Categories
мэдээ цаг-үе

Г.Гантулга: Хот тэлж биш зөв зохион байгуулалтад орж нягтарч хөгждөг

Доктор, дэд профессор Г.Гантулгатай газар зохион байгуулалт, хот төлөвлөлтийн талаар ярилцлаа.


-Та докторын зэргээ ямар сэдвээр хамгаалсан юм бэ?

-2010 онд “Улаанбаатар хотын газар ашиглалт ба функциональ бүсчлэл” сэдвээр докторын зэргээ хамгаалсан. Газар ашиглалтын ангилал гэдэг зүйл бол тэр үед харьцангуй шинэ ойлголт байсан л даа. Газар олголт, зөвшөөрөл, хяналтын тогтолцооны суурь болдог зүйл нь газар ашиглалтын ангилал. Энэ нь манайд хууль эрхзүйн орчинд 2008 онд Хот байгуулалтын хуульд орж ирж байсныг эс тооцвол бараг яригдаж байгаагүй. Шинэ ойлголт байсан. Тэрийг дараа нь ажил хэрэг болгоод Хот байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд санал өгч байсан. Нийслэлийн Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний тодотголд өөрийнхөө дэвшүүлсэн саналаа оруулж батлуулж байлаа.

-Аймгуудын төв, сумдын сургууль, цэцэрлэг, захиргаа нь ижилхэн барилгатай, төлөвлөлт нь адилхан байдаг?

-Үндэсний хэмжээний мэргэжилтнүүд ч харьцангуй сүүлд бэлтгэгдэж эхэлсэн. 1954 онд хот байгуулалтын төлөвлөгөө анх Улаанбаатар хот дээр хийгдсэн. 1959 онд дотоодын газар зохион байгуулалт дөнгөж яригдаж эхэлсэн. Тэр үед мэргэжлийн боловсон хүчин байхгүй болохоор шууд Оросын “Гипрогор” институт хүрч ирээд хот байгуулалтын төлөвлөгөөг хийсэн. Уул уурхайг “Гипрошахт”, зам тээврийг нь “Гипротранс” гээд төрийн өмчит институтууд нь хийдэг байсан юм билээ. Тэд нэг стандартаар норм дүрмээ бариад хийчихдэг байсан. Одоо Багануурыг харахаар Эрдэнэтийн нэг хэсгийг авчраад тавьчихсан юм шиг харагддаг шүү дээ. Тэгж нэгдсэн төлөвлөгөөний дагуу явсан юм билээ. Ингэлээ гээд буруудсан зүйл байхгүй. Орчин үед хотууд аялал жуулчлалын талаасаа ч юм уу, хэв маягаараа өөр өөр байхыг шаардаад байгаа. Харин тухайн үед дөнгөж суурьшаад тогтож байсан учраас нэг стандартаар байвал эргээд түүнийх нь засвар үйлчилгээ, хяналт нь стандартынхаа дагуу л хөрөнгө оруулалтаа тооцоход илүү амар байсан байх.

-Улаанбаатар хот зүүн, баруун тал руугаа тэлж байгаа. Харин сүүлийн үед өндөр барилга барих, давхар зам, тунель гаргах зэргээр дээшээ барилга байгууламж нэмэгдэх боллоо. Гэтэл хотын доор, газар доор дахиад бүтэн хот бий болгох боломж байдаг гэж ярьдаг. Улаанбаатар хотын газрын хэвлийг ашиглагдаагүй байгаа гэж үзэж болох байх?

-Тийм тийм. Манайхан “Өргөн уудам газар нутагтай юм чинь. Тэрнийхээ хэрээр хотоо тэлээд л байх ёстой” гэж буруу ойлгодог. Тэлсэн тэр хэмжээгээр тэр газрууд руу зам барьж, цахилгааны шон татаж, шугам, дэд бүтцийг нь шийдэх болдог. Хол амьдарч байгаа хүн хотын төв рүү ажилдаа ирэхийн тулд цаг хугацаанаас эхлүүлээд эдийн засгийн олон бэрхшээлтэй тулгардаг. Хот тэлж биш зөв зохион байгуулалтад орж нягтарч хөгжих ёстой байдаг. Гэтэл одоо болтол хотын тэг гортиг, хил хязгаар зэрэг олон асуудал зуун задгай, жаран хагархай гэгчээр хороодынхоо хил хязгаарыг одоо хүртэл тохирч чаддаггүй юм байна шүү дээ. Монгол Улсын хороо, багийн хилийн 60-70 хувь нь шийдэгдээгүй. Одоо хүртэл маргаантай. Үүнийгээ шийдэж чадаагүй болохоор дараа дараагийн асуудал гарч ирдэг. Хил хязгаар, эрхзүйн орчноо тодорхой шийдэж чадахгүй байгаа нь ашиг сонирхол, үзэмжээрээ шийдэх зэрэг асуудалд боломж олгоод байгаа юм. Хот бол доошоо, дээшээ гэсэн гурван хэмжээстээр хөгжих ёстой. Улаанбаатар хотын хувьд гүний ойлголтуудыг шууд ашиглахад эрсдэлтэй. Нэгдүгээрт, голын хөндийд байрладаг учраас хуримтлалын хурдсууд үүсчихсэн байдаг. Ийм болохоор барилгажихад хэр тохиромжтой вэ. Улирлын хөлдөлт, гэсэлт, цэвдэгт үзэгдэл ихтэй. Саяхан Амгаланд айлуудын байшин усанд автаад хөлдчихсөн байсан нь мэдээллийн хэрэгслээр гарсан. Газар дороо ийм их цэвдэгтэй тохиолдолд тэр болгон гүн рүүгээ хандаад байх шаардлагагүй. Уг нь бол газар доорх нөхцөлөө ашиглахгүйгээр бараг энэ сая гаруй хүн чинь барилгажсан талбай дээрээ зөв зохион байгуулалтад орчихвол амьдрах боломжтой орон зайтай. Бид хэт эмх замбараагүй тарчихсан. Дээрээс нь хогийн цэг, оршуулгын газар ямар ч хяналтгүйгээр урсгалаараа шахуу үүсчихсэн байна. Энэ бүхэн нь холилдоод зохион байгуулалтаа алдчихаад байна.

Үүнийг зохицуулах дараагийн алхам бол тэр орон зайнуудыг ашиглах, барилгуудаа өндөр болгох. Өндөр болгохдоо бусад барилгын гэрэл сүүдэрт асуудал үүсгэхгүй, зогсоолын асуудлаа шийдсэн байх, гал дамжих магадлал, газар хөдлөлтийн үед яах вэ гэдгийг шийдсэн байх хэрэгтэй. Гүний асуудлын хувьд инженер, геологийн асуудал, цэвдэгт үзэгдэл зэргийг давхар бодож үзэж байж хийх. Ер нь технологи сайжирч байгаа үед боломжтой ойлголт. Метротой болъё гэвэл газрын хэвлийг ашиглахаас өөр аргагүй.

-Манай нийслэл мега хот. Улаанбаатар мега хотод байх шаардлагуудыг хэр хангаж байгаа бол?

-Харьцангуй ойлголт л доо. Дэлхий дээр саяас дээш хүн амтай 260 орчим хот байгаа юм. Тэр хотуудыг байр эзлүүлдэг олон улсын байгууллагууд байна. Хотуудын амьдрах орчны чанарын үнэлгээг гаргаж зэрэглэдэг. НҮБ ч хотуудыг түвшин, засаглал, байгаль орчин, дэд бүтэц, эдийн засаг зэрэг янз бүрийн байдлаар нь ажигладаг. Тэр олон судалгаануудад Улаанбаатар хот эхний зууд нь багтаж чаддаггүй. Бүр тэр судалгаандаа оруулдаггүй ч хотууд байдаг. Орхиод явчихдаг. Одоогоос 2-3 жилийн өмнөх НҮБ-ын тайланг үзэж байхад зарим үзүүлэлтээрээ Улаанбаатар 64 дүгээр байрт орсон байсан.

-Ямар үзүүлэлтээрээ тэр вэ?

-Хотод амьдарч байгаа хүмүүсийн стресс, авлига, дэд бүтэц, ардчилал, жендер гээд газартай хамааралгүй олон үзүүлэлтүүдийг оруулаад ирдэг юм билээ. Дайн дажингүй, жендерийн үзүүлэлтүүдээр урагш ороод ирдэг ч агаарын бохирдол, дэд бүтэцгүй байдал, ядуурлаараа хойшоо ухарчихдаг. Хүн болгон л ярьдаг. Улаанбаатар хотыг сөнөж мөхөж байгаа хот гэж ойлгоод байдаг. Энэ бол арав, хориодхон жилийн сөрөг үр дагавар. Үүнийг шийдэхэд амархан. Утаа хүртэл нэг өдрийн салхинд арилчихаад байгаа юм чинь энэ бол гайгүй асуудал. Энэ нөхцөл байдлыг хэн харлуулаад байна вэ гэхээр намууд “Тэр намын үед ийм болчихсон. Энэ намын үед ийм болсон” гэж улстөржүүлээд байгаа юм.

Дэлхийн хотуудын түүхийг аваад үзэхэд бүгдэд нь энэ бүхэн тохиолдож байсан. Үүнд хэн нэгнийг буруутгах, бөөнөөрөө шүүмжилж дайрахаасаа илүүтэй энгийн иргэнээсээ эхлүүлээд төр засаг нь хүртэл дээд түвшиндээ шийдэх гарцуудаа хайгаад явбал болохгүй гэх асуудалгүй. Юмыг гэгээлгээр харахгүй бол бид ганц нийслэлдээ нэр хоч өгөхөөс цааш хэтрэхгүй байна.

-Венец усан дээр байдаг гэдгээрээ, Нью-Йорк бол гэрлэн чимэглэлээр дэлхийд алдаршсан. Улаанбаатар хот тэдгээр хот шиг юугаараа дэлхийд гарах боломжтой вэ?

-Улаанбаатар хотын хувьд архитекторын онцгой шийдэл эсвэл байгаль экологийн онцлог юм багатай. Дэлхийн хотуудаас юугаараа ялгагдах вэ гэхээр харьцангуй сүүлд суурьшсан. Шинэ үүсч байгаа хотын бүх проблем Улаанбаатар хотод үүсч байдаг. Дээрээс нь төр засгийн болон эдийн засгийн маш том давалгаануудад энэ хотын өнгө төрх яаж өөрчлөгдөж, тэсэн үлдэж чадаж байна вэ гэдэг нь Улаанбаатар хотоос харагдах боломжтой. Энэ бол манай хотын онцлог. Бидний имиж гэвэл Ази, Европ гэдэг хоёр тивийн хоёулангийнх нь хэв шинжийг гаргаж чадсан.

Дэлхий дээр өөр байдаггүй монгол гэрийн суурьшил энэ хотод бий. Дэлхий дээр хамгийн хямд зардлаар байр орон сууцны хэрэгцээгээ хангаж байгаа хувилбар нь монгол гэр. Гэр хорооллыг утааны эх үүсвэр гэж яриад байгаа болохоос биш энэ бол байж болох л хувилбар. Үүнийг зөв зохион байгуулалтад оруулна уу гэхээс үгүйсгэж болохгүй. Зөв гарцуудаа олох нь л бидний тулгамдсан асуудал.

Хотын өнгө төрхийг тийм, ийм болгоё гээд хэн нэгэн шийдээд бий болгочихдоггүй. Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөг 20 жилээр гаргадаг байтал тэр хооронд Засгийн газар нь тав байтугай солигдчихдог. Тэгээд намуудын мөрийн хөтөлбөр гэж юм ороод ирдэг. Ийм олон хүчин зүйлүүд нөлөөлж байгаа үед хотын имиж бүрдэнэ гэдэг хэцүү юм байна. Гэхдээ яалтгүй ч эдийн засаг, зах зээлээ дагаад хотын өнгө төрх үүсээд л байгаа. Барилгажаад хагас зуун жил болж байгаа хотын хувьд өнгө имиж ярих нь эрт байна. Зарим хот 1000 жил болчихсон. Зах нь 400 жил тасралтгүй ажиллаж байгаа гэж ярьдаг.

-Улаанбаатар хотын 2040 он хүртэлх ерөнхий төлөвлөгөө зарлагдаж байгаа гэв үү?

-Зарлагдаад, яригдаад явж байгаа юм билээ.

-Өнгөрсөн 20 жилийн төлөвлөгөө нь хэр биелсэн юм бол?

-Төлөвлөлт маш сайн ч биелэлт нь маш муу байсан. Төлөвлөлт нь эрхзүйн чадамжгүй шахуу баримт бичиг юм байна. Тогтоол хэлбэрээр батлагддаг. Тэгэхээр тэрийг зөрчлөө гэхэд хариуцлага хүлээлгэх систем байхгүй. Газар зохион байгуулалт, газар олголт, хот байгуулалт гэдэг хоёр зүйл нь хоорондоо уялдахгүй байгаа. Хоёр өөр хуулиар явдаг. Хоёр өөр агентлагтай. Мэргэжил хоорондын үл ойлголцол, уялдаа холбоо муу, мэдээллийн сан нь тусдаа байгаагаас ийм асуудлууд үүсч байна. Цаана нь төсөв мөнгөний асуудал байдаг байх. Ер нь бол өөр өөрсдийнхөө тогоо руу оруулах дургүй шүү, салбарууд.

-Анхны Засгийн газрын сайд нарын амьдарч, ажиллаж байсан байр, Богд хааны ордон музей, элдэв сүм хийд гээд түүхийн үнэт өв болохоор байшин барилгуудыг сэргээх, хамгаалах тал дээр ихээхэн хойрго шүү. Гэтэл дэлхийн томоохон хотууд түүхэн барилгуудаа аль болох тэр хэвээр нь авч үлдэх эсвэл ядаж үүд хаалга, гудамж руу харсан талыг нь анхны төрхөөр нь үлдээдэг жишиг байдаг юм билээ?

-Land mark гэж яриад байгаа юм. Газрын онцлог хэв шинжтэй түүх, соёлын янз бүрийн өв дурсгал болсон газруудаа тусад нь бодлогоор хэрэгжүүлдэг. Газар ашиглалтын бүсчлэлээр давхарга байдлаар түүхийн дурсгалт газруудыг хамгаалах бүсчлэл тогтоодог. Хөшөө дурсгал байвал төдөн метрт нь хяналтын бүс тогтооно. Энд газар олгож болохгүй, үзэгдэх орчинг нь хаачихна гээд журмаар маш тодорхой гаргадаг. Үүнийг тухайн улс улс орныхоо хэмжээнд том хуулиараа зохицуулж чаддаггүй юмаа гэхэд хот нь багц дүрмүүдийнхээ хүрээнд зохицуулдаг. Манайд энэ асуудал үнэхээр орхигдоод явдаг. Газрыг түүх, соёлын дурсгал, үнэт өв, ногоон байгаль, экологи гэж харахаас илүү ашиг хонжоо олох, барилга барья, мөнгө олъё гэж хараад байдаг болохоор тэр бүх асуудал орхигддог. Эцэстээ цаад асуудал болох Улаанбаатар хотын аялал жуулчлал, хотын өнгө үзэмж, бидний үзэл санаанд нөлөөлөх чухал зүйлс маань халхлагдчихдаг. Чойжин ламын сүм музей гэж эртний, маш ховор барилга байхад дэргэд нь өндөр барилгууд баригдчихаар тэнд тийм сүм байгаа гэдгийг ямар ч жуулчин мэддэггүй. Тэнд тийм сүм байгаа гэдгийг хотын иргэн л хэлнэ үү гэхээс биш хотын жуулчлал хийж байгаа жуулчин очиж сонирхохооргүй болтол нь хаачихсан.

-Улаанбаатар хотын даац хэд дахин хэтэрчихсэн. Дахин шинэ хот байгуулах эсвэл дагуул хотуудаа хөгжүүлэх талаар л сүүлийн үед ярих болсон. Харин та энэ салбарыг судалдаг хүний хувьд ямар хувилбарыг дэвшүүлэх вэ?

-Хотын даацыг яаж нэмэхгүй байх вэ, яаж сарниулах вэ гэдэг асуудлуудыг ярих ёстой. Гэхдээ хүн төрөлхтөн чинь суурин газар, соёл иргэншил рүү, зах зээл, боломж руу тэмүүлж байгаа тохиолдолд дараагийн хотуудыг нь ярьж эхлэх хэрэгтэй. Хүмүүс ярихдаа хотоо тэлээд баахан дагуул хот нэмж улам шавуулах гээд байдаг. Хол хол, жаахан том сэтгэх хэрэгтэй. Шинэ хот байгуулахгүй, одоо байгаа хотуудаа илүү хөгжүүлэх.

-Эрдэнэт, Дархан гээд?

-Тийм. Аймгуудын төвүүдийг бас хөгжүүлнэ. Угаасаа дэд бүтэц нь шийдэгдчихсэн газрууд. Үйлчилгээнээс нь эхлүүлээд сайжруулаад эхэлбэл бэлэн дэд бүтэц, бэлэн статус, засаг захиргаатай ийм газрууддаа суурьшлаа нэмэх боломж бүрдэнэ.

Гэрэл зургийг Г.Базаррагчаа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *