Categories
мэдээ цаг-үе

Г.Тэмүүлэн: Хэт даварсан эрх мэдлийг Үндсэн хуулийн хүрээнд хязгаарлах хэрэгтэй

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнтэй ярилцлаа.


-Чуулганы хуралдаан завсарлачихсан энэ үед та ямар ажлууд хийж амжуулав?

-Тодорхой хуулийн төслүүдийг санаачилж, боловсруулаад явж байна. Нэгдүгээрт, хөдөө аж ахуйн салбартай холбоотой хуулийн төсөл бий. Өнөөдөр Монгол Улсад бэлчээрийн асуудал талхлагдсан байдалтай байна. 65-70 орчим хувь нь унаган төрхөө алдсан ийм нөхцөл байдалд хүрчээ. Энэ тохиолдолд бэлчээрийг зүй зохистой ашиглах, багийн ИНХ-ын түвшинд болон багийн иргэд, малчид бүх нийтээрээ зохицуулалттайгаар оролцож, тухайн бэлчээрээ ашигладаг, хамгаалдаг, чөлөөлдөг энэ харилцааг зохицуулж өгөх шаардлага байна гэж харж байгаа. Уг хуулийг боловсруулаад ерөнхийдөө дуусч байна. Хаврын чуулган эхлэхээр УИХ-д өргөн барина гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Хоёрдугаарт, малын тоо толгойноос илүү ашиг шим, чанарт анхаарах шаардлагатай болжээ. Тиймээс Малын ашиг шимийг нэмэгдүүлэх тогтоолын төслийг боловсруулаад УИХ-аас өргөн барихаар бэлтгэж байгаа. Гуравдугаарт, Монгол Улсын түвшинд бий болоод байгаа улстөржилт, намчирхал, талцал хуваагдлыг эцэслэх үүднээс үндэсний эв нэгдлийг хангах тухай хуулийн төслийг боловсрууллаа.

Энэ хүрээнд анхан шатандаа улс төрийн намын оролцоогүйгээр баг хороо, сум дүүргийн сонгуулийг хийх хуулийн төслийг боловсруулж байна. Төрийн албыг бэхжүүлж, улс төрийн намын төрийн албанд үзүүлэх нөлөөллөөс ангид байх эрх зүйн орчинг бүрдүүлж, төрийн эрхийг ямар улс төрийн нам барьж байгаагаас үл хамаарч тухайн Засгийн газар мөрийн хөтөлбөр, бодлого дараагийнхаа Засгийн газартай хэлбэрдэхгүйгээр мөрдөгддөг байх эрх зүйн орчинг бүрдүүлье гэж оруулж ирж байгаа. Мөн улс төрийн намуудын үйл ажиллагааг тодорхой хэмжээнд нь зааглаж хязгаарлах, иргэдийн оролцоог өндөр түвшинд байлгаж, нэмэгдүүлэх талаар оруулж ирнэ.

-Яг энэ цаг мөчид Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн боловсруулалтын асуудал яригдаж байгаа. Энд таны байр суурь ямар байна вэ?

-Нэгдүгээрт, улс төрийн нам болон түүний эрх мэдэлтэй холбоотой асуудлыг зааглаж хязгаарлах хэрэгтэй. Даварсан, хэт хавтгайрсан тэр эрх мэдлийг хязгаарлах боломжийг Үндсэн хуулийн хүрээнд хийж өгөхгүй бол болохгүй болжээ. Үүнээс улбаалан дээд болон доод түвшиндээ хэт улстөржиж, намчирхал талцал болдог нь төрийн албыг хүчгүй, үнэгүй болгодог. Энэ нь улс төрийн намаас улбаатай асуудал. хоёрдугаарт, сонгуулийн тогтолцоотой холбоотой асуудал бий. Тэгэхээр энэ асуудлыг бид эргэж харж, анхан шатны байгууллагаасаа эхлээд улс төрийн намын оролцоогүйгээр удирдах албан тушаалтнуудыг иргэд нь сонгодог байх бодлогын асуудал байна. Тухайн баг, сум, дүүрэг хорооны дарга нар төрийн жинхэнэ албан хаагч байх эрх зүйн зохицуулалтыг хийж өгөх хэрэгтэй. иргэдэд хамгийн ойр байгаа эдгээр албан тушаалтнууд улс төрийн намын харьяалалтай гэдэг нь улс төрийн албан хаагч байх шаардлагад нийцэхгүй байгаа юм. Гуравдугаарт, хүн ам цөөнтэй улсын хувьд сонгодог парламентад засаглалдаа түшиглэж Үндсэн хуулийнхаа өөрчлөлтийг хийх шаардлагатай. Сүүлийн үед зарим судлаачид парламентын гишүүдийн тоог нэмэх, дээд доод танхимтай болох гэх мэт асуудлуудыг хөндөж байна. Энэ бол гарц биш. Тооноосоо илүү бид чанарт анхаарах ёстой. хэрхэн парламентад засаглалыг бэхжүүлэх вэ, парламентад мэдлэг туршлагатай, тухайн салбарын асуудлыг мэддэг ийм гишүүдийг хууль тогтоох дээд байгууллагад оруулж ирэх нөхцөл бололцоог хөндөх ёстой. Энэ хүрээнд ажил мэргэжлийн шаардлага, ажилласан жилийн туршлагыг тавьж өгч болж байна. Мөн насны доод хязгаарыг тавьж өгч болно. хууль тогтоох байгууллагад хийсэн бүтээсэн зүйлтэй, тухайн салбарынхаа сайн мууг мэддэг хүмүүс гарч ирж байж шинэчлэлийг хийнэ шүү дээ.

-ШХАБ-д элсэх талаар нэлээн удаан яригдаж байна. Таны хувьд АНУ-д боловсрол эзэмшсэн хүн. Энэ талаар таны байр суурь ямар байна вэ?

-2004 оноос хойш манай улс энэ байгууллагад идэвхтэй ажиглагчаар оролцож ирсэн. Тухайн үедээ Монгол Улсын хувьд гадаад бодлогоо тодорхойлохдоо идэвхтэй ажиглагчаар оролцоно гэж байр сууриа тодорхойлсон. Манай улс хязгаарлагдмал газар нутагтай. хоёр том хөрш улсын дунд оршдог онцлогтой. Тиймээс бидний хувьд хоёр хөршөөсөө эхлэлтэй гадаад бодлогыг тодорхойлдог билээ. Тиймээс хоёр хөрштэйгөө ижил тэнцвэртэй харилцана гэдэг бодлогыг гаргасан. Бид ШХАБ-д элсэх асуудлыг яагаад өнөөдөр хөндөж тавиад байгаа юм. Яагаад 15 жилийн дараа энэ асуудлыг хөндөх болов. Уг асуудалд бидний зүгээс ямар нэг геополитик, улс төрийн нөхцөл байдал өөрчлөгдсөн үү, үгүй юу гэдэг дээр бодитой үнэлэлт дүгнэлт, судалгааг хийж байж шийдвэрлэх шаардлагатай. Тэрнээс тухайн цаг үеийн нөхцөл байдалд нийцүүлж, ямар нэг улстөрчийн эмоцид хөндөгдөж шийдэгдэх асуудал биш. Тэр дундаа Монгол Улсын гадаад бодлого дээр хэт их улстөржиж хандах ёсгүй. Энд хувь хүний улс төрийн өнцөг байх ёсгүй. Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газар, Уих-ын гишүүд болон улстөрчдийн байр суурь энд нэг байх ёстой. Байр сууриа нэгтгэж байж гадагшаа гаргах нь зүйтэй. Манай улсын хоёр залгаа хөрш нь ШхАБ-ын хоёр багана болсон улс орон. Энэ хоёр улсын байр суурь эдийн засаг, стратеги, геополитик, түншлэлийн түвшинд ойлголцож, нэгдсэн байр сууринд хүрдэггүй зөрчилдөх асуудал олон бий. ШхАБ-ын түвшинд шийдвэрлэх уг асуудлын хүрээнд Монгол Улс ямар байр суурьтай хандах юм. ийм асуудал ч урган гарна. Манай улс НҮБ-ын гишүүнээр элсээд олон жил болж байна. ШхАБ-д бид шинээр элслээ гэхэд НҮБ болон олон улсын тавцан дахь байр суурьт хэрхэн нөлөөлөх вэ гэдэг асуудлуудыг судалж үзэх хэрэгтэй. Эдгээр асуудлуудыг судалж, байр сууриа нэгтгэж байж эцсийн шийдийг гаргах ёстой.

-ШХАБ-д элсэх асуудалд хоёр хөрш орны нөлөө бий юу?

-Үүнийг бид шууд энд дүгнэж чадахгүй асуудал л даа. Энэ талаар судлаачид, гадаад харилцааны асуудлаар дагнасан мэргэжилтнүүд байр сууриа илэрхийлэх хэрэгтэй. Мэдээж аль нэг улс орон өөрсдөдөө давуу байдал олохын тулд тэмцэлдэж байдаг. Энэ дээр бид аль болох болгоомжтой, ул суурьтай хандах ёстой.

-ЖДҮХС-тай холбоотой асуудлаар таниас хуулийн байгууллага гэрчийн мэдүүлэг авсан уу. Таны ээжийн “Спа” цогцолбор компани дээр 700 сая төгрөгийн зээл авсан гэх мэдээлэл гарчихсан байгаа?

-Надтай холбоотой ямар нэг мэдүүлэг авсан зүйл байхгүй. Нэгдүгээрт, би үүнд ямар ч хамааралгүй. Би өөрөө төрийн албанд 15 жил ажилласан хүн. хувийн хэвшилд нэг ч ажиллаж байгаагүй. Яахав хамаарал бүхий компани болон хүн зээл авсан гэдэг нэг асуудал. Үүнийг надтай холбож, ойлгоод байх шаардлага байхгүй. хоёрдугаарт, жижиг дунд үйлдвэрлэл гэдэг асуудал дээр бид хэт их хавтгайруулж ойлгож буй зүйлс байна. Ерөнхийдөө Монгол Улсын өнөөгийн тогтолцооны хүрээнд 15 жилийн хугацаанд бий болсон жижиг дунд үйлдвэрлэлээ дэмжих, амьжиргааг дээшлүүлэх хүрээнд бий болсон асуудал байгаа. Энэ асуудалд хуу-лийнх нь өнцгөөс хандах хэрэгтэй. Хууль зөрчиж зээл авсан асуудал байна уу, үгүй юу. Тухайн эрх бүхий албан тушаалтнуудад нь нөлөөлсөн. Албан бичгээр хандсан, утастаж дарамталсан гэдэг юм уу ийм нөлөөллийг үүсгэж зээл авсан асуудал байгаа юу гэдгийг шалгаж, судлах ёстой. Гуравдугаарт, тухайн авсан зээлээ зориулалтын бусаар ашиглаж банк, санхүүгийн байгууллагад өгч мөнгө угаасан асуудлууд байвал зайлшгүй хуулийн хариуцлага хүлээлгэх санкцын асуудал бий.

-Өнөөдөр Ээлжит бус чуулган эхэлнэ. Ямар асуудлууд хэлэлцэхээр төлөвлөж байгаа вэ?

-Танилцуулагдаж байгаа-гаар Татварын ерөнхий багц хуулиуд хэлэлцэгдэхээр төлөвлөгдөж байгаа. Тодорхой хууль шүүхийн байгууллагуудын томилгооны асуудал хэлэлцэгдэнэ. Тат-варын ерөнхий багц хуулиудад анхаарч үзэх шаардлагатай зүйл бий. Энэ хуулийн хүрээнд иргэдийн дунд шүүмжлэлтэй байгаа асуудал нь татвар төлөгчийн хүрээнд үүсгэсэн өрийг хамаарал бүхий хүмүүст нялзаах бодлогын асуудлууд орж ирж байна. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн хүрээнд байж болшгүй асуудал юм. Үүнийг хэлэлцүүлгийн явцад зайлшгүй өөрчлөх хэрэгтэй.

-Өнгөрсөн баасан гаригт та багийн иНХ-ын дарга нар болон багийн Засаг дарга нарын зөвлөлдөх анхдугаар уулзалтад оролцсон. Энэ тухай?

-Аливаа улс орны хөгжил дэвшил гэдэг анхан шатнаасаа эхлэх ёстой. Монгол Улс нийт 1613 багтай. Эдгээр багуудын төлөөлөл болсон нутгийн удирдлагын дарга нар өнөөдөр ирж хөдөө орон нутагт тулгамдаж буй асуудлуудын талаар хэлэлцлээ. Тухайн баг дээр хөдөлмөр, халамж, үйлчилгээ, нийгмийн эрүүл мэндийн үйлчилгээ, төрийн үйлчилгээг хэрэгжүүлэхтэй холбоотой багийн удирдлагууд дээр тулгамдаж байгаа асуудлуудыг хэрхэн шийдэх талаар тэд саналуудаа хэлж, хоорондоо сайн туршлагуудаа солилцож зөвлөлдлөө.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *