Categories
мэдээ цаг-үе

Г.Эрдэнэбат: Урлагийн буянаар төрийн хишиг хүртэж, түмэн олонд хайрлагдсан

Хөгжим бүжгийн коллежийн захирал, гавьяат жүжигчин Г.Эрдэнэбаттай ярилцлаа.

-Бидний үеийнхэн таны фэнүүд л дээ. “Орчлонгийн сайхан хүүхнүүд”, “Элбэрэл”, “Нутгийн зам”, “Гэргий”, “Охин үр минь” дуунууд эгшиглэж байх үед бид ч бас амьдралд хөл тавьж байсан. Таны дуунуудын тухай ярина гэдэг эргээд л бидний хориод насны дурсамж сэргэнэ гэсэн үг?

-Тэр бас үнэн юм билээ. Сая Д.Сосорбарам, А.Долгор, Ц.Түвшинтөгс, Ш.Чимэдцэеэ бид тоглолт хийсэн юм. Ерээд оны эхэн үед бараг л бид таваас өөр хүн байхгүй юм шиг л явлаа. Эрэлт хэрэгцээ ч ихтэй. Тэгээд нэг хэсэг чиглэл чиглэлээ хөөгөөд таг болцгоосон. Саяхан “Хэдүүлээ нийлж тогловол яасан юм” гэж ярилцсан юм. Зарим нь “Одоо үзэхгүй ээ, гадуур дүүрэн тоглолт байна” гэсэн. Тэгээд тоглосон чинь үзэх байтугай хүсэлт гаргасан. “Та нар энэ тоглолтоо аймаг орон нутгаар, Европоор тогло” гэсэн юм. Биднийг Дархан, Эрдэнэтэд тоглоход маш сайхан хүлээж авлаа. Баянхонгорт Со-гийн нутагт хоёр орой тоглоход танхим битүү. Бид билет шахаагүй. Жинхэнэ үзье гэсэн улсууд зорьж ирсэн. Хүмүүс хүлээж байдаг юм байна. Бас уран бүтээлээ орхиж болохгүй юм байна гэж бодогдсон. “Одоо бол хүмүүс энэ дуунуудыг сонсохоо байсан” л гэдэг. Биднийг Европын орнууд, Америкт очиж тоглоход үздэг байхгүй юу. Яагаад гэвэл биднийг дуулж байх үед эх орноосоо гараад явчихсан улсууд тэнд байдаг. Мэддэг хүмүүс нь л ирж үзэж байгаа юм. Түүнээс биш бүх мэдээлэл, шинэ дуу хуурыг сошиэлээр авч байгаа хүмүүс шүү дээ. Бид залуучуудыг насны хувьд хүлээн зөвшөөрөхөөс аргагүй. Би Дуурийн театрт орж байхдаа настай улсуудыг хараад “Яагаад залуу хүмүүст орон зай олдож болдоггүй юм бол” гэж боддог л байлаа. Одоо ч залуус адилхан бодож байгаа. Хүнд тэгж бодогдуулахгүйн тулд цаг нь болохоор гараад явчихдаг байх учиртай. Мэдээж ахмадуудаа хүндэтгэж сонсох ёстой. Ажлын тухайд урлагийн хүмүүс хэцүү. Урлаг бичигдээгүй хуультай. Жинхэнэ гайхамшигтай байх үед нь олон түмэн алган дээрээсээ буулгахгүй. Хэрэг нь өнгөрчихвөл хэнд ч хэрэггүй. Тийм бичигдээгүй хуультай учраас их болгоомжтой, мэдрэмжтэй байх учиртай.

-Гэхдээ зарим уран бүтээлч хэдэн ч насандаа гайхамшигтай байж чаддаг?

-Хүсэгдэж үгүйлэгдээд байна гэдэг менежменттэй гэсэн үг. Зүгээр явж байхад нь хүсээд байгаа юм биш. Ямар нэг үйл ажиллагаа цаана нь байгаа хэрэг.

-Та дуучныхаа хувьд формоо алдахгүй гэж хичээл зүтгэл гаргадаг уу?

-Ер нь миний хоолой бол их эмзэг эрэгтэй нарийн хоолой. Бүдүүн хоолойнууд бол хааяа нэг арга хэмжээнд уригдчихаад амралт муутай байсан ч дуугарч л байдаг. Биднийх бол байхгүй болно. Тийм учраас биеэ сайн авч явах ёстой. “Энэ ядарчихжээ, амраагүй юм байна” гэж ойлгохгүй шүү дээ. Хэзээд бэлэн байх ёстой” гэж үзэгчид хүсдэг. Тийм учраас биеэ эрүүл байлгаж, амралтаа зохицуулах хэрэгтэй. Урлагийн биднийг гудамжинд явж байхад ч хүмүүс үлгэр болгож хардаг. Биеэ яаж авч явах нь вэ, хүнтэй яаж харьцах нь вэ гэдэг. Муу ч сайн ч бүх юмны жишээнд дурдагддаг. Тийм учраас хүн хичээж явах ёстой.

-Тоглолт хийснийхээ дараа хүмүүст эрэлт хэрэгцээ байгааг мэдэрчээ. Энэ бүхний дараа шинэ санаа бодол төрөх юм уу?

-Чухал санаа төрсөн. Бид мэргэжлийн давуу талаа үзүүлэхийн тулд очсон газар болгондоо сургууль хийж байлаа. Чаддаг, мэддэг байсан ч тоглолтын өмнө сургууль хийж байх ёстой шүү дээ. Гэрэл гэгээгээ тохируулна. Концерт ч гэлээ бүх юм тавилттай байх учиртай. Манай Со концертоо найруулсан. Үүнийг хүмүүс сайн хүлээж авсан юм. Өнөөдөр мэргэжлийн уран бүтээлчийн энэ чанарууд дутагдаад байна. Тайзан дээр гараад л зарласан зарлаагүй дуулаад л, дахиулсан дахиулаагүй алга ташаад л энэ бүхэн урлагийг үнэгүйдүүлж байна. Мэргэжлийн цензуртай байх ёстой юм байна. Бидэнд бусдаас онцлог өөр юм байгаагүй. Яахав, хит болсон дуунуудаа дуулсан. Гэхдээ бүх юм тавилттай. Орохдоо нэг нэгийгээ хүндлээд ёсолно. Тэр шийдлүүд эргээд үгүйлэгдэж байгаа юм байна гэж бодсон шүү. Урлагийн боловсрол талаасаа ч хэрэгтэй. Бид үзэгчдээ тэгж л хүмүүжүүлэх хэрэгтэй.

Хүн тэтгэврийн нас хүртлээ үүргээ бүрэн биелүүлж ажиллах ёстой юм байна. За яршиг гэж хойшоо ухрах буруу юм байна. Байгаа байгаа газраа, хийж байгаа ажил, эзэмшсэн мэргэжилдээ эзэн байх хэрэгтэй. Тэгж байж Монгол Улс хөгжинө. Түүнээс биш бүгдээрээ улс төр яриад улс хөгжинө гэж байхгүй.

-Та дуучнаас гадна менежер, удирдагч хүн. Магадгүй удирдах, манлайлах орон зай байсан учраас тайзан дээр дуулахаас илүү тайзны ард байх замыг сонгосон болов уу. Та нэг хэсэг суралцсан байх аа?

-Хүүхэд байхын би нөхдөөрөө хүрээлүүлээд аливаа юмыг зохион байгуулаад, хүмүүсийн анхаарлыг өөртөө татаж явдаг байсан шиг байгаа юм. Дуурийн театрт ирээд анх гоцлол дууны ангид байлаа. Намайг ангийн дарга болгосон. Тэгээд л А.Цанжид сайдын үед гэнэтхэн театрын даргаар томилсон юм. Сайд өөрөө ажил хүлээлцүүлэхээр ирсэн. Тайзан дээр гараад бүх ажилтанг цуглуулж “А.Дашпэлжээ дарга эрүүл мэндийн шалтгаанаар ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан тул Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Эрдэнэбатыг театрын даргаар томилж байна” гэсэн. Шинэ дарга үг хэлэх болоход “Сайн байцгаана уу” гэсэн чинь манайхан удтал алга ташсан. Тэр нь надад итгэл үнэмшил төрүүлсэн юм. Дөрвөн жил ажиллахдаа эрч хүчтэй ажилласан.

-“Ховор хүмүүс” кинонд нэгдлийн дарга гэнэт сурах шийдвэр гаргадаг. “За би сурах хэрэгтэй болжээ” гээд. Танд бас өөртөө дүгнэлт хийх шалтгаан гарсан уу?

-Нийгмийн шилжилт явагдаад огт өөр нийгэм байгуулах боллоо. Тэгээд нэг харсан чинь байгууллага удирдахад, өөрөө ч амьдрахын тулд менежментгүй бол явахгүй санагдсан. Менежмент гэдэг үг харь сонсогдож байгаа ч амьдралаа төлөвлөөд цэгцтэй зорилт тавьж авч явахыг л хэлж байгаа юм. Хэл сурах хэрэгтэй юм байна гэж бодогдсон.

-Хэдэн насандаа англи хэл сурахаар болчихов?

-Хөгширсөн хойноо сурахаар болсон. П.Цагаан сайд намайг дэмжсэн юм. Сайд надад нэг зүйл захисан. “За яв, сур. Ирээд урлага битгий орхиорой. Нэг бол багш хийгээрэй. Үгүй бол театртаа байгаарай. Битгий улстөржөөрэй” гэсэн. Би одоо ч улстөрждөггүй шүү дээ. Сурч байхдаа зуны амралтаараа ирээд буцах ёстой байлаа. Гэтэл Ө.Энхтүвшин сайд нэг өдөр дуудаад “Та Соёл урлагийн газрын даргын ажил хийхгүй бол болохгүй нь ээ” гэсэн. Би тэнд гурван жил гаруй ажиллаад “Энэ миний хийж чадах ажил биш байна” гэж бодсон. Соёл урлагийн бодлогын газрын дарга соёлтой холбоотой бүх ажилд орооцолддог. Тэнд нэг түүхэн дурсгалт чулуу хугараад унавал тэрийг хариуцна. Энд нэг сумын номын сан болохгүй бол үүрэг хүлээнэ. Энд нэг биет бус соёлын өвийг тээж яваа өвгөний асуудлыг ч хамаарна. Тэгээд би дийлэхгүй юм байна гээд ажлаа өгсөн. “Тэгвэл ХБК-д оч” гэсэн. Сургуулийн асуудал нэлээд хүндэрсэн байлаа. Хашааг нь цөм татаад нэг компани ороод ирчихсэн. Энд нэг сургууль барина гээд суурь цутгачихсан. Намайг томилох тушаалд гурван шийдвэрлэх асуудал заасан байгаа. Ирээд газраа авахаар жил шүүхэдсэн. Заргаа авсан. Хоёрт байшин бариулахаар хоёр жил манаач шиг сахисан. Тэр үеийн Ц.Даваасүрэн гишүүн, Ө.Энхтүвшин, Ё.Отгонбаяр сайд болон яамны удирдлагууд зүтгэл гаргаж байж төсвийг нь батлуулсан юм шүү дээ. Төсөв хүндэрч байх 2009 онд. Соёл урлагийн газар ч тэр чигээрээ ажилласан. Олон хүн хичээл зүтгэл гаргасан даа. Монголдоо үндэсний хөгжмийн их сургуультай болохын тулд байшингийн өргөтгөлийг нь барих хэрэгтэй гэж үзсэн. Орох оронтой болоод авбал учиртай шүү дээ. Байшин бариад орхидог. Доторхыг нь бас тохижуулах хэрэгтэй боллоо. Өрөө болгонд төгөлдөр хуур байх ёстой гэж үзсэн. Бас л яам тэрбум гаруй төгрөгийн тоног төхөөрөмж, хөгжмийн зэмсгээр хангаж өгсөн дөө.

-Хөгжим бүжгийн коллеж 80 жил болж байгаа бил үү. Одоо их сургууль болох л дутуу байгаа юм байна даа?

-Тийм. Байшинтай болчихсон. Манайх шаталсан сургалттай бакалаврын диплом олгодог сургууль шүү дээ. Бакалаврын диплом олгоод арав гаруй жил болж байгаа. Тэгэхээр дээд сургуулийн сургалтын хөтөлбөр бүх юм хийгдээд туршигдсан. Одоо манайд гацах юм байхгүй. Боловсролын хуульд консерватур гэж үг алга гэдэг дээр гацаад байсан. Сая Боловсролын хуульд өөрчлөлт оруулаад их дээд сургууль коллеж, хөгжмийн сургалтын дээд байгууллага буюу хөгжмийн дээд сургууль консверватур гээд оруулчихсан байгаа. УИХ баталсан. Одоо бидэнд гацах юм бахйгүй. Энэ асуудал өнөө маргаашгүй шийдэгдэх байх.

-СУИС-д дөрвөн жил сураад мэргэжлийн уран бүтээлч болчихдог. Танайд бол бараг л насаараа сурч байгаа юм чинь илүү мэргэжлийн хүмүүс төгсдөг байх?

-Энэ бол аймаар ялгаатай.СУИС драмын жүжигчид, дуучид, менежмент, соёлын ажилтнуудыг бэлтгэж байгаа. Мэргэжлийн хөгжимчинг шаталсан сургалтаар бэлтгэхгүй бол тэгж амархан сурдаг ажил биш л дээ. Жишээ нь арванхоёрдугаар ангийг алтан медальтай төгссөн хүүхдийг төгөлдөр хуур сургана гэж байхгүй. Тэгж болдоггүй учраас шаталсан сургалтаар бэлтгэдэг. Тэр олон нот тэмдэглэгээг уншаад шууд тоглоно гэдэг үнэхээрийн амар ажил биш.

-Уран бүтээлчдийг бий болгож төлөвшүүлнэ гэдэг маш онцгой философи шаардах уу?

-Урлагийн сургуульд сурч байгаа хүмүүс бүгд од болж, мандан бадрахгүй ч гэсэн амьдралд хөлөө олж, цэгцтэй амьдардаг. Олон дуулаачийн сургууль ямар хэрэгтэй юм бэ гэж зарим нь шүүмжилдэг. Од болохгүй ч хүн болж төлөвшихөд нь хөгжим нөлөөлдөг. Багаасаа хөгжим сурахаар гайхалтай төлөвшдөг. Зургаан настай хүүхдүүд математикаа ч үзнэ. Цагаан толгойгоо ч үзнэ. Дараа нь хөгжмийн онолын хичээл, сонсгол, мэргэжлийн онолын хичээлээ үзнэ. Ямар ч илүү цаггүй. Тодорхой хэмжээгээр IQ-гүй хүүхэд бол дийлэхгүй. Мэргэжлийн багш нар шалгаж авдаг. Манайх бага сургуулиа үнэгүй явуулдаг. Шавь сургалтаар ийм өндөр зардлаар бүтэж байгаа сургалтыг манай улсад л үнэ төлбөргүй явуулдаг. Анхнаасаа эцэг эхтэй нь гэрээ хийдэг.

Хүүхдийн төлөвшилд хөгжим үнэхээр хэрэгтэй. Япон, Солонгос гэх зэрэг Азийн орнуудад хөгжмийн хичээлд маш их анхаарал тавьдаг. Хөгжимчин болгох гээд байгаа юм биш. Хөгжмөөр хүмүүжвэл, гоо зүйн мэдрэмжтэй, ёс суртахуунтай хүн болж төлөвшдөг. Тийм учраас ядаж дүүрэг болгоны нэг сургуулийг хөгжмийн гүнзгийрүүлсэн сургалттай болгож үзэх юмсан гэж би мөрөөддөг. Тэгж чадвал хүмүүсийн төлөвшилд аяндаа нөлөөлнө. Хөгжмийн дээд сургууль болчихвол дуу хөгжмийн багшийг бэлтгэх чухал асуудал. Дуу хөгжмийг хүн хэрэглэх нь гарцаагүй.

-Жазз хөгжмийн анги нээсэн гэсэн үү?

-Сургуулиуд төсөл хөтөлбөрөөр их ажил амжуулдаг. Дандаа улсаас санхүүжүүлнэ гэдэг хэцүү. Би төрийн байгууллагад ажиллаж байсан болохоор мэднэ. Өөрсдөө арга сүвэгчлэхгүй, зөвхөн төрийн ам хараад байвал ажил явахгүй. Манай Гадаад хамтын ажиллагааны газрын дарга Шаравцэрэн гэж АНУ-д төгссөн нөхөр Швейцарийн хөгжлийн агентлагтай холбогдоод төсөл хэрэгжүүлж эхэлсэн. Энэ жазз хөгжмийн төслийг Гёте институтийнхан ирж надад санал тавьсан юм. Зөвхөн ХБК-ийн сурагчид гэхгүйгээр сонирхсон хүмүүс ирж сурна гэхээр нь анхандаа болгоомжилсон. Манайд жаахан хүүхдүүд ч сурдаг. Бүгд хамт сурна гэхээр бодох юм их. “Их талын жазз” ТББ, ХБК, Гёте институт хамтарсан. Олон барууны эрдэмтэн багш нар урилгаар ирж хичээл заах нь манайд хэрэгтэй байсан л даа. Тохижуулсан анги танхим, хөгжмийн зэмсгүүд нь төслийн дараа манайд үлдэх юм. Тэгээд зөвшөөрсөн. Элсэлт авсан, арав биш 50 хүн ирж шалгуулсан. Ярьсаар байгаад 30 болгосон. Гучин янзын ааштай хүн ирж бужигнуулах вий гэж болгоомжилсон ч удирдаж байгаа багшаас олон юм шалтгаалдаг юм билээ. 30 хүүхэд нэг жил болоход хичээл таслаагүй. Төслөө ахиад нэг жил сунгасан. Ийм л үр дүнтэй юм болж байна. Германы ЭСЯ, Гёте институт, “Их талын жазз” ТББ, манай сургууль хамтарсан энэ төсөл нийгэмд хүсэгдсэн ажил боллоо.

Монгол дахь “Форбес” сэтгүүл 80 их, дээд сургуулийг жагсаахад манайх дөрөвт нь орсон. Хамгийн гол үзүүлэлт нь төгсөгчид ажлын байраар хэрхэн хангагдаж байна вэ. Ажлын байрандаа ямар үр дүнтэй ажиллаж байна вэ. Багш нарын дадлага туршлага гэх мэт үзүүлэлтээр гол оноо авсан байх гэж би боддог. Манайх дээд сургууль болчихвол бусад сургууль ажилгүй болчихно гэсэн ойлголт байхгүй. Бүгд чиглэл чиглэлээрээ Монголын урлагийн төлөө ирээдүйн боловсон хүчнийг бэлтгэх зорилготой ажиллаж байна. Шаталсан сургалттай хөгжмийн үндэсний их сургууль байх ёстой. Наад зах нь манайд ирж суръя, багшилъя гэхээр манай статус доогуур байдаг. Манай багш нар ч гадаадад багшлахад коллежийн багш нэг өөр, Хөгжмийн их сургуулийн багш гэвэл өөр.

-Таныг маш их амбицтай хүн болов уу гэж боддог. Харин та зөвхөн сургуулийн захирлын түвшинд ажиллаж байгаадаа сэтгэл ханаж байгаа гэж үү?

-Би хөдөөний хүүхэд. Аливаад сэтгэлээсээ ханддаг. Намайг арай залуу байхад намд элсээч, сонгуульд нэр дэвшээч гэсэн санал ирж байлаа. Би одоо ч аль нэг намын гишүүн биш. Урлагт улс төр хэрэггүй гэж боддог. Сэтгэлтэй, мэргэжлийн хүмүүс л ажиллах ёстой. Урлагийн буянаар төрийн хишиг хүртсэн, түмэн олонд хайрлагдсан. Би сэтгэл ханамжтай явдаг. Их, бага хэмжээгээр бүх хүн шуналтай. Түүнийгээ хязгаарлаж явах учиртай. Үнэндээ бол надад шунал байхгүй шиг байгаа юм.

-Мэргэжлээ солиод, хоббигоороо амьдрах боломж гарвал та юу хийх вэ?

-Уг нь би ганц нэг шавь төрүүлэх юмсан гэж боддог. Жимс ногоо тарьдаг цэцэрлэгтэй болохсон гэж хүсдэг. Шуугиан багатай газар амьдрахсан гэж хүсдэг. Кинонд бол урилга ирвэл тоглоно шүү. Хоёр, гурван кинонд тоглож үзсэн. Зүгээр санагдсан л даа.

-Ажлаас гадна та юунаас илүү тайтгарал авч, цагаа зарцуулдаг вэ?

-Би уг нь бөхөд их хоббитой. Тэр байтугай Бөхийн өргөө баригдаж байхад Сосорбарам, Түвшинтөгс бид гурав циркт хоёр орой тоглолт хийгээд олсон мөнгөө Бөхийн холбооны тэргүүнд гардуулж байлаа шүү дээ. Тэгэхэд нэг хонь, 50 төгрөг өгдөг үе байв. Тэгтлээ хорхойсдог, түүнээсээ кайф авдаг. Ажлаа тасалж бөх үзэж байгаад баригдаж байлаа. Спортын ордонд бөх үзэх гэтэл суудалгүй болчихсон, дарга нарын өмнүүр очиж, нүүрээ таглаж сууснаа мартчихаж. Камер орж ирээд зураг авчээ. “Өчигдөр хаана байсан бэ” гэхээр нь “Хүүхэд өвдөөд” гэсэн чинь баригдчихсан. Түүнээс хойш театрынхан намайг ажилдаа ирээгүй бол хаана байгааг мэддэг болчихсон. Монгол бөх, морь гэдэг монголчуудын ахуй амьдрал ёс жудагт маш том ул мөрөө үлдээсэн соёл. Морь уяж байгаа хүмүүс бол хараал хэлэхгүй. Ёс бус юмнаас хөндий байдаг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *