Categories
мэдээ цаг-үе

Г.Тэмүүлэн: Малыг бүртгэлжүүлж, үнэлгээжүүлж, зах зээлийн харилцаанд оруулбал хөдөө аж ахуй хөгжинө

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнтэй Мал, амьтны эрүүл мэндийн тухай болон Малын генетик нөөцийн тухай хууль батлагдсантай холбогдуулан ярилцлаа.


-Хууль батлагдсанаар хөдөө аж ахуйн салбар, малчдад ямар ахиц дэвшил гарах вэ?

-Нийт ажиллах хүчний 30 хувь нь мал аж ахуйн салбарт ажиллаж байна. Аймаг, орон нутгийн 85 хувь нь мал аж ахуйн үйлдвэрлэлд суурилсан. Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн тулгуур салбарын нэг яахын аргагүй хөдөө аж ахуйн салбар тэр дундаа мал аж ахуйн салбар. Энэ салбарын бүтээгдэхүүн үйлдвэрлэл гэхэд одоогийн байдлаар 3.5 их наяд төгрөгт хүрсэн байна. Манай улсын нийт экспортын 10 орчим хувийг энэ салбарын бүтээгдэхүүн эзэлдэг гол салбар юм. Нэгэнт дотоод, гадаад зах зээл байгаа учраас хөдөө аж ахуйн салбарын бүтээгдэхүүний бүтээмжийг дээшлүүлэх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх шаардлага өнөөдөр тулгарч байна. Энэ салбарын бодлогын шинэчлэл болох гол хоёр том хуулийг шинэчлэн батлан гаргалаа. Жил гаруй хугацаанд хуулийн төсөл дээр ажлын хэсэг ажиллаж, салбарын эрх зүйн харилцаанд оролцогчдын эрх ашгийг хангасан олон заалтуудыг тусгасан. Засгийн газрын зүгээс мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг экспортлоё гэж яриад байдаг ч хүссэн хэмжээндээ гадагшаа гаргаж чадахгүй байна. Олон улсын хэмжээнд тухайн мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг экспортлоход тавигддаг гол үндсэн шалгуур, шаардлага бол тухайн бүтээгдэхүүний гарал үүслийн баталгаа бүртгэлжүүлэлт, эрүүл ахуйн аюулгүй байдал, чанарын баталгаажуулалт байдаг. Монгол малыг эрүүлжүүлэх, түүхий эд, бүтээгдэхүүний гарал үүсэл нь тодорхой бүртгэлтэй байх, малын ашиг шим чанарыг эрс дээшлүүлэхэд энэ хууль тустай юм. Эрчимжсэн фермийн аргаар өсгөж буй малтай бэлчээрийн малын ашиг шим, өрсөлдөх чадвар нэгэнт байхгүй. Иймд бэлчээрийн малын давуу талыг хөгжүүлье. Тухайлбал, олон төрлийн эмийн ургамал идэж буй мал фермийн аж ахуйгаас илүү органик, эко байна. Үүнд суурилсан зах зээлийг бий болгох хэрэгтэй. Өнөөдөр малын үүлдэр угсааг сайжруулах, сүргийн бүтцийн байдал алдагдаж байгаа байдал ажиглагдаж байна. Малын тоо толгойноос илүү малын чанарт анхаарах хэрэгтэй байна. Яагаад гэвэд нийт малчдын маань 55 хувь нь 200-с доош цөөн тооны малтай байна. Нийтлэг малчдынхаа эрх ашгийг бодож байгаа бол мал аж ахуйн салбарт бид эдийн засгийн өгөөж, ашиг шим ярихгүй бол дэндүү хоцорч байна.

-Мал эмнэлгийн үйл ажиллагааг хэрхэн сайжруулахаар болж байгаа вэ?

-Мал эмнэлгийг босоо тогтолцоонд оруулж байна. Улсын мал эмнэлэг, аймаг бүрт мал эмнэлгийн алба, суманд тасаг байгуулна. Нэг суманд доод тал нь 2-3 малын эмч ажиллахаар болж байна. Одоо ажиллаж буй хувийн мал эмнэлгийнхний хариуцлагыг нэлээн өндөрсгөж байгаа. Малчин хүнд тавигдах шаардлага бас өндөрссөн. Мөн сум, аймгийн хөдөө аж ахуйн тасагт заавал мал зүйчтэй байх мэргэжлийн шаардлагыг тавьж байгаа.

-Малын бүтээгдэхүүнийг гадагшаа экспортод гаргахад малын гарал үүсэл нь тодорхойгүй байгаагаас олон улсын зах зээлд гарч чадахгүй байна. Үүнтэй холбоотойгоор ямар бодлого хэрэгжих вэ?

-Газар дээрх баялаг болсон мал сүргээ бүртгэлжүүлэх, үнэлгээжүүлэх, үнэлгээг нь нэмэгдүүлэх, ашиг шимийг нь дээшлүүлэх, тухайн баялгаа зах зээлд саадгүй тогтмол нийлүүлдэг болох нь энэ хуулийн гол үндсэн зорилго нь юм. Монгол Улс өнөөдөр газар доорх баялгаа бүгдийг нь гэрчилгээжүүлж, бүртгэлжүүлсэн байна, гэтэл түүнээс дутахгүй газар дээрх 60 сая баялгаа зах зээлийн харилцаанд оруулахын тулд бүртгэлжүүлсэн, үнэлгээжүүлсэн зүйл огт алга. Өөрөөр хэлбэл, бид бүхэн газар дээрх баялгаа бүртгэх Монгол малын нэгдсэн бүртгэл, мэдээллийн сантай болох хэрэгтэй байна. 60 сая малаа хамгийн багаар үнэлэхэд 8.8 их наяд төгрөг болно. Монгол Улсын бараг жилийн төсөвтэй тэнцэж байна. Энэ баялгийг бүртгэлжүүлж, үнэлгээжүүлж, зах зээлийн харилцаанд ороход бэлэн болгож байж хөдөө аж ахуй хөгжинө. Олон улсын байгууллагаар дэлхийн түвшинд аль ч улс орон руу гарахад бүртгэл хэрэгтэй байдаг. Монгол Улсын хэмжээнд 2011 оноос хойш найман сая гаруй малыг бүртгэсэн гэсэн тоо байна. Одоо бүртгэхдээ орчин үеийн техник технологийг ашиглан чиптэй ээмгийг зүүж өгнө.

Хууль гарахаас өмнө бүртгэлийн чипийг хоёр сарын хугацаанд бид туршиж үзсэн. Архангай аймгийн Өндөр-Улаан, Тариат, Их тамир сумдын 1000 малыг “Мах маркет”-д нийлүүлсэн. Малын эмч гурван сарын хугацаанд хяналтад байлгаж Хархорин, 22-ын постоор оруулахад техник технологийг ашиглаад тэвшин дээр байгаа малыг скайнераар уншуулж ямар малчны мал хэдэн тоо толгойгоор орж ирэв гэдгийг хяначихаж байгаа юм. Малын бар код 10-20 метрийн наанаас мал тус бүрээрээ бүртгэгдчихэж байна. Энэ бүх мэдээлэл Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газарт давхар очно. 22-ын товчоогоор малчин Дондогийн мал ороод ирлээ гэхэд он сартайгаа шууд бүртгэгдчихнэ. Чипгүй ээмэгтэй байхад бүх малын чихийг татаж үзэж тоо толгойг гаргаж байсан. Энэ бол амьдрал дээр хэрэгждэггүй практик болж байсан. Одоо тэгвэл тухайн малын гаралтай бүтээгдэхүүн хэрэглэгчдийн гар дээр хүрэхдээ махны гарал үүсэл нь тодорхой учраас хэрэглэгч гар утсаараа бар кодыг уншуулахад аль аймгийн хэн гэдэг малчны мах, вакцинд хэзээ хамрагдсан эсэх хэн гэдэг эмч баталгаажуулсан, аль товчоогоор хэдний өдөр орсон гэх мэт мэдээллийг шууд авна. Мөн бид нар өөрсдийн мал аж ахуйн салбарын давуу тал болох бэлчээрийн төлөв байдлын тухай мэдээллийг тухайн бар кодод оруулаад өгчихнө. Өнөөдөр органик бүтээгдэхүүний дэлхийн зах зээл энэ жил гэхэд 80 тэрбум ам.доллараар хэмжигдэж байна. Иймэрхүү давуу талаа бид дөвийлгөж өгвөл органик бүтээгдэхүүний дэлхийн зах зээлд гарахад асар том давуу тал бидэнд бий болно.

-Мал бүрийг чипжүүлэх зардал ямар үнэтэй тусах вэ. Мөн малын бүртгэлжүүлэх төсөв мөнгийг малчдаас нь гаргуулж болох уу?

-2018 оны төсөв батлагдсаны дараа энэ хууль батлагдан гарч байна. Одоо байгаа төсөв дээр бэлтгэл ажлыг хангах гэсэн нэг тэрбум төгрөг батлагдсан байна лээ. Төсвийн тодотгол дээр мөнгө нэмж суулгахыг хичээнэ. Ер нь Монголын бүх малыг бүртгэлжүүлье гэвэл нэг чип 1000-1500 төгрөгийн үнэтэй гэхээр 60 сая малаар тооцох юм бол 65 тэрбум төгрөгийн тооцоо гарна. Ойрын хэдэн жилдээ бүх малаа бүртгэлжүүлэх нэгэнт эдийн засгийн шууд боломж байхгүй хэдий ч бог малыг тэр дотроо үржлийн болоод таваарын малаа эхлээд бүртгэлжүүлье гэж зорих юм. Ирэх 2020 он хүртэл бог малынхаа 80 хувийг бүртгэлжүүлчихэд л хүнсний зах зээл, махны үйлдвэрүүдэд нийлүүлдэг махны эрүүл стандарт, аюулгүй байдал хангагдана. Зөвхөн малын тухай ярьж байгаа юм биш, хүн эрүүл хүнс хэрэглэх, хүний эрүүл мэнд сайн байхыг шийдэх юм. Ингэхээр эдийн засгийн өндөр ач холбогдолтой. Одоо зөвхөн урд хөрш рүү гэхэд мах экспортлох зах зээл маш өргөн бий. БНХАУ 2017 онд 90 сая үхрийг хүнсний хэрэглээнд хэрэглэсэн гэсэн тоо баримт байна. Монгол Улс нийт дөрөвхөн сая үхэртэй. Энэ нь асар том зах зээл байгааг харуулж байгаа боловч бид эдийн засгийн зах зээлийн харилцаанд ороход бэлэн биш байна. Цаашид мал сүргийн бүтцийг зөв зохистой байлгах, үр ашигтай малын тоо толгойг нэмэгдүүлэх асуудал яригдаж байна. Малчдын хувьд малынхаа толгойн тоог өсгөх нь хөрөнгө, орлогоо нэмэгдүүлэх хамгийн хямд, биед амар арга гэдэг өнөөгийн эрх зүйн орчин, эдийн засгийн хөшүүргүүдийг эхний ээлжинд төр, засгийн зүгээс өөрчлөнө.

-Сайн чанарын хээлтүүлэгч малыг тусгайлан үнэлж, бүртгэх, гадаадаас авч байгаа мал, үрийг хянах зохицуулалтыг хийдэг болж байгаа гэв үү?

-Малын генетик нөөцийн тухай хуульд анх удаа үржлийн малд удам зүйн үнэлгээг хийж, үржилд ашиглаж болно гэдгийг баталгаажуулж байх, тухайн үржлийн малын үнэт чанарыг үнэлж ангилал тогтоох, гойд ашиг шимт малыг үнэлэх системтэй болох зохицуулалт орж ирж байгаа. Ингэснээр сайн чанарын гэж яригддаг мал маань удам зүйн хувьд үнэхээр сайжруулагч мөн үү гэдгийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр нотолж, баталгаажуулдаг болно. Төрөөс эхний ээлжинд бог мал дээрээ анхааръя гэж байгаа. Сум болгон дээрээ хуц, ухнын эцэг малын цөм сүргийг бий болгоё гэж байна. Ноосны, арьс ширний, сүүний чиглэл гэх мэтээр бүс нутгийн онцлогт нь таарсан эцэг малыг улсаас нийлүүлж сум болгонд цөм сүргийн аж ахуйтэй болгох юм. Мал үржлийн технологийн нэгжийг сум болондоо бий болгож хувийн хэвшлийнхэн дээрээ суурилуулаад маллуулъя, үржлийн ажлыг хийлгэе гэж байгаа. Цаашид тухайн малчин сүргээсээ эцэг малыг дураараа тавьдгийг зогсооно. Үржил селекцийг малчид дураараа хийдгийг болиулна гэж байгаа юм. Ер нь эцэг малаар дамжиж тухайн малын чанар муудаж, давжаардаг асуудал үүсдэг. Энэ байдал нийт малын тоон дээр харагдаж байна.

-Шүлхий зэрэг өвчин гарах үед малыг устгалд оруулж, малчдад нөхөн төлбөр олгодог. Үүнийг хуулиар хориглож болдоггүй юм уу. Яагаад вэ гэвэл малчид төрөөс мөнгө авчихна гэсэн сэтгэлгээ бас байна?

-Энэ жил 90 мянган мал устгалд орсон ч төсөв дээр энэ мөнгө нь суугдаагүй гээд хэрүүл зарга болж байгаа харагдана лээ. Тухайн малчин, мал эмнэлгийн нэгжүүд, мал зүйчдэд хариуцлагын асуудал яригдана. Хөдөө аж ахуйн салбарын анхаарах асуудал бол анхан шатанд үйлдвэрлэлийг дэмжих, үйлдвэрлэл эрхлэгч, хувийн хэвшлийг дэмжих бодлого үгүйлэгдэж байна. Манай улсад малын гаралтай бүтээгдэхүүн анхан шатны байдлаараа буюу түүхий эдээрээ зах зээлд гарч байна. Анхан шат, дунд шатанд боловсруулж нэмүү өртөг шингээж чадахгүй байна. Тиймээс анхан шатанд нь түүхий эдийг үйлдвэрлэгчдийг дэмжих бодлогыг хийж, тухайн малчин өрхийг, мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчийг дэмжиж байж хөдөө аж ахуйн салбар хөгжинө. Малын генетик нөөцийн тухай хуулиар малчдад мэргэжлийн үнэмлэх олгохоос гадна малчин өрхийг үндэсний үйлдвэрлэл эрхлэгчээр бүртгэж, гэрчилгээ, баталгааны тэмдэг олгохтой холбоотой харилцааг хуульчлан тусгасан. Ингэснээр Монголын малчид үндэсний өв соёлоо тээж яваа, олон арван арга ухааныг эзэмшсэн гэдэг талаасаа үндэсний хэмжээнд мэргэжлийн түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн “мэргэжил”-ийн үнэмлэхийг тодорхой журмын дагуу авах боломж нээгдэж байгаа юм. Малчдад мэргэжлийн үнэмлэх олгосноор малчдыг мэдлэгжүүлэх, чадавхжуулах ажлууд хийгддэг болох юм. Энэ салбарт шинжлэх ухаанчаар хандахгүй бол хөгжихгүй гэдэг нь тодорхой болсон. Малчдад маань уламжлалт мэдлэг байгаа ч шинжлэх ухааны шинэ технологиудыг нэвтрүүлэх хэрэгтэй болсон. Жишээ нь хурга ишгийг хөнгөлөхдөө уламжлалт аргаар шууд зүсээд хийдэг бол Японд төөнүүрийн аргаар бөгжилж хөнгөлж байна. Ингэж хөнгөлсөн хурганы ялгааг үзэхэд амьдын жингээрээ 30-40 хувийн ялгаатай байна. Ерөөсөө мал аж ахуйн салбарт шинжлэх ухаанчаар хандаж үр бүтээмжийг сайжруулж ашиг шимийг сайжуурлах хэрэгтэй учраас малчдыг мэдлэгжүүлэх чадавхжуулах хэрэгтэй болж байгаа юм. Бүтээмжтэй холбоотой өөр нэг энгийн жишээ малыг сүүний, махны, ноосны, ноолуурын, уналгын, уралдааны гэж хөгжүүлдэг байсан. Тэр үед улсын дунджаар 1961 онд борлуулсан үхрийн амьдын жин 250 орчим кг, нэг үнээнээс үйлдвэрлэх сүү 350 орчим литр байсан бол одоо хэд болж буурсаныг хүн болгон тойм төдий багцаалдаж байгаа биз. Учир нь 90 оноос хойш бид малынхаа ашиг шимийг тоож хэмжихээ ч байсан. Ямааны мах нь хүртэл 1-3 дугаар зэрэгтэй байсан. Өнөөдөр гэтэл 100 хонины арьс үйлдвэрт орж ирлээ гэхэд 70 нь шаардлага хангахгүй түвшинд байна. Тэгэхээр цаашид бид малын ашиг шим, бүтээмжийг хэмжих, түүхий эд бүтээгдэхүүн, сүү мах, арьс ширийнх нь чанарыг магадлаж байх, бүтээгдэхүүний чанарыг сайжруулах лабораторийг сум болгонд байгуулах шаардлагатай байна.

-Малын хөлийн татварыг авах тухай хуульд тусгагдаагүй. Энэ талаар ямар бодолтой явдаг вэ?

-Манай улсын нийт бэлчээрийн даац хэтэрч, 65 хувь нь доройтолд орчихсон байна. Дахиад 10 жил болоход нийт газар нутаг эргээд сэргээгдэхээргүй болох эрсдэлд бэлэн байна. Нөгөө талаасаа бэлчээрийн мал аж ахуйн малын онцлог буюу бэлчээрээр идээшилж, дундуур идэш хоолтой байх хугацаа нь ойролцоогоор жилд 240 хоног байдаг. Гэтэл сүүлийн жилүүдэд бэлчээр муудаж байна, жил тутам буух хур тунадасны хэмжээ 90 оноос хойш 20 орчим хувиар буурчихлаа. Бэлчээрийн ургац 40 жилд 2-3 дахин буурсан гэсэн тоо гарсан байсан. Эсрэгээрээ бог малын тоо сүүлийн зургаан жилийн дотор огцом өслөө. Ийм учраас бид бэлчээр, байгаль экологио хадгалж хамгаалах, малынхаа тоо толгойнд биш малын чанарт анхаарсан харилцаанд манай улс орохоос аргагүй. Малчдын хувьд амьжиргааны гол эх үүсвэр болсон мал болон малын түүхий эд, бүтээгдэхүүний үнэ бага, худалдан борлуулах зах зээл, нийлүүлэлтийн сүлжээ муу байгаагаас орлого муу байна. Үүний улмаас малдаа хангалттай хадлан, тэжээлээ бэлтгэж чадахгүй ган, зудад хохирол их амсч байна. Малын бэлчээрийн даац хэтэрч, нийтдээ газрын үржил шим муудаж байгаа зэрэг нь нэлээд эмзэг асуудал болж байна. Ийм тохиолдолд бид малын хөлийн татвартай байх уу эсвэл бэлчээрийн тухай харилцааг зохицуулсан эрх зүйн зохицуулалттай болох уу гэдэг асуудал цаашид яригдаж таарна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *