Categories
мэдээ цаг-үе

Г.Эрдэнэбилиг: Орон нутгийн үзэгчдээс “Тэнгэрийн хүү”,“Гамлет”-аа тоглооч гэсэн санал ирсэн

УДЭТ-ын жүжигчин, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Г.Эрдэнэбилэгтэй ярилцлаа.


-Соёл урлагийн байгууллагуудын нээлттэй хаалганы өдөрлөг өчигдөр боллоо. Энэхүү өдөрлөгт Улсын драмын эрдмийн театр оролцлоо?

-Улсад данстай урлагийн байгууллагууд жил бүр их жанжин Д.Сүхбаатарынхаа талбайд ард түмэнтэйгээ уулздаг. Энэхүү уулзалтаар ард түмэнд урлаг, уран бүтээлээ танилцуулж, тайлагнадаг л даа. Мөн урлагийн бүхий л байгууллагууд нэг дороо цуглаж, холбоо сүлбээгээ нэмэгдүүлэх ач холбогдолтой ер нь их сайхан арга хэмжээ.

Харин манай театрын хувьд Дархан, Эрдэнэт, Дорнод, Сэлэнгэ гэсэн маршрутаар аялан тоглолтоор яваад ирлээ. Хөдөө орон нутгийнхаа үзэгчидтэй уулзаж уран бүтээлээ хүргэсэндээ сэтгэл өндөр байна. Үзэгчид маань ч сайхан хүлээж авсан. “Тэнгэрийн хүү”, “Гамлет” гэх мэт томоохон сонгодог жүжгүүдээ тоглооч ээ ч гэсэн санал ирсэн байгаа. Ямартай ч намрын налгар өдрүүдээр дахин орон нутгийн үзэгчидтэйгээ уулзах болно.

Түүнчлэн монгол түмний их баяр наадам удахгүй болно. Их баяр наадмын ерөнхий найруулагчаар төрийн соёрхолт Н.Наранбаатар ажиллахаар болсныг та бүхэн мэдэж байгаа байх. Мөн манай УДЭТ-ын хамт олон бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцох болно. Өвөрмөц, сайхан шийдэлтэйгээр уран бүтээлээ хүргэхээр зорьж байгаа.

-Таны хувьд тайз, дэлгэцийн шинэ бүтээлүүд дээр ажиллаж байна уу?

-Театрын уран бүтээлчид маань төгсөлтийн баяраа хийж байгаа оюутан залуустаа зориулж “Хэлж зүрхлээгүй хайр” хэмээх жүжгээ тавьсан. Миний хувьд энэхүү жүжигт тоглосон. Удахгүй “Тэнгэрийн хүү” жүжиг маань тоглогдох болно. Энэ мэтчилэн театрынхаа хуваарьт тоглолтууддаа оролцоод явж байна.

Харин дэлгэцийн бүтээлийн хувьд нэгэн кинон дээр ажиллахаар сэтгэл шулуудчихаад байна. Одоогооор бэлтгэл ажлаа базааж байгаа. Энэхүү уран бүтээл нь монгол морины тухай түүхэн кино байх юм.

-Та Драмын театртай хэзээнээс амьдралаа холбосон бэ?

-Би СУИС-ийг 1999 онд төгссөн юм. Төгсөөд л театрт ирсэн л дээ. Гэхдээ 2000 онд тушаал гарч “Театрын жүжигчин” гэсэн үнэмлэхээ гардан авч байлаа. Түүнээс хойш 17 жил тасралтгүй ажиллаж гол болон туслах дүрүүдэд тогложээ. 17 жил гэдэг бол багагүй хугацаа шүү дээ. Би ахмад үеийн гайхалтай жүжигчдээсээ суралцаж, үе тэнгийнхэнтэйгээ зөвлөлдөж, залуу уран бүтээлчдэдээ мэддэг, чаддагаасаа хуваалцаж энэ гал тогоонд буцалж, дэвэрч л амьдарч байна даа. Өнөөдрийг хүртэл театрын хамт олонтойгоо нэгэн гэр бүл мэт хамтдаа байж, халуун дулаан уур амьсгалыг мэдэрч яваадаа баярлаж явдаг. Ер нь тэгээд дуртай зүйлээ хийгээд сайхан хүмүүсээр хүрээлүүлж амьдарна гэдэг хүний амьдралын нэгэн аз жаргал гэж боддог.

-Таны хамгийн анх бүтээж байсан дүр санаанд тань тодхон байдаг уу?

-Намайг оюутан байхад Ч.Найдандорж найруулагч “Ижил хүйстэн” жүжиг тавьсан юм. Тэрхүү жүжгийн уран сайхны хэсэгт тоглох санал тавьсан нь оюутан миний хувьд их азтай тохиол болж билээ. Гэхдээ багахан хэсэгт л дээ. Харин дараа нь Х.Жамбалжамц найруулагчийн найруулсан Английн зохиолч Т.Вертенбекрийн “Манай сайхан эх орон” гэх жүжигт хошууч болон хоригдлын дүрд тоглож байлаа. Дөнгөж оюутны ширээнээс салаад л театрын тайзнаа хоёр ч дүрийг бүтээх даалгавар авч билээ. Тухайн жүжигт тоглосон хүн бүхэн хоёр дүр авснаараа онцлог байсан л даа. Их айж, сандарч байж билээ. Ямартай ч анх тоглосон жүжгүүд минь хэзээ ч мартагддаггүй.

-Театрын жүжигчин болсны дараа үнэтэй зөвлөгөөг хэн өгч байв?

-Би анх театрын жүжигчин болчихоод 21 номерийн өрөөнд орсон юм. Тэр өрөөнд МУГЖ Ч.Алтан-Өлзий ах минь байдаг байлаа. Надад их сайн. Ч.Алтан-Өлзий ах театрын жүжигчин байх тухай, театрын дэг жаяг гээд л үнэтэй зөвлөгөөнүүдийг их өгсөн дөө. Харин одоо МУГЖ Л.Дэмидбаатар, Ц.Цэрэнболд, Ж.Пүрэвдорж ах, Б.Отгонбат, залуу жүжигчин Алтангэрэл гэсэн хүмүүстэй 21 номерын өрөөндөө байна даа.

-Танд шантрах үе байсан уу?

– Ер нь шинэ жүжиг болгон сонирхолтой хийгээд их ажиллагаатай л даа. Бид нэг жүжиг дээр хоёроос гурван сар ажилладаг юм. Тэр бүрт шууд л үзэгчдийн хүртээлд хүрэхүйц сайн болно гэж байхгүй. Жүжиг болгоны цаана судалгаа, маргаан, мэтгэлцээн байдаг. Мөн олон хоногийн нойр хоол, жин хасах, нэмэх асуудал гээд л дүр бүхний ард зовлон шаналал, хүч хөдөлмөр шингэсэн байдаг юм. Тийм ч учраас жүжигчнээс маш их хүч, хөдөлмөр шаарддаг. Ер нь амар зүйл биш л дээ. Миний хувьд хатуу, хөтүү үг сонсоод эсвэл хийж чадахгүй үедээ өөртөө шаралхах тохиолдол байна шүү. Гэхдээ надад бүр больё гэж бодсон үе байхгүй. Харин миний жүжигчин болох ч хол байна даа гэж бодож байсан үе бий. Гэсэн ч аль болох болгохыг л хичээдэг. Найруулагчид болоод үеийнхнээсээ асууж, зөвлөдөг дөө.

-Танд тоглохыг хүсдэг дүр бий юу. Ямар дүрд хувирч, өөрийгөө сорихыг хүсдэг вэ?

-Би түүхэн кинонд монгол баатрын дүр бүтээх юмсан гэж их боддог. Ер нь жүжигчин залуус бүр л монгол хүн болж төрсөн юм чинь баатрын дүрд тоглохыг хүсдэг байх. Миний хувьд театрынхаа тайзнаа “Тэнгэрийн хүү” жүжгийн Модун Шаньюгийн дүрийг бүтээсэн. Үүндээ ч олзуурхаж, баярлаж явдаг. Энэ жүжиг минь монголчуудыг огшоосон сайхан бүтээл болсон гэж боддог. Гэхдээ би дэлгэцийн бүтээлд баатар эрийн дүрийг бүтээж байгаагүй. Богино хэмжээний шторкууд бий л дээ. Тэрхүү шторкуудаар л намайг ихэвчлэн баатрын дүр тоглосон л гэж бодоод байх шиг санагддаг юм.

-Ингэхэд та яагаад жүжигчин болохоор шийдсэн юм бэ?

-Би хамгийн анх зургийн дугуйланд явдаг байлаа. Зураач болох мөрөөдөлтэй байсан хэрэг. Ингээд ДУДС-д конкурс ч өгөхөөр боллоо. ДУДС, СУИС хоёр нэг байранд байдаг шүү дээ. Гэтэл СУИС-ийн кино, драмын ангийн оюутнууд сэргэлэн, цовоо, дуу шуу болсон хүүхдүүд байх юм. Надад тэр нь их гоё санагдсан. Би хэдий зурах дуртай ч шугамын радио сонсоод л зураг зураад суух уйтгартай санагддаг байлаа. Ингээд л СУИС-д шалгалт өгөөд бүр хамгийн өндөр оноог нь авч, МУУГЗ, найруулагч С.Сугар багшийнхаа шавь нь болсон доо. Мөн жүжигчнээс гадна найруулагчийн сонгонд явж, жүжигчин найруулагч мэргэжлээр төгссөн. Ингэж л жүжигчин болсон түүхтэй. Харин манай гэр бүлээс аав минь гитар тоглодог, бас сайхан дуулдаг. Бүр залуудаа урлагийн наадам, уралдаан тэмцээнд оролцож одон медаль авч байсан нь одоо ч байдаг шүү. Харин ээж минь цэргийн байгууллагад ажиллаж байсан. Ээж, аавдаа үргэлж баярлаж, талархаж явдаг юм. Ер нь тэгээд амьдрал гэдэг баялаг басхүү богинохон. Тиймээс сайн аав, сайн хань байхыг хичээдэг дээ.

-Таны хамгийн анхны найруулсан “Аав” кино багагүй амжилтыг дагуулсан. Мөн “Үргээлэг- 2” киног найруулсан байх аа?

-Найруулагч гэсэн мэргэжлээр төгссөн хүн байна үр шимийг нь үзье л гэж бодсон. Ямартай ч “Аав” кино маань маш амжилттай болж “Academy awards-2015” наадмын шилдэг киногоор шалгарсан. Энэ нь надад маш их урам болсон шүү. Сонирхуулахад, би “Аав” киногоо 2015 оны гуравдугаар сарын 6-нд нээж, харин хүү минь 8-нд нь төрсөн сайхан тохиол болж байлаа. Ер нь 2015 он миний хувь амьдрал болоод уран бүтээлд олз омог дүүрэн сайхан жил болсон доо. Харин дараа нь “Үргээлэг-2” киноныхоо гол дүрд тоглоод мөн найруулсан. Хоёр чухал үүргийг зэрэг гүйцэтгэнэ гэдэг амаргүй даваа юм билээ. Гэхдээ хэлье гэсэн санаагаа хэлж чадсан.

-Саяхан жүжигчин Г.Амгаланбаатарын “Хязгааргүй орон зай” хэмээн уран бүтээлийн цэнгүүн болсон. Энэхүү тоглолтод “Драмын дөрөв” хамтлаг ямар уран бүтээлээ хүргэсэн бэ?

-Г.Амгаланбаатар маань саяхан уран бүтээлийн цэнгүүнээ хийлээ. Мэдээж “Драмын дөрөв” хамтлаг оролцсон. Хамтдаа тоглосон жүжгүүдийнхээ хэсгээс цоморлиг болгон үзэгчдэдээ хүргэлээ. Мөн бусад уран бүтээлүүдээ хүргэсэн байгаа.

-Таны хувьд цэнгүүнээ хэзээ хийх бодолтой байгаа вэ?

-Яг одоогоор бол бодсон юм алга. Цаг нь болохоор хийх байх.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *