Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Г.Дамбадаржаа: Хэвлэн нийтэлснийхээ төлөө Шадар сайдын гомдлоор СЭМҮТ-д сэтгэцээ шалгуулаад гарч ирлээ DNN.mn

Иргэн Г.Дамбадаржаатай ярилцлаа.


-Таныг өөрийнхөө хувийн цахим хаягт үзэл бодлоо илэрхийлсний төлөө цагдаад гомдол гаргаж, СЭМҮТ-д шалгуулах хүсэлт ирсэн гэсэн. Энэ тал дээр тайлбар өгөөч?

-Би Key.mn вэб сайтын эрхлэгч. Манайхан сайтдаа газрын тухай сурвалжилга бэлтгэн гаргасан юм. Тэрхүү газар нь Зайсангаас цааш байдаг. Аялал жуулчлалын зориулалттай газарт хүмүүс хувийн хаус бариад байна гэсэн утгатай юм. Газрын тухай цуврал сурвалжилга хийж яваад хоёр билүү гурав дахь дугаарт нь Зайсангийн амны хэсэг таараад, түүн дээр Шадар сайд С.Амарсайхан хувийн хауснууд барьсан тухай нэвтрүүлэг цацсан. Өмнө нь энэ тухай зөндөө л хэвлэлээр явдаг байсан. Тэр дугаарт Шадар сайдын мэдлийн газар таараад хажууд нь ах дүү, хамаатан садан нь том том хаус барьчихсан байсныг нэвтрүүлэгт оруулаад нэг видео контент болгоод цацсан юм. Тэгтэл Шадар сайд С.Амарсайхан гомдол бичээд Нийслэлийн цагдаад өгсөн байсан. Өөрөө өгөөгүй байх л даа. Дор нь ажилладаг хүмүүс л бичиж өгсөн байх. Анх нийслэлд өгчихсөн байж байгаад харьяаллын дагуу Сүхбаатар дүүрэг рүү шилжсэн. Одоо мөрдөн шалгах ажиллагаа үргэлжлэн явж байгаа. Түүний дагуу СЭМҮТ-д үзүүлж, сэтгэц мэдрэлийн шинжээч томилж, мэдрэлийг нь үзүүлж шалгуулъя гэсэн юм байна лээ. Үүнийх нь дагуу би дөнгөж сая очиж шалгуулж, ярилцлагад нь орчихоод ирлээ.

-Дүгнэлт нь хэзээ гарах вэ. Та өөрөө дүгнэлттэйгээ танилцах боломжтой юу?

-Дүгнэлт нь долоо хоногийн дараа гарна гэсэн. Шууд цагдаа руугаа оччих юм байна лээ. Тэгэхээр цагдаа нь дуудаад танилцуулна гэж ойлгосон. Ер нь хүний хувийн цахим хаяг буюу фэйсбүүк гэдэг чинь бидний халаасанд л явж байгаа цахим тэмдэглэлийн дэвтэр шүү дээ. Тэр тэмдэглэлийнхээ дэвтрийг халааснаасаа гаргаж ирээд дээр нь юу сараачих нь хувь хүний эрх.

Үндсэн хуульдаа хувь хүн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлнэ гээд заачихсан байгаа шүү дээ. Түүнийхээ дагуу л би хувийн орон зайдаа бодлоо илэрхийлсэн. Магадгүй хэвлэлийнхэнд надад ирж байгаа дайралт шиг иймэрхүү дайралтууд ирдэг л байх даа. Тэгээд тэр хавтаст хэрэг материалдаа фэйсбүүкийн постуудыг маань маш ихээр скрийн шот хийгээд хавсаргасан байдаг. Цэмбийтэл сайхан баримт болгочихсон. Хувь хүний хувийнхаа орон зайд бичсэн сэтгэгдлийн дагуу цагдаад гомдол гаргаад, цагдаа нь дуудаад мэдүүлэг авдаг. Үүнд би цагдаа нарыг буруутгах гэсэнгүй. Цагдаа ажлаа л хийж байгаа. Мэдээж гомдол ирсэн юм чинь гомдол болгоныг шалгах ёстой. Тэгэхээр тэр дагуу л мөрдөн шалгах ажиллагаа хийгээд явж байгаа юм байна лээ. Түүн дотор нь сэтгэц мэдрэлийг нь үзүүлэх гэдэг юм байдаг юм уу, үгүй юм уу мэдэхгүй. Миний ганц бухимдаад байгаа зүйл юу вэ гэхээр хувь хүний өөрийнх нь орон зайд ингэж халдахаар улс төрийн зорилготой юм шиг харагдаад байна. Улс төрийн зорилготой юм шиг шууд дайралтууд ирээд байгаа нь зөвхөн цагдаа ч биш янз бүрийн дарамт, атаман, хулигаан хүмүүсээр ч биднийг сүрдүүлсэн. Манай зураглаач залууг хүртэл танихгүй залуу машиндаа дуудаж аваачаад дарамталсан үйлдэл байгаа. Зөрүүлээд тэднийг хэн болохыг тогтоогоод шалгаад өгөөч гэхээр цагдаа нь хөдөлдөггүй. Тэгсэн хэрнээ нөгөө гомдол дээр нь бидэнд болохоор маш их ач холбогдол өгөөд бидэн рүү дайраад байдаг нь сонин санагдаж байна.

-Та тухайн үед тэр талаараа өргөдөл гомдол өгсөн үү?

-Манай ажилтан залууг танилаар нь дуудуулаад машин дотроо суулгаж байгаад дарамталсан байхаар нь өөрөөр нь өргөдөл өгүүлсэн. Энэ хүнийг хэн болохыг тогтоогоод бидэнд эргэж хариу өгнө үү гэсэн өргөдөл гомдол гаргасан. Тэгээд хариу өгсөн зүйл ч байхгүй. Одоог хүртэл таг чиг. Тэр ажилтан маань ч тухайн хэрэг явдлын дараа удаагүй манай ажлаас гарчихсан. Түүнээс хойш холбогдож чадаагүй л байна.

-Тухайн нэвтрүүлэгт орсон газар нь дархан цаазтай газар байсан уу?

-Зайсангийн ам чинь тэр чигээрээ л Дархан цаазтай газар шүү дээ. Дархан цаазтай болохоор зөвшөөрөл нь аялал жуулчлалын зориулалтаар гардаг. Өмчлөх эрхээр гарахгүй. Аялал жуулчлалын зориулалттай газар бол кемп, жуулчны бааз, янз бүрийн амралт зугаалгын газар байж болно. Гэтэл тийм зүйл байхгүйгээр том томоор нь хашингуутаа голд нь том том хаусууд, том том байшингууд барьчихсан. Бүр хауснаас ч том. Орд харш гэдэг юмыг нь барьчихсан байгаа. Тэрийг нь л олон нийтэд дэлгэж, хэвлэл мэдээллийн байгууллага мэдээлэх үүргээ л гүйцэтгэсэн төдий.

-Анх хэзээ таныг дуудаж байцаалт авсан бэ. Хэр удаан үргэлжилж байгаа вэ?

-Анхных нь видео контент 2022 оны гуравдугаар сараас гарч эхэлсэн. Түүнээс хойш дуудаж мэдүүлэг авах болсон. Нийслэлд хамаатай байж байгаад харьяаллын дагуу шилжүүллээ гэж хэсэг чимээгүй байж байгаад харьяаллын дагуу Сүхбаатар дүүрэг дээр ирсэн гээд дахин мэдүүлэг авах болсон. Гэнэт миний сэтгэцийг шалгана гэхээр хэний ч бухимдал төрдөг л юм байна.

-Өмнө нь бас таныг хэд хэдэн удаа үзэл бодлоо илэрхийлсний чинь төлөө торгож байсан шүү дээ. Хэдэн удаа торгуулсан бэ?

-Би 2015 оноос хойш фэйсбүүк аккаунтаар идэвхтэй үзэл бодлоо илэрхийлж эхэлсэн. Одоогоор 90 мянга орчим дагагчтай. Энэ бол зөвхөн миний хувийн хаяг. Уржнангаас хойш би цагдаа дээр маш олон дуудагдаж байна. Хэд хэдэн удаа фэйсбүүкийн постоосоо болж торгуулсан. 100 мянган төгрөгөөр дөрвөн ч удаа торгуулсан юм байна.

-Энэ бүхэн таны ажил амьдралд яаж нөлөөлж байна вэ?

-Ажлын хажуугаар цагдаагаас байнга дуудагдаад байхаар их хэцүү юм. Хэрэг хийчихсэн ч юм шиг. Яваад очихоор нэг мэдүүлэг байцаалт авна. Яг яаж шийдвэрлэгдэх гээд байгаа нь мэдэгдэхгүй. Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна л гэнэ. Тэгээд л яв, хэрэг болохоор дуудна аа гэдэг. Нэг нам гүм аятайхан ажлаа хийгээд явж байтал дахиад л залгаад ир гэнэ. Энэ бүхнээс болоод ар гэр эхнэр хүүхэд, ээж аавын минь санаа нь зовниод хэцүү байгаа шүү дээ. Ядаж л хувийн ажлаа зохицуулахад хэцүү. Юу ч төлөвлөж гарч орж болохгүй. Хэзээ дуудах бол гэсэн байнгын айдастай. Ер нь маш хэцүү юм.

-Торгуулиа төлөхгүй бол яах вэ?

-Бид уг нь ардчилсан оронд амьдраад байдаг. Гэтэл төр засаг нь бүх зүйлийг хумих гээд л. Ардчилсан оронд иргэдийнхээ үзэл санааг боомилох гээд байгаад бухимдалтай байна. Би ч өөрөө үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх дуртай, идэвхтэй хүн. Талбай дээр болж байгаа жагсаал цуглаанд идэвхтэй оролцдог. Магадгүй над шиг цахим хуудсандаа юмаа дэлгэдэггүй хүмүүс байгаа байх. Үзэл бодлоо илэрхийлээд торгуулчихсан. Нэг, хоёр, гурав торгуулсан, дөрөв дэх торгуулиа төлж чадахгүй бол баривчилгаанд аваад явчихна. 30 хоног гурван сарын баривчилгаа гээд л аваад явчихна. Сая л гэхэд “No war” хөдөлгөөнийхнийг баривчилчихлаа. Цагдаа нь халдлаа. Хүмүүсийн үзэл бодлоо илэрхийлсэн, улс төрийн санал бодлоо илэрхийлснийг хүлээж авахгүйгээр сайн улстөрч болж улс төр хийнэ гэж байхгүй. Улстөрч хүний бүх юм нь нээлттэй байдаг. ХАСХОМ-ээс эхлүүлээд. Түүнийг нь дэлгэж олон нийтэд танилцуулсны төлөө гомдол гаргаж, цагдаад өгч байна. Нууц байх ёстой юмыг нь ил гаргачихсан юм шиг. Цагдаа нь ажил удаж байнгын дуудаад л. Магадгүй миний постны араас хөөцөлдөж байхын оронд өөр өчнөөн хэрэг байна шүү дээ. Хүчирхийлэл, хулгай дээрмийнхээ араас явж байвал энэ нийгэм чинь сайхан болох гээд байна шүү дээ. Гэтэл иргэдийн шүүмжлэлийг хүлээж авахгүй нэг талаараа цагдаагаар дарамтлуулаад байгаа ч юм шиг, хууль шүүхийн байгууллагаараа амыг нь үдэх гээд ч байгаа юм шиг байдал гаргаад байгаад нь л бухимдаж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *