Эрүүл мэндийн сайд асан Г.Шийлэгдамба их хэмжээний авлига авсан байж болзошгүй хэмээн шалгагдсан. Түүний ажлын өрөөний сэйфнээс 500 сая төгрөг гарч ирсэн тул Авлигатай тэмцэх газраас баривчилсан билээ.
Цагдан хориход байхдаа түүний бие муудаж, П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн юм. Түүнийг батлан даалтад байх хугацаанд хэргийн мөрдөн байцаалтыг явуулж, прокурорт яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлсэн байна.
Уг хэрэг шийдэгдэхгүй явсаар хоёр жилийн нүүр үзсэн. Тэгвэл ирэх даваа гаригт буюу маргааш сайд асан Г.Шийлэгдамбын авлигатай холбоотой хэргийг шүүх хурал Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 13.30 цагт болохоор товлогджээ.