Categories
мэдээ цаг-үе

Г.Майцэцэг: Бид Монгол Улсын хөнгөн үйлдвэрийн салбарыг энэ хэцүү үед авч гарахаар ажиллаж байна

“Эксмед” брендийн зөвлөх Г.Майцэцэгтэй ярилцлаа.


-Та бүхэн коронавирусийн эсрэг хамгаалалтын комбинзоныг АНУ руу гаргаж байгаа. Энэ талаараа ярихгүй юу?

-Хоёр сарын өмнөөс хийгдсэн ажил. Америкийн тал өөрсдөө сонголтоо хийсэн. Манай Монгол Улс тусламжийн бараа бүтээгдэхүүн өгөөд байгаа шүү дээ. Үүнийг үйлдвэрлэгч хүний өнцгөөс их зөв зүйл болсон гэж харж байна. Хамгийн гол нь Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ америкчуудад сурталчлах маш том боломжийг олгож өгч байна. Яагаад гэхээр Америк руу бүтээгдэхүүн ороход хүндрэлтэй байдаг. Ялангуяа хамгаалалтын яг ийм хувцсыг Америкийн хэмжээнд хоёрхон том компани л оруулдаг. Тусгай зөвшөөрөлтэй компаниуд гэсэн үг. Тэгэхээр бид ийм бүтээгдэхүүн үйлдвэрлэж чадаж байгаа шүү гэдгийг л харуулах том пи ар болж байна.

-Тусгай зөвшөөрөл, чанарын шаардлагаас эхлээд олон шат давсан байх?

-Америк руу бүтээгдэхүүн гаргана гэдэг бол маш хэцүү шүү дээ. Ялангуяа энэ хамгаалалтын хувцсанд тусгай зөвшөөрөл хэрэгтэй байдаг. Тусгай зөвшөөрлийг давж чадсан нь үйлдвэрлэгч бидний хувьд үнэхээр олзуурхууштай хэрэг. Энэ шалгуурыг манай компани давж чадсанд их баяртай байгаа. “Эксмед” компани бол “Эксклюзив” ХХК-ийн охин компани гэж хэлж болно. Яагаад гэхээр зохион бүтээлт, суурь ажилчин, боловсон хүчин бүгд “Эксклюзив” ХХК-ийн ажилчид л даа.

-Ийм бүтээгдэхүүн гаргаж байгаа нь цаг үеэ олсон, улсынхаа эдийн засгийг дэмжсэн зүйл болж байна?

-Энүүхэндээ гэхэд цар тахлын үед ёстой цаг үеэ олсон бүтээгдэхүүн байгаа юм. Үүнд Засгийн газар, УОК, Гадаад хэргийн яам, Худалдаа аж үйлдвэрийн танхим мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар гээд маш олон байгууллага хамтарч энэ ажлыг хийсэн. Ямар ч улс руу хандивын зүйл хүргэхэд тухайн улс шууд “за” гээд авчихдаггүй. Яг юу өгөөд байгаа, хэрэгтэй юү, чанарын шаардлага хангах уу гэдгээс эхлээд олон зүйл хардаг. Америкийн Элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга хүн хүртэл манай үйлдвэр дээр ирж үнэхээр Монголд үйлдвэрлэдэг юм уу, чанарын дагуу хийгдэж байна уу гэдгийг үзэж харсан. Тэгэхээр монголчууд бусад улс орноос дутахгүй, ийм нөхцөл бололцоо байгаа юм байна гэдэг маш том урмыг өглөө. Засгийн газар ч бидэнд боломж олголоо доо.

-Танай хамгаалалтын комбинзоны давуу тал нь юу вэ?

-Манай “Эксмед”-ийн сүүлд нэвтрүүлж байгаа материал даавуун талдаа, маш бат бөх. Тэгэхээр урагдаж цоорох зүйл байхгүй гэдгээрээ давуу талтай. Ер нь гадуур хийгдэж байгаа тусгай зориулалтын нэг удаагийн хувцаснууд урагдах магадлал маш өндөр байдаг. Магадгүй хүн өмсөөд арван минут, нэг цагийн дараа ч юм уу урагддаг. Энэ хамгаалалтын хувцас бол урагдахгүйгээс гадна, ариутгалыг зөв хийж чадах юм бол гурваас зургаан удаа ариутгаад өмсөөд байж болно. Тайлхаасаа өмнө 70 градусын спиртын уусмалаар цацаж ариутгаад явах боломжтой. Мөн энэ материалын гадаргуу дээр гурваас таван цаг вирус амьдардаг. Түүнээс цааш устана гэсэн үг.

-Үйлдвэрлэхэд хүндрэл бэрхшээл хэр байв?

-Цар тахлын хамгаалалтын комбинзоны материал нь үл нэвтрүүлэгч гэсэн технологиор хийгддэг. Үүнийг бид яаж чадаад байна вэ гэхээр “Эксклюзив” ХХК 2011 онд сөдөн куртка үйлдвэрлэж байсан. Энэ сөдөн куртканы үйлдвэрлэлийн технологи нь хамгаалалтын хувцасны үйлдвэрлэлийн технологитой адилхан. Суурь нь адилхан гэсэн үг. Тийм учраас хамгаалалтын комбинзоныг хийхэд бидэнд айхтар хүндрэл бэрхшээл байгаагүй.

-Хэчнээн ажлын байрыг бий болгож чадав. Цаашдаа өөр улсууд руу гаргаад эхэлбэл ажлын байр ч тодорхой хэмжээнд нэмэгдэх байх?

-30 цехийг ажиллуулж эхэллээ. Европын холбооны хэд хэдэн улсуудад хамгаалалтын хувцасаа явуулчихсан байгаа. Хэрвээ тэдгээрээс нааштай хариу ирэх юм бол бид Монгол Улсын хөнгөн үйлдвэрийн салбараа энэ хэцүү үед чирээд аваад гарчихна. Ойролцоогоор арван мянган ажлын байр бий болгох боломжтой томоохон захиалгууд орж ирэх юм л даа. Түүндээ бэлдээд л байж байна. Дундаж цалин нь ойролцоогоор хоёр сая орчим байна. Тэгэхээр энэ ямар том ажил хийгдэж байгааг харж болох байх.

-Сая АНУ руу экспортлоход хэчнээн хэмжээний зардал гарч байна?

-Нэг сая орчим ам.доллар гэж байгаа юм л даа. Үүнд онгоцны зардлаас эхлээд бүх урсгал зардал орно. Нийт 60 мянган ширхэг хамгаалалтын хувцас экспортолсон. Үүний арван мянга нь “Эксмед” брендийн хийсэн тусгай зориулалтын туузтай хамгаалалтын хувцас.

-Төрийн зүгээс танай бүтээгдэхүүнийг гадны улсуудад хэр сайн сурталчилж өгч байна?

-Гадаад хэргийн яамны сайд Д.Цогтбаатар маш сайн ажиллаж байна. Бусад улсын гадаад хэргийн сайдууд, бусад улсын дипломатууд ч тэр өөрийн орныхоо бүтээгдэхүүнийг татаж сурталчлах үүрэгтэй. Бусад хүмүүс бол онгоц зарна гэхчилэн том ярьдаг. Манай үйлдвэр байгуулагдаад арав гаруй жил болж байна. Миний мэдэхийн Гадаад хэргийн яам маш сайн ажиллаж байгаа. Гол зүйл бол ерөөсөө л дотоодын бүтээгдэхүүнээ гадаадад таниулах.

-Цаашдаа хэр хэмжээний захиалга авахаар төлөвлөж байна?

-Мэдээж энэ хүнд хэцүү үед нэг сая ам.долларыг нэг улсад зарцуулна гэдгийн цаад санаа бол арав, зуун сая болгож Монголд үр өгөөжтэй байлгана л гэж аль аль тал нь хүсч хийсэн шүү дээ. Бид ч гэсэн арав цаашлаад зуун сая долларын захиалга авчих юмсан гэсэн хүсэл эрмэлзлээр ажиллаж буй. “Эксмед”-ийн хувьд барууны дөрөв таван улсын тендэрт оролцоод бүтээгдэхүүнүүдээ явуулчихсан байгаа. Энэ хамгаалалтын хувцас бол одоо яг зах зээлд хэрэгцээтэй бүтээгдэхүүн шүү дээ. Цар тахлын хоёр дахь давалгаа эхэлчихсэн, хүний амьдрал, амь настай холбоотой. Удахгүй сайхан мэдээ ирэх байх гэж бодоод л хүлээж байна.

-Танай үйлдвэрийн энэ амжилт олон жижиг дунд үйлвэрүүдэд урам, зориг түлхэц боллоо?

-Монголчууд ямарваа нэгэн зүйлийг сүүлдэж биш түрүүлж хэрэгжүүлээд эхлэж байна. Энэ бас л үйлдвэрлэл хөгжөөд байгаагийн шинж байхгүй юу. Юмаа мэддэг хүмүүс ажиллаад эхлэхээр хамгийн сүүлийн үеийн технологи, хамгийн сайн материалыг бий болгож, патентжуулж чадаад байна. Энэ бол бас л нэг том давуу тал. Тийм учраас бид үүнийхээ ид шидийг гаргана даа. Ид шидийг нь гаргахын тулд саяны Америк руу гаргасан үйлдэл бол суурийг тавьж өглөө гэж харж байна. Одоо бол дотооддоо мөнгө босгох биш гаднаас мөнгө босгох, экспортыг хөгжүүлж байж яг энэ хэцүү үеийг давж гарна. Экспортоор бүтээгдэхүүн гаргана аа гэдэг чинь бид гаднаас валют авна гэсэн үг. Валют орж ирэхээр бид мөнгөний ханшаа барьж чадна л гэсэн үг. Тэгэхээр яг энэ хэвээрээ явах юм бол бид олон ажлын байрыг бий болгоно. Ер нь хөнгөн үйлдвэрийн салбар маш олон хүний ажлын байрыг бий болгодог.

-Хамгаалалтын хувцсыг экспортлоход Монголд коронавирус илрээгүй байгаа нь том давуу тал болж байх шиг байна?

-Тийм шүү. Хамгийн чухал нь Монгол Улсад корона вирус гараагүй байгаа нь хамгийн том боломж байхгүй юу. Жишээлбэл, Хятадаас хамгаалалтын хувцас авах, Монголоос авах хоёр газар тэнгэр шиг ялгаатай. Хятадад вирус дэгдчихсэн. Монголд гаднаас ирсэн вирусээ харин ч эмчлээд байгаа шүү дээ. Статистикийн үзүүлэлтээрээ маш сайн явж байгаа. Энэ нь үйлдвэрлэгчдэд боломж олгоод байгаа юм. Энэ боломжийг маш сайн ашиглах хэрэгтэй. Нөгөө талаар монголчууд хувцас хийхдээ нэг удаагийнх гэж бодож хийдэггүй юм байна л даа. Сэтгэхүй нь их өөр. Жишээлбэл, бусад улс, орнууд нэг удаагийнх юм чинь ямар хамаатай юм бэ гэсэн байдлаар ханддаг юм байна. Манай Монголын оёдолчид нэг удаагийнх байна уу, олон удаа хэрэглэхээр байна уу сэтгэхүйд нь чанартай хийнэ гэсэн бодолтой байдаг. Хүний амь насыг хамгаална гэдэг утгаараа гурван үе шатны шалгалтаар орсон. Бид мөнгөний хойноос гэхээс илүү чанарын төлөө ажиллаж байна. Хамгаалалтын хувцас үйлдвэрлэж байгаа томоохон брендүүд бий л дээ. Тэдгээр газруудтай үнээрээ ч, чанараараа ч өрсөлдөнө гэж бодож байгаа. Дэлхийд корона вирус гараад ирсэн энэ цаг үед үйлдвэрлэгч бид энэ боломжийг ашиглах л хэрэгтэй гэж бодож байна. Чадаж байгаа, мэдэж байгаа зүйлээрээ эдийн засгийн боломжийг ашиглах л хэрэгтэй шүү дээ.

С.ЛХАМСҮРЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *