Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаатай ярилцлаа.
–Ирэх сард Ерөнхийлөгчийн сонгууль болно. Шат шатны сонгуулийн жил иргэд санаатай болон санамсаргүй байдлаар бусдын нэр төрд халдсан, гүтгэсэн, худал мэдээлэл тараасан хэргээр цагдаагийн байгууллагад шалгагдах байдал нэмэгддэг. Үүний шалтгааныг юу гэж харж байна вэ?
-Сонгуулиар иргэд бодит байдалд нийцсэн мэдээлэлд үндэслэн сонголтоо зөв хийх шаардлагын үүднээс томоохон сорилтой тулгардаг. Хамгийн чухал нь мэдээлэлд дүн шинжилгээ хийж шүүн тунгаасны дараа хоорондоо солилцох, цахим орчинд түгээх нь иргэдийн мэдээллийн боловсролоос шууд хамаарна. Энэхүү боловсрол, мэдлэг, хандлагын ялгаанаас болоод иргэд ихэвчлэн санамсаргүй байдлаар худал мэдээлэл тараасан хэрэгт холбогдоод байна уу даа гэж харж байгаа. Нөгөө талаар намууд сонгуулийн сурталчилгааны хугацаанд мэдээлэл харилцааны ажилдаа иргэдийг татан оролцуулснаар бусдын нэр төрд санаатай халдах, гүтгэх хэрэг үүсэх гол шалтгаан болж байж ч мэдэх юм. Тиймээс иргэдийг бодит мэдээллээр хангах үүрэгтэй сэтгүүлчид ёс зүйн алдаа гаргахгүй чамбай ажиллах, редакцууд түгээж буй мэдээллээ нягтлан шалгаж, нэр дэвшигчдийн нэр төр, алдар хүндэд халдахгүй байхад онцгой анхаарч ажиллах шаардлагатай юм.
–Иргэдийн мэдэх эрхийг хангахын тулд хэвлэл мэдээллийнхэн хариуцлагатай байх ёстой гэсэнтэй санал нийлж байна л даа. Харин Хэвлэл мэдээллийн зөвлөл энэ чиглэлд санаачилсан, хийсэн зүйл бий юү?
-Иргэний мэдэх эрхийг хангахын тулд иргэдийн оролцоотойгоор ёс зүйтэй хэвлэл мэдээллийг төлөвшүүлэхэд Хэвлэл мэдээллийн зөвлөл анхаарч ирлээ. Тус зөвлөлөөс сонгуулийн үед сэтгүүлчид ёс зүйн хэм хэмжээгээ чанд мөрдөн ажиллахыг тогтмол уриалдаг. Саяхан манайхаас “Сонгуулийг ёс зүйтэй сурвалжлах нь” нэртэй бодлогын баримт бичгийг боловсруулан редакцуудад хүргүүлсэн. Хэвлэл мэдээллийн салбарын мэргэжлийн байгууллага болон редакцууд энэ мэтээр хаа хаанаа хичээж ажиллах нь сонгуулийн үеэр иргэдийн сонгох, сонгогдох эрхийг дээдэлж ажиллахад хувь нэмрээ оруулж буй хэрэг юм.
Ер нь сонгууль гэлтгүй бусад цаг үед ч Хэвлэл мэдээллийн зөвлөл сэтгүүлчдэд зориулсан ёс зүйн сургалт, уулзалтыг редакцын түвшинд зохион байгуулж байна.
–Худал мэдээлэл тараах, бусдын нэр хүндэд халдсан тохиолдолд ямар хариуцлага хүлээлгэхээр тусгасан бэ?
-Худал мэдээлэл тараах замаар бусдын нэр төр, алдар хүндэд халдвал хуулийн хатуу хариуцлага хүлээнэ. Тодруулбал, Эрүүгийн хуулийн 13.14 дэх заалтаар шийтгэл нь мөнгөн торгууль, зорчих эрхийг хязгаарлах, нийгэмд тустай хөдөлмөр эрхлүүлэх тухай заасан бий. Уг заалт жирийн иргэн, хэвлэл мэдээллийн байгууллага алинд ч үйлчилж байна. Иймээс нийгмийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхээ эдэлж буй хүмүүс маань илүү анхаарал болгоомжтой байх шаардлагатай. Яагаад гэвэл, сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагынхан Ёс зүйн дүрмийнхээ хүрээнд үйл ажиллагаагаа явуулбал алдаа гаргах магадлал харьцангуй бага. Харин жирийн иргэдийн хувьд мэдээлэл түгээх, дамжуулахдаа баримтлах дүрэм журам бэлэн байдагүй тул тухайн хүний ёс суртахуун, мэдээллийн боловсролоос хамааран харилцан адилгүй байна. Иймээс сэтгэл хөдлөлд автах, хэтэрхий туйлширч хандах, мэдээлэлд шүүлтүүр хийхгүйгээр шууд дамжуулах, хэн нэгнийг үзэн ядах, гутаан доромжлох зэрэг болчимгүй үйлдэл нь хуулийн хариуцлага хүлээлгэхэд хүрдэг. Үүнийг судалгааны тоо баримтууд бэлхэн харуулж байна.
–Өнгөрсөн УИХ–ын сонгуулийн үеэр тус хуулийн дагуу цагдаагийн байгууллагаар шалгуулсан, хуулийн дагуу хариуцлага тооцуулсан иргэд бий юү?
-Өнгөрсөн 2020 оны УИХ-ын сонгуулийн дараа манай байгууллагаас мэргэжлийн хараат бус судлаачидтай хамтран “Сонгуулийн үеийн хэвлэл мэдээллийн эрх зүйн зохицуулалт ба ёс зүй” сэдэвт мониторингийг хийсэн. Ингэхэд тус оны эхний арван сарын байдлаар худал мэдээлэл тараах гэмт хэргийн зөрчилтэй холбогдуулан Прокурорын байгууллагаас нийт 206 гомдлыг хянаж шалгасан байв. Гэтэл үүний 188 нь буюу бараг 92 хувь нь нийгмийн мэдээллийн сүлжээгээр дамжуулан үзэл бодлоо илэрхийлсэн гэх иргэдтэй холбоотой байсан. Үлдсэн 8 орчим хувь нь хэвлэл мэдээллийн байгууллагад хамаарч байв. Эндээс харахад, сонгуулийн үед сэтгүүлчдээс илүү иргэд худал мэдээлэл тараасан гэмт хэрэгт холбогдох эрсдэл өндөр буйг харуулж байгаа юм.
–Иргэд өөрсдийн цахим хуудсандаа оруулах пост болон түгээх, дамжуулах мэдээлэлдээ хэрхэн няхуур хандах вэ?
-Юуны түрүүнд хүний эрхийг зөрчихгүй байхад онцгой анхаарч байх шаардлагатай. Тодруулбал, хүний нэр төрд үндэслэл, нотолгоогүйгээр халдахгүй байх, бусдад нэр хоч өгч доромжлохгүй байх, ялгаварлан гадуурхалт, үзэн ядалтын үг хэллэг ашиглахаас зайлсхийх, жендерийн мэдрэмжтэй байх гээд л олон зүйл орно. Нэмээд хэн нэгний пост, видео, сэтгэгдэл зэргийг бусдад хуваалцахдаа ч хүний эрхийн зөрчил гаргаагүй биз гэдгээ байнга тунгааж байхыг зөвлөе. Аливаа мэдээлэлтэй зүй зохистой харьцдаг, эерэг хандлагатай, ёс зүйтэй хэрэглээ орчин үеийн хүн таныг илэрхийлэх нэрийн хуудас болж байна.
–Сэтгэл хөдлөлдөө автаж дамжуулсан пост, сэтгэгдлээсээ болж цагдаагийн байгууллагаар шалгуулах, хуулийн хариуцлага хүлээх эрсдэлтэй гэж ойлгож болох уу?
-Тэгэлгүй яахав, ийм эрсдэл хүн бүрт бий. Саяхан клубхауст болсон нэг хэлэлцүүлэгт сошиал медиаг идэвхтэй ашигладаг залуучууд цагдаа, шүүхийн байгууллагад дуудагдаж, хянуулж буй бэрхшээлийнхээ талаар ярилцаж байсан. Бид нийгмийн мэдээллийн хэрэгсэлд ёс зүйтэй зохистой хэрэглээг бий болгохгүй бол өөрсдийгөө байнга эрсдэлд оруулах болно. Монголчууд бид 1992 онд батлагдсан Үндсэн хуулиараа үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөгөө баталгаажуулж чадсан азтай ард түмэн боловч эрх чөлөөг дагаж хариуцлага байдаг гэдгийг хэзээ ч умартаж болохгүй. Эрх чөлөө хэтрэх тусам түүнийг зохицуулах шаардлага тулгардаг. Зохицуулалт нь ихэвчлэн хатуу буюу хуулийн хариуцлага болох тохиолдол бий. Иргэн танд олдсон эрх чөлөөгөө өөрийнхөө хэмжээнд ёс зүйтэй хэрэглээгээрээ зохицуулах боломжоо алдаж эхлэх цагт төрийн хяналт, оролцоо нэмэгдээд ирдэг. Ингэснээр бид хэвлэлийн эрх чөлөөгөө эмзэг байдалд оруулаад байна гэсэн үг. Тэгэхээр хамгийн түрүүнд хүн өөртөө дүгнэлт хийгээд дараа нь эргэн тойрондоо эерэг хандлага, хэрэглээг түгээх хэрэгтэй гэж бодож байна.
–Эрүүгийн хуулийн 14.8-д нэр дэвшигчийн талаар “илт худал мэдээлэл” тараасан гэх зүйл заалтын талаар та ямар бодолтой байна вэ. Яг ямар мэдээллийг илт худал мэдээлэл гэж үзэх нь бүрхэг санагдаж байна л даа?
-Тийм, бид Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийн томьёоллыг эргэн харж гүтгэх шинжийг агуулсан “санаатайгаар худал баримтыг зохиож нэр төрд халдах”-ыг санамсаргүйгээр худал мэдээлэл тарааснаас ялгаж томьёолох, мөн “илт худал мэдээлэл”, “худал мэдээлэл” зэрэгт хууль зүйн тайлбар хийх шаардлагатай гэж үздэг. Улмаар, Сонгуулийн тухай хуулийн 14.8 дугаар зүйл нь үндсэндээ сонгуулийн хугацаанд нэр дэвшигчдийн нэр төр, алдар хүндийг хамгаалахад чиглэдэг бөгөөд тагнуулын байгууллагаас хяналт тавьж мөрдөн шалгадаг. Харин сэтгүүлчдийн зүгээс тагнуулын байгууллагаар хянуулж байгаа нь мэргэжлийн үйл ажиллагаанд саад болох, айдаст автуулах, урвуулан ашиглах замаар чөлөөт хэвлэлд цензур үүсгэж байна хэмээн тайлбарладаг. Түүнчлэн сонгуулийн үед хэвлэл мэдээллийнхэн санамсаргүй алдаа гаргах нь ердийн үеэс нэмэгддэг. Энэ нь цаг хугацаанд шахагдах, редакцын нягтлан шалгах үйл ажиллагаа доголдох, хууль дүрэм журмыг дутуу судлах, анхаарахгүй өнгөрөөх, улмаар сонгуулийг дөрвөн жилдээ нэг олдох санхүүгийн боломжоо дээшлүүлэх гарц гэж харж ирсэнтэй холбоотой. Тиймээс сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотой санамсаргүй алдааг Эрүүгийн хуулиар яллах бус харин хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтаар хэлэлцэх хэрэгтэй.
–Аль ч нам эвслээс нэр дэвшиж байгаа нэр дэвшигч олон нийтийн анхаарлын төвд байдаг. Тиймээс түүний талаар сайн, муу аль ч өнцгөөс нь нээлттэй хэлэлцэх нь ардчиллын суурь зарчим юм шиг санагдаж байна?
-Ардчиллын зарчмаар нээлттэй хэлэлцэж болно л доо. Харин нэр төрд халдах, гүтгэх, худал мэдээлэлд холбох зэргээр ёс зүйгүй хандаж болохгүй. Нөгөө талаар төрийн өндөр албан тушаал хашиж буй эрх мэдэлтнүүд ажил мэргэжлийн үйл ажиллагаатай нь холбоотой иргэдийн чөлөөт шүүмжлэлд хүлээцтэй хандах нь зохистой болов уу. Энэ нь ардчилсан улсад байдаг тогтсон соёл юм.
–Цаашид бид юун дээр анхаарах ёстой вэ?
-Ерөөсөө хүн бүхэн ажил мэргэжлийн аль ч түвшиндээ хариуцлагатай, мэргэжилдээ эзэн байх хэрэгтэй байна. Харин иргэд нь цахим орчны мэдээллийн ёс зүйтэй хэрэглээнд байнга анхаарч суралцаж байвал бид нийгмийн тогтвортой байдал, аюулгүй байдлаа төдий чинээ хангаж чадна гэдэгт итгэдэг.
П.БАТЗАЯА