Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Г.Тэмүүлэн: Малчид 10 жилийн НДШ нөхөн төлөхөд таван сая төгрөг төлөх шаардлагатай болчихоод байна

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнтэй ярилцлаа.


-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг баталлаа. Таныхаар Үндсэн хууль ямар хэмжээнд боловсруулагдаж, батлагдав?

-Таван үндсэн зарчмын хүрээнд хийгдэж байгаа өөрчлөлтүүд тун чухал. Гэхдээ цар хүрээ, хувь хэмжээгээр нь аваад үзвэл Ерөнхийлөгчийг парламентаас сонгох асуудлыг оруулах заалттай л эн тэнцэхүйц заалтууд орсон. Үүнээс Ерөнхийлөгчийг парламентаас сонгох заалт ямар чухал байсныг харж болох байх.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хэлэлцэж байх үед Ардчилсан нам сонгуулийн тогтолцоотой холбоотой заалтыг оруулаагүйг эсэргүүцэж, Зөвшилцлийн ажлын хэсгээс гарсан. Энэ байр суурьд та юу хэлэх вэ?

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн зарчмын асуудлууд дээр бид нэг байр суурьт хүрч, тодорхой зөвшилцлөөр явах ёстой. Ардчилсан намын санал болгосон гурван асуудалд тодорхой ойлголцолд хүрсэнгүй. Холимог тогтолцоо буюу намын жагсаалт оруулах асуудлыг 20 гишүүн ч дэмжсэнгүй шүү дээ. Гишүүдийн байр суурийг ч хүндэтгэж үзэх ёстой. Нэгэнтээ гишүүд, ард түмэн хүлээн зөвшөөрөхгүй байгаа асуудал дээр бойкотолж, аль нэг улс төрийн нам хүчин тухайн Үндсэн хууль батлалцах процессоос гарч явах нь утгагүй асуудал. Ерөнхийлөгчийг парламентаас сонгох асуудал ч мөн ялгаагүй. Ардчилсан намын энэ зөв зүйтэй санал дээр бид зөвшилцөл ойлголцолд хүрээд, нэгдмэл байр суурьтай байсан бол Монголын нийгэмд ямар том өөрчлөлт, хэр их үр өгөөжийг авчрах байсныг хэлж мэдэхгүй. Гэхдээ үнэхээр Үндсэн хуулийг батлах бололцоо байгаа бол бид аливаа асуудлууд дээр нам харгалзахгүй хийх ёстой.

Олонхын саналаа хүндэтгээд явах хэрэгтэй. Аль нэг намын бойкот, тухайн намын үзэл бодол, байр сууриас болж энэ том асуудлыг хаяж, гээж болохгүй. Зарчмын хувьд бид Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлтийг оруулах ёстой. Зөв бодлогын төлөө нэгдэж нийлэх шаардлагатай.

-Ерөнхийлөгчийг парламентаас сонгох саналыг оруулж ирээгүйд та шүүмжлэлтэй хандаж байсан. Тэрхүү саналын ач холбогдлыг юу гэж харж байгаа вэ?

-Үндсэн хуулийн гуравдугаар хэлэлцүүлэг сар гаруй хугацаанд хойшилсон. Үүний гол учир нь Ардчилсан намаас дэвшүүлсэн гурван санал байв. Тэдгээрээс зарчмын хувьд зөв зүйтэй хоёр санал байсан нь Ерөнхийлөгчийг парламентаас сонгох, Ерөнхий сайд танхимаа өөрөө бүрдүүлэх гэсэн саналууд юм. Парламентын тогтолцоогоо бэхжүүлье гэж зорьж байгаа энэ цаг үед бид энэ хэдэн өөрчлөлтүүдийг хийх нь зөв байсан. Парламентын засаглал бүхий төрийн тогтолцоонд байж болох бүхий л дутагдал, согог манай улс төрийн амьдралд илүү их ажиглагдах боллоо. Төр засгийн байнгын шахам хямрал, тогтворгүй байдал газар авч байна. Үүнийг өөрчлөхийн тулд зайлшгүй хийх ёстой зүйл нь дээрх хоёр санал юм. Гэхдээ Ерөнхийлөгчийг УИХ-аас сонгох зарчим хөндөгдөж орж ирсэнгүй. Ардчилсан намаас оруулаач ээ гээд саналаа дэвшүүлж байхад ч оруулж ирсэнгүй. МАН-ын гишүүд дэмжиж байгаа бол өөрсдийнхөө бүрэн эрхийн хүрээнд шийдчих бүрэн бололцоотой. Гэтэл үүнийг ойлгохгүй, нэгдмэл байр суурьт хүрэхгүй, улс төрийн өнцгөөс зөвшөөрөхгүй, дэмжихгүй байгаа нь Ардчилсан намаас долоон дор байдалд орчихсон байна л гэсэн үг. Угтаа бид Ардчилсан намтай намгүй энэ зөв зүйтэй саналыг хоёр гараа өргөөд дэмжих ёстой. Хангалттай ирцтэй байгаа цагт дэмжих боломж бидэнд бүрэн бий шүү дээ.

-Зөвшилцлийн ажлын хэсэг яагаад Ерөнхийлөгчийг танхимаас сонгох саналыг оруулж ирсэнгүй вэ?

-Оруулж ирээгүй би их гайхаж байгаа. Хэн үүнийг гацаав, хэн үүн дээр эсрэг байр суурьтай байв, хэн нөлөөлөх байр сууринаас хандав. Монгол Улс нийтдээ долоон удаагийн сонгууль хийсэн байна. Нийт таван Ерөнхийлөгчийн нүүрийг үзжээ. Эцсийн дүндээ Ерөнхийлөгч байхаа больж, нөгөө хэллэгээр хонгилын түлхүүргүй болсных нь дараа ч гэдэг юм уу тэр хүмүүсийг муу муухай байлаа гэж хэлж болохгүй. Энэ нь хүндээ бус тогтолцоондоо байгаа юм. Монгол Улс хөгжье, төлөвшье, улс шиг улс байя гэвэл энэ эхлэлийг тавих шаардлага байна. Тиймдээ ч Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хамгийн том өөрчлөлт нь энэ л байх байсан гэж харж байгаа.

-Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмсэнд иргэд, аж ахуйн нэгж ихээхэн бухимдалтай байна. Нэмсэнд “Капитал”-ын дампуурал нөлөөтэй болохыг ч судлаачид хэлж байгаа. Энэ бодитой юу?

-2017 онд ОУВС-гийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдсанаар нийгмийн даатгалын шимтгэлийг 2018 онд 2 хувь, 2019 онд 1 хувь, 2020 онд мөн 2 хувь буюу нийтдээ 5 хувиар нэмэх шийдвэрийг гаргасан.Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмж байгаа нь хүн амын насжилт, хүн ам зүйн ачаалал дотор ахмад настны ачаалал илүү нэмэгдэж байгаатай холбоотой асуудал. Хүн амын насжилт, тэтгэвэр авагчдын тооны өсөлт нь тэтгэврийн даатгалын сангийн зардал, улсын төсвийн ачааллыг нэмэгдүүлж байна. Өнөөдрийн байдлаар Нийгмийн даатгалын сан 600 орчим тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байгаа, үүнийг улсын төсвөөс нөхөж байна. 2020 онд зарцуулж байсан тэтгэврийн даатгалын сангийн зардал магадгүй 2028 он гэхэд хэд дахин нэмэгдэх төсөөлөл орж ирж байгаа. Гэхдээ бид үүнийг ганцхан төсөв, нийгмийн даатгалын сангаас бус санхүүгийн олон эх үүсвэртэй болгох боломжтой юм. Зөвхөн нийгмийн даатгалын шимтгэл нэмэгдүүлэх байдлаар бус даатгалд хамруулагчдаа нэмэх чиглэл барих шаардлага бидэнд байгаа. Бид үүн дээр зөв бодлого бариагүйн уршгаар эргээд иргэд, ажил олгогчдыг хүндрүүлэх асуудал гарч ирээд байгаа. Энэ хуулийг аваад үзэхэд жил бүр нэг, хоёр хувиар нэмэгдсээр байгаад хувь хүний нийгмийн даатгалын шимтгэл 12.5 хувь, ажил олгогчийнх 14 хувь болчихлоо. Нийтэд нь аваад үзэхээр 26.5 хувийн нийгмийн даатгалын шимтгэлийг төлж таарч байна. Нэг сая төгрөгийн цалинтай байлаа гэхэд сард 265 мянган төгрөг төлчихөж байгаа хэрэг. Дээр хүн амын орлогын албан татвараа нэмж суутгуулна. Энэ нь өөрөө гажуудал, буруу тогтолцоо болчихож байгаа юм. Тиймээс аль болох хүндрэл, чирэгдэл багатайгаар өөрчлөх, буулгах асуудлыг ярих ёстой.

-Малчдыг олноор нь тэтгэвэрт хамруулах гэж байгаа нь нийгмийн даатгалын шимтгэл нэмэгдэх нэг шалтгаан болчихов уу?

-Малчдад чиглэж байгаа бодлого нь тэдэнд харин ч эсрэгээрээ тусч байгаа. Нийгмийн даатгалд хамруулагчдын тоо, сангийн хэмжээ нэмэгдэнэ гэсэн үг. Зөвхөн малчид биш хувиараа бизнес, хөдөлмөр эрхлэгчдийн дөнгөж 30 хувь нь малчдын 20 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл төлдөг. 1995-2019 он хүртэлх хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаагүй, тэтгэвэрт гарч чаддаггүй ахмадууд бий. Энэ хүмүүст төрөөс хөнгөлөлт, боломжийг олгож байгаа. Тодруулбал, ирэх 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс 2021 оны нэгдүгээр сарын 1-ний хооронд буюу жилийн хугацаанд нөхөн төлөх, тэгээд тэтгэврээ тогтоолгодог болох боломжийг олгож байгаа юм. Энд харин шүүмжлэлтэй хандахаас аргагүй нэг бодлогын алдаа гарч ирсэн. Төсөв хэлэлцэж байх үед миний зүгээс энэ асуудлыг хөндөж, шүүмжлэлтэй хандаж байгаагаа илэрхийлсэн. Ажлын хэсгийн түвшинд засаж, янзлаач гэх саналыг тавьсан. Ямар алдаа гарсан бэ гэхээр 24 жилийн нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлэхдээ тухайн он оныхоор нь бус, энэ жилийнх буюу өнөөдрийн итгэлцүүрээр тооцоод байгаа юм. 1995 болон 2019 оны нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээ, итгэлцүүр нь өөр шүү дээ. 1995 онд нийгмийн даатгалын шимтгэл нь 10-15 мянган төгрөг байсан бол өнөөдөр яг тэр ханшаар нь л тооцох ёстой. Гэтэл өнөөдөр нийгмийн даатгалын шимтгэлийг заавал өндрөөр тооцох гээд 2019 оны нийгмийн даатгалын итгэлцүүрээр тооцож байна. Өнөөдрийн нийгмийн даатгалын шимтгэл сарын 42 мянган төгрөг байна. Жилээр нь тооцоод үзэхээр 504 мянган төгрөг. Тухайн иргэн 10 жилийн нийгмийн даатгалын шимтгэлээ нөхөж төлөхийн тулд таван сая төгрөг төлөх шаардлагатай болж байна. Энэ тухайн хүнд хүндрэлтэй болно. Учир нь малчид, хувиараа бизнес эрхлэгчид, тэтгэвэрт гарч чадахгүй байгаа хүмүүс чинь нийгмийн зорилтот, эмзэг бүлгийнхэн шүү дээ. Зээлээс зээлийн хооронд л амьдарч байгаа хүмүүс юм. Төрөөс хөнгөлөлт олгож байгаа л бол түүнийгээ бодитоор нь ойлгож олгох хэрэгтэй. Хэрэв тухайн жилийнх нь нийгмийн даатгалын итгэлцүүрээр тооцох юм бол магадгүй арван сая төгрөг 2-3 сая төгрөгөөр буурах боломжтой. Үүнийг л тухайн жил, хувь хэмжээнд нь дүйцүүлж хийх ёстой байсан. Гэтэл өнөөдрийн бодлого хөрөнгө оруулалт, үр ашиггүй зардлууд нэмэгдэж, төсвийн тэнцвэртэй байдал алдагдаж байгаагаас болоод түүнийгээ нөхөх орон зайгаа үүгээр хийгээд байна. Үр ашиггүй зардлуудаа хэмнээд цалин, тэтгэврээ нэмэх, нийгмийн зорилтот бүлгүүдэд хүргэх асуудлуудад анхаарлаа хандуулах хэрэгтэй юм. Тэтгэврийн жилд 8-15 хувь нэмж байгаа ч ийм байдлаар явж болмооргүй байгаа юм. Тэтгэврийн доод хэмжээ болоод хамгийн өндөр авч байгаа хүмүүсийн хооронд маш их ялгаа бий. 320 мянган төгрөг авч байгаа нь байхад нэг сая 500 мянган төгрөгийн тэтгэвэртэй нь ч байна. Тэтгэврийг тэр чигт нь 10 хувиар нэмж байхаар доод хэмжээгээр авч буй хүмүүсийнхийг нь нэмж, тэтгэврийн доод хэмжээг хамгийн багадаа 400-450 мянган төгрөг болгомоор байна. Энэ нь өөрөө зорилтот бүлэг, нийгмийн халамжийн бодлого юм. Тэр ч утгаараа ингэж ялгавартайгаар хандах ёстой.

-Монголчууд Оюу толгойн эзэмшлийн хувиасаа буюу 34 хувиасаа татгалзах нь гэх асуудал мэр сэр яригддаг. Ойрын хугацаанд ийм асуудал үүссэн үү, хэрэв зарсан тохиолдолд ямар нөхцөл байдал үүсэх вэ?

-34 хувийг зарах тухай асуудал ямар түвшинд, хэн ярьсныг хэлж мэдэхгүй юм. Тийм мэдээлэл надад алга байна. Зарчмын хувьд 34 хувийн эдийн засгийн үр өгөөжөө өөр байдлаар орлуулах боломжтой юу гэвэл боломжтой. Ер нь бол бид Оюу толгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулаад 10 дахь жилдээ хүрч байна. 10 жилийн хугацаан дахь гэрээний хэрэгжилт, нөхцөл байдалдаа бодит үнэлэлт дүгнэлт өгөх, цаашид бодлогын томоохон эрс шинэчлэлт, өөрчлөлт хийх боломж байгаа. 34 хувь гэдэг нэг талаасаа эдийн засгийн үр өгөөжийн үнэлгээтэй зүйл. Бид 34 хувийг эзэмшсэнээрээ энэ төслөөс эдийн засгийн үр өгөөжөө ногдол ашиг, татвар байдлаар авна. Бид энэ 34 хувьд ногдох үр өгөөжийн түвшингээ бууруулахгүй, хадгалж, тэр хэмжээ түвшиндээ дүйцэхүйц хэмжээгээр магадгүй АМНАТ рүү шилжих, ашигт малтмалын нөөц ашигласан төлбөр нэмж авах, орлуулах асуудал байж болно. Эсвэл газрын тосны салбарын бүтээгдэхүүн хуваах гэрээний хэлбэрээр ашиг орлого, үр өгөөжөө шууд бүтээгдэхүүн хуваах хэлбэр лүү ч шилжиж болно.

Бид 2009 онд Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахдаа хоёр талаас эдийн суурь ойлголцол, зөвшилцөлд хүрч, гэрээг байгуулж байсан. Тухайн төслийн эдийн засгийн үндэслэлээр нийт 14,6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийж, зэсийн үнэ хамгийн түүхэн доод үнэдээ буюу 4400 доллар байхад төслөөс нийт 118,7 тэрбум ам.долларын борлуулалтын орлого наанадаж олно гэж тооцож байсан. Түүнээс Монголын талд ногдож ирэх үр өгөөж нь 45 орчим тэрбум ам.доллараар хэмжигдэж байгаа. Зардлаа хасаад үзэхэд нэрлэсэн үнээр төслийн нийт үр өгөөжийн 53 хувь нь манай талд ногдоно гэсэн үг. Энэ бол бидний 34 хувийг эзэмшсэний нь үр өгөөж, эдийн засгийн үнэлгээ. Нэрлэсэн үнэ цэнээр 53 хувь юм. Өнөөгийн үнэ цэнээр мөнгөн дүнд шилжүүлэхэд 59 хувь болж байсан. Тиймээс бид энэ хувь хэмжээнээс доошлуулахгүй байх хэмжээний үр өгөөжийг татвараар, АМНАТ-аар орлуулан авч болно.Тийм байдлаар хэлэлцээ хийхэд болохгүй зүйлгүй. Төрийн бодлого шийдвэр, гэрээнийхээ хэрэгжилтийг хянаж чадахгүй, бүтэц тогтолцоо нь тогтворгүй, нөгөө талдаа үндэстэн дамнасан корпорациудтай ажиллах туршлагатай боловсон хүчингүй тохиолдолд магадгүй эрс шийдэмгий шийдвэр гаргаж, 34 хувиасаа татгалзаж болно. Сул талаа нуухын оронд засахыг хичээ гэж үг байдаг. Цаашид төрийн энэ хяналт, хариуцлага сул цагт өөрсдөдөө илүү хялбар байдлаар илүү үр өгөөж авах,магад зөвхөн татвараар бүрдүүлдэг тогтолцоо руу шилжих нь бидэнд илүү дээр. Үүнийг бид УИХ-аар ярих л ёстой.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *