ангилалд Л.Баянхүү мөнгөн медаль авлаа. 2010 оны Монголын мистер Л.Баянхүү дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөн ийнхүү дэлхийн медальтан боллоо. Эмэгтэй модель бие бялдар 55 кг-ын ангилалд Ч.Мянганбилэг шагналт дөрөвдүгээр байр эзэллээ. Энэ тэмцээнийг Тайландын шүүгчдээс гадна улс болгоны шилдэг шүүгчид шүүдэг. Бүгдээрээ л урмын үг харамгүй хэлж байсан даа.

-Монголчууд маань дэлхийн аваргаа яаж хүлээж авав даа?

-Монголын ард түмэн үнэхээр сайхан хүлээж авсан. Бүгд л “Дэлхийн тавцанд Монголын төрийн далбааг мандуулсанд баярлалаа” гээд л. Утасны дэлгэц маань гэмтэлтэй байсан болохоор мессэжээ ч уншиж чадахгүй байсан. Утсаа янзлуулсны дараа хэдэн мянган мессэж хүрч ирж, уншиж гүйцэхгүй байсан.

-Зурагчны ажил хийж байгаад фитнессээр хичээллэж эхэлсэн гэлээ. Гэр бүлийнхэн тань анх юу гэж байв?

-Би дөрвөн хүүхэдтэй айлын ууган хүүхэд. Гурван эмэгтэй дүү маань англи, хятад хэлний орчуулагчид. Анхандаа бүгд л “Эгч та хэл үз. Юун хүндийн өргөлт вэ. Боль. Эмэгтэй хүнд муухай спорт. Бие хаа чинь эвдэрнэ” гэдэг байсан. Харин ДАШТ-д ороод ирснээс хойш бодол нь өөрчлөгдсөн. Гурван дүү маань ч бас өөрсдийн хэмжээнд фитнессээр хичээллэдэг л дээ. Зурагчин байхдаа суугаа голдуу ажил хийдэг байсан болохоор хөдөлгөөний дутагдлаасаа гарах гэж, бас эмэгтэйчүүдийн асуудал болдог харвингаасаа салах гэж фитнесст явж эхэлсэн юм. Гурван сарын дараа гэхэд мэдэгдэхүйц өөрчлөлт гарсан учраас дахиад гурван сар хичээллэсэн. Өөрчлөлт гарах тусам урам орж хичээллэж байгаад, 11 сарын дараа өөрийгөө бэлдээд тэмцээнд орсон. Анхны тэмцээнээсээ дөрөвдүгээр байрын шагнал авсны дараа ахмад тамирчид болон хүмүүсээс тамирчин болох санал, урмын үгс их сонссон. Тэгээд л “Би энэ спортоор хичээллэж амжилтад хүрэх ёстой” гэсэн зорилго өмнөө тавьсан даа.

-Олонхи эмэгтэйчүүд гоолиг сайхан бие бялдартай, булчин шөрмөсгүй энхрий ялдамхан байхыг илүүд үздэг дээ?

-Эмэгтэй хүмүүс өөр өөрийн гэсэн сонирхолтой байдаг. Ихэвчлэн туранхай байхыг илүүд үздэг. Миний хувьд зүгээр туранхай биш булчинлаг байх нь ч гэсэн эмэгтэй хүнийг гоё, сайхан харагдуулдаг гэж боддог. Зөвхөн булчинлаг биш өв тэгш, илүүдэл өөхгүй байх нь эрүүл бас залуу харагдуулдаг. Энэ спортын хамгийн том онцлог бол нас харгалзахгүй амжилт гаргаж болдог. Жар, дал, наян насны ангилал ч байдаг. Сая Италийн 45 настай эмэгтэй тамирчин шагналт тавдугаар байрт орох жишээний. Тэгэхэд би одоо дөнгөж 36 настай. Цаашид ч олон тэмцээнд оролцож, аваргын рейтингээ хадгална гэж бодож байгаа.

-Дэлхийн аваргын титмийг дагаад хэдий хэрийн мөнгөн шагнал дагалдаж ирдэг бол?

-Дэлхийн аваргын тэмцээн маань цэвэр нэр төрийн л спортын тэмцээн юм билээ. Ямар нэгэн мөнгөн шагнал дагалдахгүй. Бутаны нэг тамирчин анх удаа дэлхийн аварга боллоо гэж улс оронд нь үндэсний баярын хэмжээнд авч үзэж байна гэсэн. Бусад улс орны тамирчдыг анзаарч байхад нэр төрийн энэ тэмцээндээ амжилт гаргасныхаа дараа шоу цэнгээний талбарт хүчээ үздэг юм билээ. Тэр шоуны шагнал нь гэхэд дор хаяж л зуун мянган америк доллар байдаг юм билээ. Манай Бодибилдинг фитнессийн холбоо маань л их дэмжиж ажилладаг болохоос салбарын яамнаас дэмжлэг туслалцаа байдаггүй. Энэ спорт уул нь ард иргэдийн эрүүл мэндэд хандсан спорт шүү дээ.

-Тэмцээнд оролцох зардал мөнгөний асуудлаа хэрхэн шийдэж байна?

-Тамирчид маань бүгд л зардлаа хувиасаа гаргасан. Миний хувьд гэр бүлийн маань хүн бүх зардал мөнгийг шийдэж өгсөн. Ханьдаа маш их баярлаж байна даа. Миний ханийг Ганболдын Мөнгөнбаяр гэдэг. Монголын байгалийн их зураач Цэмбэлдоржийн ач хүү байгаа юм. Удам дамжсан зураачид. Манайх хоёр хүүхэдтэй. Охин маань ЭМШУИС-ийн гуравдугаар курст сурдаг. Хүү маань одоо арван дөрвөн настай. Ерөнхий боловсролын сургуулийн есдүгээр ангийн сурагч. Хүү маань фитнесс, бодибилдингээр хичээллэх маш их сонирхолтой ч насанд хүрээгүй гэж би одоогоор хориглоод байгаа.

-Бодибилдингийн спорт ер нь зардал өндөртэй байх шүү?

-Энэ спорт өндөр санхүү, тэсвэр тэвчээр шаарддаг. Хараад байхад ихэнх тамирчид маань бор зүрхээрээ өр тавиад олон улсын тэмцээнд явах жишээтэй. Унаа тэргээ барьцаанд тавих бол энүүхэнд. Миний хувьд дэлхийн аваргад бүтэн жилийн өмнөөс бэлдэж эхэлсэн. Энэ бүх хугацаанд бүх зүйл дээр гэр бүлийн хүн маань маш их дэмжиж тусалсан. Мэдээж гэж бүлийнхээ төсөв хэрэглээг хасаж байж миний бэлтгэлийг хангаж байсан. Өдөрт хоёр удаа, нэг удаад нь гурван цаг, нийтдээ өдөрт зургаан цаг бэлтгэл хангаж байсан. Тийм учраас ажил хийх боломж байгаагүй. Ихэнх цагийг бэлтгэлийн зааланд өнгөрөөдөг. Гэхдээ гэр бүлдээ заавал өөрийн гарын хоолоо хийж өгнө өө. Найзуудтайгаа уулзах цаг зав л бага байх юм даа.

-Өөрийн чинь сарын хэрэглээ гэхэд хэдэн төгрөг байдаг бол?

-Зөвхөн бэлтгэлдээ зориулж 600-800 мянган төгрөг зарцуулдаг учраас бусад хувцас болон гоо сайхны хэрэглээг бараг орхидог.

-Та Бодибилдингийн хоёр холбооны алинд нь харьяалагддаг вэ. Хоёр холбоо хоорондоо таарамж муутай гэдэг үнэн үү?

-Манай Монголын бодибилдинг фитнессийн холбоо байгуулагдаад 25 жил болж байна. Монголын бодибилдинг фитнессийн нэгдсэн холбоо гэж бий. Хоорондоо таарамж муутай эсэхийг сайн мэдэхгүй юм. Хоёр холбоо байдаг ч адилхан л монголчууд шүү дээ. Нэг л хүсэл тэмүүлэлтэй тамирчид гэж бодож байна.

-Таны аав ээж удам судар чинь хаанахын хүн байна?

-Аавыг маань Гамбагаа гэдэг. Хөвсгөлийн Арбулаг сумын хүн. Би багадаа эмээ дээрээ Арбулаг суманд зуныхаа амралтаар очиж амардаг байлаа. Хүүхэд ахуйн тэр сайхан үе минь бодогдоно шүү. Аав маань зах зээлийн нийгэмд оруут Хөвсгөл аймагтаа хүнсний үйлдвэрлэл эрхэлж эхэлсэн хүн.

-Өөрөө дунд сургуулиа хаана төгсөв. Бодвол спортлог хүүхэд байсан байлгүй?

-Таван шарын арванхоёрдугаар сургуулийг дүүргэсэн. Би багадаа бандгардуу махлаг хүүхэд байсан болохоор биеийн тамирын хичээлд орохоос их ичдэг байсан. Урлагийн үзлэг, гар бөмбөг, сагсан бөмбөгийн болон спортын тэмцээнүүдэд огт оролцдоггүй байлаа. Саяхан арван жилийн ангийн хүүхэдтэйгээ таарсан чинь “Ганцаараа биеийн тамирт огт ордоггүй хүүхэд дэлхийн аварга болчихдог. Мөн сонин юм аа. Ёстой нар хойноос мандана гэдэг л боллоо доо” гээд инээгээд байсан.

-Цаашдын зорилгоосоо хуваалцаач?

-Би “B” продакшны дэргэдэх “Улаанбаатар фитнесс” клубт хичээллэж, тэнд бас багшилдаг. Тиймээс юуны түрүүнд аваргаа хамгаалах зорилго тавьсан. Цаашдаа олон тамирчин бэлдэж, дасгалжуулагч болно гэсэн бодолтой байгаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *