“Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Г.Эрхэмбаяртай ярилцлаа.
-Бөхөөр хичээллэдэг, спортод дуртай байсан хүү яагаад жүжигчин болохоор шийдсэн бэ?
-Өвөө маань бөхөд дуртай хүн байсан юм. Намайг бөх болгоно гэж үргэлж ярьдаг байсан л даа. Өвөөгийн маань хүсэл сүүлдээ миний сонирхол болсон. “Алдар нийгэмлэг”-т чөлөөт бөхийн секцэнд дөрөв, таван жил хичээллэсэн юм. Ахлах ангид ороод чөлөөт бөхөө орхисон. Аравдугаар ангиа төгсөх хүртлээ дээд сургуульд орно гэж огт бодож байгаагүй. Төгссөн чинь гэнэт л дээд сургуульд орох хэрэгтэй болсон. Манай ангийнхан орох сургуулиа ярилцацгаагаад эхэлдэг юм. Би ч нээрээ юу болох билээ гэж бодоод тэр орой нь гэртээ хариад ээжтэй ярилцсан. Ээж ааваараа яриулаад Батлан хамгаалахын дээд сургуульд орох уу гэж асууж байна. Аав цэргийн хүн л дээ. Сүүлдээ гэр бүлээрээ ярилцаж байгаад ээжийн удамд урлагийн хүн байдаг гэдэг дээр тогтлоо. Тэгээд л жүжигчин болъё гэж шийдчихсэн. СУИС-ийн шалгалтад өөрийнхөөрөө бэлдээд хэдэн дуу, шүлэг цээжлээд орлоо. СУИС-ийн шалгалтад эхний дүрдээ тэнцсэн, хоёр дахь дүрдээ бас тэнцлээ. Дараагийн шатанд монологи үзүүлэх байсан юм. Тэрийг нь мэдэхгүй болохоор СУИС-д тэнцээгүй. Батлан хамгаалахын дээд сургуульд оръё доо гэж бодоод Жуковын музейн автобусны буудал дээр бууж хойшоо гэрлүүгээ алхаж байтал “Зохиомж” дээд сургууль операторын анги, жүжигчний ангид элсэлт авч байна гэсэн бичиг олж харсан. Нэгэнтээ л жүжигчний ангид оръё гээд зориод явж байсан юм чинь гээд шууд ороод шалгалт өгөөд тэнцсэн.
-Төгсөөд Драмын театрт ажилласан байдаг. Театрын босго өндөр гэдэг шүү дээ. Яаж тэнцэж байв?
-Тэр их азтай юм болсон. Намайг сургууль төгсөх үед “Сонгодог жүжгийн шилдэг дүр” шалгаруулах уралдаан болдог байсан юм. Одоо ч болохоо байсан шиг байна лээ. Жүжигчдийг төгсөх курсийн оюутнуудтай өрсөлдүүлдэг байсан юм. “Маск”-ын Мөнхсайхан ах “Отелла” жүжгээр түрүүлж байсан. Дараа нь өндөр Түвшин ахыг “Абсурд” жүжиг хийж түрүүлж байхыг нь мэднэ. Миний орсон тэмцээн гурав юм уу дөрөв дэх жил нь байсан. Тэр тэмцээнд ороод жүжигчидтэй, үеийнхээ оюутнуудтай Антон Павловичийн “Хунгийн дуу” жүжгээр өрсөлдөөд гуравдугаар байранд ордог юм. Гуравдугаар байранд орж мэргэжлийн жүжигчдийг ардаа орхино гэдэг миний хувьд үнэхээр сайхан, том зүйл байсан. Тэр үед л “Зохиомж” дээд сургууль байдаг юм байна гэж хүмүүс мэдэж авсан. Хүмүүс СУИС, Кино урлагийн дээд сургуулийг л мэддэг үе шүү дээ. “Зохиомж” дээд сургуулийг олонд таниулсан хүн гэж бараг болно доо. Тэгэхэд гуравдугаар байрын шагналыг нэг таягтай хүн өгч байсан юм. Тэр хүн шагнал өгчихөөд сургуулиа төгсөөд ирээрэй гэсэн. Тэр хүн маань МУГЖ Баатар найруулагч байж. Анх тэр хүн л намайг театр руу хөтөлж оруулсан.
-Та театрт хэр удаан ажилласан бэ?
-Тэмцээнээс хойш би өдөр болгон театр руу орж хулгайгаар жүжиг үздэг болсон. “Ромео, Жульетта” жүжгийн бүх тоглолтыг үзлээ. Тэр үед “Надаар тоглосон хайр” гэдэг жүжиг жинхэнэ мандаж байсан. Бараг 20 гаруй удаа үзсэн. Сүүлдээ өөрөө тэр жүжгэндээ тоглодог болсон доо. Театрт ажиллаж байхдаа ээжийнхээ өвөө Шаравдоогийн өрөөнд ажилладаг байлаа. Бас л бахархалтай л байдаг юм билээ. Ингээд бодохоор театрт 2003 оноос хойш “Мөрөөдлийн театр” байгуулагдах хүртэл ажилласан байна. “Мөрөөдлийн театр”-аа 2011 онд байгуулсан юм. Театрт найман жил ажилласан байна. 2003 оноос 2011 он хүртэлх театрт тавигдсан бүх уран бүтээлд тоглосон. Жилд гурав, дөрвөн жүжигт тоглосон байдаг юм.
-Театрын бодлого менежментийн хувьд таалагдаагүй учраас гарсан гээд байдаг үнэн үү?
-Энэ бас хоёр талтай л даа. “Мөрөөдлийн театр”-аа байгуулаад өдий зэрэгтэй жүжигчин болоод явж байгаа минь театрын маань гавьяа. Театрын ахмадуудаас, жүжигчдээс тайзан дээр таван үг холбож сурсан. Тайзан дээр аятайхан алхаж, жүжиглэхийг сурсан. Ингэж өдий зэрэгтэй явж байгаа минь яг үнэндээ Драмын театрын хүч.
Гадна талдаа маркетинг менежмент, одоо гарч ирж буй залуу үедээ тохирсон бодлого ч гэдэг юм уу тэр юмаараа бол дутмаг. Тэрүүгээрээ л хойшоо суугаад байгаа юм. Босго өндөртэй гэж ярьсан мөртлөө яагаад хүмүүс театраас гараад байна вэ. Одоо тэр залуучуудыг хар л даа. Шагай бид хоёр гарлаа, Хулан, Ганцэцэг хоёр гарсан, Урнаа эгч, Ганчимэг, Ганцэцэг нар гараад явчихсан. Яг үнэндээ бол гарсан хүмүүс бүгд жүжгийн гол дүрд тоглож байсан. Энэ бас нэг юм хэлээд л байна шүү дээ.
-Театр ингэж ажилладгийг харуулна гэж “Мөрөөдлийн театр”-ыг байгуулсан гэж та ярьсан байсан. Хүмүүс олон сайхан жүжиг тоглоно гэсэн хүлээлттэй байгаа. Одоо бол танай хамтлаг хошин шогийн тоглолт л хийгээд байна. Илүү арилжаа тал руугаа яваад байгаа юм биш үү?
-Бид мөрөөдлийн уран бүтээлээ хийе гэж байгуулсан хамтлаг шүү дээ. Анх “Миний нууц хүү” сонгодог жүжиг тавьсан. Дараа нь “Тэр чинь би” гээд бас сонгодог жүжиг тавьсан. Манай хамтлаг “шоу драм” гэдэг жанраар уран бүтээлээ туурвидаг. Манай тоглолтыг үздэг хүмүүс мэддэг. Нэг цагийн жүжиг хийгээд араас нь хоёр номер хийдэг ч юм уу. Хамтлаг болгон өөрсдийн өнгө аястай шүү дээ. Хүчээ сориод үзье гээд цэвэр хошин шогийн тоглолт хийж үзсэн. Хүлээж авах нь уу, үгүй юу гэдэг үүднээс бид “Утасгүй бол үхлээ юу” гэдэг жүжиг тоглосон. Маш амжилттай болж хүмүүс сайхан хүлээж авсан.
Хоёрт, “Мөрөөдлийн театр”-ыг зориод ирж байгаа олон залуу уран бүтээлчид байгаа юм. Тэр хүмүүст цалин өгөхийн тулд арилжааны тоглолт хийхээс өөр арга байхгүй. Тэгэхгүй бол зөвхөн жүжиг тавина гэвэл амьдрал зогсоно. Батаа, Шагай бид гурав гурвуулхнаа цалин авч байгаа бол өөр хэрэг. Бид гурав 20 гаруй хүн тэжээгээд явж байна. Тэр утгаараа шоу хийж байна. Цаашдаа ч гэсэн хошин тоглолтоо хийгээд явна. Сонгодог жүжгээ ч тавина.
-Та голдуу ямар дүр бүтээж байна?
-Кинон дээр бол эсрэг тал руугаа л тоглоод байна. Тайзны уран бүтээл дээр дурлалт залуу, даруухан тал руу нь илүү их сонгогддог. Тайз дэлгэц хоёр өөр л дөө.
-Киноны санал их ирдэг ч голомтгой гэж дуулсан. Ямар дүрийг сонгож тоглоод байна?
-Дүр сонголтондоо гол биш. Нэлээд хэдэн шалтгаан байна. Сүүлд тоглосон киноноос хойш гол болон туслах дүрийн долоо, найман киноны санал ирсэн ч огт тоглохгүй байгаа. “Мөрөөдлийн театр”-ынхан удахгүй кино хийх гэж байгаа юм. Тиймээс өөр уран бүтээлд тоглохгүй гэсэн хамтлагийн яриа бий. Хоёрт, зохиол нь дахиад л гомо залуугийн дүр орж ирсэн. Тэр нэрийг арилгая гэж ядаж байхад дахиж тоглоод яахав дээ.
-Гомо залуугийн дүрд тоглосны тань дараа залуус их залгаж сонирхсон гэсэн үнэн үү?
-Нэг залуу байнга яриад, өглөө нь сайхан амарсан уу, орой нь сайхан амраарай гээд байсан. Их муухай санагдсан. Төсөөлмөөргүй юм байна лээ.
-“Мөрөөдлийн театр”-ын гурав яагаад нэгдэх болов?
-Яагаад ч юм Шагай бид хоёрыг театраас гарахад Батаа тэр үед хамтлагаасаа гарч таарсан юм. Бид гурав уулзах л ёстой байсан юм болов уу гэж боддог. Тал талаасаа тэгж л таарсан хэрэг. Бие биенээ гараач гэсэн юм бол байхгүй. Бүгд өөрсдөө дор дороо л шалтгаантай байсан. Уулзаад нэг юм хамтарч хийх үү тэгье гээд л тэр дороо гоё эвлээд л болсон зүйл.
-Навчаа, Ааяа гээд чадварлаг эмэгтэй жүжигчид танай хамтлагт тоглодог. Бас залуу жүжигчдээс Дөлгөөн, Баярмаа, Намуунаа нар байдаг. Та гурав санал тавьсан уу, эсвэл өөрсдөө тоглоё гэсэн үү?
-Ааяа эгчийн хувьд бид дөнгөж “Мөрөөдлийн театр” байгуулж байхад эмэгтэй жүжигчдээс нэг түшигтэй хүн хэрэгтэй байсан юм. Эмэгтэй жүжигчид бүгд өөр өөрийн хамтлагтай байсан. Тэр үед Ааяа эгчид санал тавьсан чинь зөвшөөрсөн. Ааяа эгчийн бие чилээрхээд оронд нь хэнийг тоглуулах вэ гэж ярилцаж байгаад Навчаа эгчид санал тавьсан. Тэрнээс хойш Навчаа эгч маань манай гурав, дөрвөн тоглолтод хамтарч байна. Хөдөө орон нутгаар хамт яваад ирлээ.
Дөлгөөний хувьд манай анхны “Миний нууц хүү” жүжигт тоглож байсан. Тэрнээс хойш би “Мөрөөдлийн театр”-т үлдэнэ гээд үлдсэн юм. Сүүлийн хоёр, гурван тоглолт дээр маамуутай учраас ороогүй байна. Намуунаагийн хувьд бид “UBS” телевизийн “To be or not to be”-г хөтөлж байсан тэр жил хоёрдугаар байранд орж байсан. Намуунааг театртаа урьсан. Биднээс гадна Драмын театрт ажиллах урилга нь ирчихсэн байсан юм. Намуунаа өөрөө “Мөрөөдлийн театр”-ыг сонгож ирсэн.
-Таны хамгийн хайртай дүр юу вэ?
-Миний хувьд хоёр бүтээлдээ илүү хайртай. Хоёулаа анхных гэдэг утгаараа. Театрт байхдаа гол дүрд тоглосон, хамгийн их хөлс хүч шаардсан бүтээл. Хамгийн их хөлс дуслуулсан уран бүтээл. Эхнийх нь “Нүцгэн дурлал” инээдмийн жүжиг. Хоёр дахь нь “Мөрөөдлийн театр”-ын анхны уран бүтээл “Миний нууц хүү” жүжгийн ууган хүүгийн дүр.
-“Мөрөөдлийн театр” ямар кино хийх гэж байна?
-Анхны кино маань “Ээжийн дайсан” гэдэг кино. Одоо хоёр дахь уран бүтээлийн зохиол яригдаж байгаа. Мэдээж инээдмийн кино хийнэ.
-Сүүлийн үеийн уран бүтээлийнхээ талаар яриач?
-Манай хамтлаг бүтэн жилээр төлөвлөгөөгөө гаргачихдаг. Одоо Европын орнуудаар аялан тоглолтоо хийх гэж байна. Энэ жилийн төлөвлөгөөндөө оруулчихсан байсан юм. Бид залуучууддаа боломж олгож нэг нэгээр нь ээлжлээд авч явдаг. Дөлгөөнийг Америк, Баярмааг Япон, Чукагаа Солонгосоор авч явсан. Одоо Намуунааг Европоор авч явах гэж байна. Монголд арванхоёрдугаар сарын 4-нд ирнэ. Дараа нь Өвөр Монгол руу тоглолтоор явна. Долоо хоног явж ирчихээд арванхоёрдугаар сарын 10-наас Улаанбаатарт суурин байна. Тэгээд л шууд шинэ жилийн ажилдаа орно доо.
-Та шинэ жилээр өвлийн өвгөн болоод байдаг, энэ жил бас хүүхдүүдэд бэлэг тараах уу?
-Сүүлийн үед Жагаа ах бид хоёрт өвлийн өвгөн болох санал их ирж байгаа. Санал ирвэл өвлийн өвгөн болно. Жагаа ах маань Гомбосүрэн гуайг залгамжилж өвлийн өвгөн болж байгаа. Харин би Жагаа ахаас сураад л явж байна. Батаа, Шагай хоёрын хувьд энд тэнд хөтлөгч хийх байх.
-Өвлийн өвгөн болоход төлбөр нь дунджаар хэд байдаг вэ?
-Нэг удаа 600-800 мянган төгрөгийн хооронд байдаг.
-Жилд хэдэн тоглолт хийнэ гэж төлөвлөдөг вэ?
-Хавар, намар шинэ уран бүтээл, хүүхдийн тоглолт гээд жилдээ дөрвөн тоглолт хийчихдэг. “Мөрөөдлийн театр” хүүхдийн жүжгийг хамгийн анх эхлүүлсэн. Театрт л хүүхдийн театр гэж байснаас ямар нэг хамтлаг хүүхдэд зориулсан тоглолт жүжиг тавьдаггүй байсан. Манайх зургадугаар сарын 1-нд “Цондоолой, Цүндээлэй” гээд зөвхөн хүүхдүүдэд зориулсан тоглолтыг “Ирмүүн”-ийхэнтэй хамтарч тавьсан. Дараа нь “Динза Цондоолой ба харь гарагийнхан” гэсэн жүжиг тоглосон. Үүний дараагаас л “Маск”-ийнхан “Буратино” гэх зэргээр хүүхдийн жүжиг тавьж эхэлж байна. “Шинэ үе” бас хийгээд эхэлсэн. Хүүхдэд зориулж ийм зүйл хийх хэрэгтэй гэдгийг анх санаачилсандаа баяртай байдаг.
-Эрхэмбаяр гэдэг хүн амьдрал дээр аль дүртэйгээ илүү ойр вэ?
-“Надад өгөөгүй хайр” киноны дүр маань ойртож очино. Ер нь дуугүй талдаа, зожиг ганцаараа байх дуртай. Гудамжаар явахад намайг “Амьдралд тавтай морил” киноны Билгээгээр их таньдаг. Хаяахан “Мөрөөдлийн театр”-ын инээдмийн дүрээр хараад байх шиг санагддаг. Зөрж өнгөрсөн хүмүүс жуумалзах нь бий.
-Хамгийн их судалгаа хийсэн дүр чинь юу вэ?
-“Надад өгөөгүй хайр”-ын сохор залуугийн дүр. Тайзан дээр хоёр цаг сохор хүний дүрд тоглодог учраас судалгаа их шаарддаг. Би Багшийн дээдээс Драмын театр руу нүдний шил зүүчихээд нүдээ аниад явчихдаг байсан.
-Танай хамтлаг залуу уран бүтээлчдэдээ ямар шалгуур тавьж авч байна?
-“Мөрөөдлийн театр” одоо залуу боловсон хүчин авна. Төгсөх курсийн, төгсөөд ажилгүй байгаа мэргэжлээрээ ажиллах сонирхолтой залуусыг шалгаруулж авна. Оръё гээд ирсэн залуусыг авч нэг уран бүтээл дээр ажиллаад үзье гэж хэлдэг. Уран бүтээл дээр ажиллахад л тэр хүн нэвт уншигддаг. Хувь хүн талаасаа ямар вэ, эвдэрсэн үү, үгүй юу, тайзан дээр хэр авьяастай байна, хүсэл эрмэлзлэл тэмүүлэлтэй байна уу гэдэг нь харагддаг. Театр шиг хоёр жил дагалдан хийлгэнэ гэж байхгүй. Хоёр гурван сар л хангалттай.
-Гадаадад тоглолт хийхээр хэр их хүн үздэг вэ?
-Сайн үздэг. Солонгос, Японд харлачихсан хүмүүс андашгүй. Орж ирээд л хоёр тийшээ хараад түгшүүртэй харагддаг юм билээ. Гадаад руу явахдаа залуучуудын холбоо, гадаадад байдаг монголчууд, оюутны холбоо зэрэг байгууллагуудтай холбогддог. Зарим нь танай хамтлагийг сонирхоод байна гээд санал тавьдаг юм.
С.АРИУНЖАРГАЛ