Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Г.Жамьян: Би үнэн юм бичсэнийхээ төлөө хэзээ ч, хэнээс ч уучлалт гуйхгүй


Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Г.Жамьянтай ярилцлаа. Түүнийг “Ерөнхийлөгч Х.Баттулга аа, та хэдий болтол барьцаанд хүлэгдэх юм бэ” гэсэн ил захидал бичсэнийх нь хариуд Ерөнхийлөгч Х.Баттулга шүүхэд хандахаа илэрхийлээд байгаа билээ.


-Таны бичсэн нийтлэлээс улбаалж Ерөнхийлөгч шүүхэд хандахаа илэрхийлсэн ил захидал илгээлээ. Ил захидалдаа таныг өөрөөс нь уучлалт гуй. Гуйхгүй бол шүүхэд өгнө гэжээ. Та хоёрын хооронд чухам юу болсон юм бэ?

-Ерөнхийлөгч бид хоёрын хооронд ямар нэгэн холбоо хэлхээ, атаа жөтөө, элдвийн юм байхгүй шүү дээ. Бие биенээ танихгүй. Үүнд гадны хүнээс нөлөөлсөн ч юм уу, гадны байгууллагаас нөлөөлсөн янз бүрийн юм бол байхгүй. Хамгийн гол нь хууль, шүүхийн байгууллагын талаар олон жил хүсэн хүлээж байсан зүйлийг маань Ерөнхийлөгч анзаарч үзэхгүй, бүр дэврээгээд байхаар би аргагүйн эрхэнд, сэтгүүлч хүний хувьд бухимдаж байна шүү дээ. Би байтугай, ерөөсөө Монголын ард түмэн үүнд бухимдаад, хамгийн гол юм Монголд шударга ёсыг тогтоох юмсан, хууль шүүхийн байгууллагын алдаа завхралыг засах юмсан гэж хүсч байгаа. Энийг хэн илэрхийлэх юм гэхээр би бодсон л доо. Үүнийг сэтгүүлч хүн л илэрхийлнэ. Тийм учраас би ахмад хүний хувьд, бас хал үзэж халуун чулуу долоосон хүний хувьд Ерөнхийлөгчдөө ер нь үнэнийг бичье л гэж бодсон юм. Ерөнхийлөгч маань миний бичсэн зүйлийг сайн ойлгоогүй тал ч бий л байх. Янз бүрийн нөлөө ч бий л байх. Эсэргүүцэж надад захидал ирүүллээ л дээ. За яахав, миний бодол санал ч олон түмэнд хүрлээ, Ерөнхийлөгчийн бодол санал ч олон түмэнд хүрлээ. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр, ялангуяа цахим ертөнцөөр их өндөр явж шуугилаа шүү дээ. Үүнээс хүмүүс харж байгаа байх. “Би үнэн хэлсэн, чи худлаа хэлсэн”, “Чи шүүхэд яллагдах ёстой хүн, би чамайг яллах ёстой хүн” гэдэг үүднээс хандаж болохгүй эд байгаа юм. Хамгийн гол нь үүнийг ард түмэн, олонх, нийгмийн масс шийдэх ёстой асуудал байхгүй юу. Ямаршуу янзтай хүлээж авч байна гэхээр бид хоёрын энэ харилцан захидлыг уншсан хүмүүсийн 80, 90 хувь нь “Жамьян гуай зөв юм хэлжээ, зөв юм бичжээ” гэж хүлээж авч байна. Сайт, фэйсбүүкийг өдөр болгон л хараад байна. Хүүхдүүд ирж надад мэдээлэл өгөөд байна. Тийм учраас би өөрийнхөө бичсэн зүйл дээр итгэл үнэмшилтэй байгаа.

-Одоо та яах вэ. Уучлалт гуйх уу, баримтаа дэлгэх үү. Шүүх дуудвал дуудаг уу?

-Би 66 жил юм бичлээ шүү дээ. Энэ хооронд би худлаа юм ердөө бичиж үзээгүй. Бүх зүйл баримт, нотолгоотой. Ганцхан л алдаа гаргаж байсан. Тэр нь юу вэ гэхээр, ижил нэртэй хоёр хүнийг андуураад биччихсэн, тийм нэг юм бий. Тэрнээс бол уучлалт гуйсан. Бусад нөхцөлд би дандаа үнэн юм бичиж байсан, баримттай, нотолгоотой. Ерөнхийлөгч маань намайг шүүхэд өгнө. Нотлох баримтуудаа бэлэн болго гэсэн л дээ. Би бол Ерөнхийлөгчөөс уучлалт гуйхгүй. Ерөнхийлөгчийн Тамгын газраас уучлалт гуйхгүй. Би үнэн юм бичсэнийхээ төлөө хэзээ ч, хэнээс ч уучлалт гуйхгүй. Тиймээс Ерөнхийлөгч маань намайг шүүхэд өгөөд ялладаг, барьдаг юм байвал яллаг. Хамаагүй. Тэртэй тэргүй Ерөнхийлөгч маань шүүх, прокурорын арын хүн. Сая өөрчлөлт гэдэг нэрээр Ц.Элбэгдоржийн томилсон шүүх, прокуроруудыг бүгдийг нь өөрчиллөө, удирдлагыг. Тэгээд дан өөрийнхөө хүмүүсийг болгосон. Өөрөөр хэлбэл өөрийг нь барьцаалсан хүмүүсийг, өөрийнх нь хэрэг, хамсаатны хэрэг, гадаадад оргоод гарчихсан хүмүүсийнх нь хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорууд, шүүхийн удирдлагуудад барьцаалагдаад, аргагүйн эрхэнд тэднийг хамгаалаад суугаад байна шүү дээ. Тэд л юу гэнэ вэ, тэдний л үгээр. Хэрвээ тэгж барьцаалагдаагүй бол шүүгч, прокуроруудыг манай Ерөнхийлөгч ганцхан шаардлага тавиад л С.Зоригийн хэргийг үнэн мөнөөр нь илрүүлээд, энэ нэг ядарсан хоёр амьтныг гэрээд нь явуулаад жинхэнэ алуурчин, захиалагч, төөрөгдүүлэгчдийг өдийд бариад авчихвал авахаар байхгүй юу. Тэгтэл Ерөнхийлөгч маань тэдэнд ямар ч үг хэлж чадахгүй, яаж ч хөдөлж чадахгүй. Барьцаанд байгаад нь харамсаад байгаа юм. Тиймээс би нэгдүгээрт, уучлалт гуйхгүй. Хоёрдугаарт, Ерөнхийлөгчийн шүүх намайг яллавал яллаг ээ. Би тэрнээс айх, хулчийх, харамсах зүйл ердөө байхгүй. Намайг нотлох баримтуудаа бэлэн болго гэсэн, Ерөнхийлөгч маань. Би энэ хугацаанд Ерөнхийлөгчийн тэр дурдсан арван нотлох баримтыг бэлэн болгож байна. Тэгэхдээ би шүүхэд нотлох баримт гаргахгүй. Би нотлох баримтаа ард түмэндээ л дэлгэж тавина. Төрөл бүрийн хэвлэл, мэдээллийн бүх хэрэгслээр тэр нотлох баримтуудыг ард түмэндээ харуулна. Түүнээс биш би шүүхэд ийм нотлох баримт байна, үүнийг нягтлаач гэж явахгүй. Ерөнхийлөгчийн л шүүх байгаа. Ямар ч нотлох баримт өглөө ч шүүх бол Ерөнхийлөгчийн талд л шийднэ. Тийм болохоор шийддэгээрээ шийдэг ээ. Надад бол санаа зовох юм алга гэж бодож байна.

-1979 онд “Гавьяа” найраглал бичсэнээс болж хэлмэгдэж байсан бол яг 40 жилийн дараа бичсэн нийтлэлээсээ болж Ерөнхийлөгчөөсөө “Шүүхэд өгнө” гэсэн ил захидал хүлээж авлаа шүү дээ?

-Би чинь хуучин тогтолцооны үед гурван удаа арга хэмжээ авагдсан юм ш дээ. Хамгийн сүүлчийнх нь “Гавьяа” найрууллын хэргээр 10 жил, зургаан сар нутаг заагдаж, хүнд хүчир хөдөлмөрт нухлагдаж эрх чөлөөгөө хасуулж явсан. Тэгээд би бодсон юм. “Миний хэлмэгдэл дууслаа даа. Ардчиллын энэ сайхан цаг үед би хэлмэгдэхгүй, үнэнээ бичээд явж байх цаг минь ирлээ” гэж баярлаж бодож явсан байхгүй юу. Тэгсэн чинь ардчиллынхаа үед бүр Ерөнхийлөгчөөсөө шүүхэд шилжүүлэх хүртэл арга хэмжээ авагдаж, ингэж л хэлмэгдэх түүхтэй, зам мөр, тавилан минь ийм байсан юм болов уу гэж бодоод л сууж байна. Их олон хүн над руу утасдаж, ярьж байна. Байнга л ярьцгааж “Яаж байна”, “Сэтгэл санаагаар унаж байна уу, ямар тус хэрэгтэй байна вэ” гэж санаа тавьж байна. Намайг бараг л шүүхэд шилжээд баригдаад явчихсан л юм бодож байгаа юм байна. Найз нөхөд, хөдөө гадаанаас, аймаг, сумаас минь ч утасдаж байна. Ах дүү нар маань аймгаас их л зовчихсон ярьж байна. “Жамьян ах минь, юу болж байна” гэж Сүхбаатар, Дорнод, Говь-Алтай, Хэнтийгээс байнга утасдаж байна. Өдөр болгон ярьцгааж “Юу болоод байна” гэж мэдээ авч байна, надаас. Би яах вэ байж л байна. Юмаа бичиж байна. Хууль, шүүхийн байгууллагаа атгасан Ерөнхийлөгчид үнэнийг нь хэлээд дарамтлуулж байна гэдгийг минь хамт олон, олон нийт ойлгож байгаа болов уу гэж санаад сэтгэл их тайван байгаа.

-Сэтгүүлчдэд тодорхой асуудал дэвшүүлэх, хардах эрх нээлттэй бий. Юм бичих тоолонд нь шүүхэд өгнө гээд байвал шинэ залуу үеийн сэтгүүлчид их л мохоо болох байх даа. Үүнд та ахмад сэтгүүлчийн хувьд ямар байр суурьтай байна вэ?

-Ерөнхийлөгчдөө би хэлмээр байгаа юм. Одоо ямар дахиад захиа бичилтэй биш. “Би бол хал үзэж, халуун чулуу долоосон, сэтгэлийн хаттай сэтгүүлч. Та минь энэ шүүх, прокурорынхоо хүчийг ашиглаад залуу сэтгүүлчид, өсч яваа авьяаслаг залуучуудыг маань битгий ингэж дарамтлаарай. Хойч үе маань залхана шүү дээ. Ерөнхийлөгч хүн бол бүх ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч. Нэг үгээр хэлбэл Монголын ард түмний эцэг хүн. Та ингээд юмны түрүүнд “Чамайг шүүхэд шилжүүлнэ”, “Чамайг прокуророор хянуулна” гээд загнаад байвал энэ Монголын сэтгүүл зүйд чинь ажиллах хүн олдохоо байна, үнэнийг хэлэх хүн олдохоо болино. Ийм учраас та минь үүнд уужуу сэтгэлээр хандаач” гэдэг үгийг Ерөнхийлөгчид даймаар байна. Түүнээс гадна хэрвээ намайг янз бүрийн байдлаар буруутган шүүх, хууль хяналтын байгууллагад өгөх, шилжүүлэхдээ хүрвэл би хэвлэлийнхэндээ хандана. Хэвлэлийн бага хурал хийнэ. Бүх хэвлэлийн сурвалжлагчдыгаа цуглуулж байгаад яг үнэн бодит байдлыг, хэвлэлд гарсан нотлох баримтуудыг дэлгэнэ. Өнөөдөр л гэхэд сонин дээр Ерөнхийлөгчийн тухай гарлаа шүү дээ. Энэ бүгдийг дэлгэж тавьж байгаад сэтгүүлчидтэйгээ хэвлэлийн бага хурал хийнэ. Энэ бол миний ойрын бодож байгаа зүйл шүү. Сэтгүүлчийн хувьд, ардаа сэтгүүлчидтэй хүний хувьд хийх л зүйл маань энэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *