Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Г.Ганзориг: Банкны IPO бол Монголын нийгэмд хэрэгтэй байсан агаар мөн DNN.mn

Мандал Ассет Менежмент ХХК-ийн Гүйцэтгэх Захирал Г.Ганзоригтой ярилцлаа.


-IPO гаргах нь хөрөнгө оруулагч, тэр дундаа жижиг хөрөнгө оруулагчдын эрх ашигт хэрэгтэй гэдэг. Банкууд IPO гаргах нь яг ямар ямар ашигтай талаар ярилцлагаа эхэлье?

-Үүнийг бид олон түвшинд харж болно. Эхнийх нь түвшин бол энэхүү банкны реформ нь нийгэмд, Монголын ирээдүйд ямар хэрэгтэй вэ гэдэг асуудал. Бяцхан онолын ойлголт ярья. Компани гэдэг бол баялаг бүтээдэг төгс механизм. Дэлхийн бүхий л улс орныг компаниуд нь авч явдаг, манайх ч мөн адил. Харин манайхаас ялгаатай нь өндөр хөгжилтэй оронд тэдгээр компаниуд нь мянга мянган эзэнтэй, нийт ард иргэдийн өмч байдаг юм л даа. Тэгж иргэд нь тэрхүү баялгаас хүртдэг жамтай. Гэхдээ нэг зүйлийг санах хэрэгтэй. Компани бүр тийм мундаг, ашигтай байгаад нийт хувьцаа эзэмшигчдээ баяжуулаад байдаг юм биш. Тэгэхээр чанартай, ашигтай, улсынхаа түүчээ болсон компаниуд олон нийтэд нээлттэй болж, IPO хийнэ гэдэг бол чухал нийгмийн өөрчлөлт. Цаашлаад энэ нь баян, хоосны ялгааг бууруулах тийм үр нөлөөтэй зүйл. Харин үүнээс илүү микро түвшинд авч үзвэл банкуудын IPO нь хөрөнгө оруулагчдын хувьд ашиг хийх тун ч боломжийн хувилбар болоод байна. Би IPO-г гурав дахь талаас нь тайлбарлая. Банкны хувьд IPO гаргана гэдэг нэмэлт мөнгөтэй болж буй хэрэг. Тус мөнгөөр мэдээж бизнесээ дэмжинэ. Банкны үндсэн бизнес зээл олгох юм чинь харин ч IPO нь банкууд зээлээ нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлнэ. Мэдээж тухайн банкны бодлого, нөхцөл байдлаас шалтгаалан өөр өөр байж болно. Сүүлийн хэдэн сар хөрөнгийн зах зээлд уналт ажиглагдаад байсан бол банкны IPO-той холбоотой хүмүүсийн анхаарал эргээд хөрөнгийн зах зээлийг анхааралтай ажиглах боллоо. Эрэлт ч өндөр байна. Тэдгээр хөрөнгө оруулагчдад зөвлөхөд хий сурталчилгаа биш, суурь судалгаандаа илүү найдаарай. Өдрийн арилжаагаар ашиг хийх гэж биш, харин урт хугацааны хуримтлалаа эдгээр хувьцаан дээр үүсгээрэй. Тэгвэл та хожих болно гэж хэлье.

-Төрийн банкны хувьд олон нийтэд санал болгож байгаа хувь хэмжээ нь таван хувь. Төрийн банкны IPO үнэхээр эрүүл үү. Эсвэл төрийн банкийг хувааж идэх гэсэн санаа байна уу гэх мэтчилэн зүйлс нэлээд хөвөрч харагдлаа л даа.

-Янз бүрийн л хардлага, сэрдлэг байгаа. Тэр болгоныг үнэн гэхэд хэцүү. Харин таван хувиа гаргаж буй нь бага уу гэвэл тийм. Хэрэв Төрийн банк таван хувиа гаргаад зогсох гэж байгаа бол энэ эрүүл биш. Харин миний мэдэж буйгаар цаашдаа бага багаар нэмэлт хувьцаа гаргаж, олон нийтэд гаргасан хувиа нэмэгдүүлнэ гэсэн. Тэгэхээр эцэстээ Төрийн банк биш, олон нийтийн банк болох өдөр ирнэ хэмээн найдаж сууна.

-Анод, Зоос банк хоёр IPO хийсэн. Тухайн үедээ асуудалгүй, маш сайн чанартай, ашигтай банкууд хувьцаа нь үргэлж өснө гэсэн пиар хийсэн. Яг одоогийн тав шиг. Хөрөнгийн зах зээлд гараад 1-2 жил болоогүй хоёулаа дампуурчихсан гашуун туршлага бидэнд бий шүү дээ.

-Үнэн. Одоо болтол Анод банкны асуудал иргэдийн сэтгэлийг эмзэглүүлсээр байгаа. Гэхдээ Анод банкны баланс, тоон үзүүлэлтүүдийг харвал сайнгүй байсан гэж тухайн үед ажиллаж байсан мэргэжилтнүүд дуу нэгтэйгээр хэлдэг. Тэгэхээр миний өмнө нь хэлээд байсан суурь судалгаа чухал шүү, битгий сурталчилгаанд хууртаарай гээд байгаа хэрэг. Цонх онгойлгоход агаар ч орно, шумуул ч орно гэдэг дээ. Банкны IPO бол Монголын нийгэмд хэрэгтэй байсан агаар мөн. Гэхдээ асуудал гарна. Заавал гарна. Тэрийг мэргэжлийн хүмүүстэй л давж туулна даа. Жишээ нь, манай “Мандал Ирээдүйн Өсөлт” хөрөнгө оруулалтын санд анх 7000 хүн хөрөнгө оруулсан ч жилийн дотор 8500 болтлоо өссөн байна. Өдөр ирэх тусам мэргэжлийн хүмүүстэй хамтран Банкны IPO-д оролцох хөрөнгө оруулагчдын тоо нэмэгдэж буй хэрэг юм.

-Банкны хувьцааны үнийг тогтоох маш хэцүү гэдэг. Үүнд хэрхэн анхаарах шаардлагатай вэ?

-Хувьцааны үнэ гэдэг хоёр үндсэн зүйл дээрээс хөдөлдөг. Нэг нь тухайн бизнесийн суурь үзүүлэлтүүд. Тус бизнес маш эрүүл, сайн ашигтай байвал тэр нь урт хугацаандаа хувьцааны үнийг өсгөнө. Харин богино хугацаанд хөрөнгө оруулагчдын сэтгэл зүй чухал. Тэгэхээр энэ хоёр дээр л анхаарна. Өөр юу ч биш. Олон нийтэд хувьцаагаа гаргасан банк бүр үндсэн бизнестээ, ашиг, орлогодоо л санаа зовох нь зөв. Энэ л тэдний хувьцаа эзэмшигчдийнхээ өмнө хүлээж буй хамгийн том үүрэг.

Хөрөнгийн зах зээлийн мэргэжилтнүүд бид ч энэ тал дээр шахалт үзүүлэн ажиллах болно. Харин хоёр дахь асуудал болох богино хугацааны хөрөнгө оруулагчдын сэтгэл зүйд бол зөв мэдээлэл тогтмол хүргэж л нөлөөлнө дөө. Зарим хувьцаат компани IPO хийсний маргааш таг чиг болдог. Тэгж л болохгүй гэсэн үг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *