Categories
мэдээ цаг-үе

Г.Цэрэн: Философийн эхлэл буддизмаас цаашлаад бүр чулуун зэвсгийн үе рүү орчихлоо

Философийн ухааны доктор, дэд профессор Г.Цэрэнтэй ярилцлаа.


-Социализмын үеийн Монгол Улс Марксизм, Ленинизмийн философиор замнасан гэж ярьдаг. Үнэхээр улсаараа нэг философи сэтгэлгээнд баригдсан байсан уу?

-Философи гэх мэдлэг нь тодорхой бие, хувь хүний бүтээлч, шүүмжлэлт сэтгэлгээний үр дүн. Ер нь хүний сэтгэхүйд гадны нөлөөгөөр янз бүрийн дарамт саад учруулахгүй бол хүн бүр философич сэтгэлгээгээ ашигладаг. Социализмын үед, нэг намын үзэл суртал давамгайлж бүх хүмүүсийг ижилхэн сэтгэдэг болгох гэсэн үйл явц өрнөсөн. Гэхдээ энэ үйл явц зарим хүмүүсийн боддог шиг нэг хэв, загварт орчихоогүй. Би тэр үеийн хүмүүстэй ажиллаж, амьдарч, уулзаж явсан хүн. Янз бүрийн асуудлаар ярилцаж байсан. Элдэв янзын хов жив ярьж, мэдээлэл дамжуулдаг хүн биш гэдэгт итгэдэг байсан хүмүүс надад өөрсдийн цэвэр философи, үзэл бодлоо нуулгүй ярьдаг байсан байх.

-Өнөөдөр манай улсад философич гэж онцлохоор хүмүүс хэр болон байгаа бол?

-Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр буюу радио, телевиз, сонин, сэтгүүлээс харахад философи гэж нэрлэж болох шүүмжлэлт сэтгэлгээний үр дүн гэж хэлэхээр зүйл туйлын ховор байна. С.Молор-Эрдэнэ гэдэг хүн л өөрийнхөө үзэл бодлоо олон нийтэд ил тод хүргэж байна. Тэрнээс философийн ном, өгүүлэл бичиж, эрдмийн зэрэг хамгаалсан гэх хүмүүс сонин, сэтгүүлд юм бичихгүй байна. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл ч эдгээр хүмүүсийг урьж санаа бодлыг нь сонсохгүй байна. Ихэнх нь үзэл бодлоо хүмүүст хүргэхийн тулд мөнгө төлнө. Мөнгөтэй нь ном уншдаггүй. Ном уншдаг нь мөнгөгүй гэсэн зовлон байна.

-Философийн томоохон байгууллагуудаас философийн ухагдахуунуудыг хялбарчилсан лекц, орчин үеийн философийн ололт амжилтыг хялбаршуулсан сэтгүүл, ном гаргадаг уу?

-Шинжлэх ухааныг хялбаршуулсан бүтээл байхгүй гээд хэлчихэд хилсдүүлсэн болохгүй. Философи бол оюун ухааны шилэгдмэл, шигшигдмэл хэсэгт л ойлгомжтой ухаан гэж үздэг ерөнхий хандлага байдаг. Хүмүүстэй уулзаад ярихаар философи гэдэг үг хэлэнгүүт л сэтгэх, бодох үйл явц нь хаагдчихдаг. Блоклогдох гэдэг үг байдаг даа. Яг тэгчихдэг.

-Философи нь хэцүүдээ биш, хүмүүс өөрсдөдөө хаалт тавиад ойлгохыг хүсдэггүй байх нь ээ дээ?

-Сэтгэл зүйн саад бэрхшээл л байна. Уг нь энэ ухаан шинжлэх ухааны үндэстэй. Нейро физиологи, гүн ухааны үндэслэлүүд гэж ирээд яривал хүний тархинд буухаар ухаан. Манай филисофичид гадаад үг, нэр томьёо их хэрэглэдэг. Хамгийн гол нь тэр нэр томьёогоо эгэл хүн ойлгохоор орчуулж чаддаггүй. Тухайлбал, матер гэдэг үг бий. Грек хэлээр бол филин гэдэг үг. Шавар гэсэн утгатай. Шавраар янз бүрийн зүйлс хийдэг гэсэн утгаар хэрэглэсэн байдаг юм. Матер гэдэг нь харин латин үг. Монголоор “бие” буюу “бодис” гэж орчуулна. Чой.Лувсанжав, Б.Ренчин гуайн бичсэн номон дээр физикийг бодис гэж бичсэн байгаа. Үзэл суртлын дарангуйлал, давамгайлсан хуучин нийгмийн үед Б.Ренчин гуайг, Чой.Лувсанжав багшийг бодис гэж орчуулахаар “Интернационалист үг хэрэглэсэнгүй, үндэсний үзэл гаргалаа. Интернациональ үг хэрэглэхгүй болохоор гадаадад очоод юу ч ойлгохгүй байна шүү дээ” гэх маягаар шүүмжилж харддаг байсан. Ийм учраас философийн ойлголт, нэр томьёог монгол хэл рүү орчуулах асуудлыг хэн ч сэдэхээ байсан. Сэдсэн ч дэмжээгүй л дээ.

-Та бүхэн хуучин тогтолцооны үед Аристотель, Платон, Сократ, Кантыг уншдаг байсан. Энэ бүхнээсээ болж зэмлэж шүүмжлүүлж байсан уу?

-Албан ёсны Ленинизм, Марксизм гэх үзэл ноёрхож байсан тэр үед үзэл суртлын цензур, шалгалт гэдэг чинь бүдүүлэг юм байсан. Би МУИС-ийн философийн тэнхимийн багшаар ажилладаг байсан юм. Монгол хэлний ангийн оюутнуудад диалектик материализмын хичээл заадаг байв. Гэтэл их сургууль дээр МАХН-ын төв хороо, Дээд боловсролын хорооны хамтарсан шалгалт ирлээ. Миний хичээл дээр МАХН-ын төв хорооны орлогч эрхлэгч, Дээд боловсролын хорооны даргатай хамт суусан л даа. Би эсрэг, тэсрэгийн нэгдэл тэмцлийн хууль гэдэг сэдвээр лекц уншив аа. Тэд миний хичээлд суучихаад “Чи Лениний нэрийг гурван удаа хэлсэн. Марксийн нэрийг ганцхан удаа хэлсэн” гэж шүүмжилж байгаа юм. Нэг тиймэрхүү л шалгалт дарамт байдаг байлаа. Түүнээс биш язгуур үндэст нь ороод шалгаад байсан асуудал ховор.

-Философийн онцлогийг энгийнээр тайлбарлаач?

-Философи бол шүүмжлэлт, чөлөөт сэтгэлгээ. Хоёр хүн яг адил ном уншаад өөр өөрөөр ойлгоно. Би гэхэд л философийг “За даа философи гэдэг чинь” гэж ирээд Платоны философиос өнөөдрийн философи хүртэл ярина. Өмнөх философичдын яриагүйг ярь гэвэл олдохгүй. Бүх үеийн философийн асуудлуудын талбар нэг. Бид хаана байна, дэлхий дээр. Хэн билээ, хүн. Юу хийх вэ гэх мэт л ийм хэдхэн асуултад хариулт хайдаг.

-Сая таны хэлсэн асуудлуудад философичид өөр өөрийн байр сууринаас хариу өгнө байх. Тэгэхээр ялгаа, зааг нь философич болгоны тоогоор шахам өөр гарна гэсэн үг үү?

-Үг нь өөр болохоос биш цаана нь тэмдэглэж байсан зүйлүүд дээрээ нэг. Тухайлбал, би хүүхдийн аав, нэг хүүхний нөхөр, нэжгээд хүмүүсийн ах, нэг хүний хүү. Нэг хэсэг нь намайг багш гэнэ. Үндсэндээ намайг л янз бүрээр нэрлэчихсэн байгаа биз дээ. Яг үүн шиг л ажил. Тэр юунаас үүссэн, ямар вэ гээд л. Нарийн түвэгтэй асуудлыг янз бүрийн түвшинд таньж мэдээд, олж авсан мэдлэгээ гүнзгийрүүлж, баяжуулж янз бүрээр нэрлээд байна гэсэн үг.

-Философид туйлын санаа, буддын философид бурхан гээд хуучин идеалист үүсгүүрүүдийг хийсвэр эзэн бие рүү түлхдэг байсан. Энэ одоо хэрхэн тайлбарлагдаж байна вэ?

-Би өөрийнхөө бодлыг зүйрлэл ашиглан илэрхийлье. Өнгөрсөн үед байсан философийн бүх үзэл сургаалуудыг барилгын материал гэж үзье. Би уран барилгачин. Нэг зураг зурчихсан. Барилгын материалыг ашиглаад оюун ухааны нэг сайхан барилга барьж, мундаг бүтээл туурвих санаатай. Философи сэтгэлгээнд нэг дэх үе нь Платоны философийн тайлбар, хоёр дахь үе нь Гегелийнх, гурав дахь нь Хайдгарых. Дөрөв дэх үе нь Цэрэнгийн бичсэн философийн номын тайлбар. Яагаад болохгүй гэж. Өнөөдөр бүх хүн философичид болчихсон. Философийн доктор гэсэн нэрийн хуудас барьчихаад философийн ямар ч мэдлэггүй хүмүүс яваад байна гэсэн шүүмжлэл дуулддаг. Цаанаа юмыг таньж мэдэх гэсэн асар их тэмүүлэл байгаагийн илэрхийлэл гэж хармаар санагддаг.

-“Байгалийн диалектик”, “Капитал” гэх зохиолууд хоцрогдсон гэх мэтээр тайлбарладаг. Барууны улс орнуудад эдгээр онолууд агуулга, ач холбогдлын хувьд ямар байдаг вэ?

-Нэг зүйлийг шууд хэлье. Философийн сургаал гэдэг зүйл үеэ өнгөрөөгөөд хоцрогдоод огт хэрэггүй болно гэж огт байхгүй. Харин ч философийн сургаал хэдий чинээ эртнийх байна, тэр хэмжээгээрээ үнэн бөгөөд үнэ цэнэтэй. Одоогийнх шиг улс төр, бизнесжээгүй, яг үнэнийг олох гэсэн чин зорилготой хүмүүсийн бүтээл учраас.

-Марксизм, Ленинизмийн сургаалуудад урсгал бий юу?

-Марксизм, Леннизмийн олон урсгалтай. Марксист, Лениний философийн үндэс гэдэг хичээл зааж байлаа. Марксизм гэхэд олон хувилбартай. Монгол, ОХУ-д байсан нь зөвхөн нэг хувилбар нь. Тэрний цаана Марксийн залуу үеийнх нь бүтээл дээр суурилсан сургаал, эмэгтэйчүүдийг чөлөөлөх тухай сургаал, барууны марксизм гээд олон зүйл бий. Монголд марксизм орж ирэхээс өмнө философи байхгүй байсан гэж ярьдаг. Зарим хэсэг нь буддизм үүсэхээс өмнө философи байгаагүй гэж үздэг. Гэтэл өнөөдөр бүр чулуун зэвсгийн үеийн философи гэж ярьж байна. Яг тэр үед ямар байсан нь хүмүүст ойлгомжгүй байж магадгүй. Энэ талаар монгол эрдэмтдийн бүтээсэн бүтээлүүд байгаа.

-Марксизмын урсгалуудаас хамгийн сонирхолтой нь юу вэ?

-XX зууны эхэн үеэс эхлэн марксист философийн нэг сонин урсгал гарч ирсэн. Энэ үзэл онолыг каннафинцал гэдэг. Энэ нь социализм, капитализм хоёрын хамгийн сайн зүйлийг нь нийлүүлэн hybrid нийгэм байгуулна гэх утга. Бээжин, Ханойд энэ үзэл санааг хэрэгжүүлж байна. Капитализмын эдийн засгийн механизмыг амжилттай сайн ашиглаж байна. Дэг журмыг сайн мөрдөж байна. Хүн төрөлхтөн хурдтай өөрчлөгдөж байгаа энэ үед бидэнд шинэ үзэл бодол, сэтгэлгээ үнэхээр хэрэгтэй.

-Бид бүхэн ямар нийгэм байгуулах гээд яваад байна вэ?

-Зөвхөн монголчууд биш, хүн төрөлхтөн төөрчихсөн явна. Тас харанхуй шөнө төөрчихсөн байна. Шөнө төөрсөн бол үүр цайхаар л хаашаа явахаа мэднэ. Хаана ямар нийгэмд, хаана амьдраад байна гэдэг хэнд ч ойлгомжгүй байна. Америк, Франц, Герман, ОХУ, Хятадын иргэдийн хэнээс нь ч асуусан ямар нийгэмд амьдарч байгаагаа мэдэхгүй. Бидний өмнө нь хэрэглэж байсан үг ойлголт, нэр томьёог ашиглаж энэ ийм нийгэм гэж хэлэх маш хэцүү.

Б.АМАРТҮВШИН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *