Categories
булангууд мэдээ нэг-ангийнхан цаг-үе

Г.Мэнд-Ооёо, До.Цэнджав тэргүүтэй Багшийн дээдийн “ХЭНХЭГҮҮД”

Монгол Улсын хамгийн их хөгжиж, цэцэглэж байсан үед 1970-аад он зүй ёсоор ордог. Юм бүхэн цэгцэрч, улс орны хэмжээнд шинжлэх ухаан, барилга, мал аж ахуйгаас эхлээд бусад бүхий л салбарт хөгжил, дэвшил ирж нийгэм шинэ шатанд алхаад байсан үе. Иргэд, ард түмний амьдрал ч айвуу тайвуу, нийгмийн бухимдалгүй байж. Тэр цагийн оюутнууд, өнөөгийн нийгэмд голлох байр суурь эзлэх болсон нэг ангийнхныг энэ удаа онцолж байна. Тодруулбал, 1974-1978 оны Багшийн дээд сургуулийн Монгол хэл, уран зохиолын ангийнхан. Тэгэхэд 70-80 оюутан энэ ангийг бүр­дүүлж байсан бөгөөд А,Б,В гэсэн гурван бүлэгтэй. Ангийнхнаасаа цойлж, ний­гэмд танигдсан эрхмүүд бол Соёлын гавьяат зүтгэлтэн До.Цэнджав, Г.Мэнд-Ооёо нар юм.

Багшийн дээд сургуулийг 1974-1978 онд дүүргэсэн оюут­нуудын хэнтэй нь ч уулзсан багш, сурган хүмүүжүүлэгчдээ дурсана. Тэр үед Багшийн дээд сургуулийн багш нарын эрдэм, чадал, нөөц бололцоо гайхагдаж байсан гэдгийг оюутнууд нь одоо ч ярьсаар. Академич н.Төмөртогоо, Гадаадын уран зохиолын багш Р.Болд, утга зохиолын судлаач, шүүмжлэгч багш Цэнд, “Хайрхан уулын бараа”, “Урсгал тунгалаг Тамирын гол” гээд олон сайхан дууг зохиож, амилуулсан яруу найрагч Д.Отгонсүрэн гээд олон арван эрдэмтэд хойч үеэ сурган хүмүүжүүлж байжээ. Ш.Надмид багш авиа зүй хэмээх уйтгарт хичээлийг яруу найраг шиг болгож, Дашдорж багшардын уран зохиолыг ёстой л “тос амтагдтал” заана даа хэмээн нэрт зохиолч До.Цэнджавын ангийнхан хүүрнэн байна. Монгол бичгийн багш Б.Шаравын самбар дээрх сийлсэн мэт бичээсийг оюутнууд хараад арчиж, арилгаж чаддаггүй байсан гэдэг. Тэд ангийн багш Ж.Санжаагаа “Бидний үе тэнгийн шахуу. Мэдлэг, мэдээлэл, сурган хүмүүжүүлэх тал дээр биднээсээ нэгэн зууны түрүүнд явдаг хүн” хэмээн сайшаана. Эдгээр багш нарын үгийг дуулж явсан оюутнууд эрдэмтэд шиг, шинжлэх ухаан, ном зохиолд хөтлөгдсөн тийм л нэг давалгааг үүсгэж байж.

Харин энэ ангийнхнаас онцолбол Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Мэнд-Ооёо эмэгтэй хүн бүр дурлам тийм залуу байсан байна. Г.Мэнд-Ооёо хичээл дээр ч шүлэг тэрлэж суудаг нэгэн байжээ. Багш нар нь хүртэл дүн тавихаасаа цааргалж, хичээлд шимтэхгүй байгааг нь шүүмжилнэ. Тиймдээ ч Утга зохиолын нэгдлийг оюутан ахуйдаа удирдаж явсан түүхтэй гэнэ. Тодруулж өгүүлэхэд До.Цэнджав зохиолчтой нэг анги гэх ч нөгөө бүлэгт нь харьяалагддаг байжээ. Харин Соёлын гавьяат зүтгэлтэн До.Цэнджав зохиолчийн хувьд Оюутны зөвлөлийн дарга хийж, нэртэй зохиолч болно гэж байнга ярьдаг байсан нь амьдралд биеллээ олж энэ цагийн нийгмийг соён гэгээрүүлэх олон арван ном туурвих түүчээ болсон бололтой. Бас хожмоо доктор хамгаалсан Б.Явуухулангийн ойрын хамаатан Я.Баатар нь ангийн нөлөө бүхий хүүхдүүдийн нэг. Өдгөө АНУ-д амьдарч буй аж. Доктор Ч.Жачин тэр үеийн жинхэнэ улаан онцын эзэн. Хэн ч Ч.Жачингийн хэмжээнд хүрч хичээлийн төлөө хэнхэглэдэггүй байсан гэдэг. Д.Нацагдоржийн шагналт оюутан болж сардаа 400 орчим төгрөгийн стипенд авдаг байсан нь оюутнуудын дунд шагшигдаж байсан түүх тэднийх.Ангийнхныг муудалцсан үед нь эвлүүлж, муугүй үед нь хөгжөөдөг гол хүмүүс бол Д.Даваа, А.Борхүү нар. Д.Даваа нэгдлийн дарга болно гэж байнга шахам ярина. Ангийнхан нь ч “Чам шиг хүн нэгдэл удирдвал Монгол Улс дампуурна” гэж “цаашлуулдаг” байж. Гэтэл төгсөөд дөрвөн жилийн дотор сум нэгдлийн дарга болон дэвшиж тухайн үеийн нийгэмд ангийнхнаасаа амжилт үзүүлсэн хамгийн эхний хүн болж байжээ. Эмэгтэйчүүдийн тухайд олон жил нэгдүгээр сургуульд багшилж байгаад өдгөө Улаанбаатарын их сургуулийн Монгол хэл, уран зохиолын багшаар ажиллаж буй доктор Д.Дэнсмаа, 33 дугаар сургуулийн захирал асан З.Янжмаа, Д.Шатар, Цогтчимэг, Ц.Должин гээд олон манлайлагч бий. Ер нь тэд нэгэн жигд сурлагатай, багш нарын хайрыг татсан анги, хамт олныг бүрдүүлж байжээ. Ангийг Ховдын гарвалтай Лут-Очир даргална. Лут-Очир нь насаар ахмад, ажиллаж байгаад ирсэн учраас бүх зүйлийг ном ёсоор нь, ямар ч гажуудалгүй хийхийг эрмэлздэг нэгэн. Оюутнууд багш нараасаа бус ангийн даргаасаа айна. Учир нь хичээлийн тасыг арилгуулах гэж оролдсоны ч хэрэггүй. Харин ангийнхан нь хариу авах ганцхан аргатай гэж байгаа. Тэрээр орос хэлний дуудлага, сонсголгүй учраас шинэ багш ирэхэд ангийн дарга “ах нар”-ын хэлээр хамгийн сайн ярьдаг гэж хэлээд яриулаад байна. Ард нь ангийнхан нь ёстой л шавайгаа ханатал инээлддэг байжээ.

Мэдээж дөрвөн жилийн хугацаанд есөн зүйлийн л юм болно. Тэр үеийн семинар бол одооны эрдэм шинжилгээний ажилтай дүйхүйц хэмжээнд хийгддэг байсан гэж байгаа. Дор хаяж 20 түүнээс дээш ном уншиж, судалж байж илтгэнэ. Семинарт оролцохгүй оюутан сайн, онц гэсэн дүнг мөрөөдөөд ч хэрэггүй.Гадаадын уран зохиолын багш Р.Болд нэг удаагийн семинар дээр “Обломов гэж хэн бэ” гэж А.Борхүүгээс асуусан байна. Обломов гэдэг нь тухайн нийгэмд залхуугийн хамгийн сонгодог жишээ болсон номын баатар. Тэгэхэд А.Борхүү “Их муухай хүн” хэмээн хариулсан нь хэзээнээс ёгт Р.Болд багшийн анхааралд өртөж ярьсаар байгаад нөхөр А.Борхүү нь обломов болж ангийн нөхөд нь ярьж, инээх зүйлтэй хоцорсон байдаг. Ингэсээр Р.Болд багш А.Борхүүгээ гадаадын уран зохиолын номоос салахгүй, шимтэн уншдаг оюутан болгосон байна. Бас нэг удаа семинар дээр “Гульсар минь баяртай” номыг даалгаварт өгснөө асуужээ. Мөн л А.Борхүүг босгон асууж. Уг ном нь өвгөн, морь хоёрын тухай. Гэтэл нөхөр “Өндөр цагаан хүүхэн байсан юм” гээд хариулж гэнэ. Багш нь ч явуулаад, асуугаад эхэлсэн байна. Оюутан нь “Тэр өндөр цагаан хүүхэн явсаар нэгэн залуутай танилцан сайхан амьдарсан гэдэг” гээд төгсгөсөн нь бүтэн жилийн инээд болсныг одоо ч дурсана.

Мөнгөн ээмэг, монгол дээлтэй бол Багшийн дээдийн монгол хэлний ангийнхан гэж Улаанбаатарын хэмжээнд хошигнодог байсан бол анги дотроо ой, төгөл гэсэн нэршлийг хэрэглэдэг байжээ. Ой нь онц сурлагатнууд урд эгнээг дүүргэж хичээлдээ тааруу нэг нь төгөл болон араар нуугддаг байж. Төгөл бүлэгт өндөр биетэй олон ч хүүхэд багтдаг бөгөөд нэг цаг 30 минутын хичээл дуустал хамаг биеэ хураан суух гэж ихээхэн том зүйл болдог байсан байна.

Г.Мэнд-Ооёогийн удирддаг утга зохиолын дугуйланд нийгэмд нэр нөлөө бүхий томоохон зохиол ч ирнэ гэвэл оюутнуудын ёстой амны хужир нь болдог байжээ. Ц.Гайтав гуай халамцуухан ирээд утга, уран зохиолын тухай, Ц.Дамдинсүрэн гуай судалгааны ажил хийх арга барилын тухай ярина. “Эрдэм шинжилгээний ажил хийхэд шогол ашиглах ёстой. Шогол гэдэг нь дөрвөлжин нүдтэй хайрцганд уншсан зүйлээ толгой үсгийн дарааллаар оруулна” гээд сургана. Тэрээр бид амьдралд бас хөгжилтэй зүйлийг ярьж байх ёстой гээд “Би энд тэнд явж байхдаа. Хүүхэд, хүүхнүүд шаваад ирэхээр Эрээн алаг барсыг элдэв аргаар номхруулж болно. Эхнэр гэдэг гэзэгтэй барыг эрхлүүлэх тусам толгой дээр гарна гэж уншдаг юм” гээд ёстой л шүлс гоожтол ярьдаг байжээ. Харин П.Бадарч гуай офицер цолтой сэлэм шиг залуу байсан гэнэ. “Буун сумны дуунд булганы үс унана” гээд эхлэхэд Багшийн дээдийн эмэгтэй оюутнууд шүүрс алддаг байж. Яг энэ үед Ү.Хүрэлбаатар, Ш.Гүрбазар дээд ангиас нь, үе тэнгийнхнээс нь Ж.Саруулбуян, шар Мийгаа нар тус сургуульд бэлтгэгдэж байсан бол Б.Лхагвасүрэнгийн, О.Дашбалбарын шүлэг яригдаж байсан гэнэ.

Мэдээж оюутан ахуй цагийг намрын ажил, цайны газар, хоол ундтай холбоотой хөгжилтэй явдалгүйгээр төсөөлөх аргагүй. Хөдөөний голдуу оюутан байранд ирнэ. Байранд орох гэж уртаас урт дараалал үүсэх бөгөөд тасгаа сонгоод авбал дараа дараагийн асуудал юу ч биш. Тэр үед 240 төгрөгийн стипенд авдаг учраас гачигдал бараг байхгүй. Гэхдээ ар гэрээсээ холдож үзээгүй хүүхдүүд дөрвөн жилийн хугацаатай ирж байгаа учир сэтгэл цадна гэж үгүй. Нийтийн хоолонд хоолшихгүй. Байрныхаа ний­тийн гал тогоонд өөрсдөө хоол хийлээ ч ихэвчлэн гоймонтой шөл идэх учраас сэтгэл нэг л дундуур. Хэрвээ нийтийн гал тогоонд оюутнууд зэрэгцээд хоол хийж байхад нэг нь цуйван бэлдвэл анаж байгаад хулгайлна. Охидын байраар явахад олуу­лаа бол хоолоо нуугаад өгөхгүй болохоор ихэвчлэн ганцаарчилсан тоглолт хийж тасаг, байраар нь хэсч тэднээр дайлуулна. Дайлуулахдаа амаа ангатал ярьж, тэднийг хөгжөөх зарчимтай.

Тэр цагийн гоёл драпан пальто, тарфицан өмд. Эмэгтэйчүүдийн хувьд импор­тын хийгээд гар хийцийн юбка, өндөр ултай оймсон түрийт гутлаар гангарна. Гэхдээ намрын ажил эхлэхэд юун гоёж, гоодох. Хөвөнтэй куртка, шар вааран өмд, орос бакиалаар эр, эмгүй жигдэрнэ. Эмэгтэйчүүдийн хувьд нүүр, нүдний будаг хомс ч олж аваад будна. Тэгээд багш нараа орж ирэхээс өмнө буцаагаад арилгана. Ер нь Хөдөөгийн баясгалан, Мартагдашгүй намар кинонууд тухайн үед хийгдсэн бөгөөд тэр үеийн оюутнуудын намрын ажил, зуны ажлыг яг тусгасан байдаг байна. Монгол хэл уран зохиолын энэ ангийнхан л гэхэд Дундговь аймгийн Дэрэн сумын сургуулийн барилгыг 1976 онд барьсан түүхтэй. Тэгэхэд тус сумын баяр наадам нь таарч эрхэм До.Цэнджав шөвгөрч байсан юм байна. Тэд тэр л цагийнхаа жамаар хичээл номын төлөө хэнхэглэж, хэн нэгнээс өрсч унших, олж мэдэхийн тулд шамдаж явсан байна. Намар, зуны ажилд, хөлдүү газар ухахад ч эр, эм гэж жендер ярилгүй бүгд хүрз, лоом барин хөдөлмөрлөж, бүтээж босгож асан нь өдгөө 40 жилийн өмнөх түүх болон дурсагдаж буй нь энэ.

Монголын нийгмийн нэгэн үеийн төлөөлөл Багшийн дээд сургуулийн Монгол хэл, уран зохиолын ангийнхны түүхээс багахан өгүүлэхэд ийм. Тэдний тухай, оюутан ахуй үеийг нь өгүүлэхэд сонины энэхэн зай багадна. Харин тэр цагийн хийгээд энэ цагийн оюутнуудын сурч боловсрох, эдэлж хэрэглэхийн хооронд, олж мэдсэн нь ч өдөр шөнө шиг ялгаатай байгаа нь харагдаж байлаа.

Л.МӨНХТӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *