Categories
мэдээ цаг-үе

Г.Доржзодов: МАН-ын нуруун дээрх том ачаа нь 60 тэрбумтнууд

Албан тушаалын наймаанаас 60 тэрбумыг босгохоор төлөвлөсөн гэх МАНын зарим удирдлагын ярианы бичлэгийг ил болгосон Г.Доржзодовтой ярилцлаа.


-60 тэрбумын асуудлыг харж байхад хуулийн байгууллагууд аль эрт шийдвэрлэсэн гэх юм?

-Ажиглаад байхад, энэ асуудалд хуулийн байгууллагууд, прокурор, АТГ, ЦЕГ, ТЕГ, ШШҮХ цэг тавих гэж их зүдэрч байх шиг. Тэд эхлээд эвлүүлэг гэж зөрүүдэлсэн. Нотлох баримт эх хувиараа байна гэсэн хуулийн заалттай өнөөдөр амь тэмцэн зууралдаж байна. НПГ-ын ерөнхий прокурор Баярмагнай, түүний орлогч Ариунаа нар өгсөн ярилцлагадаа манай шүүх шинжилгээний байгууллагад өндөр нарийвчлалтай дуу авианы шинжилгээ хийх техник, тоног төхөөрөмжгүй, мэргэжилтэн байхгүй гэсэн байдаг. Тэгэхээр хуулийн заалт ч саад болж байна, техник хэрэгсэл ч алга, мэргэжлийн шинжээч ч алга гэж ойлгогдохоор байна. Эцэс сүүлдээ 2014 оны есдүгээр сарын 8-нд Шинэ Монгол хаад ХХК-ийн байранд уулзалт болсон нь тогтоогдсон гэдгийг прокурор арга буюу хүлээн зөвшөөрчихсөн. АТГ уг хэргийг нотлох баримт дээрх ярианы агуулгаар бус харин эх хувиараа олдоогүй учир прокурор хэргийг хаасан гэж хэллээ. Би ЦЕГ, АТГ, ТЕГ-ын хамтарсан ажлын хэсэгт нотлох баримтыг эх хувиар нь төхөөрөмж гээд байгаа iPhone 5, iPad Mini 2-той хамт хөндлөнгийн гэрчийг байлцуулан хүлээлгэж өгсөөр байтал ийм ичгэвтэр тайлбар хийж байгаа нь хол явахгүй арга л даа. Эндээс харахад хуулийн байгууллагууд энэ хэргийг хаах гэж их чармайж байгаа нь илт. Гэхдээ энэ хэрэг эцэслэгдээгүй, эцэслэгдтэлээ ч удах байх. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард намайг өөр гэмт хэрэгт гүтгэн баривчилж, сэжигтнээр татаж, сүүлдээ арга нь мухардаад наймдугаар сард гэрчээр дуудаж маш их шалгалаа. Шалгах шалгахдаа гэрчийг л илүү их шалгах шиг боллоо. Одоо нотлох баримтын чанар гэгчээр хэргийг хаахаар муйхарлан оролдож байна гэж харж байгаа. Хэрэг эцэслэн шийдэгдтэлээ их удах байх. Энэ хооронд нотлох баримт нь хэзээ ч хөдөлшгүй байсаар л байна.

-Анхны дүгнэлтүүд яагаад олон янз гарсан байдаг юм бол…?

-Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн гаргасан гурван дүгнэлтийг хоёр ангилж болно. Нэгдүгээрт, УИХ-ын 2016 оны сонгуулиас өмнөх 4113, 4225 дугаартай хоёр дүгнэлт. Хоёрдугаарт, УИХ-ын сонгуулиас хойших 4374 дугаартай нэг дүгнэлт гэж. Сонгуулиас өмнө Ц.Сандуйгийн дуу хоолойтой тохирч байна, бичлэг эвлүүлэг биш байна гэж эхний хоёр дүгнэлт гарсан. Сонгуулийн дараа 2016 оны долдугаар сарын 18-нд бичлэг бол эвлүүлэг гэсэн дүгнэлт гаргасан. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дарга Ц.Гантулга өөрийнхөө өрөөнд сууж байгаад эдгээр гурван удаагийн шинжилгээний дүгнэлтийг хуурамчаар үйлдсэн гэдэг мэдээлэл өнгөрөгч дөрөвдүгээр сард хэвлэлээр цацагдчихлаа шүү дээ. Шударга хүмүүс захаасаа илчилж эхэлж байгаа нь сайн хэрэг. Иргэд бодит мэдээллүүдийг уншаад, сонсоод ирэхээрээ хуулийн байгууллагуудыг 60 тэрбумын гар хөл гэж дүгнэх нь зүйн хэрэг.

-Өнгөрсөн жил таныг эвлүүлэг хийсэн гэж ярьсан. Энэ талаар юу гэх вэ?

-УИХ, Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр болон түүнээс хойш бичлэг бол эвлүүлэг, олон янзын хурлын бичлэгээс үг үсэг бүрийг түүж, бүр залгаж, эвлүүлсэн байна гэсэн мэдээллийг их олон сувгаар цацсан. За яах вэ, би 162 минут болон 40 минутыг мундаг авьяасаар эвлүүлжээ гэж бодъё л доо. Тэгвэл нөгөө гурван хүнийг би гүтгэж, нэр төрд нь халдаж, гутаасан хэргээр тэд намайг цагдаа, тагнуулд өгч шалгуулах ёстой биз дээ. Бичлэг бол эвлүүлэг биш гэж хэлсэн Ц.Нямдорж, Д.Амарбаясгалан нарыг ч мөн ялгаагүй шалгах хэрэгтэй болно. Гэтэл тэд яаж тэгж чадах юм. Чадахгүй шүү дээ. Би өнгөрсөн бүх хугацаанд 60 тэрбумд холбогдсон улстөрчдийн ёс зүйн асуудлыг зөвхөн бодит нотлох баримттайгаар илчилсэн. Энэ талаар би зөвхөн үнэнийг л ярьсан. Миний ярьсан хэлсэн бүхэн телевизийн эфирт, интернэтэд, сонины нүүрэн дээр архивлагдан үлдсэн. Миний ярьсан зүйл огт өөрчлөгдөөгүй, өөрчлөгдөх ч үгүй шүү дээ. Үнэн гэдэг ийм л хүчтэй. Нотлох баримтууд хөдөлшгүй. Би нотлох баримтуудыг эх хувиар нь олон тоогоор хувилж гарын үсгээ он сартай нь тавиад хувь хүн, байгууллагад хаа сайгүй тараачихсан. Мөн www.dorjzodov.org гээд сайт дээрээ бүх нотлох баримтыг байршуулчихсан байгаа. Өнөөдөр эрх мэдлээрээ дарж хаалаа гэхэд энэ асуудал надтай надгүйгээр үеийн үед хөвж гарч ирсээр л байна. Одоо ахин намайг яаж ч дарамталж, айлган сүрдүүлж, худалдаж авах гэж оролдсон ч би нотлох баримтад нөлөөлж чадахгүй болсон. Энэ бол миний хамгаалалт. Өнөөдөр хуулийн заалт, цоорхойг үхэн хатан хайж нотлох баримтыг хүчгүйдүүлэн энэ хэргийг хааж болох байх л даа. Энэ ёс зүйн ноцтой асуудлыг бид биш юм гэхэд хойч үе шүүнэ шүү дээ.

-162 болон хоёр минутын бичлэгийг тайлбарлаж өгөөч?

-162 минут бол яг тэр 2014 оны есдүгээр сарын 8-ны өдрийн уулзалтыг бүхэлд багтаасан эх бичлэгийн хугацаа. Харин хоёр минут гэдэг нь 162 минутаас хэсэгчилж авсан гурван тасархайг МАХН Э.Эрдэнэжамьяан soundcloud.com сайтаас татаж аваад, хооронд нь залгаад, дүрстэй болгоод телевизээр цацсан шторкны үргэлжлэх хугацаа нь юм. Дууны кассетны гурван тасархай лентийг скочоор залгаж наадагтай л төстэй юм хийсэн юм шиг байна лээ. Энийг л эвлүүлэг гэж үгээр халхавчлаад байгаа юм. Тэрнээс биш m4a тоон форматтай тасралтгүй 162 минут үргэлжилсэн яриаг ШШҮХ шинжилсэн юм бол дүгнэлтийг ил гаргах хэрэгтэй шүү дээ. Эхээрээ тэдэнд очсон байгаа.

-Тэгвэл 40 минутын бичлэг нь юу вэ?

-Ц.Сандуй, А.Ганбаатар нар 60 тэрбумын санхүүжилтийг яаж анх тооцоолон бодож байгаа уулзалтын бичлэг юм. Би тэр харанхуй шөнө 40 минут үргэлжилсэн уулзалт дээр байсан юм. Энэ бичлэг гарч ирээгүй байхад 60 тэрбумынхан уг схемийг боловсруулсан автор нь Доржзодов, үүнийгээ улстөрийн намуудад зарах гээд танилцуулаад яваад байсан гэж их хүчтэй гүтгэлээ шүү дээ. Бүр сүүлдээ АН-ын санхүүжилтийн схем ч гэж олон нийтэд худал мэдээлэл цацсан. Эрүүл хүний ухаанд оромгүй гажиг логик. 60 тэрбумынхан гарцаагүй байдалд орсон ч өрсөлдөгч намын нэр хүндийг хутгахтай манатайгаа байсан шүү. Үүнийг нь тэр 40 минутын бичлэгээр тас цохисон юм. Хуулийн байгууллагуудад эх хувиар нь мөн л m4a форматаар өгчихсөн. Миний цуглуулж өгсөн нотлох баримтуудад бүхэлд нь дүн шинжилгээ анализ хийхгүй байгаа нь тэд дөнгөлүүлчихээд байгааг л харуулж байна. Өөрөөр тайлбарлах ямар ч арга байхгүй. Уг нь мөрдөгчдийг энэ зэргийн учиг тайлах Шерлок Холмсууд гэж боддог шүү.

-Эх хувь гэдэг дээр өнөөдөр маргаан яваад байх юм…

-60 тэрбумын уулзалтын бичлэгүүд кассетны соронзон хальс биш. Харин тоон системээр m4a форматаар хийгдсэн. Тоон систем гэдэг бол одоогоор технологийн хамгийн өндөр түвшин. Хэдэн зуун наян мянга хувилсан ч анхдагч эхээсээ ялгагдах аргагүй ихэр байдаг. Соронзон хальс байсан бол хувилах тоолонгоор чанар нь устдаг. Аналог ба тоон системийн ялгаа энэ. Энгийнээр тайлбарлавал, аналог нь угаалгачихсан фото зураг. Хувилах бүрт бүүдийнэ. Харин тоон систем нь компьютерт хадгалчихсан фото зураг. И-мэйлдэж, хуулж, угаалгаж, флаш дээр зөөвөрлөсөн ч нэг л чанараараа.

-АТГ өнгөрсөн даваа гаригт мэдээлэл хийхдээ тоног төхөөрөмж нь олдоогүй, устсан гэх шиг боллоо. Яагаад тэр вэ?

-АТГ мэдээлэл хийхдээ худлаа ярьсан. Тоног төхөөрөмж гээд байгаа юм нь ердөө л миний хэрэглэж байсан iPad mini 2 таблет болон iPhone5 смарт утас. Сонгуулийн өмнө Тагнуулын ерөнхий газар 2017 оны дөрөвдүгээр сараас зургадугаар сар хүртэл бүтэн хоёр сар эдгээрийг ухаж, төнхөж, шинжилж шалгасан. Дараа нь ЦЕГ, ТЕГ, АТГ гээд хамтарсан ажлын хэсэг гарч эдгээрийг надаас хурааж аваад мөн л сар шахуу ухаж, шинжилж шалгасан. Харин смарт утсыг нь эвдчихээд буцааж өгсөн. Одоо бодоод байх нь ээ тэд зориуд эвдсэн юм байна. Тухайн үедээ надад хүлээлгэж өгсөн Акт дээрээ гарын үсэг зуралгүй зугтацгаасан шүү дээ. Хөндлөнгийн гэрч бий.

-Та аль нэг намын гишүүн үү?

-Би амьдралдаа хэзээ ч улстөрийн намд элсч байгаагүй. Ноднин би намуудаас энэ талаар лавлагаа авсан л даа. МАН л намайг гишүүн нь мөн, эсвэл биш гэдгийг тодорхойлж өгөхөөс зайлсхийсээр байдаг юм.

-Таныг нэг хэсэг гадаадад гарчихсан гэж шуугьсан, энэ талаар…?

-(Инээв). Хэрвээ би гадагшаа явчихвал энэ асуудал яаж шийдэгдэх бол? Харин ч намайг гүтгэсэн мэдээллүүд нь газар авч, аягүй бол би ёстой “жинхэнэ” эвлүүлэгч гэгдэж, 60 тэрбумынхан надад хэргээ тохчих байлгүй. Би ч эх орондоо ирэхэд төвөгтэй болно биз дээ. Тэгснээс Монголдоо байж байгаад элдэв худал мэдээллүүдийг тухай бүрт нь баримт нотолгоотой няцаах ёстой юм биш үү.

-Таны бодлоор одоо цаашид энэ асуудал хэрхэх бол…?

-Эхний мөчөөс л дуугарсан бүхэн өөрсдийгөө илчлээд л, бие биенээ бухаад л, зэс нь цухуйгаад л, үгэндээ ороогдоод л байна. Ц.Сандуй “Манай намын стратеги, тактик ярьсан уулзалтын бичлэг алдагдсан байна” гэж анх үнэнгээ хүлээчихсэн. Дараа нь Ц.Сандуй “Удирдах зөвлөлийн хурал дээрээ уулзалт болсон, нам мөнгөгүй байсан болохоор би тэгээд өөрөөр яах байсан юм” гээд ам алдчихсан. А.Ганбаатар 60 тэрбумын уулзалт болсон нь үнэн, гэхдээ Д.Амарбаясгалан, У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ нар байсан гэх утга агуулгатай, бүтэл муутай хэвлэлийн хурал хийсэн. Ц.Нямдорж, Д.Амарбаясгалан нар эвлүүлэг гэж бодож явсан чинь худлаа байна лээ, А.Ганбаатар намайг гүтгэсэн учир шүүхэд хандсан гээд хэлчихсэн. Гэрчийн эсрэг өчнөөн гутаасан мэдээлэлтэй нэвтрүүлэг орон даяар зөндөө цацлаа. Тэдний амнаас ямар ч баримт нотолгоогүй, логикгүй, хоосон хий л гарч байна. Яг л солиорчихсон хүмүүс шиг. Тэдний эл үйлдлүүд нотлох баримт хэмээх чулуун хана мөргөөд л бутарч байна. Прокурорын байгууллага хэрэгт цугласан нотлох баримтаар уулзалт болсон нь тогтоогдсон гээд хоёр ч удаа хэлчихлээ. Хуулийнхны арга нь ч мухардаж байна. Нэг их удахгүй үнэнд гүйцэгдэж мухарлагдана гэж харж байна. Нийгэм шүүн тунгаах чадвартай болж байна. Сонгогчид илүү мэдээлэлжсэн, үнэн худлыг дэнслэх чадвартай болсон.

Магадгүй, 60 тэрбумын асуудал МАН-ын олон арван мянган жирийн гишүүдийн нуруун дээрх том бул хар чулуу болчихлоо гэж харж байгаа. Энэ нэршлийг, түүнд холбогдсон улстөрчдийн нэрийг сонсох бүртээ яс нь хавталздаг болж байгаа байх. Цаашид энэ ачаагаа үүрээд яваад л байх юм бол сонгуулиудад дүнгээ тавиулах биз. Иргэд бүгдийг харж, ажиглаж, шүүн тунгааж, эргэцүүлж л байгаа.Цаг хугацаа алсрах тусам илүү тунгалаг харагддаг шүү дээ.

-Вашингтон Пост сонины өчигдрийн дугаарт 60 тэрбумын асуудлаар нийтлэл гарсан байсан. Тантай сэтгүүлч нь уулзсан юм уу?

-Өнгөрсөн тавдугаар сарын сүүлээр Вашингтон Пост сонины Бээжингийн салбарын эрхлэгч Симон Дениэр (Si­mon Denyer) 60 тэрбумын асуудлаар надтай уулзаж ярилцлага авсан. Түүнд энэ асуудалтай холбоотой өнөөдрийг хүртэл цугласан бүх нотлох баримтуудыг эх хувиар нь өгч маш дэлгэрэнгүй ярилцлага хийсэн. Өөрөөр хэлбэл, Вашингтон Пост сонин эл асуудлын талаар тусгайлан судалж байгаа гэсэн үг юм байна лээ. Америкийн Холбооны мөрдөх товчооны дуу авианы шинжээч Фрэнк Пиазза (Franck Piazza)-ийн төрийн албан тушаалыг зарах тухай 162 минутын аудио бичлэгт хийсэн шинжилгээний дүгнэлтийг үл тоомсорлож байгаа нь хачирхалтай санагдсан байх л даа. Ингээд энэ асуудал 2 сая хувь хэвлэгддэг өдөр тутмын Вашингтон Пост сонинд нийтлэгдэж олон улсын хэмжээнд цацагдаж эхэллээ гэсэн үг. Интернэтэд ч цахим хувилбар нь байна лээ. Уг сонины 140 жилийн нэр хүндийн талаар энд дурдах нь илүүц байх.

Прокурорын үзэж байгаагаар манайх үнэхээр техник хэрэгсэлгүй, мэргэжилтэнгүй байгаа бол манай Хууль зүйн яам Англи, АНУ, Герман, Швейцарь, Франц, Италийн шүүх шинжилгээний хэд хэдэн байгууллагад нэгэн зэрэг хандаж нотлох баримтууд шинжлүүлэх хүсэлтээ гаргаж болно шүү дээ. Тэрнээс нааш энэ асуудлыг улстөрийн нөлөөгөөр, эрх мэдлээрээ дарсаар л байна байх.

-Нээлттэй хэлэлцүүлэг зохиох санал дэмжигдвэл та очих уу?

-Намайг дуудвал хуулиараа би очих л үүрэгтэй.

Жич: Ярилцлагад дурдагдсан бүх нотлох баримтуудаа Г.Доржзодов өөрийн www.dorj­zodov.org сайтад байршуулсан байдаг юм байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *