Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Г.Давааням: Найз нөхдийн хамаарлаас болж, хар тамхины хэрэгт холбогдсон байдаг

Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Эрүүгийн тасгийн дарга, дэд хурандаа Г.Даваанямаас тодрууллаа.


-Сүүлийн үед хар тамхитай холбоотой хэрэг ихсэх боллоо. Манай улсад оршин суугаа гадаад улсын иргэд энэ төрлийн гэмт хэрэгт холбогдох болсон гэсэн. Цаана нь ямар сүлжээ байдаг юм бол?

-Он гарсаар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой нийт 60 гэмт хэрэгт 130 хүн холбогдон шалгагдсан. Үүнээс гадаад улсын долоон иргэн энэ төрлийн гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байна. Гадаад улсын долоон иргэн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар хадгалсан, тээвэрлэсэн, улсын хилээр нэвтрүүлсэн гэх зэрэг гэмт хэрэгт холбогдсон. Тухайлбал, Холбооны бүгд найрамдах нигер улсын иргэн дөрөв, ОХУ-ын иргэн нэг, Франц улсын иргэн нэг, Солонгос улсын иргэн нэг тус тус холбогдон шалгагдаж байгаа юм. Манай улсад түр оршин суугаа, ажил хөдөлмөр эрхэлж буй хүмүүс юм билээ. Одоогоор эрүүгийн хэрэг үүсгэн, шалгаж байна. Гадаад улсын иргэд баривчлагдсан хэрэг прокурорын хяналттай, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа. Тухайн хэргийн цаана монгол хүн бий юу, зохион байгуулагч нь хэн бэ гэдэг талаар одоогоор дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Хэрэг шалгагдаж, шүүхийн шат руу шилжвэл цагдаагийн байгууллагаас прокурорын зөвшөөрөлтэй тодорхой мэдээлэл өгнө.

-Энэ төрлийн гэмт хэрэгт залуус их холбогдож байгаа юу?

-Гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийг насны байдлаар нь авч үзвэл 19-35 насныхан 80 хувийг эзэлж байна гэсэн статистик бий. Дээрх 130 хүнээс насанд хүрээгүй нийт есөн хүн энэ төрлийн гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаа. Өөрөөр хэлбэл, дунд сургуулийн ахлах ангийн 17-19 насныхан гэсэн үг. Энэ төрлийн гэмт хэрэгт холбогдогчдын 92 орчим хувийг эрэгтэй, найман хувийг эмэгтэйчүүд эзэлж байгаа юм.

-Саяхан солонгосын иргэн хар тамхи, мансууруулах төрлийн бодисыг оршин суугаа газраа хадгалж байгаад, баривчлагдсан гэсэн үү?

-БНСУ-ын 53 настай иргэн К-г баривчилсан. Түүнийг манай улсад түр оршин суугаа газартаа “Хар тамхи, мансууруулах төрлийн бодис хадгалж байж болзошгүй, хэрэглэдэг” гэсэн дуудлага, мэдээлэл бидэнд ирсэн. Мэдээллийн дагуу Нийслэлийн прокурорын газрын хяналтад цагдаагийн байгууллага шалгалтын ажиллагаа явуулсан. Тухайн иргэний оршин суугаа газарт 1971 оны мансууруулах эмийн жагсаалтад багтсан каннабис төрлийн ургамал байсан нь тогтоогдсон. Тус бодисыг эд мөрийн баримтаар хураан авч, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд шинжилгээ хийлгэхээр хүргүүлсэн байгаа. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлтээр бусдад зарж борлуулдаг уу, улсын хилээр хууль бусаар оруулж ирсэн үү гэдэг нь тодорхой болно. Тэрээр мансууруулах бодис хэрэглэсэн нь батлагдсан байгаа.

-Энэ төрлийн гэмт хэрэгт яагаад ихэвчлэн залуус холбогдоод байгаа юм бэ?

-Сүүлийн үед баривчлагдаж буй хүмүүс дунд өмнө нь энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож байсан залуус бий. Энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож буй шалтгаан, нөхцөлийг судалж үзэхээр нийт холбогдсон хүмүүсийн 60 орчим хувь нь найз нөхдийн хүрээлэлд үйлдсэн байдаг. Тухайлбал, тэд нэг нэгнээсээ худалдаж авах, нэгэндээ борлуулах, цуг хэрэглэж, хадгалдаг, хууль бусаар нэвтрүүлэхдээ ихэвчлэн найз нөхдийн хамааралтай байдаг юм билээ.

-Манай улсад хар тамхи, мансууруулах төрлийн бодисыг хэрэглэх нь улам л ихсээд байна. Бодисыг хилээр хууль бусаар оруулж ирэх байдал их болсон юм уу?

-Нийт үйлдэгдэж буй гэмт хэргийн 60 орчим хувь нь манай улсад үйлдвэрлэддэггүй, химийн, лабораторийн аргаар гаргаж авсан бодис байдаг юм билээ. Тэгэхээр улсын хилээр оруулж ирж буй бодисууд байдаг. Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхдээ биеэр болон ачаа тээшинд нуух, шуудан илгээмж ашиглаж оруулж ирэх зэрэг үйлдлүүд байдаг юм. Үүнд байнгын хяналт шалгалт явагддаг. Зэрлэг байдлаар ургадаг мансууруулах бодисыг түүж бэлтгэхтэй холбоотой хэрэг 40 орчим хувийг эзэлдэг. Энэ төрлийн гэмт хэрэг улс, үндэстэн дамнаж, үйлдэгддэг. Сүүлийн үед энэ төрлийн гэмт хэрэг их бүртгэгдэж буй нь хэрэглэгч нэмэгдсэнтэй холбоотой. Цагдаагийн байгууллагын зүгээс бодлогын түвшинд энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх бүтцийг бие дааж байгууллаа. Цагдаагийн ерөнхий газрын шууд харьяанд бий. Бүтцийг бий болгочихоод боловсон хүчний тоог нэмж, алба хаагчдыг чадавхжуулах чиглэлээр нэлээдгүй ажил зохион байгуулсан. Мөн манай улсад энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргээр хил, гааль, тагнуулын байгууллагатай шуурхай мэдээлэл солилцож ажилладаг. Энэ ажиллагаа идэвхжиж байгаа. Олон улсад ашиглагдаж буй мансууруулах төрлийн бодисыг илрүүлэх тоног төхөөрөмжүүдийг манай улс авч, хэрэглээндээ ашиглаж байна.

-Энэ төрлийн гэмт хэргээс иргэд болон өсвөр насны хүүхдүүдийг хол байлгахын тулд юу хийх хэрэгтэй вэ?

-Энэ төрлийн гэмт хэргийн хор уршгаас ирээдүйн үр хүүхдээ хамгаалж, урьдчилан сэргийлэхэд иргэдийн оролцоо чухал юм. Урьдчилан сэргийлэх ажил иргэд, олон нийтийн хүч, санаачилгад тулгуурлаж явагдах ёстой. Мөн төрийн болон төрийн бус байгууллагын туслалцаа чухал байдаг. Цагдаагийн байгууллагыг аль ч улсад иргэд, төрийн болон төрийн бус байгууллага дэмжиж, хамтын хүчээр ажил нь урагшилдаг юм. Иргэдээс цагдаагийн байгууллагад мансууруулах бодисын талаар, холбогдолтой мэдээлэл ирүүлэх нь нэмэгдэж байгаа. Энэ нь нэг талдаа дэвшил ч байж болзошгүй. Нэг ёсондоо иргэд гэмт хэргийн талаар мэдээлж, манайд хандах үүргээ биелүүлж байна гэсэн үг. Олон хүчин зүйлсээс шалтгаалж, илрүүлэлт их сайжирч байгаа. Бид хууль бус зүйлийг хэрэглэгчийн гарт хүрэхээс нь өмнө шуурхай илрүүлэхийг зорьдог.

Энэ аймшигт аюул таны ойр дотны хүрээнд байж болзошгүй. Иймээс үр хүүхэдтэйгээ маш сайн дотно ярилцах хэрэгтэй. Чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг, ямар хүмүүстэй найзалдаг зэргийг нь сайтар судлах ёстой. Хор аюулын талаар мэддэггүй хүн бусдын ам дамжсан ярианаас нэг удаа хэрэглэчихэд “Зүгээр” гэсэн яриа үйлдэлд автчихдаг. Эхний удаагийн үйлдлээр хэзээ ч үгүй гэж татгалзах юм бол хүн бүхэн аврагдана. Өөрийнхөө болон бусдын төлөө ухамсартай, хариуцлагатай байх хэрэгтэй. Цагдаагийн байгууллагад бүртгэгдэж буй байдлыг ажиглаж, холбогдочтой уулзахад “Хэзээ ч би хар тамхичин болно гэж бодож байгаагүй” гэдэг. Харамсалтай санагддаг. Ганцхан удаагийн буруу үйлдлээс болж, насаараа, амьдралаа хохирчихдог. Үүнийг л залуус, хүмүүс ойлгох хэрэгтэй. Ихэвчлэн “Нэг удаа сороод үзье, сонирхоё” гэдэг. Энэ байдлаас эхэлж, насан туршдаа аюулд орох магадлал өндөр гэдгийг хатуу санах хэрэгтэй. Хэзээ ч үгүй гэж татгалзах ухамсартай, хариуцлагатай байх хэрэгтэй гэдгийг анхааруулъя.

Б.ЧИМЭГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *