“Sweetymotion” хамтлагийн дуучин Г.Сүндэрмаатай ярилцлаа.
-Сүүлийн үеийн уран бүтээлийн олз омог их үү?
-Манай Б.Чинбатын тоглолт тун удахгүй болох гэж байгаа. Тэрээр таван жилийн өмнө хоёр ч том тоглолтоо хийж, үзэгч түмэндээ уран бүтээлээ тайлагнасан. Түүнээс хойш тоглолт хийгээгүй байсан юм. Ямартай ч одоогоор энэхүү тоглолтын бэлтгэлтэй байна даа. Мөн түүний хажуугаар охид, бүсгүйчүүддээ сошиалаар дамжуулж дасгал хөдөлгөөн, эрүүл зөв хооллолтын талаар хэрэгтэй зөвлөгөөнүүдийг хүргэж байна.
-Охид, бүсгүйчүүд тэдгээр заавар зөвлөгөөг хэр сайн хэрэгжүүлж, тусгаж авч байгаа санагддаг вэ?
-Анзаараад байхад бүсгүйчүүд маш хурдан хугацаанд турах хүсэлтэй байдаг. Хурдан хугацаанд турахын тулд буруу аргаар турчих гээд байгаа юм л даа. Хоолой сойж, байнга ус уух, мөн элдэв эм бэлдмэлүүд хэрэглэх гээд маш олон буруу арга хэрэглэдэг. Харин түүний оронд тогтмол хөдөлгөөнтэй, хоол хүнсээ зөв зохистой хэрэглээд байхад аажимдаа турна. Үүнийгээ дагаад ч амьдралын зөв хэв маягтай болдог. Ер нь элдэв арга хэрэглэж гэнэт турсан ч гэсэн эргээд түүнтэйгээ адил маш хурдан жин нэмэх магадлалтай. Түүнчлэн зарим охид маань биеийнхээ зөвхөн гуя, гарын арын хэсгээр турмаар байна гэдэг. Хүний бие дасгал хөдөлгөөн хийж, эрүүл зөв хооллож байж л цогцоороо гоё, сайхан болно шүү дээ. Тэгэхээр биеийн зөвхөн нэг хэсгийг л тураана, багасгана гэсэн ойлголт байхгүй.
-Та хэдийнээс эрүүл зөв хооллож басхүү дасгал хөдөлгөөн хийж эхэлсэн юм бэ. Үүнд уруу татаж, сэдэл өгсөн зүйл нь юу байсан бол?
-Бид анх “Охид” гэдэг нэртэй хамтлагтай байсан. Сарнай, Ганболор, Сэрчмаа бид хэд чинь Хөгжим бүжгийн коллежийн нэг ангийн хүүхдүүд л дээ. Долоон настайгаасаа л нэг ангид сурч, найзалж нөхөрлөж ирсэн. Харин тухайн үед англи дууны тэмцээн болсон. Тэрхүү тэмцээний зарыг телевизрээр харчихаад найзууддаа хэлсэн юм. Манай хэд ч тэрхүү тэмцээнд оролцох саналыг уриалгахан хүлээж авсан. Ингээд бид дөрөв тэр тэмцээний гран при шагналыг авч байлаа. Түүнээс хойш бид хэдийг ээж, аавууд маань ч их дэмжиж, тусалдаг болсон. Удалгүй Сарнайгийндаа ч бид хэд амьдардаг боллоо. Бараг 20-иод жилийн өмнө гэсэн үг шүү дээ. Бид хэд тухайн үед эрүүл зөв хооллож, өглөө болгон дасгал хийнэ. Дасгал хийдэг хүмүүс ямар хоол хүнс хэрэглэх ёстой талаар бага зэрэг мэдээлэлтэй байсан л даа. Гэхдээ тэр үед фитнесс клуб бараг байхгүй. Ганцхан “Тайхар” клуб л гэж байсан санагдана. Бидний хувьд түүнд очиж бэлтгэл сургуулилт хийх зав зай тун бага. Ерөнхий эрдэм болоод мэргэжлийн хичээлүүдээ хийнэ. Мөн хамтлагийн уран бүтээл гээд л завгүй л гүйцгээдэг байсан. Харин нэг эгч маань бидэнд 45 минутын дасгалтай DVD авчирч өгсөн. Тэр эгчдээ эргээд өгөх учир дасгал бүрийг нь гараа өргөлөө, суулаа гэх мэтээр бичиж авч билээ. Би дасгал хийх их дуртай л даа. Тиймдээ ч өглөө болгон бичиж авсан дасгалаа найзууддаа зааж өгнө. Чинбаа хүртэл дагаж хийдэг байж билээ. Ер нь тэр үеэс л дасгал хөдөлгөөн гэдэг хүнд ямар их ач тустай вэ гэдгийг мэдэрдэг болсон. Дараа нь Америкт очоод дасгал хөдөлгөөн, эрүүл зөв хооллолтын талаар илүү судалж, мэдэж амьдралдаа хэвшил болгосон доо. Харин 2010 онд Монголдоо ирж, удалгүй гэр бүлтэй болсон. Охиноо тээж байх үедээ мөн л жирэмсэн хүнд тохирох дасгал хөдөлгөөнийг хийж байсан.
-“Sweetymotion” хамтлагийн 20 жилийн ой тохиож байгаа. Ойгоо угтаж үзэгч, сонсогчдодоо ямар бэлэг барихаар төлөвлөж байгаа вэ?
-Бид ойгоо угтаж хэд, хэдэн шинэ уран бүтээл дээр ажиллалаа. Зарим дуунуудаа дүрсжүүлсэн. Тун удахгүй цацагдах болно. Уул нь ойгоо угтаж томоохон тоглолт хийх бодолтой байсан л даа. Гэхдээ хараахан бодож байсан шигээ нүсэр, том тоглолт хийж амжихгүй нь бололтой. Ямартай ч ойгоо тэмдэглэх болно. Эргээд бодоход 20 жилийн хугацаанд их ч зүйлийг үзэж туулсан байна.
-20 жилийн өмнөх охидын хүсэл мөрөөдөл биелсэн болов уу. Яг бодож, мөрөөдөж байсан хэмжээндээ хүрсэн гэж боддог уу?
-Хүрсэн л гэж боддог. Гэхдээ бид Америкийн зах зээлд гарна гэсэн хүсэл, мөрөөдөлтэй байсан. Түүндээ бол хүрч чадаагүй. Гэсэн ч Америк явснаараа бид алдаагүй. Нүд тайлагдсан. Уран бүтээл болоод амьдрал дээр ч аливааг харах өнцөг өөрчлөгдсөн. Өөрөөр сэтгэж боддог болсон. Бүх зүйлд л туршлага хуримтлуулсан даа. Сонирхуулахад, дэлхийд 20 жил оршин тогтносон эмэгтэйчүүдийн хамтлаг байдаггүй юм билээ. Бидэнд ч гэсэн жаргал, зовлон, баяр гунигаа хуваалцаж 20 жилийн турш хамтдаа байсан гээд бодохоор бахархам сайхан байдаг. Нэг л тийм сайхан санагддаг.
-Урт удаан оршин тогтнохын үндэс нь юунд байна вэ?
-Хамгийн чухал нь зорилго. Том зорилготой, түүнийхээ төлөө эв нэгдэлтэй, тууштай хөдөлмөрлөж, бие биенээ хайрлаж, хүндэлж чадвал хичнээн ч жил хамтдаа байж чадна. Харин зорилгодоо хүрч чадахгүй шантраад, жижигхэн зүйлээс болж маргалдаад байгаа учраас л шинэ залуу хамтлаг, дуучид маань удаан оршин тогтнож чадахгүй байна уу даа гэж хардаг. Ямартай ч бидний хувьд нэг ангид байсан болоод ч тэрүү хамтлаг байгуулахаасаа л өмнө бие биенийхээ занг мэддэг байсан. Бас бид аливаа зүйлд нээлттэй байдаг л даа. Болохгүй, бүтэхгүй зүйлээ нээлттэй ярьчихдаг нь ойлголцоход маш дөхөм болдог юм билээ. Мөн хэн, хэндээ буулт хийж чаддаг. Манай Сарнай, Болороо хоёр маань их зөөлөн хүмүүс. Хүнийг аргадаж, эв дүйг нь олчихож чаддаг. Харин би бол их гүргэр. (инээв) Энэ зангаа засна гэж бодож байгаа шүү.
Түүнчлэн дээрх зүйлсээс гадна Чинбаа маань уран бүтээлийн тал дээр чанга, хатуу байж чаддаг. “Хэдүүлээ өнөөдөр амраад, маргааш яг хийе” гэсэн зүйл байхгүй. Хэдий өөр ажилтай байсан ч бид уран бүтээлээ л нэгт тавьдаг. Энэ нь биднийг хүсэл мөрөөдөлдөө хүрэх, зорилгоо биелүүлэхэд маш их түлхэц болсон гэж бид боддог. Мөн Чинбаа маань аав, ахын үүргийг гүйцэтгэж биднийг залж, чиглүүлсээр ирсэн дээ.
-Та ганцаарчилсан уран бүтээл хийх үү?
-Манай Ганболор маань “Ганцаараа байхдаа” хэмээх бие даасан цомгоо гаргасан. Ямартай ч Болороо маань салхийг хагалчихсан байна. Миний хувьд ч гэсэн ганцаарчилсан уран бүтээлээ хийхээр төлөвлөчихсөн. Эхнээсээ зарим ажлууддаа ороод явж байна. Надад рок, поп стиль зохимоор юм шиг санагддаг. Мэдээж уянгын дуунууд ч гэсэн дуулна. Хэдий өөр, өөрсдийн уран бүтээлээ хийж байгаа ч хамтлаг сална, сарнина гэсэн үг биш шүү дээ. Хүн бүр л өөрийн гэсэн ертөнц, үзэл бодолтой байдаг. Түүнийгээ л үзэгч, түмэндээ тайлагнаж байгаа юм.
-Өвөө тань таныг уран нугараач болгох сонирхолтой байсан гэж сонссон юм байна…
-Тийм шүү. Би их уян хүүхэд байсан. Манайхан бага байхад “Миний охин нугараарай” гэхээр нь би хөл гараа сунгаад л, сүрхий юм болдог байсан санагдана. Харин Хөгжим бүжгийн коллежид хөтөлж аваачсан хүн бол миний аав. Хэдий аав минь урлагийн хүн биш ч сайхан хөгжим тоглодог, урлагт элэгтэй хүн л дээ. Ээж минь урлагийн хүн. Хөгжим бүжгийн коллежийн хуучир хөгжмийн ангийг төгссөн. Тэр бүү хэл Сарнайгийн ээж, Чинбаагийн аавтай нэг анги байсан юм билээ. Их сонин тохиол шүү.
-Та гэр бүлээ танилцуулаач?
-Манайх одоохондоо ам бүл дөрвүүлээ. Хоёр охинтой. Удахгүй бүл нэмнэ гэж бодож байгаа. Гэр бүлийн минь хүн хувийн бизнес эрхэлдэг. Урлагийн хүн биш ч урлагт хайртай. Намайг ойлгож, дэмждэг. Даруухан монгол залуу бий.
-Хүмүүс амьдралын утга учрыг алдар нэр, эрх мэдэл, эд хөрөнгө, хайр гээд өөр, өөрийнхөөрөө дүгнэдэг. Харин таны бодлоор?
-Ганц бие байхдаа залуу байгаа дээрээ хүссэн бүхнээ хийж, үзэж харах хэрэгтэй гэсэн ойлголттой байсан. Харин одоо бол амьдралын утга учир гэр бүл юм байна гэдгийг маш сайн ойлгосон. Үр хүүхэд, хань ижил, гэр бүлийн халуун дулаан уур амьсгал бол хүний амьдралаас авч болох хамгийн сайхан аз жаргал юм байна гэдгийг илүү мэдэрсэн л дээ. Нэр хүнд, эрх мэдэл, эд хөрөнгө бол байх л ёстой асуудал. Гэхдээ л гэр бүл, хайр бол амьдралын утга учир.