Categories
мэдээ цаг-үе

Г.Нацагдорж: Зөрчлийн тухай хуулиас болж сэтгүүлчид олж авсан мэдээллээ нийтэд түгээхээс айж байна

Зөрчлийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш сэтгүүлчид мэргэжлийн үйл ажиллагаагаа саадгүй явуулж чадахаа больж иргэд, аж ахуйн нэгжүүдэд санхүүгийн дарамт үүсээд буй гэх гомдлын дагуу хуульч, өмгөөлөгч Г.Нацагдоржтой ярилцлаа.


-Зөрчлийн тухай хуулийн зарим зүйл заалт нь иргэд, аж ахуйн нэгжүүдийн чөлөөт байдалд нь халдаж, санхүүгийн дарамт бий болгож байна гэх юм. Үүнийг тайлбарлахгүй юу?

-Зөрчлийн тухай энэхүү хууль нь захиргааны болон эрүүгийн эрх зүйн онолын ойлголтыг, тэдгээрт хамаарах зарчимыг зөрчиж гарсан хууль. Өөрөөр хэлбэл захиргааны эрх зүй нь захиргааны байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд холбогдох харилцааг зохицуулж байдаг ба тэдгээр нь нь үйл ажиллагаа явуулахдаа тодорхой хэмжээгээр бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах, зөрчих тохиолдол гаргаж болдог. Энэ тохиолдолд иргэн, хуулийн этгээд нь дээд шатны захиргааны байгууллагад хандах замаар өөрийнхөө зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо сэргээлгэж болдог. Мөн иргэн, хуулийн этгээд нь хууль, захиргааны хэм хэмжээний актын холбогдох заалтыг санаатай болон санамсаргүй байдлаар зөрчих тохиолдол гардаг. Энэ тохиолдолд тухайн үйлдэл, эс үйлдэхүйг захиргааны байгууллагын зүгээс шалгаад, сануулах, үйл ажиллагааг нь тодорхой хугацаагаар түдгэлзүүлэх зэрэг арга хэмжээг авдаг ба болохгүй бол шийтгэл ногдуулах зарчимтай. Харин эрүүгийн эрх зүй нь Эрүүгийн хуульд заасан үйлдэл эс үйлдэхүй гаргасан л бол заавал хариуцлага хүлээлгэдэг. Тэгэхээр эрүүгийн эрх зүй нь заавал хариуцлага хүлээлгэхийн тулд байдаг бол захиргааны эрх зүй нь гаргасан хууль бус үйлдлийг нь засаж, залруулахын тулд байдгаараа хоорондоо эрс ялгаатай. Ийм эсрэг, тэсрэг зарчим баримталдаг хоёр эрх зүйг нийлүүлж байгаад үүний дундаас Зөрчлийн хууль гаргаж ирсэн болохоор нийгмийн харилцааг зохицуулахад чөдөр, тээг болоод байгаа юм. Тэгэхээр иргэдийн хэлээд буй санхүүгийн дарамт, чөлөөт байдалд нь Зөрчлийн тухай хууль халдаж байгаа нь яах аргагүй үнэн.

-Ойлголцлоор зохицуулж болохоор зүйлүүдийг шууд торгуулиар шийдвэрлээд байгаа нь иргэдэд хүндрэл учруулаад байна гэж ойлгож болох уу?

-Тийм. Захиргааны эрх зүйн үүднээс бол зөрчлийн талаар эхлээд сануулах үйл ажиллагааг түдгэлзүүлэх, хугацаатай зогсоох зэрэг зөрчил арилгах тодорхой хугацааг олгодог. Гэтэл хугацаа өгдөг механизмыг бүгдийг нь байхгүй болгож, шууд торгоод байгаа юм. Энэ нь нэг талаасаа гэмт хэргийг хянан шалгахад баримталдаг зарчмыг зөрчил шалган шийдвэрлэх үйл ажиллагаанд оруулж ирсэнтэй холбоотой. Магадгүй хуулийн төслийг боловсруулахдаа энэ хууль нь төсвийг бүрдүүлэх зорилгоор мөнгө олох механизм, нөгөө талаас иргэдээ номхон хүлцэнгүй байлгах арга хэрэгсэл гэж харсан байж болох л юм. Ер нь бол яаж ч байсан Зөрчлийн тухай хууль нь нийгмийн харилцааг зохицуулж чадахгүй байгаа.

-Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг энэ хуулиар боогдуулж байна гэж олон хүмүүс хэлээд байгаа. Энэ тал дээр таны бодол ямар байна вэ?

-Гүтгэх, доромжлох гэдгийг өмнө үйлчилж байсан Эрүүгийн хуульд тодорхой зааж өгөхөөс гадна, ямар тохиолдолд гүтгэх, ямар үед доромжлох гэж үзэх вэ гэдгийг нь Дээд шүүхээс нарийвчлан тайлбарлаад өгчихсөн байсан. Ингэж өгснөөр цагдаагийн байгууллагаас уг үйлдлийг шалгахдаа уг тайлбарт үндэслэн үй ажиллагаагаа нарийн гүйцэтгэж, тогтоодог байсан. Гэтэл Зөрчлийн тухай хууль гарч ирснээс хойш цагдаагийн байгууллага хэргийг шалгаж, тогтоох шаардлагагүй болж эсрэгээрээ “би бусдыг гүтгээгүй, худал мэдээлэл тараагаагүй” гэдгээ зөрчилд холбогдогч нь өөрөө нотлох шаардлагыг бий болгосон юм. Хэрэв нотолж чадахгүй бол Зөрчлийн тухай хуулиар шийтгүүлдэг болж эхэлсэн. Энэ нь иргэдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхэнд халдаж байгаа зүйл болоод байна.

-Сэтгүүлчдийн мэргэжлийн үйл ажиллагаагаа явуулах эрх чөлөөнд нь бас халдаад байгаа шүү дээ…

-Зөрчлийн тухай хуулийн 6.21-т худал мэдээллийг нийтэд ил болгох гэдэг хэсэг бий. Энэ хүрээнд хэн нэгний мэдээлсэн зүйлийг тараах гэдэгт хүртэл хариуцлага ногдуулж болохоор нөхцөл байдал үүсээд байгаа юм. Тухайн эх сурвалжаас авсан мэдээллээ үнэн эсэхийг шалгах үүрэг тарааж буй этгээдэд уг нь байдаггүй. Тиймээс анх тараасан этгээдэд хариуцлага тооцох хэрэгтэй. Гэвч өнөөдрийн тогтолцоогоор хэн тараасан, тэдгээр бүх хүмүүст хариуцлага тооцно гэсэн зохицуулалт оруулж ирсэн нь яах аргагүй сэтгүүлчийн болон хувь хүний хууль ёсны ашиг сонирхолд халдсан зүйл болж байгаа. Жишээ нь, жиргээнд Ерөнхийлөгчийн ТГ-ын дарга хүртэл бусдын бичсэн зүйлийг цааш дамжуулаад байж л байдаг. Тэрээр уг зүйлийн үнэн эсэхийг шалгах боломжгүй ч Зөрчлийн хуулиар хариуцлага хүлээх боломжтой байгаа.

-Энэ нь ямар чиглэлээр бичдэг сэтгүүлчид илүү нөлөөлөөд байх шиг байна?

-Сэтгүүлчид тэр дундаа эрэн сурвалжлах чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа явуулдаг сэтгүүлчдэд илүү нөлөөлж байна. Энэ нь иргэдийн үнэн бодит мэдээлэл олж авах, хангагдах эрхэнд нь халдаж буй үйлдэл болж байгаа. Гэхдээ сэтгүүлчид би эрэн сурвалжилж байна гээд худал мэдээлэл тарааж болох тал дээр маргах арга байхгүй. Гэвч үүнийг хязгаарлаж байна хэмээн үнэн бодит мэдээлэл хайж буй сэтгүүлчийн үйл ажиллагааг хааж, бооход хуулийн зорилго чиглэж болохгүй. Тэгэхээр үнэхээр худал мэдээлэл тарааж буй эсэхийг нь тогтоохдоо сэдэл, зорилгыг нь шалгах ёстой. Яг өнөөдрийн байдлаар сэтгүүлчдийн сэдэл, зорилгыг нь ер шалгадаггүй. Асуудлын гол нь үүндээ байна.

-Үнэн хэрнээ баримтгүй мэдээллийг нийтэд дэлгэчихээд түүнийгээ нотолж чадахгүй л бол яланд уначихаад байгаа. Энэ ер нь зөв зохицуулалт уу. Нотолгоогүй үнэн гэж байдаг уу?

-Өмнө нь цагдаагийн байгууллага тухайн хэргийг бодит байдалд нийцэж байгаа эсэхийг шалгаж тогтоодог байсан бол одоо зөрчилд холбогдогч өөрийнхөө буруугүйг өөрөө нотлох болчихоод байгаа юм. Өөрөөр хэлбэл, урьд нь баримталж байсан хуулийн зарим үйлчлэлийг яг эсрэгээр нь хэрэглээд байна. Цагдаагийн байгууллага үүнд хандахдаа “Гомдол гаргасан хүн гүтгүүлсэн гэж бидэнд хандлаа. Энэ мэдээллээ хаанаас олж авсан, гүтгээгүй гэдгээ нотол” хэмээдэг. Гэтэл сэтгүүлч гүтгээгүй гэдгээ нотлох гэхээр төрийн байгууллагаас дэмжлэг авах ямар ч хуулийн зохицуулалт байдаггүй. Үүнээс болоод сэтгүүлчид болон бусад иргэд яг энэ зүйл заалтад үндэслэн торгуульд өртөөд байгаа юм.

-Тэгэхээр хичнээн ач холбогдолтой үнэн мэдээлэл байлаа ч нотолж чадахгүй л бол зүгээр дараад өнгөр гэдэг ойлголтыг энэ хууль дэмжиж байна гэж ойлгож болох уу?

-Зөрчлийн тухай хуулийн агуулга нь өөрөө ингэж л ойлгогдож байгаа.

-Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт орохоор болсон гэх юм. Үүнийг дэлгэрүүлбэл?

-Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар Засгийн газраас хуулийн төсөл өргөн барьсан. Үүнийг эсэргүүцэн хуульчид болон захиргааны эрх зүйчид олон удаа үзэл бодлоо илэрхийлсэн. Учир нь Засгийн газар болон түүний шийдвэрийг хэрэгжүүлсэн байгууллагын үйл ажиллагааг захиргааны хэргийн шүүхийн хяналтаас гаргахын тулд хуульд өөрчлөлт оруулахаар төсөл өргөн барьсан. Өөрчлөлтийн цаана “хууль зөрчиж буй үйлдлээ шүүхээр хянуулахаас татгалзаж, бид хууль зөрчдөг, хууль зөрчсөн шийдвэр гаргасныгаа өөрийн харьяа байгууллагаар дамжуулан хэрэгжүүлнэ. Үүнд битгий саад бол” гэсэн логик яваад байна. Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн нь “Засгийн газрын үйл ажиллагаанд Захиргааны ерөнхий хууль болон захиргааны хэргийн шүүх саад болоод байна” гээд байгаа. Засгийн газрын үйл ажиллагаанд саад болохгүй байж болох зохицуулалт нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд “Нийтийн ашиг сонирхолтой холбоотой асуудлаар гаргасан шийдвэр дээр уг актын биелэлтийг түдгэлзүүлэхгүй” гээд зохицуулчихсан л байгаа шүү дээ. Ийм заалт байсаар байхад үүнийг байгүй мэтээр ойлгуулаад байна. Үүний цаана “Бид хууль зөрчдөг. Бид шүүхээр хянуулахгүй” гэсэн муйхар бодол яваад буй. Улстөрчид өөрсдийн байгаа дөрвөн жилийн хугацааг насан туршийн гэж ойлгон нэмэлт, өөрчлөлт оруулах гээд байна. Гэвч төрийн албан тушаалтан биш болсон цагт хуулийн өөрчлөлт нь өөрсдөд нь саад болно. Оршин байгаа цаг үеэрээ асуудлыг харж, ирээдүйд буюу бусдад саад болсон шийдвэр гаргаж болохгүй.

-Зөрчлийн тухай хуулийн гол агуулгыг тайлбарлахгүй юу?

-Эрс, тэс хоёр зарчмыг өөртөө агуулсан Зөрчлийн тухай хууль нь өнөөгийн нийгмийн харилцааг зохицуулж чадахгүй. Тиймээс энэ хуулийг хүчингүй болгож, өмнөх хуулийн үйлчлэлийг түр зууртаа сэргээх ёстой ба мэргэшсэн хуульчдаар ахин өөр хуулийн төсөл боловсруулах шаардлагатай юм. Иргэн, хуулийн этгээдийн гаргасан хууль бус үйлдэл эс үйлдэхүйг нийтэд нь зөрчил гээд байгаа ба зарим зөрчлийг захиргааны хэргийн шүүх шийддэг. Харин заримыг нь эрүүгийн хэргийн шүүхээр хянах шийдвэрлүүлж байгаа. Эрүүгийн хэргийн шүүх нь анхан болон давж заалдах шатны шүүх гэсэн хоёр тогтолцоотой бол захиргааных нь эхлээд урьдчилан шийдвэрлэх журмаар хандаад дараа нь хэргийг анхан, давж заалдах, хяналтын шатны шүүхээр хянагддаг юм. Ийм өөр, тэнцвэрт бус байдлаас болоод Зөрчлийн тухай хуулийн талаар Үндсэн хуулийн Цэц дээр маргаан үүсчихсэн байгаа ба зөрчилтэй холбоотой маргаанууд шийдвэрлэгдэж чадахгүй хүлээгдэж байна.

-2017 оны долдугаар сараас хэрэгжиж эхэлсэн энэ хуулиас болоод сэтгүүлчид айдаст автан, ажлаа хийхдээ эмээдэг болсон. Тиймээс сэтгүүлчдийн хийж буй ажилд зөрчил илэрвэл өөрөөр хэрхэн шийдвэрлэж болох вэ?

-Яг одоо байгаа хуулийн системээр бол бичсэн хүн нь гүтгээгүй гэдгээ нотлох ёстой. Үүнийг өөрчлөхгүй л бол энэ систем цаашид үргэлжилсэн хэвээр байх болно. Ер нь зөрчил гэдэг зүйл нь аль ч утгаараа захиргааны эрх зүйд хамаарах ёстой. Гэтэл үүнийг эрүүгийн эрх зүйтэй холиод дундаас нь Зөрчлийн тухай хууль гэх өөх ч биш, булчирхай ч биш зүйлийг гаргаад ирсэн.

-Өмнө нь эрүүгийн хуульд заасан гүтгэх, доромжлох гэсэн зүйл, заалтаар сэтгүүлчдийн үйл ажиллагааг зохицуулдаг байсан. Энэ үед сэтгүүлчид шүүхийн хаалга татаж, торгуулах явдал бага байсан. Гэтэл Зөрчлийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш энэ явдал эрс ихсээд байгаагийн учир нь юундаа байна вэ?

-Өмнө нь энэ явдал маш бага байсан нь үнэн. Сэтгүүлч олж авсан мэдээллээ өөрөө туйлын үнэн зөв гэж нотлоход түвэгтэй. Яагаад гэхээр сэтгүүлчдэд тухайн асуудлыг мөрдөн шалгах болон шинжээчийн дүгнэлт гаргуулах эрх байдаггүй. Энэ тохиолдолд гүтгээгүй гэдгээ нотолно гэдэг нь их хэцүү. Тухайлбал, “хулгай хийгээгүй байхад нь чи хулгай хийсэн. Нуучихсан байгаа. Хэрэв хийгээгүй бол үүнийгээ нотол” гэж байгаатай агаар нэг зүйл. Гомдол гаргасан тухайн иргэнийг гүтгээгүй гэдгээ сэтгүүлчдийг өөрийг нь нотол гэж шаардах нь тэднийг торгуульд унагах шалтгаан болж байна. Зөрчлийг шалгах явцад ямар материал цугларсныг нь зөрчилд холбогдогч мэдэх боломжгүй байдаг. Харин материалууд цуглаж дууссаны дараа зөрчил гаргасан нь тогтоогдсон гэх нэрийдлээр торгуулийн хуудас бичээд өгчихдөг. Өөрөөр хэлбэл өөрийнхөө гэм буруугүй буюу зөрчилд холбогдоогүй гэдгээ нотлохын тулд хүсэлт гаргах боломжгүй. Учир нь цугласан материалд юу байгааг мэдэхгүй байгаа болохоор тэр. Хэрэв маргааныг захиргааны хэргийн шүүхээр шийдвэрлүүлвэл талууд харилцан эрх эдэлж, үүрэг хүлээнэ.

-УИХ-ын гишүүд өөрсдийн эрх мэдлээ урвуулан ашиглан ЖДҮХС-гаас зээл авч буй асуудал нь өөрөө зөрчил мөн үү. Хэрэв мөн бол хэрхэн шийдвэрлэх ёстой байдаг вэ?

-Тэдгээр хүмүүс өөрсдийн хамаарал бүхий компанид зээл авч өгсөн асуудал нь зөрчилд хамаардаггүй. Энэ хуульд хамаарахгүй байгаа учраас ямар нэгэн хууль, тогтоомж зөрчөөгүй гэсэн үг. Нэгэнт хууль зөрчөөгүй байхад нь хариуцлага хүлээлгэнэ гэхэд хэцүү болчихоод байгаа юм. Ерөнхийдөө бол тэд улс төрийн болон эрүүгийн хариуцлага л хүлээнэ л дээ.

З.МӨНХСУВД

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *