– МОНГОЛЧУУД ОЮУНЫ БИШ, ХОДООДНЫ БАЯР ХИЙГЭЭД БАЙНА –
“Ачуут гол” уламжлалт анагаах ухааны эмнэлгийн ерөнхий эмч Г.Машбаттай ярилцлаа.
-Сар шинийн баяр болоод, хүн бүр л мах, бууз, салат ихээр идэж, ундаа, архи ууж байна. Энэ нь хэр зохистой хооллолт вэ?
-Сар шинэ бол бэлгэдлийн баяр. Ах дүү найз нөхөд, эмээ өвөө, аав ээж ахан дүүстэйгээ учран золгож, бие биенээ эсэн мэнд, энх тунх сайн явааг хардаг, мэнд усаа мэдэлцдэг уламжлалтай. Гэтэл сүүлийн үед энэ баяр утгаа алдаад байна. Мал аж ахуйтай хөдөө нутгийн нүүдэлчин ард зундаа сүү цагаан идээгээрээ ундаалаад, өвөлдөө идшээ хийгээд, цагаан сараар ууцны мах, буузаа идээд баярлахад тохирдог байсан. Гэтэл биеийн хүчний ажил хийдэггүй, хөдөлгөөн багатай, нэг байшингаас гараад, нөгөө байшинд ороод суучихдаг, ажилдаа машинаар явдаг, ажил дээрээ өдөржин суудаг болсон хотын хүмүүст мах их идэх нь тохирохгүй байна. Тэр тусмаа суурин иргэншлийн хүмүүс сар шинийн баяраар хэт их мах, махан хоол хүнс хэрэглэж байгаа нь биеэ хордуулж буй хэрэг. Бараг гурав, дөрвөн сарын хугацаанд бага багаар авах ёстой уургаа, хоёр гурван өдөрт идчихээр, уургийн илүүдэл үүсээд бие хордож байгаа юм. Монголчуудын хамаг өвчлөл, нас баралт энэ мэт буруу хооллолтоос үүдэлтэй.
-Хоорондоо үл зохицох харшилдаг хүнс гэж бий юу. Халуун хоол идээд, хүйтэн ундаа, айраг уудаг, хоол идээд салат иддэг нь хэр зохимжтой вэ?
-Хоорондоо үл зохицох, шингэхэд бэрх идээ ундаа гэж бий. Сар шинийн баяраар үл зохицох идээ ундаа их хэрэглэж байна. Уламжлалт анагаах ухаанд зөв хооллох арав гаруй зарчим бий. Цагаан сараар энэ зарчмуудыг зөрчиж байна. Мах, бууз нь хүнд хэлбэрийн бүхэл хоолонд орох учраас шингэхэд бэрхтэй идээ ундаа гэж уламжлалт анагаах ухаанд нэрлэдэг. Ходоодны үйл ажиллагааг муутгадаг үндсэн хүчин зүйл гэсэн үг. Мөн үл зохицох хоолнууд ходоодонд ороод найрагдаад, хор болж байгаа юм. Жишээлбэл, халуун бууз идчихээд, араас нь хөргөгчнөөс гаргаж ирсэн хүйтэн зууш салат идэх буруу. Ходоод халуун хоолыг боловсруулж байтал гаднаас хүйтэн салат ходоодонд ороод ирэхээр шингээлтийг бууруулдаг. Хоол ходоодонд удаан шингэхээр агааргүй орчинд илжрэл, ялзрал явагдана. Энэ ялзрал нь цусанд шимэгдэж орно. Халуун хоолны араас, хүйтэн архи, ундаа, айраг уух ч буруу. Халуун хүйтэн ундыг хольж уудаггүй. Мөн идэр залуу хүн зун намрын цагт хонины мах, гүүний айраг уувал хор болно гэж эртнээс хориглодог байсан уламжлалтай. Үүнийг ч одоо мэдэхгүй болсон байна. Сүү цагаан идээ дэлгэрээд ирэхээр монголчууд гүүний саам, тараг сүүний сар гэж үзээд сүү ууж ходоод, цөсөө цэвэрлэдэг байсан юм.
-Махан хоолны араас архи уухаар ходоодонд ямар процесс явагддаг вэ?
-Архи ходоодны хүчлийг ихэсгэнэ. Ингээд улаан хоолой ходоодны салст бүрхүүл асар их гэмтдэг. Халуун хоолны араас архи ууж ходоодыг олон дахин цочроогоод ирэхээр, ходоодонд улайлт шарх, шархлаа үүсэх суурь тавигдаж байна. Энэ мэтээр монголчууд баяр ёслол болгоноор идэж буй хүнсээрээ өөрсдийгөө өвчлүүлээд байх юм. Оюун ухааны, бэлгэдлийн ерөөлөө өргөдөг баярыг ходоодны баяр болгоод байна. Ерөөсөө л олон баяр хийж, баяр болгоноор өвчнийхөө эх үүсвэрийг тавиад байгаа юм. Буруу хооллолт зүрх судас, сахар, элэг цөс гэх мэт бүх төрлийн өвчний эх үүсвэр байдаг.
-Баяр болгоноор өвчлөл үүсдэг нь эмнэлгийн оочер дарааллаас хүртэл мэдэгдэж байгаа юу?
-Цагаан сар, улсын баяр наадам, шинэ жилийн дараа архины, хоолны хордлого ядаргаа, хууч өвчин сэдэрч эмнэлгүүдийн ачааллыг эрс нэмэгдүүлдэг. Уг нь баяр болохоос дайн биш шүү дээ. Гэтэл баяр бүрийн дараа, хордлого гэмтэл, бэртэл, аваар ослын тоо нэмэгддэг. Баярын буруу хооллолт суурь өвчтэй хүмүүсийн хуучийг хөдөлгөдөг. Монголчууд оюун ухааны баяр хийх ёстой байтал ходоодны баяр хийдэг. Ходоодны баяр хийгээд байдаг тул баяр их байх тусам монгол хүний дундаж наслалтыг багасгаж байгаа юм. Ерөөсөө л нас баралтын гол шалтгааны суурийг тавьдаг зүйл бол буруу хооллолт.
-Тэгэхээр сар шинийн баяраар ямар хоол хүнс хэрэглэх нь зохимжтой вэ?
-Цагаан сараар маш бага идэх, өөртөө тааруулж хооллох хэрэгтэй. Халуун хоолны араас хүйтэн зүйл уувал найруулсан хор мэт зүйл болдог гэдгийг сайн санаж байх хэрэгтэй. Адуу, үхэр, хонины махны араас хүйтэн зууш салат, салатны араас барашиг, пиво, архи уух ч бүгд хориотой. Салатны майонез ходоодонд ороод айрагтай холилдохоороо ээдэж аюултай хор болдог юм шүү. Майонез, сүүтэй цай ч ялгаагүй.
-Ингэж буруу хооллочихсон бол дараа нь яаж ходоод гэдсээ эрүүлжүүлэх вэ?
-Нэгдүгээрт Эрүүл мэндийн яам, төрөөс иргэдийг эрүүл мэндийн боловсролтой болгоход онцгой анхаарах хэрэгтэй байна. Өвчин их байгаагаас үүдэлтэй эдийн засгийн хямрал ч их болж байна. Хүмүүсээ эрүүлжүүлээгүй байж улсаа хөгжүүлнэ гэж ярих утгагүй. Эрүүл хүмүүс энэ улсыг хөгжүүлнэ. Иргэд нь эрүүл болоод ирэхээр эдийн засаг ч сайжирна. Хоёрдугаарт, их идсэн баяруудын дараа цөсөө угааж хэвших хэрэгтэй. Улс даяр цөсөө угаадаг өдөртэй болох ёстой юм. 2004 оноос хойш би Эрүүл мэндийн яам, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд нарт бүгдэд нь захидал явуулж байсан. Улс даяар цөс угаадаг өдөртэй болгож өгөөч ээ гэж гуйсан юм. Цусаа өгөх өдөр, ДОХ-ын эсрэг өдөр гэдэг шиг цөс угаах өдөртэй болчихвол өвчлөл буурна. Монгол хүн болгон цөс угаах аргад суралцаж, цөсөө угааж заншвал монгол хүний дундаж наслалт гурваас таван жилээр уртасна.
-Цөсөө ямар аргаар угаах вэ?
-Эхлээд заавал эход харуулах шаардлагатай. Чулуутай бол цөс угааж болохгүй. Цөсний чулуу үүсэхээс сэргийлдэг гол арга нь угаах. Цөсөө угаагаад байвал чулуу үүсэхгүй байх 100 хувийн боломжтой гэсэн үг. Цөс угаах олон арга бий. Эмнэлгээс зориулалтын угаах бэлдмэл авч уух, шар сүүгээр угаах, рашаан ууж гүйлгэх гэх мэт. Цөс угаахад гэдэс ходоод бүгд угаагдаж, өөх тосны үлдэгдэл цэвэрлэгддэг. Нүүрээ угаадаг, усанд ордог шигээ тогтмол цөсөө угааж сурах шаардлагатай байна. Улиралдаа дор хаяж нэг хоёр удаа угаана. Баяр болгоны дараа бас угаах хэрэгтэй. Зуны улиралд цагаан идээ идэж ходоод хоол боловсруулах эрхтнээ амраах нь зөв. Энэ уламжлал алдагдсан байна. Дөрвөн улирал мах идээд байгаа нь сахар, зүрх судасны өвчний гол суурь болоод байгаа юм. Идсэн хоол хүнсээ хөдөлгөөн хийж шатааж байх ёстой. Огт шатаахгүй, хөдөлгөөн багатай байгаагаас болоод өвчлөөд байна. Мөн газтай ундаа их ууснаас болж, сахарын өвчин дэлгэрч байгаа.
-Хүмүүс цагаан сараар их мах идсэн одоо мацаг барина гэх юм. Хавар мацаг барьж болдог юм уу?
-Хүйтнээс халуун руу шилждэг завсрын улирал учраас хавар мацаг барьдаггүй. Мөн намар мацаг барихыг ч хорьдог. Настнууд ядарч, хүүхдүүд хүртэл тэжээлээр дутагддаг хатуу үе бол хавар цаг. Тиймээс монголчууд хавардаа борцоо идээд, зундаа сүү цагаан идээгээ идэж цаг улиралдаа тохируулан хооллодог байсан. Өвчнийг уламжлалт ангаах ухаанд эм, засал, идээ ундаа, явдал мөр гэх дөрвөн үндсэн аргаар л эмчилдэг юм. Тэгэхээр эрүүл байхад хоол хүнс маш чухал үүрэгтэй.