Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Г.Мөнх-Эрдэнэ: Дайны үед алт, ноолуур хоёроосоо л ахиу доллар олох боломж байна || DNN.mn

Хөрөнгийн зах зээлийн шинжээч Г.Мөнх-Эрдэнэтэй ярилцлаа.


-Орос, Украины асуудал дэлхийн гуравдугаар дайныг өдөөх үү, дайн эхэлбэл хэр хугацаанд үргэлжлэх бол, дайны нөлөө дэлхийн эдийн засагт яаж тусах вэ, тэр дундаа манай улсын эдийн засагт хэрхэн ямар нөлөө үзүүлэхээр байна гэх мэт өчнөөн асуулт хөвөрч байна. Орос, Украины харилцааны хямрал эдийн засагт яаж нөлөөлөх бол. Лав л алтны үнэ 100 ам.доллараар өсчихлөө?

-Путины мэдэгдлүүдийг харахад маш олон жил хүлээж суугаад тэсэрсэн юм шиг, тэвчээр алдаад эцэст нь эрс шийдсэн юм шиг өнгө их тод анзаарагдаж байна. Өнгөрсөн бүтэн сайнд гэхэд л цөмийн зэвсгийнхээ хүчинг өндөржүүлсэн бэлэн байдалд орууллаа гээд дуугарчихлаа. Ингээд харахаар хурдан хугацаанд хэвийн амьдралдаа эргэж орохгүй болов уу. Ийм тодорхойгүй байдал үүсчихээр дэлхийн зах зээл дээр алтны ханш харьцангуй өндөр түвшинд хүрчихлээ л дээ. Сая гэхэд гэрлийн шокоор өслөө. Гэхдээ үнэхээр дайн дажин хүндэрч асуудал хурцдахгүй бол алтны ханш огцом өсөлт үзүүлэхгүй. Америк Орос руу цэргээ оруулахгүй гээд мэдэгдчихсэн байгаа, төв банк нь хатуу бодлого барина гэдгээ зарлачихсан учраас алтны ханш өнөөдрийнхөөсөө унах магадлал бий.

-Дайны нөхцөл байдал хүндэрнэ, хоёр тал ойлголцол зөвшилцөлд хүртэл харьцангуй урт хугацааг туулна гэсэн таамаглал давтамжтай дуулдаж байна л даа. Америкийн хувьд цэргээ оруулах нөхцөл үүсэхийг ч үгүйсгэх аргагүй. Ийм байдалд хүрвэл алтны ханш өсөлт үзүүлсээр байх уу?

-Тогтворгүй байдал үүсэхэд алтны ханш өсдөг нь жам гэдэг утгаараа байдал хүндэрвэл мэдээж өндөр түвшингээ хадгалсаар байна. Огцом өсөх магадлал ямар тохиолдолд биеллээ олох вэ гэсэн асуулт тавиад харахаар ганц л шалтгаан бий. Европын холбоо, Америк цэргээ оруулах эсэх асуудлаас л шалтгаална. Одоогийн нөхцөл байдал эцэстээ хоёр том гүрний дайн болж хувирвал алтны ханш огцом цойлно.

-Ер нь тогтворгүй байдал, дайн дажны үед алтны үнэ хамгийн ихдээ хичнээн хувийн өсөлт үзүүлж байсан бол, энэ удаагийн үл ойлголцол дайн болж даамжирвал алтны ханш хичнээн хувийн өсөлт үзүүлэх талаар тодорхой таамаг хэлэх боломжтой юу?

-Эрсдлээс хамгаалсан бүтээгдэхүүн гэдэг утгаараа алтны үнэ дайны үед дандаа өсч байсан. Дайны оргил үед хамгийн их өсч байсныг өнгөрсөн түүхээс харж болно. Гэхдээ Америк оролцож байгаа дайнд алтны ханшийн өсөлт маш тод ажиглагддаг. Гэтэл өнөөдөр АНУ яах нь тодорхойгүй байна. Тийм учраас яг төчнөөн хувиар тэгж өснө гэж хэлэх боломж алга. 2001 оны есдүгээр сарын 11-нд гэхэд алтны үнэ ганцхан өдөрт 30, 40 хувиар өссөн түүх бий. Америк руу халдсан үйл ажиллагаа болсон учраас ингэж өссөн хэрэг. Европт янз бүрийн террорист халдлага болж байсан ч алтны ханш мэдрэгдэхүйц, огцом хөдөлсөн удаагүй. Америк долларын үнэ цэнэ алтаар баталгааждаг учраас АНУ энэ дайнд хэр гүн татагдаж орохоос алтны ханш өсөх эсэх нь хамаарна.

-Жо Байдены байр суурь хатуу байгаа гэсэн өнцгөөс харахаар АНУ энэ дайнд татагдаж орох магадлалтай. Тэгвэл алтны ханшид хэр өсөлт ажиглагдах бол?

-Тийм байдал үүсвэл алтны ханш яалт ч үгүй шинэ дээд рекорд тогтооно. Алтны одоогийн ханш 1900 орчим ам.доллар хавьцаа байна. 2020 оны хамгийн дээд түвшин нь 2175 ам.доллар хүрсэн. Энэ хэмжээнээс лав дээшилнэ. АНУ өнөөгийн байр сууриа өөрчлөөд цэргээ оруулна гэсэн асуудал яригдаад эхэлбэл дор хаяж арван хувийн өсөлт үзүүлнэ. Өөрөөр хэлбэл, богино хугацаанд огцом өсөлт гарна.

-Дайн хурцадлаа гэхэд нүүрс, зэсийн ханш яах бол?

-Орос, Хятад хоёр үндсэндээ нэг эрх ашигтай болчихлоо л доо. Оросын хийж байгаа энэ үйлдэл Хятадын эдийн засагт сайн уу гэхээс муу биш. Тэр утгаараа урд хөршийн эдийн засаг өсдгөөрөө өснө, нүүрс, зэсийн хэрэглээ байсаар л байна. Үнэхээр хурц дайн өрнөвөл зэвсгийн үйлдвэрлэл, байлдааны хангамж гэх мэтээр металлын хэрэгцээ өсөөд явчихна. Тэгэхээр дайнаас болоод нүүрс, зэсийн үнэ уначих вий гэж санаа зовох шаардлагагүй. Ковидоос шалтгаалсан хил, боомтын гацаа гэх мэт асуудал л экспортын гарцад нөлөөлөх эрсдэлтэй. Ингээд харахаар дайнтай хамаатайгаар манай эдийн засагт огцом, том эрсдэлүүд үүсэх магадлал бага.

-Манай улс ам.долларын ханш өссөөр байгаа, валютын нөөц их биш гэх мэт асуудалтай нүүр тулчихсан яваа учраас алтны ханшийн өсөлтийг сонирхоод байна л даа. Дайн ужгирч, урт хугацаанд үргэлжиллээ гэхэд алтаа ахиухан олборлож чадвал долларын ханшийг тавиад туучихгүйхэн шиг аж төрөх боломжтой байх тийм үү?

-Ер нь бол тийм. Долларын ханшийн өсөлтийн тухайд Монголбанкны интервенцийн бодлого нэгдүгээр сараас эхлээд өөрчлөгдсөн юм. Өмнө нь нийлүүлж явсан шигээ өндөр интервенц хийх чадал хумигдсаныг төв банкны статистикаас харчихаж болно. Тэр утгаараа долларын ханш өсөөд эхэлчихсэн. Дайн үргэлжилбэл алтны ханш өсөх нь тодорхой, өсөлттэй үед нь ахиухан олборлоод экспортолбол долларын ханшийг барих боломжтой. Алтны тухайд өнөөдөр ашиглаж буй ордуудаас гадна бодлогоор том ордуудыг ашиглах хувилбар байж болно.

-Ингээд харахаар манай улсын хувьд алтны ханшийн урт, дунд хугацааны чиг, таамгийг зөв харж тэр таамагтайгаа уялдуулж алт олборлолтдоо анхаараад явчихвал ямар ч цагт ханшийн эрсдэлд сөхөрчихгүй амьдарч болмоор ч юм шиг…

-Алтны ханшийн урт хугацааны чиглэлийг ерөөсөө л Америк, энэ улсын төв банк, мөнгөний бодлого тодорхойлдог. Дунд нь дайн, геополитикийн асуудлаас болоод богино хугацааны огцом өсөлт, уналтууд гардаг. Гэхдээ тэр өсөлт, уналтууд удаан хугацаанд үргэлжилж чаддаггүй. Америкийн төв банкны мөнгөний бодлоготой л уялддаг. Тэгэхээр бид алтны дунд, урт хугацааны ханшийн чиглэлийг гаргая гэж зорьж яваа бол Америкийн төв банк хаачих гэж байгааг л анзаарах ёстой. Энэ бол жанжин шугам нь. Үүн дээр нэмэгдэх шалтгаанууд нь бас Америктай холбоотой. Орос-Америк, Америк-Хойд Солонгос, Америк-Хятадын харилцаа гэх мэт АНУ-тай холбоотой харилцаанууд бас бий. Гэхдээ энэ бүхэн нь богино хугацааны өөрчлөлтийг үүсгэдэг.

-Орос, Украины дайнаас манай улсын хамгийн их болгоомжилж байгаа зүйл бол газрын тос. Хойд хөршөөс газрын тосны хэрэглээгээрээ бүрэн хараат гэж хэлж болохоор ийм нөхцөлд бидэнд ямар эрсдэл тулгарахаар байна вэ?

-Газрын тосны үнэ өсчихлөө. Дайны нөхцөл илүү хүндэрч, урт хугацаанд үргэлжилбэл газрын тосны ханш дахиад өсөх нь ойлгомжтой. Тэгэхээр газрын тосны үнийн энэ өсөлт л манайд шууд утгаараа нөлөөлнө. Түүнээс биш нийлүүлэлт тасалдах гэх мэт асуудал гарахгүй. Учир нь ОХУ-ын хувьд бид жижигхэн хэрэглэгч төдий. Хэрвээ Путиныг ийм эмзэг үед нь харилцаандаа сэв суулгахуйц мэдэгдлүүдийг дотоодоосоо хийгээд байвал шатахууны нийлүүлэлтээ танах, хасах, таслах эрсдэлтэй. Манайд шатахуун нийлүүлэхгүй явлаа гээд олох мөнгөө алдаж, дампуурчих гээд байх эрсдэл Орост үгүй. Манайх шиг хоёр том хөршийн дунд оршдог, далайд гарцгүй орны тухайд ийм цагт төвийг сахих нь л хамгийн зөв гаргалгаа. Аль нэг тал руу нь ханараад налаад явбал тухайн үедээ ашиг хонжоотой байж магадгүй. Гэхдээ урт хугацаандаа хэзээ ч зөв зүйлд хүргэхгүй. Бүр урт хугацаандаа яах бол гээд харахаар нэг асуулт гарч ирж байгаа. Бид цаашдаа нэг хөрштэй болчих юм биш байгаа гэсэн асуулт.

-Яагаад?

-Хойд хөршийн хувьд эдийн засгийн хүч нь улам сулрах эрсдэл рүү орчихлоо. Өөрөөр хэлбэл, нэг хөршийн маань нөлөө улам суларч, нөгөө хөршийн маань нөлөө илүү томроод байна л даа. Оросын тухайд Украин руу зоригтой шийдэмгий хөдөлж байгаа нь цаанаа том шалтгаантай байх. Хятадтай ярьсан тохиролцсон эдийн засгийн хамтын ажиллагаа бий учраас ингэж зориглосон болов уу. Украинтай холбоотой тэсвэр алдахаас аргагүй шалтгаан Путинд байгаа ч мань эрд улс орныхоо эдийн засгийг элгээр нь хэвтүүлчихгүй байх баталгаа онцгой чухал.

-Хятад тэр баталгааг нь өгсөн учраас Орос зоригтой хөдөлсөн гэж хэлэх гээд байна аа даа?

-Яг тийм. Наад захын жишээ гэхэд л жилийнхээ худалдааны эргэлтийг 200 тэрбум ам.долларт хүргэе гэж ярьсаар ирсэн нь баталгаажиж байна. Байгалийн хий нийлүүлэх том төсөл хэрэгжихээр болчихсон. Хятад, Оросын энэ мэт хамтын ажиллагаануудыг том зургаар нь харахаар урд хөрш хойд хөршийн ар тал болж байна гэсэн дүгнэлтийг хийчихэж болохоор. Товчхондоо мөнгөтэй, хүчтэй Хятад улс Оросоос бүтээгдэхүүн авна, ОХУ экспорт хийхээр гар барьсан юм чинь урд хөршийн өөр нэг том эрх ашгийг хангах ёстой болж таарна. Өөрөөр хэлбэл, Хятадын удирдагч хийхийг хүссээр ирсэн үйлдлээ Путинээр хийлгээд хараад суугаа юм биш үү гэсэн хардлага төрж байна л даа. ЗХУ задрах үед Путин 39 настай, бүх итгэл үнэмшил нь социалист нийгмийн үед тогтчихсон байсан. Энэ хүний хувьд ЗХУ-ын задрал маш том ялагдал байсан нь тодорхой. Задарч салсан улсуудаа ямар нэгэн байдлаар буцааж авахсан гэсэн бодол санааны мухарт нь байсаар ирсэн, тэр санаагаа гүйцэлдүүлэхийн төлөө үйлдэл хийж байх шиг. Гэхдээ нөгөө талаас нь харвал хойд хөршийн удирдагч орчин үеийн эдийн засгийг сайн мэддэг хүний хувьд ардаа хамгаалагчтай байж л зоригтой хөдөлнө. Эдийн засгийг нь дампууруулчихгүй байлгах тохиролцоо байж таарна. Тэр нь Хятад гэж харагдаад байна л даа. Хятадын хувьд Путиныг эдийн засгаар нь дэмжээд өрөлт дэвэлтийг нь хараад сууж байя, амжилттай болвол өөрсдийнхөө эртнээс бодож явсныг ажил болгоё гэсэн бодолтой суугааг үгүйсгэх аргагүй. Тийм тохиролцоо хоёр хөршийн дунд хийгдсэн байх магадлалтай. Хэрвээ энэ таамаглал үнэн бол манай улсад урт хугацаандаа асар аюултай. Бидний хувьд ухаантай амьдрах цаг ирлээ л гэж харж байна.

-Орос, Украины дайны эхний нөлөө болох шатахууны үнийн өсөлт инфляцийг улам өсгөх нь тодорхой байна. Дахиад онцлоход ахиухан доллар олж л төгрөгөө цаас болгочихгүйхэн шиг амьдрах ганц гарц байна. Дайны цагт доллар олох боломжтой бүтээгдэхүүнүүд гэвэл та юуг онцлох вэ?

-Юуны өмнө нэг зүйлийг онцолмоор байна. Хятад олимпоо дуусгаад хил гаалийн хатуу хоригуудаа зөөллөж эхэлсэн байх. Гэхдээ хэвийн, сайхан цаг эргэж иртлээ хугацаа их шаардана. Хил, гаалийн хорио, хязгаарлалт бүрэн тавигдтал хугацаа их авах учраас экспорт хийж доллар олъё гэвэл овор хэмжээ багатай хэрнээ үнэ цэнэтэй гэсэн шалгуурыг онцгойлж анхаарах ёстой. Ингээд харахаар алт, ноолуур хоёр л байна. Бүр тодруулж хэлбэл дайны үед алт, ноолуур хоёроосоо л ахиу доллар олох боломж байна. Ер нь ковидын үед ч тэр, дайны цагт ч тэр, хэцүү бэрх ямар ч үед овор хэмжээ маш бага хэрнээ өндөр үнэ цэнтэй бүтээгдхүүний экспорт л өгөөжөө өгдөг. Жишээ нь, манай улс жилд 20 тонн алт олборлодог. Цэвэршүүлж боловсруулсан алтны хэмжээ маань ийм гэсэн үг. Овор бараа нь гэвэл ерөөсөө л хааш хаашаагаа нэг метр куб хэмжээтэй. Ийм бага овортой хэрнээ 700 сая ам.доллар.

-Шинэ төслүүд нэмж хэрэгжүүлээд дахиад 20 тонн алт нэмээд олборлочихвол долларын ханшийг түвэггүй барьчихаар юм байна даа.

-Хэрвээ тэгвэл долларын ханш унадаггүй юм гэхэд өсөхгүй.

-Ковид, тээвэрлэлтээс улбаатай саад бэрхшээл нүүрсний экспортод сөргөөр нөлөөлсөн хэвээр байна. Ингээд харахаар таны онцолсончлон овор багатай, үнэ цэнэ ихтэй бараа бүтээгдэхүүний экспорт л аминд орох юм байна шүү. Алт олборлолтын хэмжээгээ өсгөхийн тулд шинэ төслүүд хэрэгжүүлэх гарц бий. Ноолуурын экспортыг өсгөхийн тулд ямар гарц байна?

-Алтны хувьд боломж байвал шинэ төслүүд хэрэгжүүлэх хэрэгтэй. Ноолуурын тухайд Хятадын хөгжлийн гол гарц болсон чөлөөт бүсийн шийдлийг нэгдсэн бодлогоор хэрэгжүүлбэл бодитой үр дүн гарна. Урд хөрш худалдааны, технологийн, үйлдвэрлэлийн гэх мэт маш олон төрлийн чөлөөт бүсийг байгуулсан. Дэд бүтцийг нь бэлдэж, татварыг нь хөнгөлж, хүмүүс амьдрах орчныг нь бүрдүүлээд өгчихдөг. Тийм таатай орчинд компаниуд олноороо очиж ажиллаад хурдацтайгаар дэлхийд гардаг. Манайд ийм бодлого алга. Манай улс түүхий ноолуур, хэдэн үйлдвэрлэгчийнхээ бүтээгдэхүүний экспортоос жилдээ 330 сая ам.доллар олж байгаа. Энэ хэмжээг тэрбум ам.доллар болгож өсгөх бололцоо бий. Түрүүн хэлсэн шиг тийм нээлттэй бүс байгуулаад ноолуурын бүх компанийг оруулчихвал энэ салбарын экспортоос тэрбум ам.доллар олох асуудал биш. Нүүрсний экспорт өнөөдөр хэцүүхэн байгаа тухай та сая онцоллоо. Бид нүүрсээ ганцхан замаар тээвэрлэж байгаа. Тэр зам эвдэрч гэмтэхэд л нүүрсний экспортод том гацаа үүсэх эрсдэлтэй. Ковидын үед нүүрсний тээвэрт хил, боомтын гацаа гэсэн том асуудал үүсчихсэн. Хятадтай харилцаагаа сайжруулж шинэ сувгууд нээх шаардлага бий. Яг одоогийн байдлаар нүүрсний тухайд Гашуунсухайт, Шивээхүрэн гэсэн хоёр гол боомт л байна. Бараа бүтээгдэхүүнээ татаж авдаг Замын-Үүд гэсэн ганцхан сувагтай. Экспорт, импортын гарц орцуудаа нэмэх, боомтуудынхаа хүчин чадлыг нэмэх хэрэгтэй гээд яривал хийх ажил их байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *