Categories
мэдээ нийгэм цаг-үе

Г.Маралгуа: “Надад итгээч, намайг ойлгооч, намайг хүлээн зөвшөөрөөч” гэж өсвөр насныхан дотоод сэтгэлдээ орилж байдаг DNN.mn

Интермед эмнэлгийн сэтгэл судлаач, “Сайн сонсогч” сэтгэл зүйн зөвлөгөөний төвийн захирал, сэтгэл судлаач Г.Маралгуатай ярилцлаа.


-Хүний насыг ангилдаг байдал өөрчлөгдсөн гэсэн үү?

-Цаг үе өөрчлөгдөхийн хэрээр хүмүүсийн идэр нас, залуу нас, балчир нас, нялх нас гэдэг тодорхойлолтод соёлын өөрчлөлт, физиологийн өөрчлөлтийн улмаас өөрчлөгдөж байна. Одоогийн байдлаар өсвөр насны сүүл үеийг бараг 20 нас гэж үзээд байгаа. Тэгэхээр бид 18-19 насыг өсвөр насаа даван туулах гэж байгаа гэж тодорхойлж болж байна. Бүрэн гүйцэд мэдрэлийн эсүүдийн хөгжил, тархины бүтцийн түвшинд тодорхой хэмжээнд тогтворжоогүй байдаг. Өсвөр нас хойшилж байна гэдгийг бид насных нь түвшинтэй харьцуулж үзээд тохирсон арга барилуудыг хэрэглэх ёстой. Жишээлбэл, ажилд авахдаа өөрчлөлт гаргах ёстойг харуулж байгаа.

-Өсвөр насны хүүхдүүдийн онцлог нь юу вэ. Яагаад сэтгэл зүйн хямралд өртдөг вэ?

-Өсвөр насны хүүхдүүдийн хувьд хүүхэд ч юм шиг, насанд хүрсэн хүн ч юм шиг дундын шилжилтийн нас. Гэтэл бүх насныханд яг өсвөр насны хүүхдүүд шиг шилжилтийн буюу хөгжлийн нэг наснаас нөгөө нас руу шилжих үед саад бэрхшээл тулгардаг. Энэ хөгжлийн шатыг даван туулж байгаа чадавх нь дараа дараагийнх нь амьдралын хөгжил, хүчин чадлыг бүрэн тодорхойлдог гэж үздэг. Тэгэхээр ерөнхийдөө нялх насны хөгжил, сургуулийн өмнөх насны хямрал, өсвөр насны хямрал, оюутан насны хямрал, шинэ төгсөгчийн хямрал, шинэ ажилд орогчийн хямрал, шинэ ээж аав болсны хямрал гээд бүх л үед хямралд өртдөг.

-Өсвөр насны хямралын ялгаа нь юу вэ?

-Өсвөр насанд энэ бүх хямралаас ялгаатай нь биологийн түвшин нэмэгдээд ороод ирдэг. Нас биед хүрсэн 20, 30, 40 настай хүмүүст биед нь тодорхой хэмээний өөрчлөлт ордоггүй. Биологи дааврын түвшинд бусад насанд хөгжил багатай. Гэтэл өсвөр насны үед маш хүчтэй өөрөөс нь хамаарахгүй гармоны түвшинд, дааврын түвшинд өөрчлөлт явагдаж байдаг. Хүссэн хүсээгүй тэр хүүхдүүд хэчнээн өөрийгөө захирч удирдаж байлаа ч, захирч байна гэж бодсон ч цаанаасаа үйл хөдлөлийн түвшинд бие махбод нь өдрөөс өдөрт хурдтай өсч, охид нь эмэгтэй хүн болж, хөвгүүд насанд хүрсэн бие хүн болохоор бие организм нь дасч байгаа учраас нэг биеэс нөгөө бие рүү шилжиж байгаа гэх юмуу, үүндээ аль дүрд нь би хамаарагдах вэ гэдэгт нэгдүгээрт гацалтад ордог. Бие хаагаа харахаар насанд хүрсэн хүн шиг харагдаж байгаа ч нийгэм, сэтгэл зүй, санхүүгийн чадамжийг харахаар бие даагаагүй байдаг. Үүндээ гутардаг. Даавар, шилжилтийн түвшин нь тэдгээр хүүхдүүдэд цочрол үүсгэдэг. Ялангуяа дотогшоогоо эмзэг мэдрэмтгий, нээлттэй биш хүүхдүүдийн хувьд энэ өөрчлөлтийг хүндээр тусгаж аваад яаж дасан зохицохоо мэдэхгүй хямралд ордог. Биологийн хувьд ийм нөлөөтэй.

-Тэгэхээр гаднаас нөлөөлөх хүчин зүйл бий юү?

-Нийгэм соёлын хүчин зүйл бий. Өсвөр насны хүүхдийг манай нийгмийн нийтлэг үзэл хандлагаар авторитар байдалтай харьцдаг. Бусад улс орны хувьд нялх бай, өсвөр нас, балчир нас байсан ч жаахан хүүхэд учраас мэдэхгүй, чадахгүй, хийх хэрэггүй, чи залуу учраас туршлагагүй гээд байдаг нь бага. Гаднах байдал, нас хүйсээр нь ялгаварлах байдал байдаггүй. Монголын хувьд буруутгаж байгаа юм биш л дээ. Хэтэрхий ах нь сургаж, дүү нь сонсдог. Ахмад настай л бол илүү туршлагатай гэдэг үзэл хандлагууд хүүхдүүдийн дутууг мэдрүүлдэг. Угаасаа хүүхдүүд нийгмийн чадамж, дадлага туршлага болоод бие физиологийн хувьд хангалттай бүрэн төлөвшөөгүй байгаа. Үүн дээр нь нэмж чи жаахан, чи чадахгүй, чи туршлагагүй гээд байхаар хүүхдүүдийн харимзтай эго нь бүтэж явдаг үе учраас дургүй хүрнэ. Дандаа надад зааж сургадаг, намайг жаахан хүүхэд шиг үздэг, намайг басамжилдаг гэж бодож байдаг. Шилжилтийн үе дээрээ явж байхад нь чи жаахан хүүхэд гээд дараад байх юм бол нас биед хүрэх хөгжилд нь саад хийж байна гэсэн үг. Энэ бол макро түвшний нөлөөлөл буюу нийгэм соёлын хүчин зүйл.

-Тэгэхээр сэтгэл зүйн хямрал улс үндэстнээсээ шалтгаалах нь ээ?

-Улс үндэстнийхээ соёл уламжлал, үнэт зүйлсээс их хамаардаг. Гэхдээ микро түвшний хүчин зүйл хамгийн их нөлөөлдөг. Нийгэм соёл, ядуурал, эдийн засаг гэж ярьж байгаа боловч хувь хүний хөгжил, зан үйлийн тодорхой өөрчлөлт гаргана гэдэг микро түвшний нөлөөлөл маш чухал. Яагаад гэвэл өсвөр насны хүүхдүүд бүгд өөр өөрөөр даван туулж байгаа. Өөрсдийнх нь гарт ямар чадамж, ямар зэвсэг байгаагаас шалтгаалаад урд тулгарч байгаа хөгжлийнхөө саадыг даван туулдаг. Түүнийг давах хангалттай чадамж, зэвсгийг хэзээ олж авдаг вэ гэхээр 12 наснаас өмнө бид бүгдийг нь олж авдаг. Хүүхдийг гурван нас хүрэхэд нь ерөнхий зан төлөв суучихсан байдаг. Оройтно гээд судалгаанууд явагддаг. Ном товхимол зөндөө байдаг. Яагаад юу ч ойлгохгүй байх үед нь буюу таван наснаас өмнөх үед нь хүүхэдтэйгээ ажилла гээд байгаа юм. Тэр үед нь хүүхдүүдээ ямар ертөнцийг үзэх үзэлтэй, ямар бодолтой, ямар зан суртахуунтай, яаж хүнийг хайрлаж хүндэлдэг хүн болгох гээд бүх зүйлийг кодолчихдог. Бага нас буюу бидний нялх нас гэж нэрлээд байгаа насанд эцэг эхчүүд өөрсдөө хүүхдэдээ яаж хандаж, хүрэлцэж, ойлгож, харилцаж байгааг хүүхэд өөрөө хуулбарлаж авдаг. Өөрөөр хэлбэл, кассет хураадаг шиг бичиж авна. Өөрийнхөө ой санамжид бичнэ гэсэн үг. Буцаад хүүхэд өөрт байгаа датагаараа цаашид насан туршдаа тоглуулж, ашиглаж түүнийгээ л хэрэглэдэг. Тэр суурийг нь 12-оос доош насны хүүхдүүдэд гэр бүлийн орчиндоо олж авна.

-Бага насандаа сэтгэл зүй нь гэмтсэн гэдэг юмуу, буруу үлгэр дуурайл авч өссөнөөс болж, өсвөр насандаа түүнийгээ илэрхийлээд гэмт хэрэг хийгээд байна уу. Хамгийн сүүлийн жишээ л гэхэд 13-15 настай хүүхдүүд лифтэнд настай хүмүүсийг зодож, дээрэмдсэн шүү дээ?

-Үүнд маш олон хүчин зүйл нөлөөлж байгаа. Тийм учраас сэтгэл зүйчид тодорхой хэмжээний онош тавихын тулд удаан харилцдаг. Байсан байж болох магадлалтай хүчин зүйл нөхцөлүүдийн талаар судалгааны үндэслэлтэй ярья. Ямар нөхцөлд хүн бие хүний хувьд эвдэрхий гэж тодорхойлоод байгаа юм. Зан харилцааны хувьд асуудалтай, нийгэмд дасан зохицож амьдарч чадахааргүй хүн бий болоод байгаа нь хэд хэдэн шалтгаантай. Нэгдүгээрт, хүүхэд 12 наснаас хойш “Би” төсөөлөл нь аль хэдийн үүссэн байдаг. Би эрэгтэй юмуу, эмэгтэй юмуу, би хайрлагдсан хүн юмуу, би үнэ цэнэтэй юмуу, намайг хүмүүс хайрладаг уу гэх мэтчилэн “Би” төсөөллийг хүүхэд 0-5 насандаа авдаг. Энэ төсөөллийг нь өгөөгүй, би хэн бэ гэдгээ мэдрээгүй тохиолдолд магадгүй мангас шиг өлсгөлөн болчихно. Тэгвэл өөрийгөө сайн сайхан, мундаг гэдгээ мэдрэх хэрэгцээ дутуу байгаа учраас түүнийгээ мэдрүүлэхийн тулд уур хилэн, түрэмгий зан үйлүүд гаргаж, тийм харилцаанд орж байх үедээ өөрийн “Би” төсөөллийг бүрдүүлж байна гэсэн үг.

-Тэгвэл “Би” төсөөллийг нь яаж өгөх юм бэ?

-Энэ нь буцаагаад ээнэгшлийн хуулиар тайлбарлагддаг. 0-5 нас хүртэлх хүүхдийг их тэвэр, их ав, их хайрла. Яагаад гурван нас хүртэл нь ээж, аавуудыг хүүхдээ харах хэрэгтэй гэдэг юм. Ялангуяа ээжийг. Хүн хүнээ хайрладаг, энхрийлдэг. Хүнийг гомдоовол зовдог, зовоолбол, гэмтээвэл өвддөг гэдгийг бусдыг өөрийнхөө оронд орлуулж тавиад мэдрэх нинжин сэтгэлийг ээнэгшлийн тусламжтай хүүхэд 0-5 нас хүртлээ авдаг. Энэ насанд нь хүүхдээ 24 цагийн цэцэрлэгт явуулаад, хаяж гадаад яваад, эсвэл сэтгэл зүйн хувьд үл хайхарч, зөвхөн хооллож ундалчихаад, живхийг нь сольчихоод л хайрлаад байна гэвэл өрөөсгөл. Энэ угаасаа тухайн хүүхэд хүнээс хайрыг мэдрээгүй болчихож байгаа юм. Ийм нөхцөлд байхаар хүн яаж өвддөгийг мэдэхгүй шүү дээ. Хүнийг халуун цээжиндээ тэврэхээр ямар аз жаргалтай сайхан мэдрэмж төрдгийг тэр хүмүүс мэдэхгүй байхгүй юу. Хэн нэгний хувьд ээж аав, эмээ өвөө, ах эгч нь ямар чухал хүмүүс гэдгийг мэдэхгүй. Энэ хүмүүсээсээ холдоход, нэг нь гэмтэхэд яаж сэтгэл нь өвддөг вэ гэдгийг ойлгох мэдрэмж байхгүй гэсэн үг. Тийм зүйлийг мэдрэхгүй ээнэгшилтийн алдаатай хүмүүс бий болчихоор буцаад хүнийг хутгалж байхдаа, гэмтээж байхдаа, хохироож байхдаа, луйвардаж байхдаа тэр хүмүүст учирч байгаа хохирлыг тооцох чадваргүй хүмүүс бий болдог.

-Монголчууд хүүхдээ айлын ганц, манай ганц охин, хэнз хүүхэд гэхчлэнгээр ялгаад байх шиг санагддаг. Энэ нь хүүхдийн сэтгэл зүйд нөлөөлөх үү?

-Монголчууд хүүхэд хүнстэйгээ ирдэг гэх мэт сонин ойлголтуудаас болоод өөрөөрөө өсөг гээд хаячихдаг. Нэг бол миний хүүхэд, хэнз хүүхэд, анхны хүүхэд гэж тодорхойлоод төрөлтийн эрэмбээр нь ялгангуутаа ялгаатай хүмүүжлийг өгчихдөг. Тэгэхээр хоёрт гарсан нь яах юм. Эсвэл сүүлд гарсан нь яах юм. Хамт өсч байгаа хүмүүстэйгээ харьцуулагдаж өснө гэдэг нь хамгийн аймшигтай зүйл. Эрэгтэй болохоор нь ахыг хайрладаг. Хамгийн бага нь болохоор илүү хайрыг өгдөг гэх мэт. Ийм ойлголтуудаас болоод хүүхэд гэмтэж байдаг. Хэзээ төрөхөө өөрөө сонгоогүй шүү дээ. Тэгсэн мөртлөө үнэ цэнэгүй ч юм шиг. Ах эгчтэйгээ харьцуулагдсан ч юм шиг тийм хөгжлийн бэрхшээл гэдэг зүйлийг сэтгэл зүйн амсаж байгаа юм. Хэт өөртөө наалдуулах, хэт бөөцийлөх, эсвэл хэт үл хайхрах байдлын дунджийг нь барьж та хүүхдээ өсгөөгүй бол бие дааж чаддаггүй. Тэгэхээр бие дааж чадаагүй хүүхэд аливаа хүнтэй харьцахдаа хил хязгааргүй юм шиг харьцдаг. Өөрийн хувьд ямар ч цензур байхгүй гэсэн үг. Ахмад хүнтэй яаж харьцах, үеийнхэнтэйгээ яаж ойлголцохоо мэддэггүй. Наад захын ёс зүйн хил хязгаарыг тогтоож чадахгүй. Хэт бөөцийлсөн хүүхэд хүний үгийг сонсож чаддаггүй, өөртөө хил хязгаар тавьж чаддаггүй хүн болно. Бие даасан байдалд нь эцэг эх нь хаалт тавьж болно болохгүйг заахгүй болохоор хүүхэд хүн гэмтээж, дээрэлхэх, эсвэл хүн хутгалахад хэзээ ч бэлэн байдаг ч юмуу бүх хүнийг өөрийн эцэг эх шиг санадаг. Ийм сэтгэл зүйн алдаатай зан үйлийг гаргадаг.

-Тэгэхээр дунджийг баримтална гэдэг нь хүүхэдтэйгээ яаж харилцах ёстой гэсэн үг вэ?

-Энэ бол цэвэр харилцаа байхгүй юу. Маш мундаг яваа, өсвөр насныхаа турш хорт зуршилд автдаггүй хүүхдүүдэд удаан хугацааны судалгаа хийхэд эцэг эхтэйгээ өдөрт дунджаар 300-400 харилцааг өгүүлбэрээр үүсгэж байдаг нь тогтоогдсон. Энэ Франц, Америк, Япон гээд академик түвшний мэдлэг өндөр орнуудад илүү ажиглагддаг. Бид гэтэл яадаг билээ. Ирчихсэн, явчихсан уу, сэрээрэй, унтаарай, идээрэй, хичээлээ хийгээрэй гээд заавар өгч байгаа биз дээ. Нохой тэжээж байгаа шиг. Амьтантай харьцаж байгаа юм шиг. Хүн асар өндөр потенциалтай. Төрөхдөө хүүхэд маш сул долрой төрдөг шүү дээ. Сул дорой байхын хэрээр юуг л бол юуг бүх зүйлийг хүлээж авах чадалтай гэсэн үг. Тийм хүүхдийг бид харилцахгүй хөгжүүлэхгүй, хязгаарлагдмал, уян хатан биш нөхцөлд өсгөөд, идээрэй, унтаарай гээд наад захын амьтан шиг хэрэгцээг нь хангаад байхаар тэр хүүхэд харилцааны сайхныг, мэдлэгийн сайхныг, амьдралд шунан дурлах, амжилтад шунах, аз жаргалтай амьдралыг эрэлхийлэх, амар хялбарчлахгүйгээр зөв амьдрах сэдэлд хүрч чаддаггүй. Бид хүүхдүүддээ өөрийг нь би хэн бэ гэдгийг мэдрүүлэхийн тулд харилцах ёстой. Бага насны хүүхэд өөрөөсөө асуугаад байж чадахгүй шүү дээ. Үзэж байгаа кино, хүүхэлдэйн дээр нь Батаа чи хэн юм бэ, Энхжин чи хэн бэ гэж асуухгүй. Тэр үүргийг эцэг эхчүүд биелүүлэхийн тулд уг нь асар гээд байгаа юм. Хүүхэдтэйгээ гадаа салхилж байхдаа л харсан үзсэнийг асууж, салхи нар, сар, од, тэнгэр дэлхий гээд бүх зүйлийг асууж ярилцаж байх хэрэгтэй. Хүүхдэд юу хэрэгтэй байдаг гэхээр чамд ямар байна. Чи юу бодож байна. Чи юу хүсч байна. Чамд юу таалагдахгүй байна гэх мэтээр ийм наад захын зүйлүүдийг өдөр бүр найзтайгаа хов ярьж байгаа юм шиг чөлөөтэй асууж байх хэрэгтэй. Тэгэхгүйгээр оройтсон хойно анхаараад хэрэггүй.

Өсвөр насны үед ээж аав төдийлөн хэрэг байдаггүй. Тэр хэрэгцээгээ хүүхэд үе тэнгийнхнээсээ, өөрийнхөө шүтдэг хүмүүсээсээ хайгаад эхэлдэг. 12-оос доош насанд багшийн үгийг дагана. Эцэг эхийн үгийг дагана шүү дээ. Тэгэхээр таныг үнэлж байгаа, дагаж байгаа энэ үед нь та хүүхэдтэйгээ тултал нь ажиллаад өдөрт маш их харилцаж ярилцаад хүүхдийг хүнтэй чөлөөтэй ярьдаг, дургүй бол дургүйгээ илэрхийлдэг, бусдын ятгалга санаанд автуулахгүй, өөрийн гэсэн би үзэлтэй хүнийг төлөвшүүлэхийн тулд ярилцах хэрэгтэй. Ийм яриа үүсэхгүй болохоор ам ажиллахгүй байна шүү дээ. Хүнд аман хэрэгцээ гэж заавал байдаг. Тэр хэрэгцээгээ жаахан байхдаа эээжийнхээ мөөмийг хөхөх рефлексээр авдаг байхгүй юу.

Дараа нь энэ хэрэгцээ хангалттай хангагдаагүй тохиолдолд ярих хэрэгцээ хүнд байгаад байна шүү дээ. Түүнийг нь эцэг эхчүүд өгөхгүй болохоор амаараа тамхи татдаг, их чалчдаг. Хэрүүл хийдэг. Архи уудаг. Тэр хангагдаагүй хэрэгцээ дүүрэхгүй байгаа учраас хүүхэд хорт зуршлуудад донтож эхэлдэг. Тэгээд буруу хүрээлэлд орж эхэлнэ. Буруу зүйлийг хэтрүүлэн өөрийнхөө хэрэглээг нөхөж эхэлдэг. Тэгэхээр өгөх ёстой насанд хөгжлийнх нь хэрэгцээг бүрэн дүүрэн хангах хэрэгтэй. Бие физиологийн, эрүүл мэндийн, сэтгэл зүйн, нийгмийн боловсролын, авах амин дэмүүдийн, хоол хүнс тэжээлийн гээд бүх хэрэгцээг нь бүрэн хангаж байж бүрэн бүтэн сэтгэл зүйн хувьд хүн болж төлөвшинө.

-Нэгэнт сэтгэл зүй нь гэмтчихсэн өсвөр насандаа хэрэг хийгээд эхэлчихсэн хүүхдийн сэтгэл зүй буцаагаад засрах уу?

-Нэгэнт ийм болчихсон бол бид өнгөрснийг буцааж чадахгүй. 20 наснаас дооших насны хүүхэд зөөлөрсөн баримлын шавар шиг буцаагаад ямар л бол ямар үе рүү чиглүүлэх боломжтой. Хайрсаа сольдог, үсээ шинэчилдэг амьтад байдаг шүү дээ. Яг түүн шиг өсвөр насанд хүүхэд дахиад өөрийгөө шинээр бүтээх гэж байгаа байхгүй юу. Тийм болохоор л том хүн гэдэг амьдрал руу шилжих гэж байгаа учраас асар олон сонголтууд дунд хүн төөрөлдчихөж байгаа юм. Тэр үед нь эцэг эхчүүд оройтоогүй. Энэ үед л хань мэт зөвлө гэдэг шүү дээ. Та загнаж болохгүй, шүүмжилж болохгүй хань шиг нь, найз шиг нь байх ёстой гэсэн үг. Шүүмжлэхгүй сонсоно. Загнахгүй ярилцана. Сонсоод байгаа хөгжмийг нь дагаад сонс. Үзээд байгаа анимийг нь цуг үз. Ингэж байж тэр хүүхэд ээж надтай үүгээрээ ижил. Аав надтай ядаж нэг зүйлээрээ адилхан юм байна гэж бодохоороо хүүхэд өөрийгөө нээж эхэлдэг. Энэ сургуульд би явмааргүй байна. Манай ангийн хүүхдүүд намайг дээрэлхээд байна гэдэг ч юмуу өөрийгөө илэрхийлж эхэлдэг. Байнга муухай хараад л хэдэн төгрөг шидэж өгчихөөд л ингээч, тэгээч, онц сураач, сайн хүн бол шүү, эмч болно шүү гээд шахаад байхаар бүр зөрүүдэлдэг. Намайг ингэхгүй бол би муу хүүхэд ямар байдгийг харуулаад өгье гээд эсрэгцүүлэн хариу үйлдэл үзүүлж, тэндээсээ бас л нөгөө би-гээ мэдрэх хүсэл явагдаж байгаа. Тэгэхээр энэ үеэс эхлээд хүүхдээ сонс, дэмж, хажууд нь бай. Найз шиг нь ярилц. Таны хэчнээн сайн ээж аав, хэдэн төгрөг олдог байх чинь хамаагүй. Хүүхдэд юу чухал байгааг сонсож ярилцаж бай.

-“Би” төлөвшлөө олж чадаагүй, хайрлагдаагүй хүүхдүүд амиа хорлодог, хорлох оролдлого хийдэг гэсэн үг үү?

-Өсвөр насныхны амиа хорлолтын рейтинг их өндөр байдаг. Тэдгээр хүүхдүүдийн хувьд хөгжлийнх нь хамгийн чухал хэрэгцээ ямарваа нэгэн бүлэгт хамаарагддаг. Жишээлбэл, анги, гэр бүл, багшдаа, хамаатан садан дундаа би статус эзэлж байх ёстой. Цагаан сараар намайг гэрт нь орохоор хэн ч тоохгүй. Ангид намайг байгааг хэн ч мэддэггүй. Гэрт орж ирэхээр хэн ч анзаардаггүй. Өвдөж байсан ч хэн ч эм өгдөггүй гэх мэтээр ямар нэгэн бүлэг дотроо өөрийнхөө статус, байр сууриа эзэлж чадахгүй бол цаашдын ирээдүйг бүрхэгээр бодоод амиа хорлочихдог. Тэгэхээр ийм үйл явдал хүүхдэд тохиолдож болно шүү дээ. Гадаад байдлаараа шүүмжлүүлдэг. Барьж байгаа утаснаасаа болж шоолуулдаг. Энэ үед нь ээж та хүүхэдтэйгээ ойр байх юм бол ядаж ээж минь надтай дотно. Ээж минь намайг ойлгоно гээд хүүхэд тэр үхэх бодлоо алга болгож, хийсгэж чаддаг. Надад итгээч, намайг ойлгооч, намайг хүлээн зөвшөөрөөч гэж өсвөр насныхан дотоод сэтгэлдээ орилж байдаг.

-Хүүхдийг хэрэг хийхээр хүүхдийн колони гээд явуулдаг шүү дээ. Тэдгээр шийтгүүлж буй хүүхдүүд ухаарч чаддаг болов уу?

-Бид амьтан биш болохоор зөвхөн шийтгээд урт удаан хугацаанд зан үйлийг нь бэхжүүлж чаддаггүй юм байна. Аливаа сэтгэл зүйн заслыг амьтан дээр аваад үзэхэд сармагчин гээд аваад үзэхэд миний хэлснийг хийхгүй бол би ташуурдаад, миний хэлснийг хийвэл би махыг нь, алимыг нь өгдөг. Хүүхэд тийм биш. Яагаад гэвэл бид ухамсартай хүн учраас удахгүй би гарна. Гараад би тэгнэ гэдэг дараагийн ухамсарт үйлдлийг хүн хийж чаддаг. Зөвхөн хорьж, цагдаад, торгоод нэмэргүй. Хүүхэд хэрвээ гэмт хэрэг хийгээд бусдыг хохироочихсон бол сахин хүмүүжүүлэх арга хэмжээг авахдаа давхар сэтгэл заслыг нь хийгээд явах ёстой. Манайд энэ төрлийн туршлага, төлөвшил байхгүй учраас гадаадын орнуудаас л суралцана. Тэнд мэргэжлийн сэтгэл засалч, мэргэжлийн сэтгэл зүйч нийгэмд яаж буцааж хөлөө олох, яаж амьдрах, яаж хань ижлээ олох, яаж мөрөөдөл зорилгоо тодорхойлох, яаж буцаж нийгэмших үү гэдэгт нь тусалдаг. Тэгэхгүй манайх шиг за хугацаа чинь дууслаа, гар яв гэдэггүй. Тэр хүүхдэд 100 алдаа байсан ч ганцхан сайн талаар нь хүүхдийг ойлгож харж хүмүүжүүлэх арга бас бий.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *