ШШГЕГ-ын харьяа эмэгтэйчүүдийн хорих 407 дугаар ангийн дарга, хурандаа н.Амардорж хуулиас гажсан шийдвэр гаргасан нь зарим хоригдлуудын эрхэнд халдсан үйлдэл болоод байгааг эх сурвалж мэдээллээ. Өөрөөр хэлбэл, тус хорих ангийн дарга н.Амардорж нь Үндсэн хуульд заасан хүнлэг байх эрхийг зөрчсөн, шоронжсон байдлыг дөвийлгөсөн шийдвэр гаргасан талаар өмгөөлөгч Г.Батбаяр гомдол гаргажээ. Тэрбээр ярихдаа “н.Амардорж дураараа шийдвэр гаргаж “Хоригдлууд манай хорих ангид ирснээсээ хойш заавал зургаан сар хоригдсоныхоо дараа магадлангаар суллагдах ёстой” гэсэн аман шийдвэр гаргасан байгаа юм.
Энэ нь Эрүүгийн хуулийн 74 дүгээр зүйл, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 334 дүгээр зүйлд заасан хугацаанаас өмнө тэнсэн харгалзах, магадланд хамрагдах боломжийг хаасан үйлдэл болж байна. Тухайлбал, миний үйлчлүүлэгч болох Г.Сарангэрэлийг хугацаанаас өмнө тэнсэн харгалзах боломжоор хангагдах эрхийг нь хязгаарлалаа. Эрүүгийн хуулийн 74.1.3 дахь хэсэгт хүндэвтэр төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээд эдлэх ялынхаа ½-ыг эдэлсэн бол магадланд орж буюу хугацаанаас өмнө тэнсэн суллагдаж болно гэж заасан байдаг. Гэтэл н.Амардоржийн гаргасан шийдвэрээр боломжгүй болж байна. Жишээлбэл, хүндэвтэр төрлийн гэмт хэрэгт 2 жил хоригдсон этгээд 461 урьдчилан хорих ангид 1.6 жил хоригдоод энэ ангид ирэхэд хугацаанаасаа өмнө суллагдах ямар ч эрхгүй болж байгаа юм. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн 74 дэх хэсэгт заасан эрхээ эдэлж чадахгүй болж байна.” хэмээлээ.