Хатанбаатар Сандагдоржийн Магсаржавын мэндэлсний 140 жилийн ойд зориулсан “Мөнхөд дуурсагдах алдрын эзэн” хэмээх үзэсгэлэн өчигдөр Монгол цэргийн музейд нээлтээ хийлээ. Энэ үеэр ШУАийн Түүх, археологийн хүрээлэнгийн Бүс нутаг ба орчин үеийн түүхийн салбарын эрхлэгч, доктор, профессор Г.Мягмарсамбуутай хөөрөлдлөө.
-Ардын Хатанбаатар Сандагдоржийн Магсаржавын мэндэлсэн тэгш ой энэ онд тохиож байна. Сүүлийн хорь гаруй жил түүх намтрыг нь дагнан судалсан түүхч хүний хувьд ярих зүйл их байгаа даа?
-Би 1990-ээд оны эхээр цэргийн түүхч болсон үеэсээ Хатанбаатар Магсаржавын намтрыг хорь гаруй жил судалж дөрөв таван ном бичсэн. Ардын Хатанбаатар Магсаржав бол Монголын ХХ зууны төр, цэргийн нэртэй зүтгэлтэн, цэргийн гарамгай жанжин. Магсаржав амьдралынхаа сүүлийн хориод жилийг төр улсынхаа тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөө тэмцэлд бүрэн зориулсан хүн. Тэр 1911-1922 он хүртэлх арав гаруй жилд Монгол орны баруун, зүүн, өмнө, умард хязгаарт хийсэн бараг бүх байлдааныг биечлэн удирдсан. Энэ хугацаанд гуч гаруй удаагийн байлдаанд оролцож, ганц ч ялагдал үзээгүй гайхамшигтай цэргийн жанжин. Тийм ч учраас Бүх цэргийн “Соёмбо” сонин 2001 онд Ардын Хатанбаатар Магсаржавыг XX зууны манлай цэргийн жанжин гэж тодруулсан. Хатанбаатар Магсаржав 1921, 1922 оноос эхлээд Монгол Улсын Ардын засгийн газрын Цэргийн явдлын яамны дэд сайд, сайдаар насан эцэслэтлээ ажилласан. Энэ хугацаанд Магсаржав 1921 онд сайн дурын үндсэн дээр байгуулагдсан Ардын журамт цэргийг Оросын болоод Европын жишгээр өөрчлөн шинэчилж, Монголд байнгын арми байгуулах үйл хэргийг гардан удирдсан гавьяатай. Тиймээс түрүү зууны монгол цэргийн түүхэнд Хатанбаатар Магсаржавтай эн зэрэгцэх алдар гавьяаг байгуулсан хүн бараг байхгүй гэж хэлж болно.
-Жанжны бодит намтар Сономын Удвал ахайтны зохиол “Хатанбаатар” уран сайхны кинотойгоо хэр дүйдэг бол?
-Ардын жүжигчин Жигжидсүрэн гуайн найруулсан энэ кино Хатанбаатар Магсаржавын алдар гавьяаг мөнхжүүлсэн, уран бүтээл талаасаа ч, түүхэн талаасаа ч маш сайхан бүтээл болсон. Гэхдээ зөвхөн энэ киногоор түүний амьдралыг төсөөлж болохгүй. Кинонд харуулаагүй олон түүх байгаа. Тухайлбал, энэ кино миний ойлгож байгаагаар 1921 оны Ардын хувьсгал ялснаар дууссан. Гэтэл тэрнээс хойш бүтэн зургаа, долоон жил амьдарч 1927 оны есдүгээр сарын 3-нд таалал төгсөх хүртэлх үйл амьдрал тусаагүй. Мэдээж хоёрхон ангит кинонд бүхнийг тусгах боломж байгаагүй байх. 1911-1921 оны хооронд болсон явдлыг харуулахыг тусгасан гэж би ойлгодог. Ер нь 1911, 1921 оны хоёр хувьсгалд хоёуланд нь оролцсон хүн Хатанбаатар Магсаржав, Жалханз хутагт Дамдинбазар нараас өөр төдийлөн их байхгүй.
-Дамдины Сүхбаатар хоёуланд нь оролцож, Богд хаанаас хүртэл Баатар цолоор шагнуулаагүй бил үү?
-Д.Сүхбаатар 1912, 1913 оноос цэргийн алба хааж эхэлсэн бөгөөд 1911 оны хувьсгалд оролцоогүй.
-Хатанбаатарын цэрэгт мордсон хүн ар гэртээ Вандан буриадын хавиргыг өвөртөлж ирж байсан гэж хөгшчүүл ярихыг сонсож байсан. Хүний зүрхээр туг тахиж байсан гэдэг нь үнэн юм бол уу?
-Монгол орны өнцөг булан бүрт Хатанбаатарын цэрэг байсан. Миний тооцоолсноор 1911-1922 оны хооронд түүний удирдлага дор Монголын арван мянга орчим эрс цэрэгт алба хааж явсан шиг байдаг. Эдгээр цэргүүд Хатанбаатарын цэрэг байснаараа бахархдаг. Цэргүүд нь Хатанбаатарыг насан туршдаа бишрэн шүтэж байсан. Түүнийг монголчууд яагаад ингэж бишрэн шүтсэн юм бэ гэхээр төр түмнийхээ өмнө байгуулсан агуу их баатарлаг гавьяаг хүндэтгэж байсан. Хоёрдугаарт, шашны эрдэм ухаанд боловсорсон чойжин лам хүн байсан. Чойжин гэдэг бол Буддын шашны улааны ёсыг гол болгосон, нэлээд хатуу догшин зан үйл үйлддэг хүн. Хатанбаатар дайн байлдаанд явахдаа чойжин буудаг байсан. Шашныхаа эрдэм ухаанаар цэргүүдээ эмчилдэг, мэргэ төлөг буулгаж дайн байлдаанд орох өдөр судраа үздэг байсан. Харийн дайсны хүч чадал, зоригийг мохоох шашны зан үйлүүдийг үүтгэдэг байж. Партизануудын дурсамжинд “Хатанбаатар ямаанд сахиус зүүгээд буудахад сум тэр ямааг онодоггүй байсан” гэж дурдагддаг. Хатанбаатар байлдаанд ороод буцаж ирээд бүсээ тайлахад өврөөс нь сумнууд шажигнаад унадаг байсан, дайсны сум нэвтэрдэггүй байсан гэх жишээтэй олон домог байдаг. Дайсны зүрхээр туг тахих зан үйл байсан нь үнэн. Ховд хотыг 1912 онд чөлөөлөх байлдааны үед Магсаржав, Дамдинсүрэн нарын удирдсан цэрэг олзолсон дайсныхаа зүрхээр туг тахиж байсан тодорхой баримт байдаг. Дайсны зүрхээр туг тахих зан үйл эртний монголчуудын цусан өшөө авах зан үйлээс улбаатай. Энэ зан үйл XX зууны эхэн хүртэл уламжлагдаж ирсэн.
-Ховд хотыг манжаас чөлөөлөхөд Жаа лам Дамбийжанцангийн цэргүүд голлон үүрэг гүйцэтгэсэн гэх яриа их байдаг?
-Магсаржав, Дамдинсүрэн нар Нийслэл хүрээнээс 25 цэрэгтэй Баруун хязгаар руу мордсон байгаа юм. Баруун хоёр аймгаас цэрэг дайчлан татаж Ховдыг чөлөөлөх байлдааныг удирдсан. Магсаржав, Дамдинсүрэн нарыг баруун хязгаарт очиход Жаа лам Дамбийжанцан захчны нутагт байсан. Цэрэг дайчилж буй мэдээ занги сонсоод Жаа лам Монгол Улсын Засгийн газраас томилсон сайд Магсаржав, Дамдинсүрэн нартай ирж уулзан холбоо тогтоож, тэдний удирдлагаар Ховд хотыг чөлөөлөх байлдаанд хамт оролцсон. Энэ байлдаанд оролцсон цэргийн тоог гурван мянга, таван мянга гэж янз бүрээр ярьдаг. Тэрний ихэнх нь Дамбийжаагийн цэрэг байгаагүй. Дамбийжаа Баруун хязгаарт олсон нэр нөлөөгөөрөө цэрэг дайчлан татахад үнэтэй хувь нэмэр оруулсан. Амьтны амь хороох нүгэлтэй гэж олон жил шашны үзлээр хүмүүжсэн цэргүүдийг зоригжуулж дайн байлдаанд оруулахад Жаа лам зохих хувь нэмрээ оруулжээ. Наймдугаар сарын 20-нд Ховд хотыг чөлөөлөх эцсийн шийдвэрлэх давшилт эхлэхийн өмнөх хэд хэдэн удаагийн бүслэлт байлдаанд Дамбийжаа идэвхтэй оролцож байсан. Гэхдээ Дамбийжаа Ховдыг чөлөөлөхөд хамгийн шийдвэрлэх үүрэгтэй оролцсон гэж болохгүй л дээ. Ховдын усан татаалтай шавар хэрмийг Магсаржав тэргүүтэй хорь гаруй цэргүүд дүүжин шатаар дамжин давж орж, хаалгыг нь онгойлгосноор монгол цэргүүд дайран орж Сангийн хэрмийг эзэлж авсан шүү дээ. Энд Манж, Хятадын цэргүүд, манж амбаны зарлигаар зэвсэглэсэн дайсны овоо хүчин хориглож байсан байдаг.
-Торновский зэрэг өрнийн болон Оросын цагаач зарим нэг хүмүүсийн дурсамж сэлтээс харахад Хатанбаатар Магсаржавыг “Улааныг үзэж урвадаг, шарыг харж шарвадаг”, дийлсэн талд үйлчилдэг, ер нь өөрийн гэсэн байр суурьгүй нөхөр гэсэн маягтай юм бичсэн байдаг?
-Цаг төрийн үймээнтэй үе гэдэг жинхэнэ тэр үед байлаа шүү дээ. Тэр үед Монгол орноор янз бүрийн улсууд явж байсан. Тэдний зарим нь Хатанбаатар Магсаржавтай уулзаж байж. Бүр хамтран зүтгэж байсан хүмүүс ч бий. Зарим нь сайхнаар дурсаж үлдээсэн. Бурдуков бол Магсаржав, Дамдинсүрэн нартай маш дотно холбоотой байсан. Бурдуковын амийг Хатанбаатарын цэргүүд аварч байлаа.
-Кинон дээр гардаг шиг үү?
-Тийм. Бурдуков нүдээрээ үзэж, сэтгэл зүрхээрээ мэдэрсэн зүйлээ бичсэн байгаа. Монгол нутгаар явж байсан тэр олон хүнээс Хатанбаатар таалагдаагүй, эсвэл зөв ойлгоогүй хүмүүс байж л таараа шүү дээ. Тэд Магсаржавын тухай сөрөг юм бичсэн байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ би энэ хүний намтрыг олон жил судалсан хүний хувьд нэг л зүйлийг баттай хэлж чадна. Тэр нь юу вэ гэвэл Хатанбаатар хэзээ ч улааныг үзэж урваж, шарыг үзэж шарвадаг хүн байгаагүй. Магсаржавын ганцхан чиг зорилго бол Монгол Улсынхаа эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө байсан. Эрх чөлөө, тусгаар тогтнолд хор хүргэх хэнийг ч цааш нь харуулахад бэлэн байсан хүн. Тэр түүхэн цагийн эрхээр Барон Унгерний цэргийн жанжнаар явсан нь үнэн. Барон Унгернтэй хамт Чойрын чиглэлд байлдаанд явахдаа цагаантан оросуудтай үзэл санааны зөрчилд орсон. Бароны цэргүүд монголчуудыг дураар дарлан зовоож, мал хөрөнгийг дээрэмдэж буйг нүдээрээ үзээд, эсэргүүцэн муудалцаж, тэднийг замаасаа хөөгөөд явуулж байсан.
-Магсаржав гуай таван хүүхэдтэй байсан ч тэд нь төрсөн үр хүүхэдгүй байсан гэдэг үнэн бол уу?
-Магсаржав хоёр хүү, гурван охинтой хүн байсан. Том хүү Сундуйсүрэн 1921 оны ардын журамт цэргийн партизан. Чойбалсанг 1921 оны өвөл Хатанбаатарын гэр орноор очиход ардын журамт цэрэгт элсэж морь малаар тусалж, газарчлан, харилцаа холбоо барьж байсан гавьяатай хүн. Сүүлд Сайн ноён хан аймгийн цэргийн захирагч жанжнаар ажиллаж байсан. Аав, хүү хоёр хоёулаа л 1921 оны хувьсгалд оролцсон партизанууд. Удаах хүү Мажигсүрэн нь лам байсан юм билээ. Ихэвчлэн хошуу нутагтаа гэртээ байж. Дарь, Хорлоо, Жавзан гээд гурван охинтой. Хатанбаатар Магсаржав хатан Цэвэгмидтэйгээ 13 настайдаа гэр бүл болсон байдаг. Хошуу ноён итгэмжит түшээ гүн Гаанжууржав нь цөөн тооны мал хуй тасдаж өгсөн юм билээ. Магсаржавын таван хүүхдээс төрсөн хүүхэд байхгүй нь үнэн л дээ. Өргөж авсан хүүхдүүд нь харин улсынхаа хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан. Бидний сайн мэдэх хүн бол хуурамч Дамбийжаад тоглосон, гавьяат жүжигчин Цолмонбаатар Мажигсүрэнгийнх нь өргөмөл хүүхэд шүү дээ. Цолмонбаатар гуайд өвөөгийнх нь сахиус, бурхан шүтээн хадгалагдаж байсныг би судалж номондоо оруулж байсан.
-Магсаржав жанжны амьдрал ч морин дэл дээгүүр л хийсэж өнгөрч дээ?
-Эх орныхоо тусгаар тогтнолын төлөө тэмцэлд амь, биеэ бүрэн зориулсан хүн. Өөрийнх нь гэр хошуу нутагт нь байдаг. Нийслэл хүрээнд ганц биеэрээ байж, байнга хил хязгаарт дайн тулаанд явна. Хорин хоёр оноос шинэ тутам байгуулагдсан Монгол Улсынхаа цэрэг армийг өөрчлөх үйл хэрэгт өдөр шөнөгүй зүтгэж байсан. Чойбалсан дурсамждаа “Хатанбаатар бие нь өвдөөд дагжин чичирч байсан ч цэрэг ардын хуралд сууж байхыг би нүдээрээ үзсэн” гэж бичсэн байдаг даа. Ажлаасаа хааяа нэг чөлөө авч гэр орноороо очин, бурхан шүтээнээ эргэдэг ийм л амьдралтай хүн байж дээ. Насаараа морин дэл дээр дайн тулаанд явсан хүн учраас сүүлдээ бие нь их муудсан. Хорин гурван оноос өвдөж, хорин долоон оноос рашаан усанд явж биеэ эмчлүүлсэн ч эдгэлгүй 49 насандаа таалал төгссөн. Нас барах үедээ эмчлүүлэхийн тулд монголчууд болоод гадаадын иргэдээс зээлж авсан дөрвөн мянга гаруй төгрөгийн өртэй байсан байдаг. Төрийн сайд хүн байж эмгэнэлтэй байгаа биз. Тэр үед сайн морь гэхэд арав хорин төгрөгийн л үнэтэй байсан гээд бод доо. Хатанбаатрын намтраас би монгол хүн монгол хүнээ хайрлахын, монгол цэрэг хүн монгол төрдөө өргөсөн тангарагтаа үнэнч байхын үлгэр жишээг олж хардаг. Бас өөрийнхөө амь нас, амьдралыг хайрлахгүйгээр эх орныхоо төлөө зүтгэхийн гайхамшгийг мэдэрч, өөрийн эрхгүй бишрэн сүсэлдэг дээ.