Геологи, уул уурхайн салбарыг бүхэлд нь эрх зүйн зохицуулалтаар хангаж чадахуйц шинэ хуультай болох гэж байна. Уул уурхайн тухай хуулийн төслийн үзэл баримтлалын талаар уул уурхайн эрх зүйн судлаач Г.Сурахбаяртай ярилцсан юм.
-Уул уурхайн салбар толгой хуультай болох гэж байна. Өмнөх хуулиудтай харьцуулбал энэ хуулийн гол концепци юуг өөрчлөхийг хүссэн бэ. Энэ талаар ерөнхий ойлголт өгөхгүй юү?
-Шинээр боловсруулж буй хуулийн төсөл нь ашигт малтмалын нөөц тогтоохоос эхлээд уурхайг нээх, хаах хүртэл бүхий л уурхайн мөчлөгийн үе шат, техник технологи зэрэг салбарын үйл ажиллагааны үндсэн зохицуулалтыг тусгах юм билээ. Уул уурхайн тухай хуулийн анхдагч тулгуур хууль нь 1988 онд Газрын хэвлийн тухай хууль нэртэйгээр батлагдсан. Нийгэм, цаг үе солигдсон ч энэ хууль үндсэн агуулгаараа өнөөдрийг хүртэл хэвээр яваа. 1994 онд Ашигт малтмалын тухай анхны хууль батлагдаж, 1997 онд шинэчлэгдэн найруулагдсан боловч 2006 онд Ашигт малтмалын тухай хууль дахин шинэчлэгдэн найруулагдаж, 2014 онд томоохон нэмэлт өөрчлөлтүүд орсон.
Сүүлийн арав гаруй жилийн хугацаанд хийгдсэн судалгаа, үүссэн нөхцөл байдлуудад тулгуурлаж техник технологи, нөхөн сэргээлт, орон нутаг, иргэдийн харилцааг зохицуулах зэрэг нарийн шийдвэрлэх асуудал нэлээдгүй байсан юм байна гэдгийг олж хараад өнөөдрийн Уул уурхайн яам нэн тэргүүнд анхаарал хандуулан шинэ хуулийн төслийг боловсруулах ажилд ханцуй шамлан оржээ гэж харж байна. Цаг үе, нийгмийн захиалгаар өнөөгийн уул уурхайн тухай хууль төрөн гарах гэж байна. Одоогоор Уул уурхайн яамны мэргэжилтнүүдээс бүрдсэн ажлын хэсэг хуулийн анхан шатны төслийг боловсруулах шатандаа явж байна.
-Уул уурхайн тухай хуулийн гол үзэл баримтлалаас мэдээлэл хүргэхгүй юү?
-Уул уурхайн яамны цахим хуудас дээр тавигдсан үзэл баримтлалтай танилцсан. Мөн ажлын хэсэгт ажиллаж байгаа хүмүүстэй уулзаж санаа бодлыг нь сонссон. Ашигт малтмалын тухай хуулиар лицензтэй холбоотой харилцааг түлхүү зохицуулагддаг гэсэн шүүмж байдаг. Уул уурхайн үйлдвэрлэлд өөрийнх нь мөчлөг үе гэж байдаг. Эхний үе шат лицензийн харилцаан дээр тулгуурласан хайгуулын шатны харилцаа байдаг. Уул уурхайн тухай хуулийн үзэл баримтлалтай танилцахад хайгуулын шатнаас эхлээд тухайн уурхайг хаах хүртэлх уул уурхайн үйлдвэрлэлийн үе шатыг бүхэлд нь хамруулж зохицуулах шийдлийг гаргаж тусгасан харагдаж байна. Түүнчлэн төрийн бус байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэхээр тусгагдсан байна. Аливаа хайгуул хийсэн хүн тодорхой нөөцөө үнэлэн, техник эдийн засгийн үндэслэлээ (ТЭЗҮ) гаргах гэх мэтээр бизнес талаас нь харж эхлэх үе шат бий. Үүний дараа олборлолтын шат эхэлнэ. Олборлосноо баяжуулах, бүтээгдэхүүн бий болгох гэх мэтээр боловсруулалтын шат үргэлжилсний дараагаар уурхайг хэрхэн зөв хаах тухай шат руу очдог. Өнөөдрийн туршлагаас харахад эхэлж ухах тухай биш, ашиглалт үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай хэрхэн уялдуулах вэ, уурхайн хаалтыг хэрхэн хийх вэ зэрэг олон улсын туршлагад нийцсэн, уул уурхайн үйлдвэрлэлийн өөрийнх нь техникийн болон мэргэжлийн зүй ёсны шаардлагад нийцсэн хууль нэн хэрэгтэй болсон гэдэг нь харагдсан.
-Хуульд ямар гол өөрчлөлтүүд хийгдэхээр байна?
-Өнөөдөр ТЭЗҮ-ийг боловсруулдаг эрх бүхий хуулийн этгээдийн зөвшөөрлийг Барилга, хот байгуулалтын яамнаас олгодог. Хэдийгээр хот бүтээн байгуулалт талаасаа өнөөгийн зохицуулалт зөв байж болох ч уул уурхайн үйлдвэрлэлийн нарийн техник мэргэжлийн талтайгаа хэр уялдаж байна вэ гэдэг байнга яригдаж байдаг сэдвийн нэг. Уул уурхайн үйлдвэрлэл онцлог тал руугаа ТЭЗҮ-ийн хэв шинжийг хандуулъя гэсэн зарчмын өөрчлөлт хийхээр оролдсон байна лээ. Үүнийг салбарын яам ТЭЗҮ-ийн тусгай зөвшөөрлийг булааж авах гэж байна гэж харахаас илүүтэй үйлдвэрлэлтийнхээ онцлог талаас харсан нь дэвшил болно. Уул уурхайн тухай шинэ хууль бол ирэх 10, 20 жилд Монголын уул уурхай хаана байх вэ гэдэг дүр зургийг зурна. Нэн түрүүнд анхаарч буй уул уурхайн хаалтыг зөв хийх стандартыг нэвтрүүлснээр байгаль орчинг хамгаалах, явцын нөхөн сэргээлт хийхэд чанарын түвшинд дэвшил гарна. Уул уурхайн аж ахуйн нэгжүүд барьцаа хөрөнгө гэхээсээ илүү санхүүгийн баталгаа гаргадаг болох гэж байна. Барьцаа, баталгаа гэдэг ойлголт маань хоёр өөр. Санхүүгийн баталгааны ард энэ уурхайг ашиглаж дуусчихаад энэ уурхайгаа стандарт горимоор нь хааж чадна гэдэг баталгаа оршиж байгаа нь ач холбогдолтой. Уул уурхайн хайгуулын шатыг хэрхэн явуулах, нарийвчилсан техникийн заавар шаардлага зэрэг нь одоогийн мөрдөгдөж буй Ашигт малтмалын тухай хуульд төдийлөн сууж өгөөгүй. Шинэ хуулиар хайгууль хийх шатлал, цаг хугацаа, техникийн чанарыг үндэс суурьтайгаар тусгана. Уул уурхайн хуульд ил тод байдлын тухай асуудал шигтгэгдээд явна. Энэ нь уурхайн боловсруулах үйлдвэр, баяжуулах үйлдвэрлэлүүд үйл ажиллагааны нарийвчлалаасаа хамаараад тайлангаа зөв гаргах механизм бүрдэнэ. Эдгээр зохицуулалтыг хийх нь зүй ёсны юм.
-Уул уурхайн жинхэнэ эздийг илрүүлж нийтэд ил тод тавих тухай хуулийн төсөлд тусгагдсан байна лээ. Энэ нь ямар үр дүнтэй юм бэ?
-Олон улсын жишгээр уул уурхайн компанийн эзэн, хувьцаа эзэмшигч гэдэг бол хариуцлага хүлээж байдаг этгээд байдаг. Нэг талаараа хөрөнгөө оруулж бизнесийн ашгаа хүртэх зорилготой боловч хариуцлага нь хамт дагалдаж явдаг. Барууны оронд хуулийн этгээдийн хариуцлагын тухай асуудал яригддаг. Байгаль орчинд таагүй хандсан гэдэг ч юм уу, хөдөлмөрийн аюулгүй байдлыг зөрчсөн бол зөвхөн нэг мэргэжилтэн хариуцлага хүлээгээд өнгөрөх биш хувьцаа эзэмшигч нь давхар хариуцлага хүлээдэг. Ингэхдээ үйл ажиллагаа эрхлэх хугацааг нь тодорхой хугацаанд хасах зэрэг арга хэмжээ авдаг. Шинэ хуульд хариуцлагын механизмыг сайжруулах заалтууд нэлээд тусгагдах болов уу гэсэн хүлээлттэй байна. Нэг талаар эрхийг нь өгөөд бизнес хийх орчныг нь тодорхой болгоё гэж байгаа нь сайн хэрэг. Нөгөө талаар төр хариуцлага нэхэж, ард түмний өмнөөс хариуцлага хүлээлгэж чаддаг механизм Уул уурхайн тухай хуульд нэлээд чанга байдлаар тусгагдах ёстой. Уул уурхайн тухай хуулийн төсөлтэй холбогдуулан Ашигт малтмалын тухай хууль, Газрын хэвлийн тухай хууль, Байгаль орчны багц хууль, Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль гэх мэт дагалдах олон хуульд нэмэлт өөрчлөлт орохоос аргагүй болно. Хууль батлагдан гарснаар хариуцлагатай уул уурхайн үйлдвэрлэл газрын хэвлийд гадас шаахаасаа эхлээд хаах хүрэх хүртэлх бүх талуудын эрх ашгийг тусгасан цогц ойлголтыг хэрэгжүүлэх боломж бүрдэнэ.
-“Discover 2016”-д ”Эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах” сэдвээр та илтгэл тавьж байсан. Энэ салбарт төрөөс баримтлах бодлогод судалгаатай хүний хувьд хэлэхэд шинэ хуулийн төсөлд дутуу дулимаг тусгагдсан зүйл анзаарагдаж байна уу?
-Гадаадын хөрөнгө оруулалт буурсантай холбоотойгоор хөрөнгө оруулалтыг татах, сэргээхтэй холбоотой төрийн ажлууд хийгдэж байх шиг байна. Энэ хуулийг батлан гаргаснаар уул уурхайн салбарт хөрөнгө оруулж бизнес хийж буй хүмүүст маш тодорхой хууль эрх зүйн орчин бий болно. УИХ-аас 2014-2025 онд “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого”-ын бичиг баримт батлагдсан. УИХ-аас хүлээсэн үүргийнхээ дагуу Засгийн газар энэ салбарт баримтлах бодлогыг хэрэгжүүлэх томоохон алхмыг хийж байгаагийн илрэл нь энэ хуулийн төсөл юм. Өнөөдөр уул уурхайн салбарын зарим зохицуулалт хэт ерөнхий, журмаар зохицуулагдаж байгаа зүйл их байна. Журам гэдэг бол эргээд хариуцлага хүлээх, ил тод байх асуудлыг бүрхэгдүүлж байдаг. Хуульчлах механизм зөв юм гэдгийг гадаадын гэлтгүй дотоодын хөрөнгө оруулагчид ярьж байгаа. Уул уурхайн тухай хуулийн гол зорилго бол аль болох журмаар зохицуулж буй харилцааг хуульчилъя. Хуульчилна гэдэг нь төрийн бодлого ил тод, цэгцтэй болж буйн илрэл юм. Нэгэнт батлаад гаргасан хуулийг өөрчлөх боломжгүй байдаг. Зөвлөгөө болгож яамны ажлын хэсэгт хэлэхэд Газрын хэвлийн тухай хууль, Ашигт малтмалын тухай хууль хоёртойгоо маш сайн уялдуулж хийх ёстой. Малгай хууль болно гэхээсээ илүүтэй эцсийн үр дүндээ уул уурхайн салбарт тулгын гурван чулуу шиг бүх асуудлыг харилцан зохицуулдаг хууль болоосой гэсэн хүсэл байна.
-Өнгөрсөн хугацаанд хариуцлагагүй уул уурхайг харлаа. Хууль эрх зүйн ямар нөхцөлд ажиллаж ирснээс ийм хариуцлагагүй байдалд хүрэв. Бидний гол алдаа юу байсан юм бол?
-Хариуцлагатай уул уурхайг ярихаар өнгөрсөн бүх зүйл хариуцлагагүй байсан хэрэг биш. Ашигт малтмалыг олборлож татвараа төлнө гэдэг хариуцлагатай байгаагийн нэг шинж. Энэ салбарын судалгаатай байгаа хүний хувьд хэлэхэд харамсалтай нь тухайн үйлдвэрлэлийн онцлогт тавигдах мэргэжлийн техникийн шаардлагууд тодорхой хэмжээгээр дутуу дулимаг байсан. Тэрнээс болоод хариуцлагагүй байдал нэмэгдсээр эцсийн үр дүндээ өнөөдрийн байдалтай тулсан. Жишээлбэл, баяжуулах үйлдвэр байгуулахад хэдийгээр ашигт малтмалын тусгай зөвшөөрөлгүй ч гэсэн хэн нэг сумын Засаг даргаас Газрын тухай хуулийн дагуу зөвшөөрлөө авах болдог. Барилга барихад Барилгын тухай хуулийн дагуу барина. Ингээд хэн нэгэн олборлогч этгээдтэй гэрээ байгуулаад баяжуулах үйлдвэр барьдаг гэх систем манайд үйлчилж байгаа. Энэ нь уул уурхайнхаа нарийн хууль эрх зүйн онцлог тусгагдсан зохицуулалтаараа зохицуулагдаж ирээгүйг харуулна. Баяжуулах үйлдвэр гэхэд Газрын тухай, Барилгын тухай хуультай холбоотой ч уул уурхайн мэргэжлийн нарийн шаардлага хангаагүйгээс хариуцлагагүй уул уурхайн асуудал гарч ирж байсан юм байна. Бизнес эрхэлж буй хүний юуг дагаж мөрдөх нь тодорхойгүй явж ирсэн юм байна. Төрийн байгууллагын мэргэжлийн байгуулагуудад тавигдах шаардлага нь тодорхой болох хэрээр хариуцлага тооцох нь тодорхой болно. Уул уурхайн салбар шинэ тутам хурдацтай хөгжсөнтэй холбоотойгоор байгаль орчны нөхөн сэргээлтийг хэрхэн хийх тухай асуудал гарч ирсэн. Өмнө нь ийм хэмжээний хайгуулын, уул уурхайн үйлдвэрлэлийн тухай туршлага манайд байхгүй байсан учраас энэ бүгдийг урьдчилж сайн олж хараагүй олон зүйлтэй нүүр тулгарсан. Өнгөрсөн 2000 оноос хойш энэ салбар маш эрчтэй хөгжсөн. Гадаадын хөрөнгө оруулалт буурсан тухай ярьж байгаа ч аль салбарт яаж буурав гэдгээ нарийн судалж үзэх хэрэгтэй. Гадаадын хөрөнгө оруулалт буурсан шалтгаанд дэлхийн зах зээл дэх уул уурхайн бүтээгдэхүүний үнийн өсөлт, бууралт буюу цикль нөлөөлдөг ч бид салбартаа бодлогоор тогтоож барьж чаддаггүй нь засаг төр байнга солигддог, хууль эрх зүйн бичиг баримт нь тодорхойгүй явж ирсэнтэй бас холбоотой. Төрийн бодлогоор тусгай зөвшөөрлийн олголтыг нэг хэсэг зогсоосон нь салбарынхаа бодлогогүй явж ирснийг цэгцэлж авъя гэсэн арга боловч гадаадын хөрөнгө оруулалтыг бууруулахад голлон нөлөөлсөн гэж би хардаг.
-Хөрөнгө оруулагчдын үйл ажиллагаа явуулах гол дарамтын нэг орон нутаг болдог. Орон нутагтай заавал гэрээ байгуулна гэхээр тэд дуртай зүйлээ нэхэж, асуудлыг гацаадаг. Энэ эрх зүйн зохицуулалтыг хуульд тодорхой болгоогүйгээс дарамт болон хувирдаг?
-Дэлхийн аль ч оронд орон нутгийн иргэдтэй харилцан ярилцдаг жишиг байна. Зөвшилцөж ойлголцохын тулд хоёр талаасаа ярилцах хэрэгтэй. Ярилцахдаа тодорхой эрх зүйн орчны хүрээнд ярилцдаг. Ашигт малтмалын тухай хуульд орон нутагт ажиллах ганц хоёр заалт байдаг ч нарийвчилж зохицуулсан заал байдаггүй. Уул уурхайн хууль маань өнгөрсөн алдаа болгоноо цуглуулж ирээдүйн шинэ ололтыг авсан хууль байх болов уу.
Б.ДОЛЗОДМАА