Г.Тэмүүлэн “Оюу толгой” компанийн ТУЗ-ийн гишүүнээс чөлөөлөгджээ. Тэрбээр “Оюу толгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд Монголын талыг төлөөлсөн гурван хүний нэгээр томилогдож байсан юм. Энэ ажлаас чөлөөлөгдөх хүсэлтэй байгаагаа мэдэгдэж, “Эрдэнэс Монгол” ХХК-д хүсэлтээ өгснийг нь хүлээн авч шийдвэрлэжээ.
Г.Тэмүүлэн нь 2009 онд төрийн өмчит “Эрдэнэс Монгол” ХХК-ийн дэд захирлаар томилогдон ажиллаж байсан. 2014 оны 12 дугаар сараас Уул уурхайн дэд сайдаар томилогдож, 2015 оны 4 дүгээр сард МАН-ын дэргэдэх залуучуудын байгууллага болох НАМЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдсон юм. Иймд компанийн ил тод, хариуцлагатай сайн засаглалын зарчим болон улс төрийн ёс зүйн хүрээнд Г.Тэмүүлэн өөрийн саналаар чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байна. “Эрдэнэс Монгол” ХХК-ийн удирдлагын зүгээс түүний хүсэлтийг хүндэтгэн үзэж “Оюу толгой” компанийн ТУЗ-ийн гишүүнээс ийнхүү чөлөөлжээ.