Categories
мэдээ цаг-үе

Г.Тэмүүлэн: Ямар ч гоё тогтолцоо байгаад хүн нь муу бол нэмэргүй


Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнтэй ярилцлаа.


-Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн хоёрдугаар хэлэлцүүлэг дуусах шатандаа явж байна. Гэтэл гишүүдийн ирц бүрдэхгүй байгаагаас чуулган хоёр өдөр хуралдсангүй. Таны хувьд үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт дээр ямар байр суурьтай байгаа вэ?

-Миний хувьд итгэл үнэмшлийн хүрээнд эхнээс нь л сүүлийн 20, 30 жилийн хугацаанд үүссэн асуудлыг засах, зөв шийдлийг гаргаж ирэх үүднээс Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийх ёстой, гэхдээ зөв шийдэх ёстой гэсэн байр суурьтай байгаа. Харин бидний зүгээс ямар нэг алдаа гаргах ёсгүй. Ирээдүйн 20, 30 жилийн хугацаанд үүсч болох асуудлыг харж, зөв гарц шийдлийг олох үүднээс маш хариуцлагатай хандах ёстой.

Олон нийт ч ийм байр суурьтай байна. Эргэлзээ, тээнэгэлзээ байна. Буруу зөрүү хийчих вий, шүүх засаглалын бие даасан, хараат бус байдлыг бэхжүүлэхтэй холбоотой заалтууд яг зөв үү, Их хурал дээр томилгоо гарч байгаа нь зөв үү, томилогдохоосоо илүү сонгогдох зарчим руугаа явах ёстой ч гэдэг юмуу өөрсдийн байр сууриа илэрхийлж байна. Иргэдийн дунд ойлголцол, мэдээлэл бага байгаа нь нийтлэг байдлаар ажиглагдаж байна. Тэгэхээр иргэдийн оролцоо, санал, санаачилга нэмэгдүүлэх үүднээс бидний хувьд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг ард нийтийн санал, асуулгатайгаар хийх ёстой гэсэн зарчмын байр суурьтай байна.

Ер нь Үндсэн хууль гэдэг аливаа улс орны тусгаар тогтнолыг баталгаажуулдаг эрх зүйн чухал баримт бичиг. Тийм ч учраас бусад улс орнууд энэ баримт бичигтээ дураараа гар дүрээд байдаггүй. Өөрөөр хэлбэл өнөөдөр оруулсан нэг үг, үсэг, өгүүлбэрийн өөрчлөлтийг хийхэд дахиад хэдэн жил шаардагдана. Наанадаж энэ удаагийн төслөөр өргөн барьсан Гүйцэтгэх засаглал, Нутгийн удирдлага, Шүүх засаглал, Цэцтэй холбоотой өөрчлөлтийг хийхэд дахиад найман жил өөрчлөх эрхгүй болно. Тэгэхээр ард нийтийн дунд ч тэр, улс төрийн нам, иргэний байгууллагын дунд ч тэр урт хугацааны баримт бичиг дээрээ зөвшилцөл, ойлголцол бий болгох ёстой. Бүх нийтээрээ ярьж хөөрч, хэлэлцэх ёстой. Буруу зүйлээ бид засч залруулах ёстой. Эх орныхоо ирээдүйд санаа зовж явдаг хүн бүр саналаа, дуу хоолойгоо гаргах ёстой гэж үзэж байна.

-Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал дээр хэлэлцээд, чуулган эхлэх боломж нь бүрдчихсэн байтал чуулганаа хуралдуулж чадахгүй хоёр өдөр болсон. Энэ нь гишүүд бүрэн зөвшилцөлд хүрээгүй байна гэдгийг илэрхийлж байна. Гишүүд яг ямар зүйл заалтад санал нэгдэхгүй байсан юм бэ?

-Харин хэлэлцүүлгийн явцад нэг харамсмаар зүйл анзаарагдлаа. Үндсэн хуулиар дамжуулж өөрсдийн эрх ашгийг хангах, байр сууриа бэхжүүлэх хандлага ажиглагдаж байна. Хэрэв тийм явцуу эрх ашгийн бодлого хөндөгдөх бол энэ маш буруу, тийм зүйлийг бид хэрхэвч зөвшөөрч болохгүй. Харин миний хувьд энэ нэмэлт өөрчлөлтийг улс, орны хөгжил, ирээдүйд хэрэгтэй байдлаар хийе гэсэн байр суурьтай байгаа. Тэрнээс аль нэг нам бүлэг болон хоёрдогч эрх ашгийн үүднээс хандах зүйл байх ёсгүй. Тэрнээс нэмэлт, өөрчлөлтийн асуудалд бид эрх ашгийн эрэмбээр хандаж чадвал ямар ч асуудлаар зөвшилцөл, ойлголцол, зөв гарц шийдэлд хүрч чадна гэдэгт итгэлтэй байна. Өөрөөр хэлбэл ийм чухал асуудалд бид хэн нэг хүний, аль нэг бүлэглэл, намын эрх ашиг, бодлого чиглэл гэдэг юм уу, эсхүл тухайн бодлогод нийцүүлнэ гэсэн зүйл байж болохгүй. Мэдээж зарим нэг гишүүд 62 гишүүний анх өргөн барьсан хуулийн төсөл сүүлийн хоёр сард зарим талаараа танигдахгүй болтлоо өөрчлөгдсөн гэдэг нь үнэн. Зарим талаараа буруудаад байгаа зүйлүүд ч байна. Тийм асуудлуудаа хэлэлцүүлгийн явцад ч засч залруулах ёстой.

-Түүнчлэн чуулган хуралдахгүй байгаагийн нэг шалтгаан нь шүүх засаглалтай холбоотой зүйл заалтуудтай гишүүд санал нэгдэхгүй байгаа гэх зүйл яригдаж байна. Та шүүхийн шинэчлэлийн асуудалд ямар байр суурьтай байна вэ?

-Өнөөдөр шүүх засаглал хараат болсон, тиймээс хараат бус, бие даасан байдлыг бэхжүүлэх шаардлагатай гэж байгаа нь үнэн. Гэхдээ өнөөдөр ШЕЗ-ийн гишүүдийг тав байсныг нь 10 болгоод дөрвийг нь УИХ, Засгийн газар томилно гэж байгаа нь маш буруу. Энэ нь илүү тухайн засаглалд, томилсон албан тушаалтандаа, муугаар яривал улстөрчдөд, улс төрийн намд үйлчилдэг тогтолцоог бий болгох гээд байна.

Шүүхийн хараат бус байдал, бие даасан байдал гэдэг бол хүн гэхээс илүүтэй үйл ажиллагаанд хамаарах асуудал гэж би ойлгодог. Тэрнээс томилгооны эрхийг нэгээс нөгөөд шилжүүлснээр, хэн гэдэг шүүгчийг хэн гэдэг дарга томилох вэ гэдгээс илүүтэй ёс зүй, хариуцлагыг нь дээшлүүлэх нэмэлт өөрчлөлт бидэнд хэрэгтэй байна. Асуудлынхаа суурь шалтгааныг шийдэхгүйгээр Ямар ч гоё тогтолцоо хууль, байшин барилга байгаад хүн нь муу бол нэмэргүй. Дахиад л нөгөө шавхайтай гуталтай нөхөр дураараа туучаад ороод ирдэг бол бид мянга өөрчлөлт хийгээд ямар хэрэг байх вэ дээ.

-Байгалийн баялгийг төрийн нийтийн өмч гэх томъёоллыг дэмжсэн. Энэ хэр зөв шийдэл вэ?

-Гишүүдийн дунд анх өргөн барьсан томьёололтой холбогдуулаад нийт уул уурхайг ашиглахдаа тухайн уул уурхайн баялаг бол төрийн өмч байна. Үүнийг төр ашиглах, шийдвэр гаргахдаа тухайн улс орны хөгжил болоод урт хугацааны бодлогод нийцүүлж, ашигладаг байна гэсэн өгүүлбэр орсон байсан. Логик талаасаа өнөөг хүртэл уул уурхайг ашиглаж ирсэн жишиг маань ард нийтийн санал хүсэлт дээр үндэслэж байсан. Тухайн багийн хурал хуралдаад, эсвэл байгаль орчны байцаагч дэмжихгүй бол бид ашигладаггүй. Бид өнгөрсөн хугацаанд хариуцлагатай уул уурхайг хөгжүүлсэн чигээрээ хадгалж, авч үлдэх ёстой. Энэ удаагийн ҮХ-ийн нэмэлт өөрчлөлт Монгол Улсад хариуцлагатай уул уурхайг төлөвшүүлэх талаасаа эерэгээр нөлөөлөх өөрчлөлт болох ёстой.

-Гүйцэтгэх эрх мэдлийг нэмэгдүүлж байгаа талаар та ямар байр суурьтай байна. Мөн Засаг огцрох асуудал яригдаж байгаа. Энэ хэр бодитой мэдээлэл вэ?

-Аливаа сенсацийг дарах гэж сенсаци гаргадгаа болих хэрэгтэй. Засаг энэ тэр гэсэн асуудлаас чухал хийх ажил бидэнд их байна. Яаж засаглал өөрчлөх вэ, бэхжүүлэх вэ гэдэгт анхаарвал зохино. Харин 1992 оноос хойших улс төр, нийгмийн тогтолцоо дандаа улс төрийн нам, улстөрчдөд үйлчилдэг болж өөрчлөгдөж ирснийг бүгд мэдэж байгаа. Үүний бодит жишээ нь дан, давхар дээлийн асуудал байна. Үндсэн хууль дахь “Төрийн эрх барих дээд байгууллага нь парламент байна” гэсэн заалтыг ашиглан хэт эрх мэдлийг өөрсдөдөө олгож байгаагийн бодит жишээ бол энэ байх.

Яагаад заавал гишүүд сайд болох эрх зүйн орчныг хэвээр үлдээх гээд байгаа юм. Энэ асуудлыг бид нэмэлт өөрчлөлтөөр засвал зассан шиг засаж парламент, Засгийн газар нь 100 хувь тусдаа байх нөхцөл, бололцоог бий болгох хэрэгтэй. Парламентын засаглалтай орон гэж Засгийн газрын тэргүүнийгээ парламент нь томилдог орныг л хэлдэг болохоос парламент нь Засгийн газрынхаа өмнөөс засаглахыг хэлэхгүй байх. Монгол Улс шиг Засгийн газрынхаа эрх, үүрэг рүү хэт ордог байдал манайхаас өөр төлөвшсөн парламенттай улс орнуудад байдаггүй юм байна лээ. Тэгэхээр энэ өөрчлөлтийг зоригтой, тууштай хийж парламентын засаглалыг илүү бэхжүүлж, гүйцэтгэх засаглалаа бие даалгах боломжийг олгох нь зүйтэй.

Харин нөгөө талдаа бид гүйцэтгэх засаглалын эрх мэдлийг нэмэгдүүлж байна гээд гүйцэтгэх засаглалд тавигдах үүрэг, хариуцлагыг давхар орхигдуулж болохгүй. Жишээ нь, УИХ-ын гишүүд гэдэг юм уу, аль нэг Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр төсвийн хэлэлцүүлгийн үед төсөв нэмэхгүй гэх зүйлийг нэмэлт өөрчлөлтийн хүрээнд оруулж ирсэн. Гэтэл зөвхөн УИХ, гишүүд л ганцхан эрх мэдлийнхээ хүрээнд зардал нэмээд байгаа юм биш хяналт, хариуцлагын тогтолцоо нэлэнхүйдээ байхгүй учраас, өнөөдрийг хүртэл төсвийг үр ашиггүй захиран зарцуулаад байна.

Тэгэхээр төсвийн хариуцлагын хүрээнд УИХ, УИХ-ын гишүүдээс гадна давхар Засгийн газар, Ерөнхий сайд, Сангийн яам, Сангийн сайд зэрэг төсвийн шийдвэр гаргахад оролцдог субьект болгон улсын төсвийн өмнө хариуцлага хүлээдэг тогтолцоо бий болгох хэрэгтэй. Одоогийн хүчин төгөлдөр төсөв, санхүүгийн эрх зүйн зохицуулалтаар УИХ нь ч тэр Засгийн газар, Ерөнхий сайд, Сангийн сайд, Сангийн яам нь ч тэр улсын төсвийн буюу нийтийн төсвийн өмнө хариуцлага хүлээдэггүй. Ийм учраас төсвийн хөрөнгийг үр ашиггүй захиран зарцуулдаг олон зөрчлүүд гарч ирсэн. Хэрэв зөрчсөн тохиолдолд Сангийн сайд огцорч, Ерөнхий сайд нь сануулга авч, УИХ-ын Төсвийн байнгын хороо дарга өөрчлөгддөг санкцууд байх ёстой. Гэвч энэ байхгүйгээс болоод төсвийн төсөл боловсруулахдаа зөрчдөг, амьдралд хэрэгждэггүй, төсвийг үрэн таран хийдэг жишиг бий болоод байна.

Тэгэхээр бид эрх мэдлийг нь нэмэгдүүлэхээс гадна үүрэг, хариуцлага давхар шигтгэхгүй бол өмнөх 30 гаруй жилийн алдаа дахиад давтагдана гэдгийг сайтар ойлгох хэрэгтэй.

-Гишүүдийн тоог Ерөнхийлөгчийн зүгээс 108 гэж оруулж ирсэн. МАН гишүүдийн тоог хоёр оронтой тоонд багтаах нь зүйтэй гээд 99 болгосон. Энэ тухайд?

-Миний хувьд УИХ-ын бүрэн эрхтэй холбоотой хэд хэдэн асуудалд эсрэг байр суурьтай байгаа. Сонгуулийн холимог системийн асуудал нэлээд яригдаж байна. Гишүүдийн тоо 108 байх уу, 99 байх уу тэдний 50 хувь нь холимог системээр орж ирэх үү зэрэг намын жагсаалтын асуудал хөндөгдөж байна. Өнөөдөр Монголын нийгэмд ард түмний өмнөөс нам төрийг захирч байгааг бид мэдэж байгаа. Энэ тогтолцоог халах цаг нь болсон. Энэ томилдог тогтолцооноос сонгодог тогтолцоо руу шилжих ёстой. Холимог тогтолцоо буюу намын жагсаалтын ард нуугддаг, тойроггүй, буцаж очих эзэн хаяггүй гишүүд бидэнд хэрэггүй гэдгийг ард түмэн хэлж байгаа.

Мөн энэ гишүүдийн тоог нэмэх асуудал хөндөгдөж байна. Гишүүдийн тоог нэмээд ард түмний амьдрал дээшилнэ гэж байхгүй. Тоо, хугацаа, жагсаалт нэмээд ахиц дэвшил гарахгүй, амьдрал сайн сайхан болохгүй байх. Эсвэл үнэхээр хүн амынхаа тоотой нийцүүлж өсгөж байгаа бол яагаад 150 биш юм. Үндсэн хуулийн аливаа нэмэлт өөрчлөлт нийгэмд эерэг өөрчлөлтийг л авчрах ёстой. Тэрнээс ямар нэг судалгаагүй, үндэслэлгүй, эерэг зүйл авчирна гэх баталгаагүй бол фэнгшү маягаар өөрчлөөд нэмээд байх шаардлагагүй.

-Таны зүгээс Үндсэн хуулийн өөрчлөлтөд ямар зүйл заалт оруулж ирэх ёстой гэж үзэж байсан бэ?

-Өнөөдөр УИХ-ын гишүүдийг эргүүлэн татах асуудал оруулж ирээгүй. Би оруулж ирэх ёстой гэсэн байр суурьтай байгаа. Эргүүлэн татах тухай асуудлыг тодорхой болгох ёстой. Энэ бол миний зарчмын байр суурь.

Дээрээс нь УИХ-ын гишүүдэд тодорхой насны босго, хязгаарыг тавих ёстой. Цэцийн гишүүдийн насыг 40, шүүгчийн насыг 30, Ерөнхийлөгчийн насыг 55 гэж зааж оруулж ирсэн. Гэтэл иргэдийн өмнө хамгийн ил байдаг УИХ-ын гишүүдэд насны босго, мэдлэг боловсрол, ажил мэргэжил, мэргэшлийн шаардлага тавигдах ёстой. Бусдад тавигдах болзол шаардлагыг өндөрсгөж байгаа бол өөрчлөлтийг өөрсдөөсөө бас эхэлье.

Миний бодлоор нийт гишүүдийн гуравны нэгд ядаж мэргэжлийн хуульчид, олон жилийн туршлагатай, мэдлэг, чадвартай шилдэг хуульчид орж ажиллах ёстой. Харин үлдсэн гуравны хоёр нь магадгүй 10-аас доошгүй жил аль нэг салбарт тууштай ажилласан, тухайн салбарынхаа асуудлаа мэддэг, дуу хоолой нь болох бололцоотой хүмүүс баймаар байна. Ядаж аль нэг салбарыг төлөөлөх бүрэн бололцоотой. Мэдлэг боловсрол, мэргэжлээрээ мэргэшсэн байх нь зүйтэй гэж үзэж байна. Ингэж байж УИХ чадамжтай, чадвартай, ёс зүйтэй болно. Бид тооны хойноос хөөцөлдөөд чанар төдийлөн сайжрахгүй болов уу. Тооноос илүү чанарт, ёс зүйд суурилсан тогтолцоог бий болгох хэрэгтэй байна. Олон жил ярьсан, олон нийт хүсч байгаа, тэгэхээр хийх л хэрэгтэй байна.

Ерөөсөө энэ нийгэм хариуцлага дээр тогтоно. Харин энийгээ орхигдуулсан мянга гоё хууль хийгээд нэмэргүй гэдгийг л хаана хаанаа ойлгох хэрэгтэй.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *