Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Г.Тэнгис: Богд хааны түүхийг өгүүлэх барилгууд нурж байна

“Богд хаан сан”-гийн тэргүүн, “Лувсанжамбын Мөрдорж сан”-гийн дэд тэргүүн Г.Тэнгистэй VIII Богд хааны өв соёлыг хамгаалж үлдэх шаардлагатай байгаа талаар ярилцлаа. Монголчууд Г.Тэнгисийг тогооч гэдгээр нь андахгүй биз ээ.


-Та Монголын сүүлчийн эзэн хаан VIII Богд Жавзандамбын өргөмөл хүү Л.Мөрдоржийн ач юм билээ. Тиймээс өвөг дээдсийнхээ, тэр дундаа Богдын өв соёлыг хамгаалж, судалж, хойч үедээ өвлүүлэн үлдээхэд ихээхэн хүчин чармайлт гаргаж байгааг мэдэх юм. Энэ талаар ярилцлагаа эхлэх үү?

-Манай аавын аав Л.Мөрдорж гэж хүн байсан. Монгол Улсын төрийн хошой шагналт хүн гэдгийг монголчууд андахгүй. Ерөнхийдөө Монголын урлагийн эцэг гэж ярьдаг. Энэ жил өвөөгийн маань 100 жилийн ой. Өргөж авсан аавынх нь 150 жилийн ой тохиож байна. Үр ач нар нь “Л.Мөрдорж сан”, “Богд хаан” сангийн шугамаар багагүй ажил хийлээ. Жишээ нь, өнөөдөр Л.Мөрдорж өвөөгийн маань 100 жилийн ойн тоглолт болж байна. Монголчуудын мэддэг, түүхэнд бичигдсэн байдлаар бол бага байхад нь өвөөг тодруулж гаргаж ирсэн юм билээ. Лам нар мэргэ төлгө тавьдаг ч юм уу, тийм замаар өвөөг бага балчир байхад нь тодруулж ордонд авчирч, 20 дугаар зууны эхэн үеэр таван нас хүртлээ амьдарч байсан гэдэг. Гэхдээ тухайн газарт олон өргөмөл хүүхэд байсан гэж ярьдаг. Хүүхдийн тоо 180 гэдэг юм билээ. Тухайн үед Дондогдулам хатан хүмүүнлэгийн маш их ажил хийдэг, энэрэнгүй байсан гэдэг. Гэхдээ өвөө бол өвөр түрийнд нь өссөн ганц хүүхэд байсан гэж ярьдаг. Сүүлд хувьсгал болж хаант засаглал нуран унах үед өвөөг Төв аймгийн Сэргэлэн сум руу явуулсан. Тэндэхийн харьяалалтай гэж ярьдаг. Гэхдээ түүхч, судлаач нар олон төрлийн эрдэм шинжилгээний ажил явуулж байна. Үүнтэй холбоотойгоор Мөрдорж бол Богд хааны жинхэнэ хүүхэд мөн. Тухайн үед нууж байгаад гаргаж ирсэн гэж ярьж байгаа. Үнэн, зөвийг нь мэдэхгүй. Гэхдээ энэ болгоныг, ялангуяа, 20 дугаар зууны эхэн үеийн Ардын хувьсгалд оролцож байсан хүмүүсийн судалгааг манайх хийгээд эхэлсэн.

Түүхийн эх сурвалжууд социализмын үед маш их алдагдсан. Хуучин гэрэл зургууд байдаг шүү дээ. Үүнд ордон дотор цэрэг хувцастай хүмүүс маш олон судар номон дээр гишгэсэн байдалтай харагддаг. Эндээс хэрхэн үрэн таран болж байсан нь харагдана. Эд зүйлсийг хадгалж хамгаалж үлдээж чадаагүй. Тухайлбал, ордны номын сангийн шүүгээг Их дэлгүүрийн өмнө 1000 төгрөгөөр зарна гээд сууж байсан гэдэг. Энэ болгоныг араас нь хөөж сангийн нэр дээр цуглуулж, буцааж музейд нь байршуулах ажил явагдаж байгаа. Хийх юм их бий. Ер нь Богдын ордны үзмэрийн бараг 80 хувь нь алдагдаад дууссан юм билээ. Мөн нийгэм солигдох үед жинхэнэ үзмэрийг хуурамчаар сольж тавсан олон тохиолдол бий гэдэг.

Бидний үр хойчид үлдээх зүйл бол түүх. Түүхэн барилгууд юм. Яг Богдтой холбоотой дөрвөн ордон байсан. Энэ нь төрийн шар ордон. Хуучин пионерын ордон хавьцаа байсан юм билээ. Энд төрийн хэргийг явуулахтай холбоотой зан үйлийг гүйцэтгэж байсан. Мөн ногоон ордон буюу дээд сүм байсан. Одоогийн Богд хааны ордон музей юм. Анх олон байшин байсан юм билээ. Нураагаад үлдсэн нь энэ. Одоо сэргээн засварлалтын асуудал маш хүнд байгаа. будаг нь халцарсан, хана нь цуурсан зэргээр ороод үзвэл бүгд харагдана. Дараагийнх нь Цагаан ордон юм. Энэ ордон одоогийн “Мишээл экспо”-гийн урд талд, голын хөвөөн дээр байсан. Цагаан ордны зураг маш их байдаг. Энэ болгоноос харьцуулаад макет гаргаж болно. Үүнээс гадна хүрэн, мөн улаан ч гэж ярьдаг ордон бий. Богдын өргөмөл хүүхдүүдийг асардаг байсан. Хүрэн ордон бол яах аргагүй Богд хааны ордон гэж бүртгэгдсэн баримт архивт бий. Энд байсан эд зүйлсийн жагсаалт ч байгаа. Энд алдарт “Монголын нэг өдөр” зураг байсан. Алдарт зураач Шарав гуайн “Хайстайн лавиран” гэж зураг байдаг. Гэвч хааны ордон байсан байшин эзэнгүй хаягдсан. Хуучин удирдлагын академийн харьяанд байсан юм билээ. Гэвч санаа тавилгүй байсаар нурахад хүрсэн. Гурван барилгаас нэгийг нь салбарын яамнаас хамгаалах ёстой гээд сэргээн засварлалт хийсэн юм билээ. Оргил рашаан сувиллын зүүн урагш хоёр давхар цагаан байшин бий. Цаана нь номын өргөө гэж нэрлэгддэг байшин байсан. Энэ 170 метр квадрат талбайтай. Энэ байшин нурж, шатахын даваан дээр жаахан хамгаалалт хийсэн. Гэтэл цаана нь байгаа хамгийн сонирхолтой нэг байшин бий. Энэ бол эх дагины байшин юм. Дээр өгүүлсэн Хайстайн лавиран гэж зураг дээр тодорхой зурагдсан байдаг. Одоо ч тэр зураг дээрх шиг хэвээр байгаа. Гэвч анхааралгүй хаясан. Уг нь Удирдлагын академиас салгаад Богдын музейд шилжүүлсэн юм билээ. Одоо гурван айл дотор нь амьдардаг. Айлууд нь гардаггүй. 15, түүнээс дээш ч жил амьдарсан. Тиймээс шууд хөөгөөд гаргаж болдоггүй. Тэтгэлэг өгдөг ч юм уу, ямар ч байсан энэ байшинг хамгаалж үлдэх хэрэгтэй байна.

-Ордны эзэмшил газраас компаниудад олгоод барилга бариад дууссан юм билээ?

-Тал талаас нь аваад компаниудад өгчихсөн. Тэд барилгатай тулгаад өндөр орон сууцаа босгочихсон. Ногоон ордны газар анх маш том байсан. Гэтэл хажууд нь орон сууц барьчихсан. Түүний наад талд хашаа хатгаад авах гээд хөөцөлдөж байх жишээтэй. Үүнтэй бид эрс хатуу тэмцэнэ. Энэ бол байж болшгүй асуудал юм. Өмнөх газрын дарга нар хэрхэн газар олгож байсныг хөөж, судлах болно. Одоо байгаа дөрвөн газар маш нүд халтирам. Түүх соёлын газарт нэг хэсэг орон гэргүй хүмүүс амьдарч байсан. Гадаа нь нүхэн жорлон хийж, музейн хэв маягийг эвдэж граш нийлүүлж барьсан байгаа юм. Тэгээд хоёр метрийн зайд дахиад хувийн орон сууц барьчихсан. Үүнийг зайлшгүй анхаарахгүй бол болохгүй боллоо. Манай яам төрийн байгууллагууд хамгаалж, хадгалж, хөгжүүлж явах ёстой. Хэн ч бодсон ойлгомжтой асуудал баймаар санагдах юм.

-Уг нь жуулчид, залууст үзүүлээд үүх түүхийг нь танилцуулж байх ёстой шүү дээ. Гэтэл холбогдох байгууллагууд нь яагаад хайхрамжгүй хандаж ирсэн юм бол?

-Миний бодож байгаагаар манай дарга нар дөрвөн жил тутамд солигддог. Соёлын газрын дарга дөрвөн жилийн дотор нэг юм хийх гэж байтал дараагийнх нь гараад ирнэ. Дээр нь тогтсон мэргэжлийн хүн байхгүй. Энэ бүхний хомрогонд соёлын өв устаж байна. Жишээ нь, Хэнтий аймагт 5 тэрбум төгрөгөөр хөлбөмбөгийн талбай барина гэнэ. Гэтэл тэр мөнгөөр бидний үүх түүхийг сэргээж болохоор байна. Ер нь Богд хааны музей гэлтгүй хаягдсан маш олон өв соёл бий.

Гэтэл бусад оронд ерөөсөө хотын төв хуучнаараа л байдаг. Энэ нь хамгийн тансаг, жуулчдыг татдаг. Хүмүүсийн зугаалж явах дуртай газар байдаг. Яагаад гэвэл тэр болгон чинь түүх өгүүлж байдаг юм. Энэ мэт үнэт зүйлээ алдаад дууслаа. Монголын хоолны соёл ч гэж алга. Манайд гадныхан ирээд Чингис хааны өлгий нутгийн хоолны соёл юу вэ гэдэг. Яахав боодогны чулуугаа яриад өнгөрнө. Өөр юм байхгүй. 40-50 мянгатыг нураана л гэнэ. Яагаад ийм сэтгэхүйтэй байгааг ойлгохгүй байна. Энэ хэдэн барилга чинь анх хот үүсч байхад барьсан гэдгээр түүх өгүүлж байгаа юм. Хятадууд заримыг нь барьсан. Оросууд ч барьсан. Энэ мэтээр асар их түүх өгүүлнэ. Гэтэл нурааж өөр барилга барьчихаад ямар түүх ярьж, жуулчид, хүүхэд залуустаа юу гэж тайлбарлах гээд байгааг ойлгохгүй байна. Манай дарга нарын тоомжиргүй, хэнэггүй байдал арай л дэндэж байна.

Г.БАТ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *