Монгол дахь Америкийн худалдааны танхимын бодлого хариуцсан захирал Г.Жавхлантөгстэй ярилцлаа.
-Монгол Улсын өнөөдрийн эдийн засгийн нөхцөл байдлыг Монгол дахь Америкийн худалдааны танхим хэрхэн харж, дүгнэж байна вэ?
-Манай улсын хувьд хүнд нөхцөл байдалд орлоо. Ялангуяа хоёр хөрштэй холбоотой асуудлаар. Нэг нь цар тахлаас үүдэж хил гаалийн хязгаарлалт хийж, нөгөөд нь дайн дажин өрнөсөн хүнд байдалтай байна. Манай танхимаас аль дээрээс хойш Монгол Улсын Засгийн газарт хөрөнгө оруулалт, худалдааны бодлогоо аль болох төрөлжүүлэх буюу гуравдагч хөршөөс, ялангуяа өндөр хөгжилтэй орнуудаас хөрөнгө оруулалт татаач, худалдааны нөхцлөө сайжруулаач гэж ярьж, зөвлөж ирсэн. Энэ нь ч маш чухал байсан нь сүүлийн үеийн нөхцөл байдлаас харагдаж байна шүү дээ.
Таатай мэдээ гэвэл, саяхан болж өнгөрсөн Эдийн засгийн чуулган дээр Ерөнхий сайд, Сангийн сайд хөрөнгө оруулалтын орчинтой холбоотой шинэ өөрчлөлтүүдийг танилцууллаа. Хөрөнгө оруулагчдыг Монголд ирж хөрөнгө оруулаач гэж уриаллаа. Энэ бол сайн зүйл. Хамгийн сүүлд манай танхимаас өнгөрсөн долоо хоногт ОУВС-ийн суурин төлөөлөгчтэй уулзаж, Монгол Улсын эдийн нөхцөл байдал, цаашид ямар арга хэмжээ шаардлагатай талаар хөндөж ярилцсан байгаа.
-Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл өргөн баригдаад байгаа. Энэ бол хөрөнгө оруулагчдад таатай мэдээ. Танхимын зүгээс ч энэ хуулин дээр гол анхаарлаа хандуулж байгаа болов уу?
-Одоогоор Хөрөнгө оруулалтын хуулийн төсөл олон нийтэд ил болоогүй байна. Нэгэнт эдийн засгийн чуулган дээр хуулинд орж буй өөрчлөлтүүдийн тухай Сангийн сайд ерөнхийд нь танилцуулсан учраас тодорхой заалтуудыг, өөрчлөлтүүдийг манай танхимаас эхлээд хөрөнгө оруулагчид олон нийтэд ил болохыг хүлээж байгаа. Сангийн сайдын хэлж тайлбарласнаар хуулинд ямар, ямар салбарт хөрөнгө оруулалтыг дэмжих вэ, ямар салбарт хориглох вэ. Ямар үйлчилгээгээр урамшуулал үзүүлэх вэ гэдэг асуудлууд орсон гэж ойлгож байна.
-Татварын бодлогод өөрчлөлт орохгүй гэдэг мэдээлэл байгаа?
-Бидний зүгээс татварын цогц өөрчлөлтийг хийх хэрэгтэй гэж үзэж байна. Өнгөрсөн хугацаанд хийгдсэн өөрчлөлтүүд хангалттай байгаагүй. Хамгийн гол нь хөрөнгө оруулагчдыг ямар байдлаар дэмжих юм бэ гэдгийг тодорхой болгож, бодлогоо үр дүнтэй хэрэгжүүлвэл магадгүй ирэх гурав, дөрвөн жилийн хугацаанд хөрөнгө оруулалт нэмэгдэх боломжууд бүрдэж мэдэх юм.
Ер нь өнөөдөр бизнес хийх гэж байгаа хүн сайн мэдээ л сонсмоор байгаа шүү дээ. Тэднийг Засгийн газар, хууль эрх зүйн орчинд яаж дэмжих нь вэ, ямар санхүүгийн хувьд ямар дэмжлэг үзүүлэх вэ, яаж бизнесээ тэлэх вэ, ямар боломжууд байна гэдгийг бидзнесийнхэн эрэлхийлж байгаа.
Хэдийгээр Ерөнхий сайд бизнесийг дэмжинэ, хүнд суртлыг бууруулна, авлигатай тэмцэнэ гэж мэдэгдэж байгаа ч бодит байдал дээр хэрэгжээгүй байна. Бизнесийнхний хувьд нүдэнд харагдах бодит алхмууд хэрэгтэй.
-Цар тахлын дараагаас дэлхий эдийн засгийн цогц өөрчлөлтөнд орсон. Хөрөнгө оруулалтын хувьд яаж өөрчлөгдсөн бол. Ер нь манай улсад хөрөнгө оруулагчдыг татах ямар боломж байна вэ?
-Эхлээд нэг чухал зүйлийг хэлмээр байгаа юм. Монгол Улс бол гадныхны хувьд, ялангуяа Америк, Япон зэрэг томоохон хөрөнгө оруулагчдын хувьд тийм ч таатай улс биш. Нэгд, бизнесийн зах зээл бага. Хоёрт, нүдэнд өртдөг улс орон биш. Тэдэнд өөр олон боломж байна. Энд цагаа үрэх сонирхол байхгүй.
Гэхдээ бидэнд боломж байна уу гэвэл байна. Тухайлбал, томоохон бизнесийн түвшинд биш юм гэхэд дунд түвшний хүрээнд бизнесүүд Америкийн бизнесүүдтэй холбогдоод үйл ажиллагаагаа сайжруулах боломжтой. Энэ чиглэлээр манайх гишүүн компаниудаа Америкийн бизнесүүдтэй хамтрах боломжийг эрэлхийлсэн цахимаар уулзалтыг хийхээр төлөвлөж байна.
Жил бүр бид АНУ-ын Конгрессийн гишүүд болон бусад засаг захиргаатай хамтран уулзалтууд хийж, хууль эрх зүйн орчин болон санхүүгийн орчны талаар бизнесүүддээ нэгдсэн ойлголт өгөхийг хичээж ажиллаж ирсэн. Энэ жил ч энэ ажил үргэлжилнэ. Тухайлбал, АНУ-ын Экзим банк, Хөгжлийн санхүүжилтийн корпораци бол нэг сая ам.доллараас дээш бага хүүтэй урт хугацаатай зээлийн баталгаа гаргаж өгч байна. АНУ-ын Засгийн газрын баталгаатай урт хугацааны зээлийг санал болгож байна. Энэ бүрийг манайх улсаараа ашиглаж гэрээ хэлэлцээрийг хийж, томоохон төслүүдийг санал болгож, арилжааны банкуудаар дамжуулаад өгөх бололцоо байгаа юм.
-Хөрөнгө оруулалт гэхээр манайд шууд уул уурхайн салбар яригддаг. Солонгоруулах шаардлагатай гэж та ч хэлж байна. Тэгвэл ямар чиглэлээс өнөөдөр хөрөнгө оруулалт татах боломж байна вэ?
-Мэдээж уул уурхай болманай улсын эдийн засгийн хөдөлгөгч хүч учраас илүү их хөрөнгө оруулалт татах, дээр нь томоохон төслүүдээ танилцуулах ажлуудыгявуулах хэрэгтэй байна. Зөвхөн Оюутолгойгоос бүх юм хамаардаг эдийн засгаа төрөлжүүлэх ёстой. Тийм учраас Цахиурын хөндийн өөр ямар төсөл байж болох вэ, зөвхөн уул уурхай гэлтгүй хөдөө аж ахуйн төслүүдээ анхааръя. Цаашлаад том төслүүдээс гадна жижиг гэлтгүй бизнесүүд үйл ажиллагаагаа амжилттай явуулах шаардлага байгаа. Жишээ нь, бяслаг үйлдвэрлэдэг бизнесмэн Хятад руу бяслагаа гаргамаар байна. Шаардлагатай бол Орос руу ч экспортолмоор байгаа шүү дээ.
Хамгийн гол нь манайд эдийн засгийн өнөөдрийн нөхцөл байдлыг харахад төрөөс бүх юм нь хамаардаг. 70, 80 хувь нь төрийн өмчийн компаниудын хамааралтай. Түүнийг дагасан дунд шатны бүтцүүд бий болчихсон. Бидний хэлж ярьдаг гол зүйл бол хувийн хэвшилд тулгуурласан эдийн засгийн загвар буюу хувийн хэвшил эдийн засгийн 70-80 хувийг бүрдүүлэх юм бол жижиг дунд үйлдвэрлэл өөрөө аажмаар хөгжиж эхэлнэ. Улс төрийн эрсдэл ч буураад ирнэ.
-Хөрөнгө оруулагчид олон талын тогтвортой байдлыг хүсдэг шүү дээ?
-Мэдээж. Зөвхөн улс төрийн тогтвортой байдлаас гадна яг ямар урамшуулал, дэмжлэг төрөөс үзүүлэх вэ, хөрөнгө оруулахаар ороод ирдэг, ямар нэгэн байдлаар түүнийг нь булаагаад авчих вий, хууль шүүхийн тогтолцоо нь зөв шударга ажиллаж байна уу гэдэг л чухал.
Гэтэл өнөөдөр мөнгөө оруулчихдаг, буцааж аваад гарч болохгүй юм биш үү. Одоогийн жишээ гэхэд ам.долларын нөөцийн хомсдолоос үүсч дансандаа байгаа доллароо ч авч чадахгүй хэмжээнд байна. Томоохон хөрөнгө оруулалтын аж ахуйн нэгжийн хувьд энэ нь маш их түвэгтэй. Ийм нөхцөл байдлаа яаралтай шийдээд томоохон зүйл рүүгээ харж явмаар байгаа юм. Өнөөдөртөө л хойд хормойгоороо урд хормойгоо нөхөх байдалтай явсаар байна. АНУ-аас сүүлийн үеийн шилдэг технологи тоног төхөөрөмж нэвтрүүлэхэд нь татварын урамшуулал үзүүлээч гэж байгаа. Өнөөдөр төсвийн хүндрэлтэй байгаа үед татварын орлого бүрдэх нь чухал ч энэ бол ойрын зовлон. Алсаа харах юм бол сүүлийн үеийн АНУ-д үйлдвэрлэсэн тоног төхөөрөмж манай улсад орж ирснээр ажлын байр улам нэмэгдэнэ, бизнесүүд хөгжинө, тухайн салбарын өрсөлдөх чадвар сайжирна шүү дээ. Тэр чинээгээр татварын орлого нэмэгдэнэ.
-Хил гаалийн гацаа өнөөдөр хүртэл үргэлжилсээр байна. Энэ нь бизнесүүдэд томоохон дарамт болж байгаа. Танхимын зүгээс энэ талаар ажиллаж байна уу. Ямар үр дүнтэй байна вэ?
-Манай гишүүдээс ирүүлж байгаа томоохон гомдлын нэг бол энэ хил гаалийн гацааны асуудал. Өнөөдөр гэхэд Тяньжин, Эрээний боомт дээр манай танхимын гишүүн зөвхөн нэг компанийн хувьд л гэхэд бараг 54 тэрбум төгрөгийн ачаа бараа гацчихсан байдалтай байна. Тэдгээр нь голдуу уул уурхай, зам тээвэр, барилгын бизнесийн тоног төхөөрөмж, багаж сэлбэг. Гэтэл энэ салбаруудын сезон үе нь эхэлчихээд байдаг. Аль эрт захиалсан ачаа бараа нь хил дээр гацаж дарагдсаар байдаггэтэл сүүлд захиалсан гутал хувцас гэх мэтэнгийн бараа орж ирээд байдаг. Уул уурхайн экспортыг дэмжих шаардлагатай тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл нь орж ирж чадахгүй байна.
-Монгол дахь Америкийн худалдааны танхимаас энэ сарын уулзалтаар төрийн өмчит компаниудын шинэчлэлийг хөндсөн уулзалтыг хийсэн.
-Тийм ээ. Бид энэ сард УИХ-ын гишүүн Т.Доржханд, эдийн засагч “Де факто” Жаргалсайхан, Ө.Ганзориг нарыг урьж оролцуулан төрийн өмчийн эдийн засаг дахь оролцоо, төрийн өмчийн компаниудын шинэчлэлийн асуудлыг хөндөж ярилцлаа. Уулзалтын үеэр маш ноцтой тоонууд яригдлаа. Энэ нөхцөл байдал удаан үргэлжилж болохгүй. Төрийн өмчийн компаниудаас ашиггүй ажиллаж байгааг нь татан буулгаж, ашигтай ажиллаж байгааг олон нийтийн хяналтанд оруулах бодит төлөвлөгөөг хэрэгжүүлж, авлига хээл хахуулийн асуудлыг цэгцлэх хэрэгтэй байна. Дээр нь төр нь бизнесийнхэнтэй өрсөлдөөд байдгийг болих хэрэгтэй. Хувийн хэвшлээр хийлгэх зүйлээ хийлгэх хэрэгтэй.
Төр данхар байх шаардлага байхгүй. Аль болох хувийн хэвшилд шилжүүлэх тусам татварын орлого ч нэмэгдэнэ. Бусад эрсдэлээ ч бууруулна. Төрийн өмчүүдээ зоригтой хувьчилж татвар болон бусад бодлогоороо хянаад явчих нь төрд өөрт нь амар. Дээр нь хувийн хэвшил улам илүү цэцэглэж хөгжинө. Тэр чинээгээрээ улсын төсөвт орж ирэх орлого сайжраад явчихна. Ийм зоригтой шинэчлэлийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг хийх болов уу гээд найдаад байна. Одоо бол нэг үеэ бодвол 34 хувь хүртэл хувьчилна, олон нийтийнх болгоно гэж яригдаж байна. Энэ бол сайн, илүү бодитой өөрчлөлтийг зоригтой хийвэл төсвийн алдагдал, авлига хээл хахуультай холбоотой маш их хэмжээний зүйлийг өөрчилнө. Ерөөс эдийн засгийн бүтцийг хувийн хэвшил рүү шилжүүлж чадвал маш том гавьяа болно.
-Манай хувийн хэвшлийнхний нөөц чадамж хангалттай юу?
-Хангалттай. ТЭЗҮ нь хийгдчихсэн, үйл ажиллагааг нь дэмжээд өгөхөд л гаднаас хөрөнгө оруулалт татаад өөрсдөө эрсдэлээ үүрээр хэрэгжүүлэх хүсэлтэй байгаа төслүүд маш олон байна.
Цахим шилжилттэй холбоотой Цахиурын хөндийгөөс томоохон хөрөнгө оруулалт татах уулзалтыг бид ирэх зургадугаар сард хийхээр төлөвлөөд байна. “АмЧам-Мэдээлэл технологийн долоо хоног: Вэб 3.0” арга хэмжээ зохион байгуулж, гаднаас хөрөнгө оруулагчдыг урьж чуулга уулзалт хийх гэж байна. Үүний үр дүнд зөвхөн уул уурхай, хөдөө аж ахуй гэхгүйгээр мэдээлэл технологийн салбарт ч ямар бодит боломж байгааг харуулна.
-Эдийн засгийн хүндрэлээс хамгаалах алхмуудыг Засгийн газар хэрэгжүүлсээр ирсэн. Одоо ч шинэ саналууд яригдаж байна. Энэ нь бизнесийнхэнд бодит дэмжлэг болжчадавуу?
-Цар тахлын үед Засгийн газраас тог цахилгаанын үнийг хөнгөлөх арга хэмжээнүүд цагаа олсон. Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, зээлийн хугацааг хойшлуулсан нь үр дүнгээ өгсөн. Бага хүүтэй зээлүүд сайн байсан боловч очих ёстой жижиг дунд үйлдвэрүүдэд очсон уу гэвэл эргэлзээтэй.
Хамгийн сүүлд НДШ-ийн 50 хувийг буцаах шийдвэр гаргалаа. Гэвч энэ бол манай бизнесийнхэнд тэр бүр үйлчлэхгүй. Өнөөдөр дундаж цалин нэг сая төгрөгөөс дээш байгаа компани дийлэнх учраас төрийн албан хаагчдад зориулсан шийдвэр болчихов уу даа гэж харж байгаа. Нөгөө л популист, сонгогчдыг саналыг татах гэсэн оролдлого болж харагдаж байна. Учир нь нэг хэсэг нь шударгаар хөдөлмөрлөж байгаа мөртлөө нэг хэсэг нь хөнгөлөлт эдлээд нөгөө нь эдлэхгүй байх зарчим руу орж байгаа нь буруу. Засгийн газар тусгай бодлого, төлөвлөгөөтэй ажиллах ёстой. Харамсалтай нь ийм бодлого байхгүй байгаагийн илрэл өнөөдрийн алхам шүү дээ. Магадгүй НДШ-ийн 50 хувийн буцаалтад шаардлагатай хөрөнгөөр илүү зах зээлээ нэмэгдүүлэх, экспортынхоо гарцуудыг нээх, олон ажлын байрыг нэмэгдүүлэхэд хөрөнгө оруулж болох хэрэгтэй.
-Эдийн засгийн хүндрэлээс үүдэлтэй бизнесүүдэд татварын маргаан нэлээд гарч байгаа дуулддаг. Энэ асуудлыг та бүхэн хэрхэн анхаарч байна вэ?
-Цар тахлаас үүдэж компаниудын үйл ажиллагаа нэлээд доголдсон. Зарим нь хаалгаа барьж, зарим нь татвараа төлж чадахгүй хэмжээнд хүрсэн. Тэгэхээр иймэрхүү нөцхөл байдал компаниудын хувьд нэгэнт шүүхээр татварын маргаан нь эцэслэн шийдэгдээгүй байгаа үед дансыг нь хааж үйл ажиллагааг нь зогсоочихож байна. Уг нь татвараа төлөхийн тулд үйл ажиллагаа нь явж байж явах ёстой. Энэ асуудлаар бид Ерөнхий сайд, Сангийн сайдад хандсан. Сангийн дэд сайд “Засгийн газрын зүгээс уян хатан хандана” гэсэн ч өнөөдрийн байдлаар компаниудын данс хаалттай, үйл ажиллагаа нь доголдсон хэвээрээ байна. Ямар ч хариу алга. Тэгсэн хэрнээ Ерөнхий сайд 100 топ аж ахуйн нэгжүүдтэй уулзаад яваад байгаа. Эндээс л соёл эхэлнэ шүү дээ. Тэгэхээр бизнеснүүдээ бодит үйлдлүүдээр дэмжмээр байна.
-Хөдөлмөрийн хуулийн өөрчлөлттэй холбоотой асуудлаар ярилцлагаа өндөрлөе. Хуулийн өөрчлөлт ажил олгогчдын хувьд ихээхэн халтай байна гэх байр суурийг олон талаас тавьж байсан. Танай танхим ч хөндөж байв. Ямар өөрчлөлтийг хөндсөн юм бэ?
-Хөдөлмөрийн хуулийг батлагдахаас өмнө хуулийн Ажлын хэсгийн ахлагч Ц.Мөнх-Оргил гишүүнтэй бид цахимаар уулзалт хийсэн. Энэ хуулийн төсөл бол маш олон жил хэлцэгдэж байгаа, зайлшгүй оруулах шаардлагатай өөрчлөлтүүд байна гэдгийг ойлгож байгаа. Харин энэ хууль бол хөрөнгө оруулагчдад тийм ч таатай хууль болж чадахгүй. Гэхдээ өөр хуулиар хөрөнгө оруулагчдыг урамшуулах бодлогыг явуулахаас өөр аргагүй гэдэг зүйлийг бидэнд хэлсэн. Нэлээн олон заалтууд нь хөрөнгө оруулагч болон ажил олгогчдод халтай байсан. Үйл ажиллагааг нь хязгаарласан, хориглосон гэх мэт. Угтаа тэнцвэртэй байх ёстой. Ажил олгогчид тэнцвэртэй харилцаан дотор орж байж цаашдаа хувийн хэвшил өргөжин тэлнэ.
Хуулийг дагаад дундаж цалин хөлс тодорхойлох журам батлагдсан. Тэр журамд илүү цагийн, шөнийн ээлжийн, нийтээр амрах баярын өдрийн нэмэгдэл хөлс нь дундаж цалин хөлсийг тооцоолоход орохоор заасан байсан бөгөөд ингэснээр сүүлийн 3 сар тутмын цалин хөлснөөс дундаж цалин хөлсийг тооцоолоход хойшид сар бүр “зогсолтгүй” өсөн нэмэгдэхээр байгаа нь цалингийн зардлыг зохиомлоор, шударга бусаар хэт өсгөж ажил олгогчид хүнд дарамт үүсгэж улмаар дампууралд хүргэхээр байсан. Тухайлбал, нэг компаниийн хувьд л гэхэд сард дор хаяж 200 сая төгрөгийн алдагдал гарахаар буюу нэмэлт зардал гарах тооцоо гарч байсан. Ийм нөхцөлд компаниуд цаашдаа оршин тогтнож ажиллах уу гэдэг асуудал гарч ирэх байсан юм. Тиймээс бид энэ асуудлыг хөндөж Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяад хандсанаар нааштай хүлээж авч журамд өөрчлөлт оруулсан. Түүний үр дүнд нэмэлт хөлсийг тухайн ажилтантай зөвшилцөж тогтоох боломж бүрдээд байна.
Б.ЗАЯА