Categories
мэдээ нийгэм

Г.Ням-Очир: Үүсээд буй асуудлыг эрдэмтэй лам нартайгаа дотроо ярилцаад шийдчих байх

Судлаач Г.Ням-Очиртой ярилцлаа.


-Монголын Бурханы шашин юу болоод байна вэ. Зулын гол болно гээд хоёр лам өчигдөр Д.Чойжамц хамбад бараалхаж, бичиг өргөж байх шиг байна?
-Дэлхий даяараа хижиг тахалд нэрвэгдсэн хүнд цаг хугацааг туулж байна. Монголын Бурханы шашин бол энэ жил болоод өвчин тахлыг даван туулахад үүргээ маш сайн биелүүлж байгаа гэж харж байгаа. Батцагаан дуган нээгдсэн. Олон соёлын акцууд хийлээ. Гандан хийдийн Нандин шүтээнүүд үзэсгэлэнг хэдэн мянган хүн үзсэн тухай нарийн тоо байхгүй ч музейн “дэлбэрэлт” боллоо. Гавж Д.Нямсамбуугийн лекцүүд, гавж Д.Лувсанжамцын Бодикаст, гавж С.Гантөмөрийн орчуулгууд олныг соён гэгээрүүлж байна. Хамгийн гол нь шашны шинэчлэл дотроосоо маш эрчимтэй явж байна. Гэлэнгүүд, сахил сахисан лам нар нь эрх мэдлийг гартаа авч байгаа. Ийм таатай үед ”Өөрийгөө шатаана” гэдэг экстримист мэдэгдэл олон хүнийг гайхшируулж байх шиг байна.
Эрх ямбаа булаацалдлаа гэж харж байгаа ч цаанаа бол Х Богдыг тодруулах эсэхтэй холбоотой том асуудал явж байгаа бололтой?
-Буддын шашинд эрх мэдлээ булаацалдах гэдэг зүйл байж болохгүй. Тэр зулын гол болно гээд өргөх бичиг барих гээд байгаа лам нар бол шашныхаа дотоод ертөнцөд төдийгүй гадаад ертөнцөд ч жин дарах нэр нөлөөтэй хүмүүс биш. Би түрүүн хэллээ. Монголын Бурханы шашныг гаднаас нь харвал 90-ээд он биш. 2000-аад он биш. Шал өөр стандарт лам нараас нийгэм нь хүсдэг болсон.
Нэгдүгээрт, эх монгол хэлээрээ, англи хэлээр Бурханы шашны боловсрол мэдлэг олох боломж асар өссөн. Зарим тохиолдолд сүсэгтнүүд нь лам нараасаа илүү боловсролтой болчихлоо.
Хоёрдугаарт, лам хувраг хүн сахил санваартай, соён гэгээрүүлэгч байх, ёс зүйн өндөр хэм хэмжүүртэй байх шаардлага өөрөө дотроосоо гараад ирлээ. Хэрвээ энэ үзүүлэлтээр өөрийгөө шатаая гээд байгаа лам нарыг харьцуулаад үзвэл ямар дүн гарах вэ? Гэргийтэн нь гэртээ хариад, гэлэнгүүд нь сүм хийдээ авч явах, хувийн компани шиг сүм хийд гэж байхгүй. Хуврагуудын дотоод ардчиллаар цаашид явах нь тодорхой болчихлоо. Яах аргагүй Х Богд заларч байж, энэ шинэчлэл бүрэн утгаараа хэрэгжих байх. Харамсалтай нь энэ хүмүүс Х Богдтой холбогдох, тодруулах эрх бүхий ч хүмүүс биш. Эхлээд ядаж ард түмэндээ хүлээн зөвшөөрөгдөх хэрэгтэй.
Гаднаас манай шашныг хямраах гэж ийм юм хийгээд байгаа гэх юм. Энэ хэр үнэний ортой вэ?
-Тэр бол ерөөсөө үеийн үед байсан зүйл. Манай урд хөрш Монголын шашны байдлыг ч бас анхааралтай ажигладаг. Монголд Далай ламын нөлөө идэвхжихэд асар дургүй. Яагаад энэ хүмүүс яаран сандран амралтын өдөр бичиг бариад гүйгээд, өөрийгөө шатаана энэ тэр гээд зарлаад, олон түмний анхаарлын төвд орох гэж хичээж байна вэ.
Яагаад?
-Өнгөрсөн баасан гаригт Дилова хутагт Далай ламын тухай номын нээлт хийсэн. Дилова хутагт бол Далай ламын тодруулсан монгол хутагт хувилгаадын ахмад нь. Бас Монголын асуудлыг хариуцдаг. Олон үйл явдлууд давхцаад ингэж бачимдаад байгаа нь бүх хүнд ойлгомжтой гэж бодож байна.
-Ер нь монголчууд дотроосоо Богдоо тодруулах гэхээр ийм үймээн болоод байдаг нь энэ анхных ч биш байх. Түүхэндээ Монголоосоо Богдтой болсон тохиолдол цөөн ч юм?
-2019 онд Өмнөд Монголын Улаанхад их сургуулийн доктор, профессор Бавуу ”Чин улс ба Жавзандамба хутагт” ном гаргасан. Кириллээр эрхийг нь аваад гаргасан. Тэр номд үе үеийн Богдыг тодруулах үед манай монголчууд ямар ямар авлига өгч байсан, матаас бичиж байсан баримтууд гарсан байгаа. Яг нарийндаа Өндөр гэгээнийг Чингис хааны хойт дүр гэж итгэсэн. Тийм ч учраас дараа дараагийн Богдуудыг тодруулаад үг дуугүй захирагдаад явсан. Монголчууд гайхамшигтай сүжигтэй ард түмэн. Мэдээж энэ бол зарим хүмүүсийн хувьд асар их нэр хүнд, мөнгө баялаг. Тэр утгаар нь ч бас энэ маргаанаас болж, бослого тэмцэл гаргахгүйн тулд Төвдөөс тодруулдаг байсан байх. Эхний хоёр Богд монгол шүү дээ. Өнөөдөр бол монголчууд Монгол газар монгол эцэг эхээс төрсөн Богдыг л хүлээн зөвшөөрнө. Бидний хувьд маш том боломж. Далай лам бол өмнөд монголчуудын өргөж гаргаж ирсэн лам. Богд бол халхуудын өргөсөн лам. Банчин богд бол ойрд монголчуудын өргөж гаргаж ирсэн лам. Яах аргагүй бид монгол хүнээ Х Богдоор зална.
Ингэснээр бид тусгаар тогтнолоо дахин давхар хамгаалж байгаа юм шүү дээ. Энэ тодруулах хөрс шороо нь нэгэнт бүрдчихсэн байгаа шүү.
-Та судлаач хүний хувьд шашны хүрээнд болж байгаа энэ асуудлыг юу гэж харж байна?
-Шашны дотоод ардчилал, их чуулган хуралдуулах гэдэг юмуу, энэ асуудал шаардлага тавигдаад их олон жил болж байгаа. Хэдийгээр төр, шашин тусдаа гэж хуульчилсан ч тухайн үеийн гүйцэтгэх засаглал, төрийн тэргүүнүүдийн анхаарлын гадна Бурханы шашин байгаагүй. Төр ч тодорхой хэмжээгээр оролцдог. Оролцох ч ёстой. Иймэрхүү бичиг өргөдөг хурлуудын ганц нэгт нь сууж байсны хувьд энэ үйл явдлаас ямар ч байсан Бурханы шашин хөгжиж байгаа юм байна. Бие биенээ сонсож хүлээж авч чадаж байна. Тийм айхавтар хурцдахгүй байх гэж харж байна. Энэ шаардлага тавиад, өөрийгөө шатаана гээд байгаа ламыг би огт танихгүй. Уулзаж үзээгүй. Ер нь бараг хэн ч танихгүй хүн.
-Асуудлыг хэрхэн шийдвэрлэвэл зүйтэй вэ??
-Ер нь шашны дотоод хууль. Сахил санваараа сахих дүлваа гээд бараг хууль шахуу зүйл байгаа. Эрдэмтэй лам нартайгаа дотроо ярилцаад шийдчих байх. Гаднаас оролцох бол шаардлагагүй байх. Тэгээд ч нас биед хүрсэн хүмүүс ямар Төвдөд байгаа биш. Арай ч зулын гол болчихгүй. Манайх бол асар их эрх чөлөөтэй ардчилсан улс шүү дээ. Амиа тэвчих үйлдэл бол хамгийн эцсийн арга. Аль аль нь тийм арга мухардсан харагдахгүй л байна.
Ер нь ингэж аливаа улсын шашин дотроо үймэлдвэл хор уршиг нь тэр ард түмэндээ л тусна шүү дээ?
-Манай түүхэнд ч хангалттай жишээ олон. Ерөөсөө ард түмэн хохирдог. Ард түмэн бол дундад зууны уулын мухарт амьдарч байгаа хүмүүс биш. Гар утастай, өндөр хурдны интернэттэй. Мэдээллийг маш хурдан хүлээж авч, задлан шинжлэх чадвартай болсон. Огт хэн нь ч танихгүй, ямар ч соён гэгээрүүлэх үйл ажиллагаа хийдэггүй, сахил санвааргүй, лам мөн биш нь ч тодорхойгүй хүмүүсийн үйлдлийг дэмжээд, өөгшүүлээд байх үйлдэл гаргахгүй болов уу. Би ч бас монгол хүний саруул ухаанд итгэдэг.
-Хоёр өөр шашин мөргөлдөх нь бий. Гэтэл шашны нэг урсгал дотроо зөрөлдөөд байгаа нь ямар учиртай юм. Эсвэл урсгал, чиглэл, номлол нь өөр байна уу?
-Бурханы ном бол дөрвөлжин бурам шиг. Аль ч талаас нь хазсан адилхан л амттай. Монголд нэг урсгалын доторх зөрөлдөөн гэх юмуу, үл ойлголцол бараг байхгүй. Ер нь ч байх үндэсгүй. Харин ч эрх чөлөөгөөр бүрэн хангагдсан хангалттай эдэлж байгаа улс. Чи явлаа. Дармасала орлоо. Далай ламдаа мөргөөд ирж байна. Дараа нь Бээжин орлоо. Банчин ламдаа мөргөөд ирж л байна. Хэн ч ингэлээ гээд буруутгаж, ялгаварлан гадуурхаагүй. Зүүн хүрээнд Юн Хэ Гүний хийд сайхан суугаа Майдар босгож бүтээхэд нь дэмжээд, одоо гадуур нь сайхан дуган барьчихлаа. Ерөөсөө хувийн сүм хийд гэдэг ойлголт байхгүй. Өгсөн мөнгийг хувьдаа хэрэглээрэй. Сүм хийд чиний хувийн өмч, компани юм шүү гэж лав хэлэхгүй. Ерөөсөө лам хувраг хүн хувийн өмчтэй байх ёстой юу гэдэг асуудал байна. Сүм хийдийг сүсэгтний холбоо нь авч явдаг. Ийм жишигтэй шүү дээ. Лам хүн зөвхөн номоо л үзэх ёстой. Энэ хүмүүсийн шаардлагыг сонсоод үйлдлийг нь ажиглахад ойлгомжтой. Сөргөлдөөний учир тэр хүмүүст өөрсдөд нь байх шиг байна. Өөрчлөгдөх хэрэгтэй. Бурханы шашин бол “Өөрөө өөрийгөө л аврах эрэл хайгуул”.
Ярилцлагын төгсгөлд нэг зүйл хэлмээр байна. Бугат Л.Алтангэрэл гээд маш сайн орчуулагч гарч ирлээ. “Сундуй”, “Жадамба” гээд их хөлгөн судруудыг орчуулж гаргалаа. Хятад хэлнээс орчуулдаг Д.Болдбаатарын “Мялын буман дуулал”, “Цагаан лянхуа судар” байна. “Агнистийн гэгээ” цувралын П.Бадрал байна. Ямар ч цаг үед ард түмнээ орчуулагч, хэлмэрч, лозава нар соён гэгээрүүлж, сэтгэлийг нь засч залуурдаж явдаг. Энэ хүмүүсийн номоор л Бурханы шашныг ойлгож байна. Ном бол сэтгэлийг засагч гэсэн утгатай үг гэж байгаа. Харин сэтгэлийг хямраах зүйл ном биш, хямраагч нь хувраг лам биш юм. Тэгэхээр хамаг номын үндэс болсон өөрийн сэтгэлээ засаарай гэж хэлье.
Д.ГАНСАРУУЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *