Categories
мэдээ улс-төр цаг-үе

Г.Ганзориг: ҮХЦ-ийн есөн гишүүнээс хуульчийн гэрчилгээтэй хүн бараг байхгүй. Ийм л хүмүүс бидний толгой дээр сууж байна DNN.mn


Гадаадад байгаа монголчуудын сонгох, сонгогдох эрх зөрчигдөж байгаа талаар АНУ-д ажиллаж, амьдардаг хуульч Г.Ганзоригтой ярилцлаа.


-Та АНУ-д очоод хэр удаж байгаа вэ?

-Би Монгол, АНУ-ын хооронд ирэн очин явсаар арав гаруй жил болжээ. Хуулийн сургууль төгсөөд олон жил хуульчаар ажиллалаа. Одоо ч тэр л мэргэжлээрээ буюу монгол, англи, орос хэлээр АНУ-ын цагаачлалын хуулийн зөвлөгөө өгдөг ажил хийж байна. Монголын хуулийн хувьд бизнесийн болон гэр бүлийн тухай хуулийн чиглэлээр зөвлөгөө өгөх үйл ажиллагаа явуулдаг Хавай мужид бүртгэлтэй компанийг ажиллуулж байгаа.

-Үндсэн Хуулийн Цэцэд гаргасан гомдол өргөдлийн тань талаар тодруулмаар байна. УИХ үндсэн хуулиа зөрчив үү. ҮХЦ зөрчив үү?

-Аль аль нь. УИХ Үндсэн хуульд нийцээгүй салбар хууль баталсан. Монгол Улсын иргэн сонгох болон сонгогдох эрхийг бүрэн эдэлнэ. Энэ эрхийг хамгаалж Үндсэн хуулийн Цэцээр удаа дараа явж өргөдөл гомдлыг хянан шийдвэрлүүлэхийг хүссэн. Би хамгийн анх 2021 оны есдүгээр сарын 12-нд УИХ-ын заалт нь Үндсэн хуулийн заалтад нийцээгүй байна гэсэн гомдол өргөдлийг гаргасан. Энэ асуудлаар нийт гурван удаа ҮХЦ-д хандсан боловч эхний хоёр удаагийн өргөдлийг хүлээж аваагүй. Гурав дахь удаад хүлээж авсан ч 2021 оны арванхоёрдугаар сарын 24-ний 138 дугаар тогтоолоор ҮХЦ-ийн гишүүн Ц.Нанзаддорж маргаан хянан шийдвэрлэхээс татгалзсан. УИХ-ын сонгох, сонгогдох эрхийн асуудлаар би анх хандсан юм биш л дээ. Өмнө нь Н.Мэндбаяр гэдэг хүн мөн энэ асуудлаар хандаж байсан. Гэвч дээрх асуудлыг 2020 оны 118 дугаар тогтоолоор ҮХЦ-ийн гишүүн Б.Буяндэлгэр маргаан хянан шийдвэрлэхээс бас л татгалзсан байдаг.

-Гадаадад амьдарч буй иргэдийн үндсэн эрхийг хязгаарлаж, УИХ-д санал өгүүлэхгүй, сонгох бүртгэлээс хасаж буй нь ямар учиртайг тайлбарлаж өгөөч?

-Юун түрүүнд энэхүү асуудлын эрх зүйн үндэс нь яг юу юм бэ гэдгээс эхлэх нь зөв гэж бодож байна. Нэгдүгээрт, аль ч улсын, олон улсын гэрээнд энэхүү сонгох, сонгогдох эрхийн тухай заачихсан байдаг. Монгол Улсын хувьд хүний эрх, эрх чөлөөний талаарх 17 гэрээнд нэгдэж орсон. НҮБ-ын “Иргэний болон улс төрийн эрхийн факт” хэмээх олон улсын гэрээнд Монгол Улс 1974 онд нэгдэн орсон. Үүний 25 дугаар зүйлийн “а, б”-д сонгох болон сонгогдох эрхийн талаар заасан байдаг. “…Гадаадад суугаа Монгол Улсын иргэн төрийн үйл ажиллагаанд өөрийн биеэр болон төлөөлөгчөөр дамжуулан оролцоно” хэмээн тодорхой дурдчихсан байгаа. Ингээд олон улсын гэрээний дагуу Монгол Улс дээрх заалтыг хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн. Энэхүү үүргээ хэрэгжүүлэхийн тулд 1992 онд үндсэн хуульдаа “Иргэд болон төрийн байгууллагууд сонгох, сонгогдох эрхтэй” гэж заасан билээ. Харин энэхүү Үндсэн хуулийг хэрэгжүүлэх арга, механизмыг салбар хуульдаа тодорхойлж өгдөг. Энэ тухай салбар хууль 2019 онд УИХ-аар батлагдсан “Сонгуулийн тухай хууль”-ийн 20.6.3-т “60 түүнээс дээш хоногийн хугацаагаар гадаад улсад зорчсон иргэдийн мэдээллийг “Улсын хил хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, СЕХ-д хүргүүлнэ” гэсэн заалт бий. Хоёрдугаарт, энэ хуулийн 20.7-д Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 20,6,2-т тус тус заасны дагуу ирүүлсэн мэдээллийг үндэслэн тухайн сонгогчдыг сонгуулийн санал өгөх сонгогчдын нэрийн жагсаалтаас хасалгүйгээр, тайлбар хэсэгт “түр хасав” гэсэн тэмдэглэгээг хийнэ гэж заасан байдаг. Гэтэл хуульд нэмэлт тэмдэглэгээ хийгдсэн тухайн сонгогчдыг сонгох эрхтэй иргэдийн нэрсийн жагсаалаас бүрмөсөн хасах нь үндсэн хуулиа зөрчсөн хэрэг болоод байгаа юм. Салбар хууль нь үндсэн хуульдаа захирагдах ёстой атал ийм шийдвэрийг УИХ-аас баталсан байгаа юм. Энэ яавч байж болохгүй.

-Гадаадад амьдарч байгаа иргэд УИХ-ын сонгуульд оролцох ач холбогдол, хэрэгцээ шаардлага нь яг юу юм бэ?

-Гадаадад амьдарч буй иргэдийн дотор өндөр боловсрол эзэмшсэн, мэргэжлийн ур чадвартай хүмүүс олон байгаа шүү дээ. Амьдралын эрхэнд ажил хийхээр гадаад орныг зорьсон иргэд ч нэг хэсгийг эзэлнэ. Тэд ардчиллын үнэт зүйлийг ойлгосон, хэнийг сонгох вэ гэдгийг бодож, анхааралтай хандаж саналаа өгөх Монгол Улсын иргэд мөн. Гэтэл өндөр мэдлэгтэй, биднийг гаднаас нь харж ажиглаж дүгнэлт хийж байгаа иргэдээ сонгуульд оролцуулахаас хасчихаад байгаа юм л даа. Цөөнгүй тооны иргэд гадаадад сурч хөдөлмөрлөж амьдарч байна шүү дээ. Хэрэв тэднээр сонголт хийлгэвэл “нэрээ тавиад бетон тараадаг, зургаа тавиад календарь тараадаг, хүчингийн хэрэгт, хулгайн хэрэгт холбогддог” тийм “амьтдыг” УИХ-д гишүүнээр сонгоод байхгүй л байх. Бид бүгдэд ил харагдаж байна. ЖДҮ, Хөгжлийн банктай холбоотой асуудлуудыг харж ханалаа шүү дээ. Сонгогч иргэн хувь хүн төдийгүй Монголын төрийг цэвэр шударга байлгах механизмыг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой. Энэ асуудлын талаар би хөөцөлдөөд байгаа юм.

-Таны гаргасан гомдлыг хүлээж аваагүй учир нь юу вэ. Цаад шалтгаан бий юү?

-Жирийн иргэн хүний хувьд бодоод үз л дээ. Үндсэн хуулиндаа цагаан цаасан дээр хараар дурдчихсан байгаа заалт. Тэрэнд төөрч будлиад байх юм үнэндээ байхгүй. Гэтэл Сонгуулийн тухай хуулиараа Үндсэн хуулиа хориглочихож байгаа юм. Тийм атал Үндсэн хуулийг зөрчөөд гаргачихсан өнөөх хуулиа “зүйтэй байна аа” гэж үзээд байгаа нь сонин. Монгол Улсын Үндсэн хууль ардчилсан хүчин төгөлдөр хууль байж чадахгүй байгаа бодит нөхцөл байдлыг харуулсан үйл явдал болоод байна л даа. Цэц анхнаасаа Үндсэн хуульд заасан иргэний сонгох эрхийг хамгаалах бодол зорилготой байгаагүй. Тиймээс энэ газар хүний эрхийг хамгаалах үйл ажиллагаа явуулдаггүй гэсэн үг. Ер нь бол Цэц гишүүд нь хуучирсан, мэдлэг ур чадвар муу, үүргээсээ хазайсан, ялзарсан байгууллага болжээ гэж үзэж байна. Анх ҮХЦ-ийг байгуулж байхад би дээд шүүхийн шүүгч байсан хүн. Энэ салбарын үйл явц процессыг сайн мэднэ. Тэр үед арай өөр зорилго, үйл ажиллагаатай байсан. Одоо бол улстөрчдийн гар хөл болдог, УИХ-ын гаргасан хуулийг хамгаалдаг, хүний гар хөлийн үзүүрт гүйдэг ийм л байгууллага болсон юм шиг байна.

-ҮХЦ-ээс таны давж заалдах гомдлын хариу болгож гаргасан шийдвэр нь хууль зүйн ямар үндэслэлтэй байв?

-Хууль зүйн үндэслэлгүй. Ер нь бол агуулга нь 138 дугаар тогтоолыг хүчинтэй үлдээе, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгоё гэсэн шийдвэр магадлал гарсан. Энэ магадлалд гурван зүйл үндэслэл ирүүлсэн. Эхний үндэслэл нь гомдлыг ҮХЦ хүлээн авахаас татгалзсан нь зөв юм аа гэсэн дүгнэлт хийсэн. Хоёрдугаарт, “Иргэн О.Ганзориг ҮХЦ-д хандахдаа хуулийн этгээдийн албан бичгийн маягт, тамга тэмдэг хэрэглээгүй бөгөөд иргэний үнэмлэхний хуулбарыг хавсран ирүүлсэн байх тул ҮХЦ-д хандах эрх бүхий этгээд биш гэж шууд үзэх үндэслэлгүй боловч энэ хүрээнд ҮХЦ-ийн гишүүний (Ц.Нанзаддорж) 2021 оны 138 дугаар тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгох үндэслэл тогтоогдоогүй байна аа гэсэн дүгнэлт хийсэн. Тэгэхээр ойлгомжтой байгаа биз. Миний тогтоолыг хүлээж авсан хэрнээ 138 дугаар тогтоолыг хүчинтэй хэвээр үлдээнэ гээд шийдчихэж байгаа юм. Гуравдугаарт, “Монгол Улсын ҮХЦ-ийн тухай хуулийн есдүгээр зүйл, ҮХЦ-ийн маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн хорьдугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй дээрх мэдээллийг “ҮХЦ хүлээн авч шалгасан нь хууль зүйн үндэслэлгүй” байсан болохыг дурдах нь зүйтэй” гэсэн дүгнэлт хийсэн. Хууль зүйн үндэслэлгүй зүйлийг хүлээн авсан гэдгээ өөрсдөө магадлалдаа гарган хэлчихээд 338 дугаар тогтоолыг хүчингүй болгохгүй байгаа юм. Хуулбарласан тухай нэгдүгээр үндэслэлд маань Цэц ямар ч дүгнэлт хэлээгүй. Таг дуугүй өнгөрсөн. Цагаан дээр хараар биччихсэн тамга тэмдэгтэй нэгнээсээ хуулбарласан, хуурамчаар үйлдсэн хоёр тогтоол дээр Цэц нүдээ аниад өнгөрчихөж байгаа юм.

Намайг гомдол гаргах хуулийн этгээд иргэн мөн байна гэж үзсэн авч Н.Нанзаддоржийн тогтоолыг хүчингүй болгоход эрх хүрэхгүй байна гэж хэлж байгаа нь ч тэр. Мөн мэдээллийг хүлээн авч шалгасан нь хууль зүйн үндэслэлгүй байсан гэж зөвшөөрсөн атал тэрхүү хууль зүйн үндэслэлгүй тогтоол нь хүчинтэй хэвээр. Мөн сонгох, сонгогдох эрхийн талаарх гомдлоо Үндсэн хуулийн 26.2-т заасны дагуу хууль санаачлагчид санал гарган шийдүүлэх эрх нээлттэй байна гэсэн дүгнэлт хийсэн. Уг нь би тэр УИХ-ын гаргасан хууль Үндсэн хуульд нийцээгүй буруу байна гэдэг асуудлаар “маргааны өргөдөл” ҮХЦ-д гаргасан боловч “саналаа” гаргаж УИХ-аар шийдвэрлүүл гэдэг хариу хэлж байгаа юм. Өөрсдөө ажлаа хийхгүй, маргаанаас бултаж зугтаад өөр тийшээ явах зөвлөгөө өгч байгаа асуудал болоод хувирчихаж байгаа биз. Тэгж болохгүй шүү дээ. Өөрсдийнх нь харьяаны шийдвэр асуудлыг дэвшүүлээд иргэн хүн гомдол гаргахад өөр тийшээ явах зөвлөгөө өгөөд байж болохгүй. Энэ мэт зөвлөгөө өгөх маягийн ажил хийх аргыг хориглосон заалт ҮХЦ-ийн журамд бий шүү. Тиймээс үүнийг хүлээж авах ямар ч үндэслэлгүй. Дөрөвдүгээрт, ҮХЦ-д маргаан үүсгэх заалтын шаардлагыг бүрэн хангаагүй, нотолгоо тусгаагүй, үндэслэл заалтыг тодорхой тусгаагүй гэх. Бүх зүйл заалт үндэслэлийг тусгасан. Тэр бүх үндэслэл нь тодорхой харагдаж байгаа шүү. Харин Цэц өөрөө л утгагүй хуулийн шаардлага хангаагүй үндэслэл зааж байгаа юм. Ингээд тогтоолыг хүчин төгөлдөр хэвээр байлгах ямар ч үндэслэл дэвшүүлж чадаагүй. Тэгсэн атлаа үндэслэлгүй гөжсөн магадлал гаргаад шийдвэрлэчихсэн. Цэцийн тогтоол, магадлал нь өөрөө бүхэлдээ хуульд нийцээгүй байна. Иймээс хууль дээдлэх зарчим энэ байгууллагын үйл ажиллагаанд алдагджээ.

-ҮХЦ-ийн гишүүний хариуцлага, ҮХЦ-ийн хариуцлага, түүгээр зогсохгүй Монгол Улсын Засгийн газрын хариуцлага алдсан гэсэн үг үү?

-Хуурамч тогтоол үйлдсэн Цэцийн гишүүний талаар гомдол гаргах гээд явтал Монгол Улсад ҮХЦ-ийн гишүүний ёс зүйн дүрэм байдаггүй юм байна. Ийм өндөр албан тушаалтанд ёс зүйн дүрэм байдаггүй, түүнийг шийдвэрлэдэг тогтоосон журам байдаггүй нь үнэхээр гайхмаар санагдсан. Тийм байж яавч болохгүй. Тэд өөрсдийгөө Монгол Улсын ҮХЦ-ийн дээр хөх тэнгэр байна гэж ярьдаг. Тэр бол үнэндээ Цэц хараат бус байдалтай байна аа гэдэг агуулгыг л ойлгох ёстой.

-Энэ маргаан яаж дуусах бол. ҮХЦ-ээс эцсийн магадлал тогтоол гаргачихсан юм биш үү?

-Магадгүй ингээд л Цэц үнэн худал магадлал гаргаад л асуудалд цэг тавьчихдаг юм байна, дуусчихдаг юм байна гэж чи бодож байгаа байх. Тийм биш шүү дээ. Монгол Улс дэлхийн эрх зүйн тогтолцооны гадна талд оршиж байгаа газар биш шүү дээ. Монгол Улсын Засгийн газартай хариуцлага тооцдог олон улсын хэм хэмжээ, олон улсын механизм байна аа. Түүгээр нь би цааш нь хөөцөлдөөд явна гэж бодож байна. Олон улс дахь “Иргэний болон улс төрийн эрхийн талаарх факт”-ын нэмэлт протоколд Монгол Улс 1991 онд нэгдэн орсон. Үүнийг яагаад онцгойлон хэлээд байна вэ гэвэл энэ протоколд нэгдэн орсон улсын иргэд НҮБ-ын дэргэдэх Хүний эрхийн зөвлөлд “Хүний эрхийг зөрчсөн талаар гомдол” гаргаж болдог. Нэгэнт Монгол Улс нэгдэн орсон, би Монгол Улсын иргэн учраас Хүний Эрхийн Зөвлөлд гомдол гаргах эрхтэй. Ингэхэд хоёрхон шаардлага тавигддаг. Нэгдүгээрт, тухайн орны иргэн байх ёстой. Хоёрдугаарт, тухайн орны УДШ, ҮХЦ-ээр асуудлаа шийдвэрлүүлсэн байх ёстой. Тэгэхээр ҮХЦ нэгэнт ийм шийдвэр гаргачихаж байгаа тул “Олон улсын гэрээ болон Үндсэн хуульд заасан сонгох, сонгогдох эрхийг Монгол Улс зөрчиж байна” гэсэн гомдлыг НҮБ-ын хүний эрхийн зөвлөлд гаргах боломжтой. Одоо энэ гомдлоо бэлдээд байж байна. Олон улсын гэрээнд нийцүүлж орчуулдаг болохоор бага зэрэг ажиллагаатай. Гэхдээ удахгүй өгнө. Тэгээд зохих ёсоор хянан шийдвэрлэх байх аа.

-Монгол Улсын Засгийн газар олон улсаар асуудлаа шийдвэрлүүлэх нь ээ?

-Монгол Улсад байдаг дутагдал бол төрийн өндөр албан тушаалтай хүмүүстээ хариуцлага тооцож чаддаггүй. УИХ-ын гишүүн эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд УИХ-аас зөвшөөрөл авч байж хянан шалгалт хийх эрхтэй болно. УИХ-ын гишүүн болохоор халдашгүй эрхтэй мэт. Гэтэл харин ч эсрэгээр УИХ-ын гишүүн байх тусмаа яг ижил хариуцлага тооцуулах ёстой. Бусад орнуудад тийм зүйл байдаггүй. Гэмт хэрэг үйлдсэн бол бусад жирийн иргэдтэй адилхан хянан шалгуулж, арга хэмжээ авахуулах ёстой. Хар л даа. Саяхан хуулийн сургуулийн охин хүний толгой дээр кофе асгасан ёс зүйн зөрчлийн улмаас сургуулиасаа хөөгдөх арга хэмжээ авахууллаа. Хуулийн сургуулийн оюутнууд ёс зүйн журамтай шүү дээ. Хэрвээ хуулийн сургуулийн оюутнууд судалгааны ажлаа хэн нэгэн хүний ажлаас хуулбарласан тохиолдолд зохих арга хэмжээ авахуулна шүү дээ. Хуулийн сургуулийн оюутан тийм хариуцлага хүлээдэг байхад Цэцийн гишүүн хүн хуурамч тогтоол үүсгэж Цэцийн нэрийн өмнөөс гаргачихаад огт хариуцлага хүлээхгүй байна гэдэг шударга ёсонд таарахгүй биз дээ. Ур чадваргүй гэж би дүгнэж байгаа юм. ҮХЦ-ийн есөн гишүүнээс хуульчийн гэрчилгээ авсан хүн хэд байна. Тун цөөхөн дөө. Бараг л байхгүй. Энгийн өмгөөлөгч, шүүгч, прокурор хүн бүгдээрээ сургууль төгссөн хуульчийн гэрчилгээтэй байх ёстой. Тэгж байж хуульч болдог биз дээ. Хамгийн наад захын шаардлагыг биелүүлээгүй хүмүүс бидний толгой дээр биднийг удирдаад сууж байна. Хуулийн сургууль төгссөн хүн эрх зүйч болдог. Эрх зүйч болоод хоёр жил дадлага хийж байж хуульчийн гэрчилгээ авах шалгалтад орох эрхтэй болдог шүү дээ. Хамгийн наад захын шалгуурыг давж чадаагүй “амьтад” хуульч болчихсон, хуулийн асуудлыг шийднэ гэдэг чинь үлгэр биз дээ. Үнэхээрийн утга учиргүй “тэнэг” тогтолцоотой байгаа маань эндээс харагдаж байгаа юм.

-Энэ тогтолцооны гажуудалд хэн хариуцлага хүлээх ёстой вэ?

-Би бол энэ асуудалд бүхэлд нь ҮХЦ-ийн дарга Н.Чинбат гэдэг хүнийг хариуцлага хүлээх ёстой гэж боддог юм. Иргэний гомдлыг ҮХЦ-ийн дарга хүлээж аваад хуваарилдаг. Тэр хүн миний гомдлыг гурван удаа буцааж, аргагүй эрхэнд хүлээж авсан. Дараа нь ҮХЦ-ийн тогтоолыг хүлээж авахгүй гээд гомдол гаргахад Б.Буяндэлгэр гэдэг хүнийг хуралдааныг даргалан орохыг томилчихож байгаа юм. Харсаар байтал ашиг сонирхлын зөрчилтэй тулгарч байна. Н.Чинбат түүнийг мэдсээр байж ийм үйл ажиллагаа явуулж байна. Тэгээд энэ шударга ёс мөн үү. Н.Болортунгалаг гээд Хуулийн хэлтсийн дарга надад ҮХЦ-ийн даргад танилцуулсны үндсэн дээр танд хариу өгнө гэж удаа дараа хэлж байгаа юм. Гэтэл Д.Чинбат гэдэг хүн хууль биш. ҮХЦ-д гаргасан иргэний гомдлын хариуг ҮХЦ-ийн гишүүн өгөх ёстой байдаг. Гэтэл тийм юмаа ч мэдэхгүй сууж байгаа Цэцийн дарга байна шүү дээ. Бодоод үз дээ. Энэ мэтээр Н.Чинбат гэдэг хүн ажиллагааг жар гаруй хоногоор хойшлуулсан. Ажилтан нь байтугай Цэцийн дарга нь ч хуулиа мэддэггүй. Иймэрхүү байдалтай үйл ажиллагаа явуулдаг, олон өргөдөл гомдолд Н.Болортунгалаг гэдэг ажилтнаараа дамжуулж бүрхэг хариу хэлдэг. Тэгэхээр Н.Болортунгалаг ч миний эрхийг хохироож байна, хэрэг маргаан шийдвэрлэх ажиллагааг хойшлуулж байна, хуулиа мэдэхгүй тийм хүнд хариуцлага тооцох ёстой.

-ҮХЦ-ийн үйл ажиллагаа доголдолтой явагддаг гэсэн үг үү?

-ҮХЦ-д ийм асуудал байнгын явагдаж байгаа. ҮХЦ-ийн гишүүн байсан хуульч Б.Гүнбилэг, н.Баттулгын гаргасан гомдлын дагуу өмгөөлөгчөөр Цэцийн хуралдаанд оролцох гэхэд нь тэр өдөр ҮХЦ-ийн үүдний харуул нь оруулаагүй. Цэцийн хуралдаанд орж чадаагүй. Тийм байж Үндсэн хуулинд заасан эрх зүйн туслалцаа авах иргэний эрхийг хангаж чадаж байгаа юм уу. Цэц дээр байнгын болж байгаа Үндсэн хууль зөрчсөн үйл ажиллагаа нь Д.Чинбатын хувьд хэвийн л үзэгдэл. Яг л тэр арга ядсан өмхийрсөн үйл ажиллагаа одоо над дээр давтагдаж байна. Миний гомдлыг Цэцийн дарга хүлээж авахгүй байна аа гээд миний гомдлыг гишүүнд өгдөггүй. Ийм юм байж болохгүй. Тиймээс хуралдааны алдаатай дэгийг нь хүчингүй болго гэж Н.Чинбатад хүсэлт бичлээ. Н.Болортунгалаг гэдэг ажилтандаа арга хэмжээ ав гэж өргөдөл гаргалаа. Цэцийн өөрийнх нь гаргасан тогтоол магадлалыг зөвшөөрөхгүй гээд Олон улсын Хүний эрхийн зөвлөлд хандах гээд байж байна. Иймэрхүү байдлаар цэгцтэй хариуцлага тооцох ёстой болов уу гэж бодоод сууж байна даа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *