Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Г.Тэмүүлэн: Боловсролыг улстөржилт, намчирхлаас ангид болгоно

-СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ЗАХИРАЛ, ЭРХЛЭГЧИЙГ ЗАСАГ ДАРГА ТОМИЛДОГГҮЙ БОЛГОХ ЗОХИЦУУЛАЛТЫГ ХУУЛИНД ТУСГАЖ БАЙГАА-


УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнтэй ярилцлаа.


-Сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгчийг Засаг дарга томилдоггүй болох хуулийн төсөл өргөн барьжээ. Яагаад энэ зохицуулалтыг хийхээр болов?

-Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа. Уг хуулиар орох гол өөрчлөлтийн нэг нь сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгчийг Засаг дарга томилдоггүй болох зохицуулалтыг тусгаж байгаа. Хамгийн гол нь боловсролын салбарыг улстөржилт, намчирхлаас ангид байлгах үүднээс энэ нэмэлт, өөрчлөлтийг хийж байна.

-Сонгууль бүрийн дараа цэцэрлэг, сургуулиудад халаа сэлгээ болдог жишигтэй байсан нь үнэн. Тэгэхээр энэ гажуудал арилах нь байна, тийм үү?

-Тийм. Энэ салбарыг улс төрөөс ангид байлгах нь уг хуулийн суурь зарчим. Боловсролын салбарыг чадварлаг, мэргэжлийн баг удирдах ёстой, улс төрийн оролцоо, нөлөөлөл энэ томилгоонд байх учиргүй. Өнөөдөр Монгол Улсын хэмжээнд 1600 орчим төрийн өмчийн сургууль, цэцэрлэг бий. Сонгууль бүрийн дараа тухайн аймаг, сум, нийслэлд аль нам гарч, засаглахаас шалтгаалж 1620 сургууль, цэцэрлэгийн удирдлагууд солигддог, тэрний ард 70 мянга гаруй багш нарын эрх ашиг хөндөгддөг тогтолцоотой боллоо. Үүнээс болж тухайн албан байгууллагын бүхий л шатанд халаа сэлгээ болж, хөдөлгөөн орно. Судалгаа хийгээд үзэхээр боловсролын байгууллагын 10-15 хувьд нь сонгуулийн үр дүнгээс хамаарч хөдөлгөөн орж байна. Цаашид энэ тоо магадгүй геометрийн прогрессоор өсөхгүй гэх баталгаагүй.

Бидний гол зорьж буй зүйл бол чанартай, хүртээмжтэй боловсрол. Боловсролын байгууллагад ажлын байрны тогтвортой байдал болоод улстөржилтөөс ангид эрх зүйн орчинг бий болгохгүй бол чанартай боловсрол бий болно гэж хүлээгээд нэмэргүй юм. Боловсролын байгууллага гэдэг төрийн албаны үндсэн эд эс нь болсон салбар шүү дээ. Тиймээс бид томилгоотой холбоотой асуудлыг эрүүл болгож, аливаа томилгоонд улс төрийн нөлөөлөл, оролцоог байхгүй болгох нь чухал байгаа юм.

-Мөн энэ хуулиар боловсролын байгууллагын удирдлагууд сонгуульд оролцдог асуудлыг зохицуулж байгаа гэж ойлгосон. Энэ талаар тодруулаач?

-Боловсролынхон ажлаа хүлээлгэн өгөлгүйгээр сонгуулийн үйл ажиллагаанд оролцдог, нэр дэвшдэг явдал бий. Төрийн жинхэнэ албан хаагчид сонгуульд нэр дэвших бол тодорхой хугацааны өмнө ажлаа өгсөн байх ёстой. Энэ зохицуулалт төрийн үйлчилгээний албан хаагч нарт, багш нар үйлчилдэггүй, ажлаа хүлээлгэн өгөлгүйгээр шууд нэр дэвшдэг, сонгогддог. Ажлаа өгөх хүртлээ сургууль, цэцэрлэгийн багш, албан хаагч, эцэг эхчүүд бүр хүүхдүүдийг ч улстөржүүлэх хандлага ажиглагддаг.

Нөгөө талдаа тухайн сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч болох хүсэлтэй нөхдүүд намын харьяалалд ордог, тэндээсээ томилолт авдаг. Намын харьяаллаар Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд сонгогдсон хүн захирал, эрхлэгч болдог. Энэ бол эрүүл бус тогтолцоо, үүнийг цэгцлэх цаг болсон. Үнэхээр л улс төрд орох гээд, сонгуульд нэр дэвших гээд байгаа бол ажлаасаа чөлөөлөгддөг, хүлээлгэн өгдөг байх ёстой. Цаг хугацааны тодорхой хязгаарлалт байх хэрэгтэй. Нэр дэвшсэн бол захирал, эрхлэгч болохгүй байх зохицуулалтыг хийх шаардлагатай.

-Боловсролын салбарт улс төрийн нөлөө байх нь энэ салбарт авлига, хээл хахууль цэцэглүүлэх шалтаг, шалтгаан болоод байгаа. Та үүнтэй санал нийлэх үү?

-Тийм гомдлууд бий. Зарим нэг асуудлууд гарсан шүү дээ. Захирал, эрхлэгч болж ажил олгогч болмогцоо авлига авч багш, ажилтан авдаг тохиолдлууд гарч байсан. Мөн улс төрийн намын томилгоогоор захирал, эрхлэгч болсон хүмүүс мэргэжлийн багш, ажилтныг ажилд авахаасаа илүү намын харьяаллаар томилгоо хийдэг. Тиймээс энэ асуудлуудад цогцоор нь хориг тавьж өгнө.

Одоо бид хөгжье, дэвжье, урагшаа харж явъя гэвэл ийм жалга, дов тойрсон, улстөржсөн жижиг асуудлуудаасаа хурдхан салмаар байна. Цогцоор нь шийдэх хэрэгтэй байна. Бусад хөгжилтэй улс орнуудад бараг 200 жилийн өмнө туулсан, 150 жилийн өмнө шийдсэн асуудлыг бид хэдэн жил тойрч суухав дээ. Сонгуульд ялсан нам нь засаглах эрх авангуутаа төрийн албаны мэргэшсэн ажилтнуудыг өөрчилдөг, өөрийн намын дэмжигчдээ байршуулдаг, чадваргүй, мэргэжлийн бус хүмүүсийг томилдог, улс төрийн онолоор бол “спойл” тогтолцоо цаашид оршсоор байвал төрийн албанд авлига хээл хахууль, мэргэжлийн бус тогтолцоо, шударга бус байдал үргэлжилсээр байна. Спойл тогтолцоо гэх энэ ойлголт аль тэр 200 жилийн өмнө АНУ-д болсон сонгуулийн дараа сонгуулийн ялалт байгуулахад хамгийн идэвхтэй ажилласан дэмжигчдээ төрийн албанд, удирдах ажилд томилуулснаас үүдсэн гэдэг. Ийм жишиг тогтсон байсныг 1883 онд сенатч Жорж Пендлтон санаачилсан Төрийн албаны шинэчлэлийн акт буюу “Пендлтоны хууль”ийг гаргаж өөрчилж байсан. Энэ үеэс шатлан дэвших буюу мерит тогтолцоо бүрдэж эхэлсэн гэж үздэг. Одоо бид нар боловсрол, эрүүл мэндийн салбар, багш, эмч нараа өөр түвшинд гаргамаар байна. Улс хөгжье гэвэл энэ хоёр салбар оройд нь байх ёстой, хамгийн өндөр цалин урамшууллыг багш, эмч авдаг байх, хамгийн чадалтай, мэдлэгтэй нь багш, эмч болдог эрүүл, шударга тогтолцоо, өөрчлөлтийг хийхгүй бол хөгжлийг ярих боломжгүй болно.

