Засаглал судлаач Г.Сүхболдтой ярилцлаа.
-Манай улс түүхийн эгзэгтэй цагтаа парламентын хоёр танхимтай байснаар асуудлаасаа гарч чадсан гэсэн гаргалгаа чинь сонирхолтой санагдлаа. Парламентын засаглалд анхаарах асуудал байна гэж хэлэх гээд байна уу?
-Нэг талаар тэгж ойлгож болно. Монгол Улсын төр Богд хааны үед, ардчилсан хувьсгал ялсан 1990 онд парламентын хоёр танхимын хэлбэрийг сонгосон байдаг. Хоёулаа л түүхийн эгзэгтэй үе. АИХ, Улсын бага хурал гэж байсан. АИХ-д нийт ард түмний төлөөлөлөөс 430 гаруй хүн сонгогдож, намуудын санал авсан хувиар Улсын бага хурал байгуулагдсан. Парламентын засаглалтай улсад Вестминстерийн болон Боннын систем гэж бий. Вестминстерийн системд сонгуульд ялсан намын дарга Ерөнхий сайд болж, кабинетаа бүрдүүлдэг өөрөөр хэлбэл засгийн газар нь парламентаас үүсдэг. Харин Боннын системийн тухайд төрийн эрх мэдэл аль нэг субьектэд ач холбогдол өгдөггүй. Харин тэдгээрийн харилцан тэнцвэр, хяналт, бие даасан байдлын уулзварт төрийн эрх мэдэл хадгалагдаж байдаг.Монгол Улсын парламент нь зөвшилийн буюу Боннын загвартай төстэй. Эдүгээ МАН буюу эрх баригч намын дарга нь Ерөнхий сайд болж, Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг парламентаар хэлэлцэж хэнийг юуны сайдаар томилох эсэхээ УИХ-аар шийддэг. Вестминстерийн систем нь төрийн эрх мэдэл ард түмнээс эхтэй тул ард түмний төлөөллийн дээд байгууллагыг төрийн эрх мэдлийн гол субьект гэж үзэн сонгуульд ялсан намын даргад төрийн эрх мэдэл төвлөрдөг гэж би түрүүн дурдсан. Энэ утгаараа Британи маягын парламентын дүр зураг ажиглагдаж буй нь нууж хаахаар зүйл биш. Өөрөөр хэлбэл хууль тогтоох эрх мэдэл, гүйцэтгэх эрх мэдлийн зааг ялгаа нь тун бүрхэг байна.
-Хууль тогтоох гүйцэтгэх эрх мэдэл холилдчихоод байна гэсэн үг үү?
– Яг тийм, хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдэл холилдчихоод байна л даа. Зааг ялгааг нь 2000 оны Үндсэн хуулийн өөрчлөлт байхгүй болгосон тухай би сая судлаачийн үгнээс эш татаж онцоллоо. Уг нь зааг ялгааг нь гаргах хэрэгтэй. Энэ талаар хүмүүс хангалттай ярьдаг ч шийдлээ олоогүй өнөөг хүрчихлээ. Сүүлдээ Үндсэн хууль болохгүй байгаа юм шиг яриад эхэллээ л дээ. Үнэндээ тийм биш.
-Тэгээд буруу нь хаанаа байна гэж?
– Төрийн эрх барьж байгаа хүмүүст л хамаг учир бий гэж хардаг. Хуучин нийгмийн үед боловсорсон хүмүүс өнөөдөр төрийн толгойд байна. Харин 1990-ээд онд төрж ардчилал зах зээлийн нийгэмд өсч торниснууд нь өнөөдөр 28, 29 хүрчихсэн, ид хийж бүтээж яваа залуус. Сурч хөгжсөн, сэтгэлгээгээ тэлж өргөжүүлснээрээ мэдээж ялгаатай. Нэг хэсэг нь барууны өндөр хөгжилтэй оронд сурч боловсорч, хөгжлийн жамыг дэлхийн залуусын адил харж байна. Нөгөө зарим нь төдийгөөс өдий хүртэл өнөөдөр засгийг ээлжлэн барьж буй тавь, жаран настнуудын цүнхийг барих аргаар эрх мэдлийн шат өөд өгсөөд явж байгаа. Өдгөө төрийн эрхийг барьж байгаа тавь, жаран настнуудыг харахад нэг хэцүү зүйл анзаарагдаад эхэлчихсэн. Тэр нь нам дамжсан бүлэглэл. Энэ тодорхойлолтыг дээр дооргүй хүлээн зөвшөөрч байна. Шинэ хандлагатай, хөгжлийг арай өөрөөр харсан залуус төрд зүтгэе гээд зориглоод улс төрд орохоор шахаад гаргачихаад байна л даа. Харин эрх мэдэлтнүүдийн ивээлд орсон цүнх баригчид эрх баригчдын дараа үе нь болох хандлага анзаарагдаж байна.
-Эдийн засгийн сонирхлоор нэгдсэн нам дамжсан бүлэглэлийг яаж задлах вэ, хэрхэн саармагжуулах вэ гэдэг дээр санаагаа нэгтгэж тэмцэх цаг ирсэн гэсэн хандлага хүчтэй байна. Олны анхааралд байгаа ЖДҮ намд дамжсан эдийн засгийн бүлэглэлийн хүчийг саармагжуулах эхлэл болж чадах уу?
-ЖДҮ-г жижиг эхлэл нь гэж харж байна. Гэхдээ нам дамжсан бүлэглэл гэж яриад байгаа зүйл бүхэл бүтэн систем болчихсон нь сүүлийн үед тод анзаарагдаж байна. ЖДҮ-ээс зээл аваагүй эрх мэдэлтэн гэж бараг алга. Хянадаг нь, шалгадаг нь, олгодог нь гээд бүгдээрээ авчихсан байх жишээний. Энэ тохиолдолд хэн хэндээ хариуцлага хүлээлгэх вэ гэдэг асуудал бүрхэг болоод ирж байгаа юм. Системийг нураахын тулд системээрээ хөдлөх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл ЖДҮ-тэй өнөөгийн төвшинд тэмцээд үр дүнд хүрэх нь юу л бол.
-Тэгэхээр маш олноороо нэгдэж байж л саармагжуулах нь ээ?
-Тэгнэ. Бид бас нэг зүйл дээр алдаад байгаа юм шиг санагддаг. Төр болохгүй байна. 76 ухна гэж ирээд дээр байгаа хэдээ шүүмжлээд байдаг. Би түрүүн гол асуудал нь хүндээ байна гэсэн дээ. Энэ үг эрх баригч, эрх мэдэлтнүүдээс гадна ард түмэнд ч хамаарна. Үнэн хэрэгтээ ямар ард түмэн байна, тийм л төр оршдог. Хүлээн зөвшөөрөхөөс аргагүй үнэн гэж байдаг бол энэ үгийг л хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Мэдээж Х.Баттулга, М.Энхболд, У.Хүрэлсүхээс илүү ухаалаг мундаг эх орончид бий. Гэхдээ ард түмэн энэ хэдийг л мундаг эх оронч гээд сонгосон нь бас бодитой үнэн шүү дээ. Ард түмний сонголтыг анзаарахаар гурван бүлэгт хуваачихмаар харагддаг. Нэг хэсэг нь мөнгөөр саналаа өгч байна. Амьжиргааны баталгаажих төвшингөөс доогуур орлоготой иргэд тав, арав хорин мянган төгрөгөөр саналаа өгчихдөг. Нөгөө зарим нь аав ээж, ах дүү, дарга захирал, найз нөхөд гээд ойрын хүрээллийнхнийхээ нөлөөллөөр саналаа өгдөг. Гурав дахь хэсэг нь итгэл үнэмшил, үнэ цэнээрээ хэнд саналаа өгөхөө шийддэг. Гэхдээ энэ хэсэг нийт сонгогчдын дунд маш бага хувь эзэлдэг. Эхний хоёр хэсгийн саналаа өгсөн арга хэлбэрийг ухаад бодохоор санал худалдаж авсан, төрийн эрхийг буруу аргаар авч байна гэчихэд хатуудахгүй. Монголчуудын хамгийн том зовлон нь цөөхүүлээ. Гуравхан саяулаа. Сонгуулийн насныхан нь сая гаруй. Саналаа өгдөг нь хэд билээ гээд бодохоор бас хэцүү. Тэгээд жижиг тойргуудад хуваачихдаг. Жижиг тойргийн цөөхөн сонгогчдын ихэнхийг нь худалдаад авчихаж байна. Эндээс харахаар сонгуулийн тогтолцоогоо эргэж харах шаардлага бий. Бас сонгогчдын боловсрол гэдэг асуудлыг онцгойлж анхаарах ёстой.
-Сонгогчдын боловсролыг сайжруулах хэрэгтэй гэж хүн бүр ярьдаг ч өнөөдрийг хүртэл үр дүнд хүрсэн ажил лав алга. Ер нь энэ асуудлыг яаж ямар аргаар шийдэх ёстой гэж та бодож байна вэ?
-Таны асуултад хариулахын өмнө улс төрийн соёлын тухай яримаар байна. Английн ерөнхий сайдаар Тереза Мэйг ажиллаж байхад Батлан хамгаалахынх нь сайд гарын үсгээ зураад саналаараа огцорч байсан. Сайдаар томилогдохоос хэдэн жилийн өмнө сэтгүүлч бүсгүйн өвдөг дээр гараа тавьсныхаа төлөө огцорсон. Тийм үйлдэл гаргасан хүн ийм өндөр албан тушаал хаших эрхгүй гээд огцорсон байдаг юм. Ер нь ардчилал хөгжсөн улс орны сайд дарга нар хувийн зуслан руугаа албаны машинаар явсан нь илэрлээ л бол огцордог. Энэ бол улстөрийн соёл. Улс төрийн соёлтой бол намууд аяндаа цэвэршээд ирнэ. Орчин үеийн ардчиллыг намуудын ардчилал гээд байгаа. Гэтэл манай намууд Англи, Германы намууд шиг биш байна. Тодруулж хэлбэл улс төрийн өндөр хариуцлага, соёлтой болоогүй байна л даа. Төр засаг сайн муу байх эсэх нь улстөрийн намуудын соёлтой шууд холбоотой. Соёлтой хариуцлагатай намаас гарч ирсэн эрх баригчид л зөв бодлого тодорхойлж, хэрэгтэй хууль баталж, улсынхаа тусгаар тогтнол, аюулгүй байдлын төлөө санаа зовж чаддаг. Гэтэл манайд энэ бүхэн амьдрал, бодит биелэл болохгүй байгаа нь хэд хэдэн шалтгаантай. Миний хувьд сонгогчдын боловсролоос өмнө засаглалын тогтолцоо голлох нөлөө үзүүлж байна гэж хардаг. Жижиг тойргуудаас гарсан УИХ-ын гишүүдийг тойрогтоо оччихоод сонгогчдынхоо өмнө нүдээ бүлтэлзүүлээд бэлэг тараагаад суугааг нь харахаар үнэндээ өрөвддөг. Тойрогтоо очоод ажлаа тайлагнасных нь дараа сонгогчид нь хүүхдийн сургалтын зардлаас эхлээд өчнөөн зүйл хүсдэг. Тэр бүрт нь үгүй гэж чаддаггүй, за гэж ч болдоггүй. Тойрогтоо очоогүй байхад нь ч баахан гуйлт ирдэг. Сонгогчдодоо гуйсныг нь өгч, амлалтаа биелүүлж, дараагийн сонгуулиар дахин сонгогдохын тулд УИХ-ын гишүүд яаж их мөнгө олох вэ гэсэн марафонд ордог нь нуугаад байх юмгүй бодит үнэн. Нэгдүгээрт сонгогчдын хүсэлт гуйлт, хоёрдугаарт улс орны эрх ашиг болоод байна. Өөрөөр хэлбэл эрэмбэ нь алдагдчихаад байна л даа.
-Шийдэл нь юу байж болох вэ. Танд санаа оноо байна уу?
-Ярилцлагын эхэнд дурдсан санаагаа хэлмээр байна. Монгол Улс эгзэгтэй цаг үедээ парламентын хоёр танхимтай байсан гэж ярьсан даа. Миний хувьд парламентаа хоёр танхимтай болгох хэрэгтэй гэж бодож байна. Оюуны цараатай, өндөр боловсролтой, өглөөнөөс орой хүртэл хууль уншиж судалж боловсруулах үйл явцад биеэ дайчлах чадвартай, сууж сурсан хүмүүсээр дээд танхимыг бүрдүүлэх хэрэгтэй. Тэгсэн цагт наймаа хийдэг, дуу дуулдаг, бөх барилддаг морь уядагуудад ажил нь сонирхолгүй болж эхэлнэ. Наад зах нь л мөнгөөр кноп дарах боломж шансгүй болно. Парламентын доод танхим жинхэнэ ард түмнээс сонгогдсон төлөөллүүд ажиллах ёстой. Тэд орон нутаг нэгжид юу шаардлагатайг хэлж өгдөг, өөрөөр хэлбэл аж ахуйн шинжтэй зүйлийг нь орхигдуулахгүй байхад тус нэмэр болдог байх хэрэгтэй. Ингэж байж биенээ нөхнө, улс орон зөв замаар хөгжинө. Онолын хувьд зарим судлаач холбооны улсад дээд, доод хоёр танхим байдаг гэдэг. Манайх төрийн байгууламжийн хувьд холбооных биш л дээ. Гэхдээ дахиад хэлье. Бид түүхийн эгзэгтэй мөчдөө хоёр танхимтай байсан, ингэснээр асуудлаа шийдвэрлэж чадсан байдаг. Би сая хэлсэн шүү дээр. УИХ-ын гишүүдийг тойрогтоо уулзалт хийхийг нь харахаар өрөвддөг гэж. Энэ мухардлаасаа гарах цаг болсон.
-Эцсийн дүндээ түрүүн цухас яриад орхисон сонгогчдынхоо боловсролыг дээшлүүлж байж л намууд цэвэршинэ, зөв хүмүүс төрд гарч ирнэ, тэгж байж та бид хоёрын яриад суугаа асуудал болох байх….?
-Намуудыг цэвэршүүлэх нэг арга сонгогчдын боловсрол мөн үү гэвэл мөн. Гэхдээ сонгогчид ямар тохиолдолд боловсордог вэ гэсэн асуулт тавигдаж таарна. Хүн ахуйн хэрэгцээгээ хангаад ирэхээрээ, аятайхан амьдраад эхлэхээрээ боловсрол хөгжилдөө анхаардаг. Өөрөөр хэлбэл дундаж давхарга ихсэх тусам сонгогчдын боловсрол дээшилнэ гэсэн үг. Талхны мөнгө биш амьдрах орчныг нь аятай таатай байлгах чадал чансаатай нам, улстөрчдийг бодож анзаарч эхэлнэ. Сонгуульд нэр дэвшигчдээс зөв хүнийг нь сонгох чадалтай болно. Харамсалтай нь төр засаг дундаж давхаргын хувь хэмжээг нэмэх талд ажиллахгүй байна л даа. Наад зах нь ипотекээ бараг зогсоолоо. Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх зээлийг өөрсдөө авч иддэг нь олонд ил боллоо. Австрали гэх мэт хөгжингүй улс орнууд ерөөсөө л дундаж давхаргаа дэмжсэн бодлого барьдаг. Дундаж давхарга нь хүчтэй болчихвол сонгогчдын боловсрол хүссэн хүсээгүй дээшилнэ. Улстөрчид нь аяндаа цэвэршинэ, намууд нь соёлжино. Ер нь ардчилсан орнуудын гол үзүүлэлт дундаж давхаргын хувь хэмжээ байдаг. Дундаж давхарга хүчирхэгжвэл төрд зөв хүмүүс гарч ирж эдийн засаг тэлэх асуудал биш. Гэтэл өнөөдөр Монголд асар баян цөөнх, дунджаас доош амьжиргаатай олонх гэсэн хоёр хэсэг л байна.