Categories
мэдээ нийгэм

Г.Чулуунбаатар: Цалингийн сандаа багтааж, хэн сайн ажиллаж байна, тэр багш илүү цалин авах зохицуулалт бий болгох шаардлагатай

БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар өчигдөр “Багш удирдах ажилтны уулзалт-сургалт”-д оролцож, үг хэллээ. Боловсролын салбарын удирдах ажилтан, цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багш нарын төлөөлөлтэй уулзахдаа тэрбээр “Одоо дахин цоо шинэ хөтөлбөр мэндлэхгүй ээ, нэр томьёо, үг үсгээр хөөцөлдсөн өөрчлөлт ч хэрэггүй” хэмээн онцолсон юм.

БСШУС-ын сайд Г.Чулуунбаатарын хэлсэн үгнээс багшийн цалин хөлстэй холбоотой хэсгийг онцлон хүргэе.

Тэрбээр хэлэхдээ “Сүүлийн үед багшийн цалин хөлсний талаар нийгмийн мэдээллийн сүлжээ, хэвлэл, мэдээллээр хэлэлцүүлэг явж байна. Багшийн цалин хөлсний талаар зарим мэдээллийг өгч, цаашид энэ талаар баримтлах бодлогын чиглэлийн талаар санал, бодлоо хуваалцъя.

Багшийн үндсэн цалинг 2010 оноос үе шаттай нэмэгдүүлсээр өнөөдөр багшийн сүлжээний буюу үндсэн цалингийн дундаж 2007 оныхоос 2.4 дахин нэмэгдсэн байна. Одоогийн байдлаар татвар, нийгмийн даатгалын шимтгэл төлсний дараа багш нарын авч байгаа бодит цалин хөдөөд 490.235 – 844.782 төгрөг, хотод 487.587 – 823.960 төгрөг байна.

Монгол Улсын 2017 оны нийт төсвийн 17.3 хувь буюу улсын нийт төсвийн бараг 5.0 төгрөг тутмын 1.0 төгрөг болох 1.1 их наяд төгрөгийг боловсролын салбарт зарцуулж байна. Боловсролын салбарын нийт төсвийн 54.4 хувь болох 598.6 тэрбум төгрөг нь ерөнхий боловсролд буюу ерөнхий боловсролын сургуулиудад ногдож байна. Ерөнхий боловсролын салбарын 2017 оны нийт төсвийн 68.3 хувь болох 408.6 тэрбум төгрөг багш, ажиллагсдын цалин, хөлсөд ногдож байна. Улаанбаатар хотын тодорхой нэг сургуулийн төсвийн хагас жилийн гүйцэтгэлээс нь үзвэл тухайн сургуулийн нийт төсвийн 74.1 хувийг багш, ажиллагсдын цалин, хөлсөнд, 8.1 хувийг ажил олгогчоос нийгмийн даатгалд төлөх шимтгэл эзэлж байна. Мэдээжээр одоогийн багш нарын авч буй цалингийн хэмжээ орлого сайтай хувийн хэвшлийнхэнтэй харьцуулахад бага байгаа ч эмч нар, эрдэм шинжилгээний ажилтанууд гээд төрийн үйлчилгээний албан хаагчдын дундаж цалингаас бага биш гэдгийг ойлгох байхаа гэж найдаж байна.

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт цалин, тэтгэвэрийг үе шаттай нэмэгдүүлэх зорилт тусгагдсан байгаа. Улс орны эдийн засагт гарч байгаа өөрчлөлтийг дагалдаж багшийн цалин, хөлс ч цаашид нэмэгдэх ёстой гэдэгтэй санал нэг байна. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам юуны өмнө батлагдсан төсөв, түүний хуваарилалт, гүйцэтгэлд үзлэг, хяналт хийнэ. Одоо бидэнд байгаа зарим мэдээллээр зарим аймаг багш нарын улирлын үр дүнгийн урамшууллыг олгоогүй, батлагдсан, хуваарилагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулаагүй асуудал байна. Багшийн хөдөлмөрийн үнэлэмж, ачааллыг холбогдох мэргэжлийн байгууллагуудтай дахин судалж үнэлэлт өгнө. Багшийн цалин хөлсийг тооцож олгох журам, багшид мэргэжлийн зэрэг олгох, хасах журам, багшийн ажлын үр дүнг үнэлэх журмуудын хэрэгжилтийг хянан дүгнэж, холбогдох өөрчлөлтийг оруулна. Багш үр дүнтэй, амжилттай ажиллаж байгаа тохиолдолд цалингийн 10 хувийн нэмэгдэлтэй арга зүйч зэргийг авах гэж 5 жил, 15 хувийн нэмэгдэлтэй тэргүүлэх зэргийг авах гэж 10 жил, 20 хувийн нэмэгдэлтэй зөвлөх зэргийг авах гэж 15 жил хүлээх хэрэгтэй юу гэдгийг судалж шийднэ.

Ажлын үр дүн нь цалин хөлстэй нь шууд хамааралтай байхаар багшийн цалин, хөлсний зохицуулалтыг эргэж харна. Юутай ч эхний ээлжинд цалингийн сандаа багтааж хэн сайн ажиллаж байна, тэр багш илүү цалин авах зохицуулалтыг бий болгох шаардлагатай гэж үзэж байна. Багшийн цалин хөлсний шинэчлэлийг цэцэрлэг, сургууль, багш нараар нээлттэйгээр хэлэлцүүлж, хамтран шийдвэрлэнэ гэлээ.

Түүнчлэн шинэ сайд ажилдаа баримтлах гол зарчмаа дараах байдлаар тодорхойлсон.

Нэгдүгээрт, бодлогын залгамж чанарыг хангана. Боловсролын салбарт сүүлийн 20 гаруй жил бий болсон ирээдүйтэй гэдгээ харуулж чадсан, монголын хөрсөнд үржиж соёолж чадсан дэвшилтэт бүхэн тасалдаж, тасрах ёсгүй.

Хоёрдугаарт, ямар нэг судалгаа тооцоогүйгээр, салбарынхаа ажилтан, багш, суралцагсад, эцэг эхчүүдийнхээ санаа бодлыг сонсож хэлэлцүүлэхгүйгээр муйхар өөрчлөлт, дур зоргын шийдвэр гаргаж болохгүй.

Гуравдугаарт, багш боловсролын салбарын ажилтууд, суралцагсдын хөдөлмөр бодитой, шударга үнэлэгдэх учиртай. Энд ямар нэг хэлбэрийн ялгаварлал, субьектив хандлага байж таарахгүй.

Дөрөвдүгээрт, багш нар, манай салбарын ажилтан ажилтнууд ногдсон ажил үүргээ хэвийн сайн гүйцэтгэх нийгмийн баталгаагаар хангагдсан байх ёстой. Энэ нь улс орны эдийн засаг, санхүүгийн боломжтой уялдахаас өөр аргагүй.

Тавдугаарт, бүх шатанд эрх хийгээд үүргийн, хөдөлмөрийн сахилга хийгээд хариуцлагын, хууль хийгээд ёс суртахууны зохистой нэгдэл хангагдаж байх нь чухал. Энд төвлөрөл бие даасан байдлын зохистой харьцаа хадгалагдах ёстой. Энэ таван гол зарчмыг салбарынхаа ажилд хэвшүүлэхийг би хичээн зүтгэх болно гэв.

Сайдын хэлсэн үгтэй бүрэн эхээр нь танилцахыг хүсвэл http://www.mecss.gov.mn/post17081401 хаягаар ороорой.

“Багш удирдах ажилтны уулзалт-сургалт” энэ сарын 14-19-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо үргэлжлэх юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *