-ГЭРЭЭ ДУЛААЛЧИХААД, ГАЛАА ТҮЛЭЭД СУУЖ БАЙТАЛ ХӨРШ ЧИНЬ ОРЖ ИРЭЭД “ХААЛГЫГ ЧИНЬ ЭВДЛЭЭ. ГАЛАА УНТРАА. ЗУУХНААС ЧИНЬ ШУГАМ ТАТААД ГАЛ АВЛАА” ГЭВЭЛ ЯАХ БОЛ-
“Түшиг”
группийн ерөнхийлөгч Г.Сүхээтэй ярилцлаа.
–Нийслэлийн
хоёрдугаар амаржих газрын эмч, ажилтнууд өнгөрсөн пүрэв гаригт “Улаанбаатар” их дэлгүүрийн өмнө жагсч, эх нялхас даарч байгаад таныг буруутгасан. Чухам юу болоод байгаа юм бэ?
-Нийслэлийн
хоёрдугаар амаржих газрын дулааны
шугам манай дэлгүүрийнхтэй огт
хамаагүй юм шүү дээ.
Тэгтэл тус амаржих газрын
дарга Б.Оюунханд энэ
сарын 15-ны өдөр манай
өрөөнд орж ирээд “Манай
хажуу талд есөн давхар
хоёр барилга барьсан. Тэр
хоёр барилга манайхаас дулаан
авчихсан юм байна. Тэгээд
л манайх халахаа
больчихлоо” гэсэн. Тэгээд “Манайх
өргөтгөл барих гэж байгаа.
Өргөтгөлийнхөө дулааныг танай дулааны худгаас
авмаар байна. Түүнийгээ одоо
урьдчилж авахаас аргагүй боллоо”
гэсэн. Дулаан авахдаа бүр
“Улаанбаатар” их дэлгүүрийн зүүн
талын төв хаалгыг сэтэлж
шугамын ажлаа хийнэ гэсэн
утгагүй шаардлага тавьсан. Айл өрх, байгууллагууд
дулаанаа авч байгаа үед
ийм шаардлага тавьж орж ирэхээр
хэн ч гайхаж, цочирдоно
биз дээ. Тэгээд “Бид
дулаанаа аваад эхэлчихсэн шүү
дээ. Дэлгэр зун ярьж
болох асуудлыг яагаад ийм орой
яриад явж байгаа юм
бэ” гэж асуутал “Дээд
байгууллага шийдэж өгөхгүй байсаар
цаг тулчихлаа” гэсэн.
–Дээд
байгууллага нь дулааны ажлаа намар эхлүүл гэж шийдсэн гэж үү?
-Би бас тэгж л
бодсон. Гэтэл хотын захиргаа
Нийслэлийн хоёрдугаар амаржих газрын дулааны
асуудлыг долдугаар сарын эхээр шийдвэрлээд
өгчихсөн юм байна.
–Тэгээд
яагаад тэр үед та бүхэнтэй уулзаж, учраа олоогүй юм бол?
-Б.Оюунханд дарга улсын баяр
өнгөрөөд ээлжийн амралтаа аваад
явчихсан хэрэг. Долоо, наймдугаар
сард амраад
есдүгээр сард ажилдаа орсон
юм байна. Тэр хойгуур
нь хувийн байгууллагууд бүгд
өвлийн бэлтгэлээ хийчихсэн. Хотын захиргааныхан ч
долоо, наймдугаар сард ажиллаж байсан.
Нийслэлийнхэн тэр чигээрээ зам
талбайгаа тавьж, дулааныхаа шугамыг
засч, янзлаад өвөлдөө бэлтгээд
бужигнаж байх үед Б.Оюунханд дарга гадаад, дотоодод
амарч л явсан. Онцгой
обьект эх нялхсыг хариуцаж
байгаа хүн өвлийнхөө бэлтгэлээ
базаахыг бодохгүй өөрийнхөө эрх ашгийг тэргүүнд
тавьж амраад явчихсан атлаа
одоо гэнэт эмч нараараа
жагсаал, цуглаан хийлгэж, надаас
эхийн сэтгэл шаардаж байгаа
нь зөв үү. Үнэхээр
төрийн төлөө, эх нялхсынхаа
эрүүл мэндийн төлөө байсан
бол амралтаа хойшлуулаад дулааныхаа асуудлыг цогц шийдчихээд өдийд
амарч болох байсан. Бид
урин дулаан цагийг ашиглаад
ерөөсөө амардаггүй. Улсын байгууллагынхан тэгдэггүй
юм байна.
–Зунжин
амарч намар ирээд “Худгаас чинь дулаан авна” гэхээр та ямар хариу өгөв?
-Худгаас дулаан таслаад авчихаар
манайх халахгүй болчихвол яана гэж бодсон.
Тиймээс “Тооцоо хийлгээд үзье.
Танайх ч халахгүй, манайх
ч халахгүй болчихвол
яана. Одоо танайх халлаа
гэхэд өргөтгөлөө барьчихаар халааж дийлэхгүй шүү”
гэсэн. Ингээд Улаанбаатар дулааны
сүлжээ компани дээр очлоо.
Хотын захиргаан дээр очиж, зураг
төслөө үзүүлж, зураг төсөлд
нэмэлт өөрчлөлт оруулах хүсэлтээ тавилаа.
Айлд дулаанаа өгөх гэж байж
өөрөө л яваад байгаа
хэрэг шүү дээ.
–Худгаасаа
дулаан өгөх гэж хөөцөлдөж явахдаа Нийслэлийн хоёрдугаар амаржих газрын удирдлагууд хамтраагүй юм уу?
-Б.Оюунханд дарга өнөөг хүртэл
надтай хоёр удаа л
уулзсан. Уулзахад нь би “Манайх
худагнаасаа дулаан өгье. Таныг
бодож өгч байгаа юм
биш шүү амаржих газрын
онцлогийг бодоод зөвшөөрч байгаа
юм. Дулааны худаг барьж
хийхдээ бид багагүй хөрөнгө
зарцуулсан. Гэхдээ одоо төлбөр
мөнгө ярихгүй. Холбогдох байгууллагад хуулийн дагуу хандана.
Холбогдох байгууллагаас тооцоолол нь гараад ирэхээр
шугамаа татах ажлаа хүйтрэхээс
өмнө хийж эхэлье” гэсэн.
Хувийнхаа эрх ашгийг бодоод
зунжин амарчихсан тэр даргын төлөө
биш эх хүүхдийн төлөө
би үнэхээр найрсаг хандсан.
Тийм ч учраас есдүгээр
сарын 15-наас хойш ганцаараа
зураг төсөл, тооцоолол хийлгэх
гэж явлаа. Хөөцөлдөөд явсаар
байгаад л өнөөдрийг хүрчихлээ.
Б.Оюунханд дарга
руу ярих гэхээр утсаа
ерөөсөө авдаггүй. Хүн явуулахаар ажил
дээрээ байдаггүй. Тэр дарга надтай
ярьж байгууллагынхаа ажлыг шийдэх гээд
байгаа юм уу, үгүй
юм уу. Үнэхээр ойлгомжгүй
байсан. Би арга ядаад
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын
даргатай уулзлаа. Гэтэл тэнд маш
буруу ойлголт өгчихсөн байдаг
юм байна. Өдийд дулаанаа
авах гэж байгаа нь
манайтай холбоотой биш гэдгийг ойлгууллаа.
–Та
холбогдох байгууллагуудаар явж, тооцоог нь хийлгээд явж байтал гэнэт жагсаал, цуглаандаа хүрчихсэн хэрэг үү?
-Ямар ч байгууллага өдийд
“Өө тэг. Хаалгыг минь
эвдээд дулааны шугамаа тат”
гэхгүй биз дээ. Айлаар
зүйрлэхэд гэрээ дулаалчихаад, галаа
түлээд сууж байтал хөрш
чинь орж ирээд “Хаалгыг
чинь эвдлээ. Галаа унтраа.
Зуухнаас чинь шугам татаад
гал авлаа” гэвэл яах
бол. Бэлгэдлээ бодсон ч монгол
хүн хаалга үүдээ эвдүүлэхийг
хүсэхгүй биз дээ. Хүйтэрчихээд
байхад ямар ч байгууллага
нягталж үзнэ. Тиймээс ч
эхлээд нягталъя, дараа нь хамтраад
ажиллая гэсэн ч Б.Оюунханд дарга хамтрах нь
битгий хэл ярьж, хөөрсөнгүй.
Хоёр удаа хэл дуулгаж
байгаа юм шиг шаардлага
тавьж ирчихээд жагсаал хийхдээ “Намайг
арван удаа хөөж явуулсан”
гээд ярьж байгаа юм.
Төрийн ажилд хайнга хандчихаад
эмч, ажилтнуудаа өмнөө барьж, эх
хүүхдийн нэр барьж ингэж
шоу хийж болохгүй байх.
Есдүгээр сарын 15-наас 25-ныг хүртэл
ажлын зургаан өдөр байсан.
Би зургаан өдөр үүнийг
л хөөцөлдөж явсан.
Аминдаа яваад л байхад
гэнэт намайг эх, хүүхдийн
дайснаар тодруулчихлаа.
–Танайхаас
өөр шугамаар дулаанаа авдаг байсан байж яагаад одоо танай худгаас дулаан татна гээд байгаа юм бэ?
-Амаржих газрын одоогийн барилга
халахгүй байгаа нь хажууд
нь баригдсан есөн давхар хоёр
орон сууцанд халаалтын шугамаараа
дулаан өгснөөс болсон юм
билээ. Тэгтэл өнөөг хүртэл
тэр хоёр орон сууцыг
барьсан хүмүүстэй асуудал яриагүй. Манай
өмч болох худагнаас дулаан
татна гээд байгаа. Өргөтгөл
барих техникийн нөхцөлийг нь Эрчим хүчний
яамны Стратеги бодлого, төлөвлөлтийн газраас 2013 оны гуравдугаар сард
батлахдаа “Шугамын трасс сонголт,
холболтыг хийхдээ салаа шугам
эзэмшигч байгууллага, шугамын трасс дагуух
газар эзэмшигч аж ахуйн нэгж,
байгууллага, иргэдтэй урьдчилан зөвшөөрөлцөх” гэж заасан байдаг.
Жил зургаан сарын өмнө
УБДС “Улаанбаатар их дэлгүүрийн удирдлагуудтай
ярилцаж, тооцооллоо зөв хийгээрэй” гэж
бичиж өгсөн баримт байна.
Гэтэл бидэнтэй нэг ч удаа
уулзаж, яриагүй байж сая,
дулаан авдаг өдөр шаардлага
тавиад орж ирсэн нь
тэр.
–Танай
дэлгүүр дулааны худаг байгуулахдаа хичнээн төгрөг зарцуулсан бэ?
-12 жилийн
өмнө 120 орчим метр, гурван
салаа шугамыг 200 гаруй сая төгрөгөөр
хийлгэсэн. Түүнээс хойш жил
бүр урсгал засвар, үйлчилгээ
хийлгэж байгаа. Ингээд тооцвол
багагүй мөнгөн дүн яригдана.
–Өөрийнхөө
хөрөнгөөр байгуулсан худгаасаа дулааны шугам татуулахад дахиад хаалгаа сэтлүүлэх шаардлагатай гэж үү?
-Нийслэлийн
Засаг даргын өгсөн үүргийн
дагуу бүх байгууллага гадна
талбайгаа тохижуулж байгаа. Манайх ч
гадаах тохижилтоо хийж байна. Гэтэл
хаалга, үүд эвдэх юм
яриад эхэлсэн. Хаалгыг минь эвдэхгүй
шугамаа татах байлгүй дээ.
–Амаржих
газрынхан жагсаал хийж байхдаа “Дулааны шугамыг хоёр хоногийн хугацаанд татчихна” гэж байсан. Ер нь хэд хоногийн ажил вэ?
-Барилгын салбарынхан ингэж болохгүй гэдгийг
мэдэж байгаа шүү дээ.
Хаалга сэтлэхгүй юм гэхэд гаднах
зогсоолыг эвдэж байгаад шугам
татах байх. Манай дэлгүүрт
ажиллаж байгаа хүмүүс ес,
аравдугаар сард өвлийнхөө борлуулалтыг
хийдэг. Тэр хүмүүсийн орлого
яах билээ. Дандаа л
эхчүүд ажилладаг юм шүү дээ.
Тэдний амьдрал яах билээ.
Өөрөө амарч, амарч ирчихээд
эхчүүдээ, биднийг буруутгаад “Орлого
битгий ол” гэж байгаа
юм шиг үйлдэл гаргаж
байгаа нь утгагүй.
–Танайх
дулаанаа авчихсан байгаа. Шугамын ажил хийхээр тасалж таарна биз?
-Есдүгээр сарын 15-наас дулаанаа аваад
одоо бараг жигдэрч байна.
Засвар эхлэхээр манай дулааныг тасална.
Худалдагчид маань даарна, үйлчлүүлэгчид
зутарна. Тэгэхээр би бас дуугарч
болно доо. “Яасан орой
ярьж байгаа юм бэ”
гэж хэлээд л одоо
буруутан болчихоод зүхүүлээд сууж байна. Б.Оюунханд дарга асуудлаа эрт
ярьсан бол зуны дэлгэр
цагт асуудлаа шийдчих боломжтой байсан.
Бид зун огт амраагүй.
Хувийн байгууллагууд бүгд л амардаггүй.
Амраагүй ч учраас одоо
дулаан сууж байна.
–Сэрүү
орчихлоо. Одоо дулааны шугам татахаар хэр найдвартай байдаг бол?
-Мэргэжлийн
хүмүүс дургүй байгаа байх.
Бүх байгууллагын дулаан жигдрээд хотоороо
өвлийн бэлтгэлээ хангачихсан байхад амарч явсан
нэг даргын эрхэнд орж
хүйтэнд ажиллах хэцүү нь
гарцаагүй. Бас л онцгой
обьект гэж дарамтлаад шугамаа
татуулах биз дээ.
–Дулааныхан
оройтсон, хүйтэрсэн гээд шугам татаж өгөхгүй бол амаржих газар хүйтэн өвөлжсөн буруутан нь танайх болох байх.
-Бид хариуцлага хүлээмээргүй байна. Ажлаа хийгээгүй
тэр дарга л хүлээх
ёстой биз дээ. Гэхдээ
бид тэр даргыг биш
эх нялхсыг бодож байна
гэж дахиад хэлье. Тиймээс
ирэх даваа гаригаас шугамыг
нь татуулна. Холбогдох газруудаас тооцоо, судалгаа нь
ч ирчих байх.
Ц.ӨРНӨХ