Үнэт металл, үнэт чулууны арилжаа эрхлэгчдийн үндэсний холбооны гүйцэтгэх захирал Г.Мөнхцэцэгтэй ярилцлаа.
-Манайд дотоодын зах зээл дээр худалдаалж байгаа үнэт эдлэлийн сорьцын баталгаа хэр найдвартай вэ?
-Хоёр эх сурвалжаас үнэт эдлэл худалдаанд гарч байна. Эхнийх нь дотоодод үйлдвэрлэгчид юм. Энэ үнэт эдлэлийн тухайд бүгд Сорьцын хяналтын газар дээр ирж сорьцоо даруулж, баталгаажуулж байгаа. Харин импортоор оруулж ирж байгаа бүтээгдэхүүний хувьд сорьцын хяналтын баталгаажуулалтад бүрэн хамрагдаж чадахгүй байна. Ийм баталгаажуулалт хийлгээгүй бол тухайн бүтээгдэхүүнд бүрэн итгэх боломжгүй. Яахав, тухайн үйлдвэрлэсэн улс, газрын сорьц дарагдсан байдаг. Гэтэл газар бүрт сорьц нь өөр тоо тэмдэгтэй шүү дээ. Монгол Улсад мөнгөний сорьц 925 хүртэл байлаа гэхэд бусад оронд энэ нь ялгаатай. Манайх Турк, Хятад, Солонгос зэрэг олон газраас оруулж ирж байна. Гэхдээ тухайн газрын нийлүүлж байгаа бүтээгдэхүүн нь 100 хувь алт, эсвэл мөнгө үү гэдэг дээр хэн ч баталгаа өгөх боломжгүй болчихож байна.
-Зах зээл дээр үнэт металл, эдлэлийн үнэ хэрхэн тогтож байна вэ?
-Янз бүрийн байдлаар үнэ тогтож байгаа. Гол үнэд нөлөөлж байгаа хүчин зүйл гэвэл түүхий эдийн ханш юм. Алт болон мөнгөний ханшийн өсөлт, бууралт нөлөөлнө. Үүн дээр тухайн бүтээгдэхүүнийг хийх өртөг нэмэгдэж байгаа. Дээр нь баталгаажуулалтын үйлчилгээний хөлс шингэнэ. Зах зээл дээр алт зэрэг үнэт металлын үнэ тогтвортой өсч байна. Үүнийг дагаад үнэт эдлэлийн үнэ өсөх хандлагатай байна.
-Дэлхийн зах зээл дээр үнэт металлын үнэ өсөх нь манай үнэт эдлэлийн зах зээл дээр хэр мэдрэг тусдаг вэ?
-Алтан дээр маш мэдрэг байгаа. Лондонгийн бирж дээр тухайн өдрийн ханш хэрхэн тогтохоос хамаарч алтан эдлэлийн үнэ дагаад өсч байдаг. Мөнгөний тухайд асар ихээр үйлдвэрлэгдэж, импортлогдсон байдаг учир үнэд мэдрэг байдал бага. Тодорхой хугацааны дараа үнэд өөрчлөлт орох жишээтэй.
-Дэлхийн ихэнх оронд үнэт эдлэлийн ханшийг тогтоохдоо тухайн өдрийн биржийн ханшийг гол болгож авч үздэг. Өөрөөр хэлбэл, үнэт эдлэлийн ханшийг тогтоох илүү шударга зарчим үйлчлээд байгаа юм болов уу гэж боддог?
-Үйлдвэрлэлийн хүчин чадал, гар аргаар хийсэн эсэхээс хамаарна.Илүү уран нарийн, цор ганц хийсэн бүтээгдэхүүний онцлогоос хамаарч үнэ огт өөрөөр тогтоогдож байгаа. Жишээ нь, асар олон тоогоор нэг хэвээр цутгаж байгаа Хятадын үйлдвэрүүдийн бүтээгдэхүүн гэхэд үйлдвэрлэх өртөг бага. Тийм учраас материалынхаа үнээс нэг их хол зөрүүтэй байдаггүй. Гэтэл эсрэгээр Монголд үйлдвэрлэгдэж байгаа, гар аргаар хийсэн, илүү уран нарийн зүйлсийн үнэ өөрөөр тогтоно. Үйлдвэрлэлийн өртгөөс хамаарч шууд биржийн ханштай бүгдийг нь холбох боломжгүй.
-Энэ жилээс үнэт эдлэл үйлдвэрлэгчид болон худалдаа эрхлэгчид тусгай зөвшөөрөл авдаг болсон гэсэн. Энэ тухай тодруулахгүй юу?
-2020 оны эхэн хүртэл үнэт эдлэлийн арилжаа тусгай зөвшөөрөлгүйгээр явдаг байсан. Энэ онд эрх зүйн орчинд өөрчлөлт орсон учир үнэт металл, эдлэлийн арилжаа эрхлэнэ гэдэг нь заавал тусгай зөвшөөрөлтэй болж өөрчлөгдсөн. Үүнийг иргэд мэдээгүйгээс болж торгуулах, бизнесийн эрсдэлд орох үзэгдэл ажиглагдаж байна. Тиймээс үнэт металлын арилжаа эрхэлж байгаа иргэн, аж ахуйн нэгж Санхүүгийн зохицуулах хороонд өргөдлөө гарган тусгай зөвшөөрлөө авах шаардлагатай. Тэгэхгүй болд Зөрчлийн хуулиар нэлээн өндөр торгуультай болчихож байна. Нөгөө талдаа үйлчилгээ авч байгаа иргэд тусгай зөвшөөрөлтэй иргэнээс худалдаж авах нь илүү баталгаатай. Үүнээс гадна 2020 онд FATF ийн саарал жагсаалтад Монгол Улс орсон. Буцаад гарч байна гэж яригдаж байна. Мөн Европын холбооны хар жагсаалт гэж ярьж байна. Үүнд нөлөөлсөн нэг хүчин зүйл бол үнэт металлын арилжааны салбар байгаа. Үнэт металлын арилжаанд оролцож байгаа аж ахуйн нэгж, иргэн нь хэрэглэгчээ танихгүй байхаас шалтгаалаад мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх гэмт хэргийн хамтрагч болох эрсдэл байна. Тэгэхээр тусгай зөвшөөрлөө аваад явбал энэ эрсдэлээс хамгаалагдах боломжтой.
Г.БАТ