Хүйсийн тэгш эрхийн төвийн тэргүүн Г.Ганбаясахтай ярилцлаа.
-Олон нийт хүний наймааг “Наймаалж” киногоор л төсөөлдөг. Кинон дээр гардаг шиг шууд хулгайлаад аваад явдаг мэт ойлголт бий. Гэтэл нөгөө талд орчин үед гэмт хэрэгтнүүд хохирогчоо хууран мэхлэх гэх мэт нарийн аргаар гэмт хэргийнхээ золиос болгож байна гэсэн тайлбар дуулддаг. Яг ямар аргууд байна вэ гэдгээс ярилцлагаа эхэлье?
-Орчин үед хүний наймаа даяарчлалыг дагаад их өөрчлөгдсөн. Хүч хэрэглэхээс илүүтэй хууран мэхлэх замаар үйлдэгддэг болсон гэдэг нь үнэн л дээ. Тийм болохоор“хүний мөрөөдлийг хулгайлах гэмт хэрэг” гэж орчуулж байна. Гэмт хэрэгтнүүд аюулгүй гэмт хэрэг үйлдэхийн тулд тухайн хүний мөрөөдөл дээр тулгуурлан хууран мэхэлдэг. Гудамжинд явж байхад нь хулгайлахаас илүү хохирогчоо онилж аваад хүсэл мөрөөдлийг нь мэдэж авдаг болсон. Гадаад явж ажиллахыг хүсдэг байлаа гэхэд тэр хүсэл зорилгод нь тааруулан хууран мэхлэлтээ эхэлдэг. Тийм учраас гэмт этгээдүүдийн элсүүлэлт маш хялбар хийгддэг. Мэдээж хүн хүсч байгаа зүйлдээ амархан итгэнэ шүү дээ. Ингээд л өөрийн хүслээр хүний наймааны хохирогч болдог. Энэ төрлийн гэмт хэргийг хууль хяналтын байгууллага хил гааль дээр илрүүлэх боломж бараг байхгүй. Яагаад гэвэл тэр хүн өөрөө хүсээд явж байгаа учраас бичиг баримтаа албан ёсоор бүрдүүлнэ. Бичиг баримт хуулбарлах тохиолдол маш бага хувьтай. Хилийн цаана очсоныхоо дараа ч хүч хэрэглэхээс илүүтэйгээр хуурч мэхлэх сүрдүүлэх, зайлшгүй хэрэгцээтэй зүйлсийг хясан боогдуулах маягаар тухайн хүнийг эрхшээлдээ оруулдаг. Эцэст нь тухайн хүнд “Албадаад байгаа зүйлийг нь хийж байж би эх орон гэртээ харих нь” гэсэн бодол төрдөг. Тийм итгэл найдвар төрүүлснийхээ дараагаар хохирогчийг гэмт хэрэгтээ татан оруулах болсон.
-Гадаад гэлтгүй дотоодод хүртэл хүн худалдаалах зохион байгуулалттай гэмт хэрэг гарсаар байгаа. Хүмүүст сэрэмжлүүлэг болгох үүднээс нэг жишээ дурдаач?
-Энгийн нэг жишээ хэлье. Улаанбаатар хотод хоёр охиныг түрээсийн байранд түгжиж биеийг нь үнэлүүлж байсныг илрүүлсэн. Гэмт этгээдүүд нь эхнэр, нөхөр хоёр. Оройн цагаар очиж биеийг нь үнэлүүлдэг байсан юм билээ. Өдрийн цагаар хараа хяналтгүй хүүхдүүдийг цалинжуулж хянуулдаг байсан нь илэрсэн. Хаашаа ч оргож зугтаах боломжгүй нөхцөлд хорьж байсан гэсэн үг. Хянаж байгаа хүүхдүүд нь хохирогч охидын хувцсыг хураагаад авчихна. Ингээд зогсохгүй өөрсдөө хүчинддэг байсан нь тогтоогдсон. Эцэст нь 16 настай нэг хохирогч бэлгийн замын халдварт өвчин тусч, жирэмсэн болсон байдаг. Хүүхэд нь томорсон байсан учраас төрүүлсэн л дээ. Харамсалтай нь төрөлхийн тэмбүүтэй хүүхэд төрсөн. Шүүхээр хэрэг нь ороод шийдвэрлэгдэхэд хохирогчид нөхөн төлбөр гэж 360 мянган төгрөг л оногдохоор болсон. Гэмт хэрэгтнүүд арван жил зургаан сарын ял авсан.
-Хохирогч нь хохироод үлдсэн жишээ байна. Хүн худалдаалах гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эдлэх ялыг чангаруулах хэрэгтэй юм биш үү?
-Хуулийг чангаруулах нь чухал. Гэмт этгээдийн ял оновчтой, зайлшгүй байх ёстой. Тухайлбал, нэг хүнийг, хоёр жил худалдаалсан хүн, нэг хүнийг арван жил худалдаалсан гэмт этгээдийн ял тус бүртээ ялгаатай байх хуулийн заалт хэрэгтэй байна. Тухайн хүнд учруулсан хохирол, олсон ашиг хоорондоо маш их ялгаатай шүү дээ. Манай улсын хууль эрх зүйд 25 жил хорих ял бий. Гэвч тэр ялаа оногдуулсан тохиолдол байдаггүй. Гэмт этгээдийн үйлдэл болгонд ял оногдуулах хэрэгтэй. Хүний наймааны гэмт хэрэгт тухайн хохирогчийг хууран мэхэлж, залилж, эрх чөлөөг нь хязгаарлаж, хүчээр биеийг нь үнэлүүлж, албадан хөдөлмөрлүүлж, хууль бусаар үр хөндүүлж, байна. Үйлдэл болгоныг нь тодорхойлоод ял өгөх ёстой. Манай улсын хуулийн тогтолцоо өөрөө сул биш. Тийм учраас гэмт хэрэгт буруутгагдвал хэзээ ч нар үзэхгүй юм байна гэсэн сэтгэгдлийг хүмүүст төрүүлэх ёстой.