Categories
мэдээ цаг-үе

Г.Дэнзэнгийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням: Улсын дээд шүүх хоёр шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны үндэслэл болж чадаагүй гэж үзэн хүчингүй болголоо

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга , ”Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан Г.Дэнзэн нартай холбоотой хэргийг өнгөрсөн дөрөвдүгээр сард Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүх шүүж Г.Дэнзэнд 3,6 жил, Я.Батсуурьт хоёр, Г.Түмэнхүү, Т. Төгсбаяр нарт тус бүр хоёр жилийн тэнсэн харгалзах ял оноох шийдвэрийг гаргасан. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх ч тэдний ялыг хэвээр нь үлдээсэн. Харин Г.Дэнзэн нар уг шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн Улсын дээд шүүхэд гомдол гаргасан. Өнгөрсөн баасан гаригт Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн шүүх хурал Г.Дэнзэн нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан юм. Улсын дээд шүүхийн шийдвэрийн талаар өмгөөлөгч Ц.Дэлгэрнямтай ярилцлаа.


-Улсын дээд шүүх Г.Дэнзэн нарт холбогдох хэргийг шүүн хэлэлцэж, анхан болон давж заалдах шатны шүүхээс гаргасан шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүх рүү буцаасан. Тэгэхээр өмнөх хоёр шатны шүүхийн шийдвэр нь алдаатай гарсан гэж үзэж болох уу?

– Г.дэнзэн нарт холбогдох эрүүгийн хэргийг улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хэлэлцлээ. Шүүх бүрэлдэхүүн анхан болон давж заалдах шатны шүүхээс Г.Дэнзэнд 3,6 жил хорих ял оноосон шийдвэрийг хүчингүй болгох шийдвэрийг гаргасан.

Ер нь бол хуулийн үгээр хэлэхэд Улсын дээд шүүх анхан болоод давж заалдах шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэн хүчингүй болгосон. АТГ гурван жил орчим Г.Дэнзэнд эрүүгийн хэрэг үүсгэн, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т “… гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно” гэх заалтыг ноцтой зөрчиж, шүүхийн шийдвэр гарахаас өмнө урьдчилан хорих 461 дүгээр ангид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг гэмт хэргийг хүлээлгэх арга хэрэгсэл болгож, удаан хугацаагаар цагдан хорьж, шалгасан ч миний үйлчлүүлэгчтэй холбоотой албан тушаалаа урвуулан ашигласан гэх нэг ч үйлдэл тогтоогдоогүй.

Миний үйлчлүүлэгч нь “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн ТУЗ-ын дарга болон Засгийн газрын ХЭГ-ын дэд даргын алба хашиж байхдаа албан тушаалаа ашиглаж хувьдаа нэг төгрөг ч авсан гэдгийг тогтоосон, харуулсан ширхэг цаас ч хэрэгт байхгүй дээ. Мөн “Говь пауэр”тэй ямар ч холбоогүйг, түүний эхнэр энэ компанийн хувь эзэмшигч биш, хэзээ ч байгаагүй гэдгийг бүртгэлийн баримт, гэрчүүдийн мэдүүлгээр хангалттай нотолсоор байтал холбоотой байдлаар яллаж шийтгэсэн нь байж боломгүй явдал бөгөөд, дээрх алдаатай шийдвэрүүдийг Дээд шүүх хүчингүй болгосон нь хуульд нийцсэн бөгөөд хүний эрх талаасаа Үндсэн хуулиар Г. Дэнзэнд олгогдсон “Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно” гэх зарчмыг хэрэгжүүлсэн шүүхийн шийдвэр боллоо. Хурлыг нээлттэй явуулах нь нэг талаараа шүүхийн нэр хүндтэй ч холбоотой асуудал цаашдаа олон нийтэд буруу ойлголт урьдчилан өгсөн хэргүүдийг олон нийтийн нүдэн дээр хэвлэл мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулж байх хэрэгтэй. Ард иргэд хуулийн байгууллага хэрхэн ажилладгийг мэдэж авах, тухайн хүн үнэхээр хэрэг хийсэн эсэхийг нүдээрээ үзэж чихээрээ сонсож байж үнэн зөв дүгнэлт хийнэ.

-Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр юу гэж гарсан юм?

-Г. Дэнзэнг 3.6 жил хорих, 2.7 тэрбум төгрөг төлүүлэхээр анхан шатны шүүхээс шийдэж, давах шат хэвээр баталсан байсан. Үйлчлүүлэгчийн маань гэм буруутай гэх үйлдэл хангалттай тогтоогдоогүй, хэргийн мөрдөн байцаалт ажиллагааг явуулахдаа хэт нэг талыг буюу зөвхөн яллах талыг барьж, эд хөрөнгийн үнэлгээчин Соёлмаа гэгчийн гаргасан ямар ч үндэслэлгүй тоог миний үйлчлүүлэгчийг буруутгах эх сурвалж болгож, аливаа бүх эргэлзээтэй асуудлыг эцэслэн, нэг мөр болгуулах зорилгоор мөрдөн байцаалт явуулж, шалгуулах тухай хүсэлт тавихад хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж, таамаглалд үндэслэн, шийдвэр гаргасанд өмгөөлөгчийн зүгээс гомдолтой байгаагаа удаа дараа илэрхийлсээр ирсэн боловч амжилт олохгүй явсаар шүүхэд очсондоо.

Ганцхан жишээ хэлэхэд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 45-д заасан “Хэргийн талаар ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа, тухайн хэрэгт холбогдолгүй хүнийг гэрч гэнэ” гэж хуульчилсан байтал улсын яллагч тус хэрэгт холбогдон, сэжигтнээр шалгагдаж байсан Н.Э гэх хүний “гэрчийн” болон “сэжигтнээр” өгсөн мэдүүлгийг Г.Дэнзэнг яллах, буруутгах гол эх сурвалж болгосон нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн, ноцтой үйлдэл болсон. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Г.Дэнзэн нарын хэргийг таван өдөр хэлэлцэж Г.Дэнзэнг Эрүүгийн хуулийн 150.3, 263.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, дээр дурдсан ял шийтгэл оногдуулсан. Давж заалдах шатны шүүх үүнийг хэвээр баталсан.

-Одоо эргээд анхан шатны шүүх рүү хэрэг шилжинэ гэдэг нь хэрэг мөрдөн байцаалтын шатнаасаа эхэлнэ гэж ойлгож болох уу?

-Уг хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн магадлал нь хуулийн шаардлага хангаагүй, хор хохирлын хэмжээ бүрэн тогтоогдоогүй, нотлогдоогүй, шүүхээр шийдэх бололцоогүй эргэлзээтэй гэж Улсын дээд шүүх үзсэн. Тиймээс тус хэрэг анхан шатны шүүх рүү хэргийг шилжүүлэх шат буюу уг хэргийг шүүхээр хянан хэлэлцэх хангалттай нотлох баримт цугларсан эсэх, мөрдөн байцаалтын ажиллагаа хуулийн дагуу хийгдсэн эсэх, холбогдогч нарын санал хүсэлтийг шийдвэрлэсэн эсэхийг шалгаж байж хэргийг шүүхэд шилжүүлэх эсэхийг шийднэ гэсэн үг. Анх энэ хэрэг Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг гэдэг хүнийг унагаахын тулд үүсгэгдсэн, мөн өөр олон хүнийг гэмт хэрэгт холбогдуулан шалгаж хэлмэгдүүлсэн гэдгийг миний үйлчлүүлэгч ярьж байсан. Өрнөж буй үйл явдлууд ч Г.Дэнзэнгийн ярьж байсан зүйлийг гэрчилж байна. Нэр бүхий хууль хүчний байгууллага болон хоёр шатны шүүх ардын хүүхдийг хэлмэгдүүлсэн.

Одоо энэ бүх алдаагаа засах боломжийг улсын дээд шүүх өглөө гэж бодож байна. Ер нь бол Монгол Улсын шүүхийн шүүгч нар хараат бус ажиллана, шударга ёсыг сахиулна гэж тангараг өргөж өндөр цалин авч аюулгүй байдлаа төрөөр бүрэн хангуулдаг. Улс төрийн зорилгоор хүн яллаж дааж давшгүй бодитой бус хохирол төлүүлэх хууль бус шийдвэр гаргасаар байвал энэ системд ард иргэд итгэхээ болино.

Э.БААТАР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *