“Монгол хэлний тухай хууль”-ийг саяхан УИХ баталсан билээ. Уг хуулинд уйгаржин үсгийг төрийн бичигт хэрэглэдэг болохоор заасан. Үүнийг НҮБ-ын дэргэдэх ЮНЕСКО-гоос дэмжиж байгаа талаар уг хуулийг санаачилсан гишүүд байнга ярьж байгаа. Энэ талаар ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комиссын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхантай уулзаж зарим зүйлийг тодруулсан юм. Дашрамд дурдахад ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комисс нь Гадаад хэргийн яамны харьяа төсвийн байгууллага аж.
-ЮНЕСКО-гийн дэлхийн өв санд манай уламжлалт соёлоос яг юуг бүртгэж авсан байдаг юм бэ?
-Манай улсаас монгол уран бичлэгийг ЮНЕСКО-ийн өвийн санд бүртгэж авсан.Хоёр зүйлийг ЮНЕСКО-д бүртгүүлэх хүсэлт гаргасан байдаг, нэг нь монгол уран бичлэг, нөгөө дэх монгол гэрийг урлах уламжлалт арга. Монгол уран бичлэг буюу каллиграфийг бүртгүүлэхэд нэлээд хугацаа орсон. Ер нь өдөртөө бүтдэг зүйл биш л дээ. Доод тал хоёр жил болдог. Нэр дэвшүүлнэ, судална, зөвлөлдөнө, хэлэлцэнэ гээд үе шаттай, дэс дараалалтай арга хэмжээ. Монгол уран бичлэгийг яагаад яаралтай хамгаалах болсон юм бэ гэхээр 1990 он хүртэл тасарч байна гэж үзсэн. Түүнийг авч явдаг, заадаг мэргэжлийн хүмүүс нь цөөрсөнтэй холбоотой. Хоёр ч удаа манайх бүртгүүлэхээр өгөөд буцаагдаж эцэст нь бүртгэсэн.
Уйгаржин монгол бичгийн хувьд бол өөр. Нэгдүгээрт, түүнийг уран бичлэгтэй хольж болохгүй. Хоёрдугаарт, эрт дээр үеэс уламжлагдаад ирсэн боловч тасарсан бичгийг дахин сэргээх түвэгтэй байдаг. Тиймээс ЮНЕСКО-гийн соёлын өвд ийм бичгүүдийгбүртгэх боломжгүй. Харин уран бичлэг бол арай амь тавьчихаагүй болохоор үүнийг дэмжих асуудал дээр тусламж хүсэх эрх нээлттэй. Зөвхөн ЮНЕСКО-гоос төдийгүй өөр газраас ч тусламж дэмжлэг хүсэх боломжтой. Харин уйгаржин бичгийг сургуульд заах зэрэг дээр бол ЮНЕСКО-гийн зүгээс ямар ч юм яригдаагүй. Ер нь энэ бол өөр асуудал.
-Тэгэхлээр “Монгол хэлний тухай хууль” батлагдсантай холбоотой ЮНЕСКО-гоос ямар нэгэн тусламж дэмжлэг үзүүлэхгүй гэж ойлгож болох уу?
-Уйгаржин бичгийг заах, хэрэглэдэг болохыг хуульчилсан зэрэг нь манайхтай ямар ч хамаагүй. Бид ЮНЕСКО-дмонгол уран бичлэгийг бүртгүүлсэн тул хадгалан хамгаалах, сэргээх, өвлүүлэх үйл ажиллагаа явуулах тодорхой үүргийгхүлээсэн байдаг.
Харин уйгаржин бичиг үүнд хамаарахгүй.
-ЮНЕСКО-г төлөөлөн ажиллаж байгаа хүний хувьд “Монгол хэлний тухай хууль”-ийг баталсан талаар та ямар бодолтой байна?
-Миний хувийн бодол гэвэл уйгаржин бичгийг сэргээгээд ард иргэдээр бүгдээр нь эзэмшүүлэх гэж хавтгайруулж заавал сурах ёстой гэдэг нь өрөөсгөл гэж бодож байна.Бичиг соёлоо мартахгүй гэсэн үүднээс бол зөв л байх л даа.
-Энэ хуулийг санаачлан өргөн барьсан УИХ-ын гишүүн М.Батчимэг нь үүнийг ЮНЕСКО-гийн дэмжлэгтэйгээр хийгдэж байгаа гэж ярьсан байна?
-Тэрийг би мэдэхгүй байна. Тэр хүнтэй уулзаагүй, юу бодож ярьсныг нь мэдэхгүй. ЮНЕСКО бүртгэж аваагүй өвийг бид дэмжлэг үзүүл гээд тулгаад шаардаад байх боломжгүй шүү дээ.
-ЮНЕСКО зөвхөн бүртгэж авсан соёлын өвийг хамгаалахад тусламж үзүүлдэг гэсэн үг үү?
-Тиймээ. Жишээ нь бид монгол туулийг бүртгүүлсэн. Ингэхдээ манай улс тодорхой үүрэг хүлээдэг. Нөгөө талаас ЮНЕСКО тодорхой хэмжээний санхүүгийн дэмжлэг үзүүлдэг. Гэхдээ бас заавал тусламж дэмжлэг үзүүлнэ гэсэн үг биш. Хэрвээ манай тал тусламж хүсвэл ЮНЕСКО дүрэм журмынхаа дагуу хэлэлцээдоруулж ирсэн төслийгдэмжих эсэхээ санал хурааж шийддэг.
Ю.ДЭЛГЭРМАА