Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.
Үргэлжлүүлэн Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгдүгээр зүйлд хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: Газрын тосны үйлдвэрийн эдийн засагтай холбоотой олон эргэлзээтэй асуудал байна. Манайхан санхүүгийн механизм дээр алддаг. Оюутолгой дээр ч гэсэн 34 хувийг авсан гэсэн санхүүгийн маргаан явж байгаа. Зөвхөн нэг жилийн дотор санхүүгийн тооцоолол 60 хувиар зөрсөн байна.
1.2 тэрбум долларыг 1.75 хувиар 2025 оноос үндсэн зээлээ төлж эхлэх юм байна. Үлдэх санхүүжилтээ хаанаас авч байгаа вэ? Хөрөнгө оруулалтаа эргэн төлөх хугацааг 10 жил гэж байна. Энэ хугацаан дахь долларын ханшийг яаж тооцсон бэ? Нефтийн үнийг яаж таамаглаж байгаа вэ?
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн “Газрын тос боловсруулах үйлдвэр нэг тэрбум 236 сая ам.доллараар баригдаж байгаа. Зээлийн хүү нь 1.75, зээлийн хугацаа нь 25 жил. Санхүүжилт хийгдсэн өдрөөс хойш долоон жилийн дараа зээлийн эргэн төлөлтийг хийж эхэлнэ.
Ямар ч тохиолдолд газрын тос боловсруулах үйлдвэрээс гарч байгаа бүтээгдэхүүн импортын бензинээс хямд байна. Манай улс жилд 1.2-1.5 тэрбум ам.долларын импортын түлш хэрэглэдэг. Үүний дийлэнхийг нь ОХУ-аас авдаг. Гэтэл нэг жилийн импортын бензиний үнэд тэнцэх хэмжээний дүнгээр газрын тос боловсруулах үйлдвэрийг барьж байгаа гэдгийг төсөөлж үзээрэй.
Эдийн засгийн аюулгүй байдлыг хангах стратегийн ач холбогдолтой үйлдвэр юм. Түүхий түлшний бүтээгдэхүүнийг тогтвортой байлгах үүднээс өөрсдийн гэсэн орд газартай болох асуудлыг хуульд тусгасан” гэв.