-Тэгэхээр цаашдаа боловсролын салбарын удирдлагуудыг хэрхэн, яаж томилдог болох вэ?

-Одоогийн хуулиар аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нар тухайн нутаг дэвсгэрийнхээ сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч нарыг томилдог. Харин энэ хууль батлагдсанаар аймаг, нийслэлийн боловсролын газар нь хамт олон дундаас нь санал авч сонгон шалгаруулдаг байдал руу орж таарна. Мөн одоогийн хуулиар аймаг, нийслэлийн боловсролын газрын удирдлагуудыг шат, шатных нь Засаг дарга томилдог. Энэ байдлыг ч халж, босоо удирдлагатайгаар мэргэжлийн яамнаас нь томилдог болгох юм. Уг хуулийн төсөл энэ долоо хоногоос хэлэлцэгдээд явна.

-Та монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих тогтоолын төслийг өргөн барьсан. Удмын сангаа хамгаалах цаг нэгэнт болсныг та хэлж, ярьж байгаа. Бид удмын сангаа хамгаалахгүй бол ямар эрсдэлүүдтэй нүүр тулах вэ?

-Сүүлийн 30 жилийн хугацаанд монголчууд бид хүнээ орхигдуулсан. Малын удмын сангаа сайжруулах тухай ярьдаг боловч өөрсдийн удмын сангаа хэрхэн хамгаалах тухай ярихаа больсон, үүнтэй холбоотой нэгдсэн цогц бодлого, тогтоол шийдвэр ч гарсан удаагүй. Хар хайрцагны бодлогоор шийдвэрлэх ёстой асуудлаа бид орхигдуулаад байна. Энэ өргөн барьсан тогтоол Монгол төрийн удмын сангаа хамгаалахад барих хар хайрцагны бодлого болохуйц шийдэл юм.

Улс үндэстний хөгжин дэвжихийн үндэс нь хүний хөгжил байдаг. Бид удмын сан дээрээ зөв бодлого барьж чадвал монгол хүний хөгжил, оюуны чадамж, бүтээмж сайжирч, Израиль, Япон, Сингапур шиг оюунлаг иргэдтэй болж, магадгүй ирээдүйд олон Нобелийн шагналтан төрөх, дэлхийн хүн бий болгох боломжтой юм. Ерөөсөө тогтоолын төслийн хамгийн гол зорилго нь өрсөлдөх чадвартай, өөрийнхөө амьдралд эзэн болдог хариуцлагатай бүтээлч, оюунлаг иргэдтэй болох, хүнээ хөгжүүлэхэд оршиж байгаа.

Удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалахгүйгээр цааш явсаар байвал цус ойртолт газар авч асуудал үндэстэн мөхөх хэмжээнд ч яригдаж болно. Манай эрдэмтдийн 2017 онд хийсэн судалгаанаас харахад баг дотроо гэрлэсэн байдал 85 хувийн үзүүлэлттэй байна. Баг дээр 10 гэр бүл болж байгаа айлын 8.5 нь буюу бараг есөн гэр бүл нь тухайн багаасаа байна. Харин аймаг доторх гэрлэлт нь 74 хувьтай байна. Өнөөдөр гурван саяулаа байгаа монголчууд 300 мянгуулаа байсан. 300 мянга байсан бид тун удахгүй таван сая болно. Тэр ч утгаараа бидэнд зөв хөгжих бодлого хэрэгтэй байна. Хэрэв энэ өргөн барьсан тогтоол батлагдвал удмын санг хамгаалах ажлыг дөрвөн жилийн хугацаанд хийж дуусгахаар эхлүүлэхээр төлөвлөлт хийгдсэн.

-Аминчхан, хувиа хичээдэг байдал ч цус ойртолтын шинж гэдэг. Энэ мэтчилэн сөрөг талууд олон бийг судлаачид онцолдог юм билээ.

-Сүүлийн жилүүдэд монгол хүний үзэл бодол, сэтгэлгээ өөрчлөгдөж, аминчхан, хувиа хичээсэн, ууртай уцаартай болсон нь илүүтэй анзаарагдах болсон. Үүнийг алсын цус ойртолтын шинж тэмдгүүд гэж мэргэжлийн судлаачид үздэг. Хүүхдийн оюуны чадамж, сэтгэл зүйн ачаалал даах чадвар зэрэгт ч цус ойртолт шууд нөлөөлдөг. Манай генетик судлалын эрдэмтдийн 2000 онд хийсэн судалгаагаар 30 хүүхэдтэй нэг ангийн гурван хүүхдэд л ойлголт удаан, тогтвор суурьшилгүй, ачаалал даах чадвар муу зэрэг цус ойртолтын шинж тэмдэг илэрч байж. Харин 20 жилийн дараа дахин судлахад дээрх үзүүлэлт гурав дахин нэмэгджээ. Тодруулбал, удмын сангийн асуудал орхигдсон өнгөрсөн 20 жилд цус ойртолт улам нэмэгдсэн байна. Энэ жишгээрээ удмын сангийн асуудлаа бид орхигдуулчихвал 30 хүүхэдтэй ангийн тэн хагаст нь иймэрхүү цус ойртолтын шинж тэмдэг илрээд эхэлбэл яах вэ. Тэр хүүхдүүд л энэ нийгмийг бүрдүүлнэ шүү дээ. Алсын цус ойртолт бий болсноороо оюуны чадамж, хүний сэтгэл зүй, өвчин эсэргүүцэх дархлаа, бие бялдрын хөгжилд хүртэл сөргөөр нөлөөлдөг. Энэ нь цааш явсаар хүн амын дундах өвчлөл нэмэгдэхэд хүргэж, 19 бүлэг өвчлөлөөр монгол хүн өртөмтгий болж байна гэсэн судалгаа гарч ирсэн байна. Цус ойртолтыг зогсоосноор бид энэ мэт олон сөрөг үр дагавраас сэргийлж чадна. Дээр дурдсанчлан монгол хүний оюуны чадамж, өрсөлдөх чадварыг нэмнэ. Судалгаагаар өөр аймгаас гэр бүл бологсдын хүүхэд нэг аймгаас гэр бүл болсон хоёрын хүүхдийн оюуны чадамжаас даруй 2030 хувь өндөр байгааг тогтоосон байгаа юм.

-Тэгвэл удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих хүрээнд ямар ажлууд хийх вэ?

-Тогтоолын төслийг та бүхэн их хурлын цахим сайтад ороод сонирхож үзээрэй. Нэгдүгээрт, Монгол хүн судлалын салбарыг сэргээн хөгжүүлэх, Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хадгалан хамгаалах чиглэлээр Үндэсний хөтөлбөр боловсруулна. Хоёрдугаарт, угийн бичгийг өрх айл бүрт шинжлэх ухааны үндэстэй, зөв аргаар хөтлүүлэн хэвшүүлэх хөтөлбөр боловсруулах ажлыг хэрэгжүүлнэ. Уг ажлыг 2024 оноос өмнө орон даяар зохион байгуулах санал санаачилгыг гаргаж байгаа. Цус ойртолтоос сэргийлэх, удмын сангаа хамгаалах хамгийн том хэрэглүүр бол угийн бичиг хөтлөх байдаг. Тийм ч учраас энэ асуудлыг чухалчилсан. Үүнтэй холбоотойгоор ургийн овог нэршлийг зөв хэрэглэх, шинжлэх ухааны үндэстэйгээр шинэчлэх асуудал мөн хөндөгдөж байгаа. Гуравдугаарт, Монгол Улсын хүн амын дотоод шилжилт хөдөлгөөнийг тэтгэх, дэмжих бодлоготой болно. Нийгэм, эдийн засгийн тогтолцоо, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн зохион байгуулалт, хүн амын боловсрол, мэргэжил, ажиллах хүчний нөөц, суурьшлын нягтралтай уялдуулж төвлөрлийн эсрэг дотоод шилжилт хөдөлгөөнийг тэтгэх бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй гэж үзэж байгаа. Мөн тусгаж байгаа нэг санаа бол төрийн хар хайрцагны бодлогоор гадаадад байгаа иргэдээ буцаан эх оронд нь авчрах асуудал. Өнөөдөр 150170 мянган иргэн гадаадад ажиллаж, амьдарч байна. Дэлхий дээр энэ асуудлыг орхигдуулснаасаа болоод тухайн үндэстэн мөхөх хэмжээнд яригдаж байдаг улсууд байдаг. Руминчүүдийн тэн хагас нь Европоор тархчихсан байх жишээтэй. Бид гадаад улсад ажиллаж, амьдарч буй иргэдээ эх орондоо ирэх таатай орчин нөхцөлийг бүрдүүлэх, тэдний эзэмшсэн мэдлэг, чадварыг улсын хөгжилд бүрэн дүүрэн ашиглах бодлого боловсруулан хэрэгжүүлэх нь чухал байна. Удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалахаас гадна Монгол Улсын хүн амын өсөлт, нөхөн үржихүй, гэр бүлийн тогтвортой хөгжлийг дэмжих шаардлага тулгарч байна. Энэ хүрээнд эхийг жирэмсэн болсон цагаас нь эхлэн сэтгэл зүйн болон, шаардлагатай эмчилгээ, сувилгаанд бүрэн хамрагдах нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй. Эмнэлгийн онцгой хяналтан дор эсэн мэнд амаржих, амаржсаны дараа асаргаа сувилгаанд 714 хоног Эрүүл мэндийн даатгалаараа сувилуулах эрхтэй байх төр хувийн хэвшлийн хамтарсан тогтолцоо бүрдүүлэх шаардлагатай юм. Зургаа болон түүнээс дээш үүхэдтэй айл, өрхүүдийн эдийн засгийн баталгааг нь хангая, төрөөс байрны урьдчилгаа төлбөрийг нь даах асуудлыг хүртэл тусгасан. Эдгээр зохицуулалт бүхий тус тогтоолын төслийг энэ хаврын чуулганаар хэлэлцүүлж баталъя гэсэн төлөвлөгөөтэй байна.

-Овог нэршлийн асуудлыг хөндөнө гэлээ. Монголчуудын дийлэнх нь боржигон овогтой байна гэх шүүмжлэл байдаг. Яаж зохицуулна гэж төлөвлөж байгаа вэ?

-1925 онд Засгийн газрын нууц тогтоол гарснаас хойш монголчууд угийн бичиг хөтлөхөө больж, овог, нэршилээ хэрэглэхээ больчихсон. Ингэснээр овог, аймаг дотроо гэрлэдэггүй байсан тэр заншил алдагдаж эхэлсэн. Өнөөдөр гурван үеэсээ дээшээ мэддэг айл өрх ч ховордчихсон байна. Улсын бүртгэл дээрээс харахад нийт 3 сая хүн амын тэн хагас нь боржигон болчихож. Тиймээс бид овог, нэршилээ шинжлэх ухааны үндэстэйгээр дахин шинэчлэх арга хэмжээ авах хэрэгтэй байна. Хамгийн энгийнээр Архангай аймгийн ӨндөрУлаан сумын уугуул боржигон овогтныг Өндөр-Улаанборжигон овогт тэрний тэр гэж хэлж болж байгаа юм. Эсвэл Их тамирборжигон овогт ч гэдэг юм уу боржигон овгоо 330 сумаараа ялгаж, салгах бодлого хийж болох юм. Гэхдээ энэ бол мэргэжлийн хүмүүс, судлаачдын судалгаан дээр суурилж шийдвэрлэх асуудал.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *