Монголын хэвлэлийн хүрээлэнгийн Судалгааны албаны дарга Г.Гүнжидмаатай ярилцлаа.
-Манай хэвлэлийн эрх чөлөө бусад орнуудтай харьцуулахад ямар түвшинд байна?
-Улс орон бүрийн эдийн засаг, улстөр, ардчиллын орчноос хамаараад хэвлэлийн эрх чөлөө ялгаатай байдаг. Ардчилал өндөр хөгжсөн орнуудад бол манайхаас хавьгүй илүү эрх чөлөөтэй. Гэтэл буурай хөгжилтэй манайхаас дор, хэвлэлийн эрх чөлөөгүй орнууд ч олон бий. “Фрийдман хауз” байгууллагаас гаргасан судалгаагаар манай улс хэвлэлийн эрх чөлөөгөөр дундаж түвшинд байгаа. Өөрөөр хэлбэл хэвлэлийн хагас эрх чөлөөтэй оронд тооцогдож байна. Гэхдээ энэ жил манай хэвлэлийн эрх чөлөөний рейтинг өссөн дүгнэлт гарсан. Урагшилсан нь их сайн. Хэвлэлийн бүрэн эрх чөлөөтэй орон болоход ойрхон байна гэж үзсэн.
-Гарч байгаа хуулиуд эрх чөлөөг хязгаарлах чигтэй байхад үнэлгээ өсөөд байгаа юм уу?
-Хэвлэлийн эрх чөлөө нэмэгдсэн шалтгааныг мэрэгжлийн улсууд хайж байна. Зарим нэг судлаач манай өмнө ордог байсан улс орнуудад хэвлэлийн эрх чөлөө хумигдсан учраас бидний рейтинг өссөн гэж үзэж байна. Нөгөө хэсэг нь Монголд хэвлэлийн эрх чөлөөний төлөө тодорхой алхам хийсэн учраас гэж дүгнэж байна.
-Жишээлбэл?
-Өнгөрсөн жил хэвлэлийн салбар өөрсдийн үйл ажиллагааг зохицуулах зорилготой хэвлэлийн зөвлөлийг байгуулсан. Энэ бол маш том дэвшил. Аль ч улс оронд хэвлэл мэдээллийн салбарт өөрийн зохицуулах механизм байгаа эсэх нь чухал асуудал байдаг.
-Энэ байгууллага байснаас ямар үр дүн гарах вэ?
-Энэ байгууллага салбартаа ёс зүйг баримтлах, мэргэжилдээ хариуцлагатай, чанартай хандахад чухал хөшүүрэг болно.
-Зарим хуулийн шинэчилсэн найруулгыг харахад хэвлэлийн эрх чөлөөг баталгаажуулахаасаа илүү хориглох заалтууд орохоор байна.
-Ажлын хэсэг салбарынхнаас санал авдаг. Хэвлэлийн байгууллагуудтай хамтарч ажиллахыг хичээдэг нь харагдаж байгаа. Хэвлэлийн хуульд өөрчлөлт оруулах нь зөв гэж үзэж байна. Хэвлэлийн эрх чөлөөний хууль анх батлагдах үеийг өнөөдөртэй харьцуулахад олон өөрчлөлт гарсан. 1998 оныг өнөөдөртэй харьцуулахад интернетээс эхлээд сэтгүүлчдийн сэтгэхүй, үйл ажиллагаа гээд олон шинээр зохицуулах асуудал гарсан.
-Та бол хуульд ямар өөрчлөлт оруулах саналтай байна?
-Хуульд шинээр цөөнгүй заалт орсон. Бид хэлэлцүүлгийг зохион байгуулах. Мэргэжилтэн, судлаач нарыг оролцуулах ажлыг зохион байгуулсан. Ажлын хэсэгт хэвлэл мэдээллийн салбараас хүмүүс байдаг болохоор ма-най хүрээлэн тусдаа заалт оруулах санал гаргаагүй. Энэ боломжийг ашиглаад хэвлэлийн эрх чөлөөний суурь хуулиа чанаржуулаад авах хэрэгтэй гэж үзэж байгаа.
-Чанаржуулаад авна гэдэг нь юу гэсэн үг вэ?
-Нэг талаас сэтгүүлчдийн эрх чөлөөг хангаж өгөх, нөгөө талаас эрхээ эдлээд хариуцлагаа хүлээдэг механизм байх ёстой. Эх сурвалжаа хамгаалах, редакциас хараат бус байх. Сэтгүүл зүйн салбарт хөрөнгө оруулагчид хоёр өөр хэлбэртэй байна. Нэг хэсэг нь мэргэжлийн сэтгүүл зүйн салбарт ажиллаж ажиллаж байсан мэргэжлийн хөрөнгө оруулагчид. Нөгөө хэсэг нь сэтгүүл зүйн мэдлэггүй янз бүрийн зорилгоор хөрөнгө оруулсан хүмүүс байна. Мэргэжлийн хөрөнгө оруулагчид сэтгүүл зүйн хүрээнд ажиллах боломжтой. Гэтэл мэргэжлийн бус хөрөнгө оруулагчид зорилгоосоо хамаарч сэтгүүл зүйн зарчмаас гажих тохиолдол байдаг. Мэргэжлийн бус хөрөнгө оруулагч сэтгүүл зүйг сэтгүүл зүй гэдэг утгаар нь ойлгохгүй бол сэтгүүлчид хатуу хяналт тогтоох аюул байгаа юм. Энэ тохиолдолд сэтгүүл зүй утга учраа алдана.
-Сэтгүүл зүйн зарчмаас хазайсан тохиолдолд нийт салбарыг л буруутгадаг.
-Олон нийт энэ нь тэр хүнийх, тэр хэвлэл тэрнийх гэж ялгах нь бага. Тэгэхэээр мэдээллийн хэрэгслийг л харна. Мэргэжлийн, мэргэжлийн бус хөрөнгө оруулагчийн хэвлэл гэж ялгахгүй. Тиймээс нэг мэдээллийн хэрэгсэл ёс зүйгүй аашлахад нийт мэдээллийн хэрэгслийг хамаатуулж хүлээж авна. Ер нь бол хөрөнгө оруулагч нь ил тод байх хэрэгтэй. Үүнийг хуульчилж өгөх санал явж байгаа.
-Энэ тухай одоо мөрдөж байгаа хуулиар ямар заалт байна?
-Зарлана гэсэн заалт байхгүй. Бас хөрөнгө оруулагчдыг зарлахыг хориглоогүй. Ганц нэг вэб сайтад байгаа ч, хэдэн хүн тэр рүү орж харах вэ. Тэгэхээр олон нийт мэдээллийн хэрэгслийн хөрөнгө оруулагчийг таах төдий л байгаа. Хөрөнгө оруулагч тодорхой болсноор хэний, ямар учиртай мэдээлэл явж байгааг мэдэх эрхтэй болно.
-Хөрөнгө оруулагч ил болсноор би хөрөнгө оруулагчийг нь харж мэдээлэл авах уу?
-Батхүүгийн, Баттулгын гэдгээр харах хүн байж болно. Гэхдээ хамгийн чухал нь олон нийтэд хэрэгтэй мэдээлэл түгээж байвал хэн ч тэгж харахгүй. Олон нийтэд хэрэгтэй мэдээллийг сэтгүүлч л олж чадна. Тиймээс олон үзэгчтэй байхын тулд сэтгүүл зүйг баримтлах хэрэгтэй болно. Энэ нь редакцийн хараат байдал гэдэг юм устахад маш чухал зүйл л дээ.
-Эрүүгийн хууль дахь хүн гүтгэх заалт устах болов уу?
-Сэтгүүлчдийг яллах хамгийн боломжит заалт л даа. Энэ заалтыг авч хаях гээд бүх сэтгүүлчид явж байгаа. Яагаад авч хаяхгүй байгааг хууль зүйн сайд л мэдэх байх. Мэргэжлийн ажлаа хийсний төлөө эрүүгийн хуулиар шийдүүлнэ гэдэг чинь арай хэтэрсэн зүйл. Ерөнхий хуулийг тойроод элдэв юм хэн дуртай болгон чихэх санаархал сүүлийн үед гарч байна. Эх сурвалжаа хэл, үнэгүй зар сурталчилгаа хий гэх мэт. Энэ чинь бид хуулиа батлуулж чадахгүй өдий хүрсэн учраас захын нэг хүн дуртай юмаа чихэх гээд байна шүү дээ. Мэргэжлийн байгууллага гол заалтуудаа санал өгч батлуулаад, тэр өөрөө сэтгүүл зүйн баталгаа болно гэж бодоод байгаа юм. Хэн, ямар зорилгоор элдэв заалт бодож, хуульд чихэх гээд байгаа учрыг олохыг ярилцаж л байна.
-Монголын сэтгүүлчид нэгдэж чаддаггүй гэсэн яриа байдаг.
-Тэр чинь хуучирсан яриа байна. Бид чаддаг гэдгээ харуулсан. Өнгөрсөн жил байгуулсан хэвлэлийн зөвлөлийг байгуулахад манайхан бүгд нэгдсэн.
-Эрх ашгаа хамгаалсан хуулийг батлуулж чадах уу?
-Нэгдсэн хүчирхэг байгууллагатай болсон бид эрх ашгаа хамгаалж чадна.
Х.БАТТӨГС