Categories
мэдээ цаг-үе

Г.Чулуунбаатар: Сайд болно гэж зүүдэлж ч байгаагүй

БСШУС-ын сайд асан, ШУА-ийн Тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Чулуунбаатартай ярилцлаа.


-Та хэсэг хугацаанд БСШУС-ын сайдаар ажилласан. Зарим нь хошигнож зуны амралтын сайд гэж байсан л даа. Дөрвөн сар сайдаар ажиллаад засаг солигдоход харамсч байв уу. Ер нь сайд болно гэж бодож байсан уу?

-Яахав ээ, миний хувьд сайд болно гэж зүүдэлж ч байгаагүй. Би ШУА-д судалгаа шинжилгээнд ихэнх насаа зориулсан. УИХ-ын даргын Улс төрийн бодлогын ахлах зөвлөх, Философийн хүрээлэнгийн захирал, Удирдлагын академийн захирал гээд сургалт, эрдэм шинжилгээний байгууллагаар ажиллаж нас 60-ын босгон дээр очсон байхад тодорхой шалтгааны улмаас Я.Батсуурь сайд огцорсон. Энэ үед МАН-ын дарга, Ерөнхий сайд хоёр уулзахдаа “Сайд болох хүмүүсийн нэрс дотор оруулж таныг сонирхож байна” хэмээн хэлсэн. Миний хувьд “Би сайдын ажлыг хийж чадна гэж ам бардам хэлэх юм алга. Нас харьцангуй тогтлоо, гэсэн ч салбар харьцангуй хүнд болохоор барахгүй байж магадгүй” гэж хэлсэн. Тэгсэн чинь “Яг ч шууд томилчих гэж байгаа юм биш. Сайдаар ажиллах боломжтой хүмүүсийн дотор таны нэрийг оруулж байгаа юм” гэхээр нь “Та бүхэн итгэж найдаж байгаа бол огт мэдэхгүй салбар биш юм” гэж хэлээд гарсан. Гэтэл удалгүй намайг сайдаар томилсон. Дээд боловсролын салбар, шинжлэх ухааны тал дээр надад бодсон зүйлс байсан. Яам өөрөө дөрвөн том салбар хариуцаж байсан учраас бэлэн биш байсан юм. Би салбарыг бодитоор оношлохоос ажлаа эхэлнэ гэж хэлсэн. Гэхдээ тэр цаг үе Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажил эхэлж давхацсан зурвас үе таарсан. Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа эхэлдэг өдөр шахам намайг томилсон байх шүү. Бодит ажил явуулахад үндсэндээ таг хязгаарлагдмал байлаа. Салбарынхаа хүмүүстэй уулзахдаа би “Боловсролын салбарыг том зургаар нь харахад болж бүтэхээ больсон, уналтад орсон салбар гэж бодохгүй байгаа. Болж байгаа зүйл бий ч, болохгүй байгаа зүйлс ч байгаа шүү. Юу нь болоод юу нь болохгүй байна гэдгийг оношлоогүй байж ямар нэгэн зүйл хэлж чадахгүй. Хоёрдугаарт, сайд аппаратын хооронд үл ойлголцол гарснаас сайд огцорсон гэж ойлгосон. Миний хувьд хүнтэй үл ойлголцох хэмжээнд хүрэхгүй байх чадвартай хүн гэж өөрийгөө боддог. Тиймээс яамны аппаратыг дур мэдэн өөрчлөхгүй, салбараа ч гэсэн бужигнуулахгүй” гэдгийг хэлсэн юм. Ийм хоёр зарчмаар ажлаа эхлүүлсэн ухаантай. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбар дээрээ Монголдоо хүлээн зөвшөөрөгдсөн судлаач, салбарын нэртэй зүтгэлтнүүд, дотор нь ажиллаж байгаа хүмүүстэй уулзаж, салбар бүрт дүр зургийг нь гаргасан. Салбар бүрт ямар нэгэн хэмжээгээр онош тавих боломж бүрдэж байсан. Энэ үеэр хичээлийн шинэ жилийн нээлт дөхөж, багш нарын сургалт болж байхад ерөнхий боловсролын салбарт хийх гол ажлаа 14 зүйлд багтааж танилцуулаад багш нартайгаа ойлголцсон. Шинжлэх ухааны салбар миний өөрийн дотор нь байдаг салбар учраас зовлон, жаргалыг нь мэддэг байсан. Ямар ч байсан бэрхшээлийг нь мэдэж авлаа, одоо ажиллана даа гэж бодож байтал улс төрийн шуурга дэгдэж Засгийн газар хийссэн. Үүнд харамсаад байх зүйл байхгүй. Харин ч баяртайгаар ажлаа өгч, хуучин ажилдаа ирсэн. Одоо бол боловсролын сайд тийм ч аятай таатай биш байна. Энэ нь сайдын муугийнх биш. Гурван жилд гурван өөр сайд ирж бужигнуулахаар яаж ажил хэвийн явах вэ дээ.

-Багш нар нь цалингаа нэмүүлнэ гэж жагссан. Зарим нь хүүхдүүд муу сурч байхад цалин нэмэх гэлээ гэж шүүмжилсэн?

-Багш нарын цалингаа нэмэгдүүлье гэдэг зүй ёсны шаардлага. Гэсэн ч төсвийн хатуу сахилгад шилжсэн байгаа учраас амаргүй байх. ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсан байгаа нь ОУВС Засгийн газар, Сангийн яамны өмнөөс төсвийг барьж байгаагаас өөрцгүй шахам болчихож байгаа юм. Тиймээс тэднээс зөрнө гэвэл Засгийн газар өөрөө хүнд байдалд орно. Намайг сайдаар ажиллаж байхад багш нар цалингаа нэмэгдүүлэх асуудлаа хөндөөд эхэлчихсэн байсан. Азийн орнуудын хэмжээнд ойртуулсан алхам хийж байж бид энэ салбарт чадвартай хүмүүсээ авч ажиллуулна. Цогц шинэчлэл хийх хэрэгтэй. Манайхан боловсролын салбар муудсан гэж ярьдаг. Ардчилалд шилжсэн анхны орны үлгэр жишээ гэдгээрээ манай боловсролын суурь үзүүлэлтүүд огт муу биш. Багш нарын ажлын ачаалал их, авч байгаа цалин бага, амьдралын өртөг өндөр байгаа тул арга буюу ажлаасаа гадна орлогын өөр эх үүсвэр рүү санаа тавихаас өөр аргагүй. Тиймээс зав л гарвал дугуйлан хичээллүүлж, өдөр өнжүүлэх төв ажиллуулж, амралтаараа Солонгос явж байна. Тиймээс өдөр өнжүүлэх, төлбөртэй сургалтуудыг нь хуульчилж өгөх хэрэгтэй. Энэ бүхэн журамлагдаагүй тул ил явдаггүй. Улаанбаатар хотын лаборатори гэж нэрлэгдээд байгаа сургуулиудад захирал, эрхлэгчдийн түвшинд хүүхдийг сургуульдаа авах, шилжүүлэх зүйлс явдаг. Нэмэлт төлбөр, өндөр өнжүүлэхийг хуульчилаад өгвөл өөр болно. Далд яваа учраас татвар төлдөггүй, тайлан балансаар ил гардаггүй. Амьдрал дээр орлогоо нэмэх энэ зүйл нь ингээд далд явдаг юм. Хуульчлаад сургууль дээр өндөр өнжүүлэх хичээллэж болно, тэдэн төгрөгний төлбөртэй байна, багшид тэдэн төгрөгийг нь өгнө гээд суулгачихаж болно шүү дээ. Нэмэлт төлбөр авдаг, төлбөр нь багшийн гар дээр очдог болбол төсөв харалгүйгээр багш нарын орлогыг нэмэгдүүлэх боломжтой.

Өөр нэг зүйл хэлье. Яаманд нэг сайд, нэг газрын дарга ирээд өөрийн үзэмж, итгэл үнэмшлээр бужигнуулдаг. Үүнийг дагаад сурах бичгийн шинэчлэгдэх процесс дуусаагүй байхад дахиад өөрчилдөг. Дөрвөн жилийн цикль чинь ийм аюултай. Үүнээс болоод сургалтын хөтөлбөр нь тогтвортой биш, сурах бичгийн хүрэлцээ хангалттай биш болдог. Тиймээс өөрчлөгддөггүй ноён нурууг босгоод авбал засаг солигдсон ч үүнээс гажиж явахгүй байх болгох хэрэгтэй.

-Одоо та юу хийж байна вэ?

-Шинжлэх ухааны академийн ажлаа хийж байна. Маргааш (өнөөдөр) Төрийн ордонд Азийн орнуудын зөвлөлдөх ардчиллын туршлага гэсэн олон улсын эрдэм шинжилгээний хуралд илтгэл тавих гээд бэлдээд сууж байлаа. Би Их сургуулийн Философийн ангид Социологийн өндөр мэргэжлийн хичээл ордог. Зөвлөлдөх ардчилал бол олон нийтийн санаа бодлыг судалдаг социологийн шинжлэх ухааны суурин дээр босч ирсэн түүнийгээ шийдвэр гаргах бодлого тодорхойлох механизм болгоод ашиглаж байгаа зүйл. Бүх зарчим нь адилхан. Түүвэр хийдэг, асуулга тавьдаг, мэдээлэл өгдөг. Хуулийн дагуу явдаг, тодорхой захиалагчтай байдаг. Захиалагч нөхцөлүүдээ хэлдэг ийм л механизм.

-Зөвлөлдөх ардчилал гэж сүүлийн үед манайхан яриад байна. Ардчиллын суурь зарчмаас өөр зүйл бий юу?

-Төлөөллийн ардчиллын боломжууд тодорхой хэмжээнд шавхагдаад мухардалд орсон тул барууныхан гарц хайсан. Зөвшилцөл гэдэг зүйл дээр явах гэж оролдсон. Зөвшилцсөөр байгаад байр сууриа нэгтгэж тохирдог. Нөгөө талд нь зөвлөлдөх гэдэг процесс явж байгаа юм. Олон нийттэйгээ зөвлөлдөөд тэр санаа бодлыг нь бодлого шийдвэрт тусгуулах асуудал. Шууд ардчиллыг хэрэгжүүлэх гэхээр түүврийг авч чадахаа больдог. Тиймээс үүнээс гарах замыг судалсан чинь Стэнфордын Их сургуулийн проффесорууд маш сайн ажилласан. Ж.Фишкин анхны номыг нь бичээд дэлхийд түгсэн. Зөвлөлдөх ардчилал хоёр зарчимтай. Тэгш оролцоог хангах, адил мэдээлэлтэй байх. Хүн амын төлөөлөх чадварыг авдаг ийм л процесс. Дэлхийн 30 гаруй оронд туршигдсан. Анх тийм үү, үгүй юу гэдэг энгийн асуултын хүрээнд явж байсан. Харин манайх Үндсэн хуулийн түвшинд туршиж үзсэн. Сая Налайхын нүүрсний уурхайн ашиглалтын асуудлаар зөвлөлдөх ардчиллыг явууллаа. Өөрөөр хэлбэл төлөөллийн ардчиллын мухардал, хязгаарлалтыг даван туулах эрэл хайгуулын явцад бий болсон гарцын нэг хувилбар.

-Монголын хөрсөнд тохирох юм уу?

-Болохгүй ч зүйл биш. Статистикийн санамсаргүй түүврийн зарчим гэж байдаг. Эртний Грекийн Афины ардчиллын сугалаагаар авдаг тэр системийг авчихаж байгаа юм. Манай улсад сонгуулийн насны 1.3 сая хүн байлаа гэж бодоход тэндээс түүвэр хийхэд тэдэн өрх, тэдэн өрхөөс түүвэр хийхэд тэд гээд явдаг. 90-ээс дээш хувийн магадлалтай төлөвлөдөг тул алдаа бараг гардаггүй. Учир нь статистикийн алхамтай санамсаргүй түүвэр л дээ. Ингэснээрээ олон түмнийг төлөөлөх чадвар сайтай болчихож байгаа юм. Хоёрдугаарт, тухайн сонгогдсон нийт иргэд асуудлаа мэддэг байх ёстой. Асуудлаа мэдэхгүй ерөнхий байдлаар явах юм бол түвэгтэй. Захиалагч этгээд санал асуулгын дүнг шийдвэртээ тусгах үүрэг хүлээдэг. Мэргэжлийн байгууллага санал асуулгыг мэргэжлийн түвшинд явуулж чадах юм бол аль нэг хөрсөнд тохирох тохирохгүй гэхээсээ илүү сайн, зөв ажиллаж чадав уу гэдэг асуудал байгаа юм. Зөвлөлдөх ардчиллын өмнөх туршлагууд энгийн явж ирсэн. Нийгмийн даатгалын биеэ даасан сантай байх уу, сайн дурын даатгалын зарчмаар явах уу гээд тодорхой асуултаар иргэн бүрийн амин хувийн асуудлыг шууд хөндөж байсан учраас ихэнх орнуудад амар байсан. Үндсэн хуулийг өөрчлөх түвшинд зөвлөлдөх ардчиллын зарчмаар явсан байгаа дэлхийн анхны улс нь Монгол. Үндсэн хууль гэдгээрээ иргэн болгонд хамааралтай боловч иргэн бүр мэдээлэлтэй байх гэдгээрээ хүндрэлтэй олон асуудал багтдаг л даа. Нэг эмгэнэлтэй зүйл бий. Байхгүй зүйлийг байгаа мэтээр асуучихаар нэрэлхээд худлаа хариулдаг. АНУ-д гэхэд огт байхгүй хуулийг та сайн хууль гэж бодож байна уу гээд асуусан чинь угаасаа байгаагүй хуулийг тэр өндөр боловсролтой америкчууд байгаа мэтээр бодоод хариулчихсан жишээ бий. Нэрэлхүү зангаасаа болоод байдаг байх. Тийм байх болов уу гэж бодоод таагаад хариулчихдаг. Тиймээс тухайн хүн заавал мэдэж байгаа асуудлаар л явуулах нь үр дүнтэй тийм л хэлбэр. Монгол Улс 2015 онд Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийг баталсан. Хуулинд бодлого боловсруулах, шийдвэр гаргах албан тушаалтан тодорхой асуудлуудаар зайлшгүй санал асуулга явуулж шийднэ гээд журамласан. Мангай орны хувьд Үндсэн хуулиасаа эхэлсэн том процесс болоод явчихаж байна. Цаашид улам төгөлдөржөөд явбал төлөөллийн ардчиллын гажуудлыг засах боломжтой.

-Монголчууд өөрсдийгөө ардчиллын баянбүрд хэмээн хөөргөддөг. Зөвлөлдөх ардчилал тэгээд Азийн бусад орнуудад хэрхэн хөгжсөн байдаг вэ?

-Манай улстөрчдийн чамирхаж “Монгол Улс ардчиллын баянбүрд” гэж ярьдаг. Социалист системийн орнуудаас либерал ардчиллын зарчим руу үндсэндээ америк загвараар орсон цорын ганц улс. Европчууд өөр соёлтой ч либерал ардчилал руу огцом ороогүй. Хятадууд өөрийн замаар явсан бол Лаос, Вьетнам, Хойд Солонгос, Куба яваагүй. Монгол Улс зөвлөлт системийн далбаанд 70 жил явсан улс гэнэт ардчилалд орсон дэлхийд содон дүр зураг болж чадсан. Хүн ам цөөн, эдийн засаг нь бага тул манайд том доргилт үүсээгүй. Монголчууд аливаад хүлээцтэй, няхуур, овсгоотой сэргэлэн ханддаг. Тиймээс будилаан самуун болоогүй тул үүнийг нь баянбүрд гээд байгаа юм. Япон, БНСУ дорно дахины уламжлал дээр ардчиллын үнэ цэнийг маш сайн хослуулж чадсан. Монгол Улс либерал ардчиллын системээрээ Азидаа дээгүүрт орно. Зөвлөлдөх ардчилал гэдэг уламжлалын тухайд суурь хөрсөөр нь хэрэглэж болох байсан. Манайхан хоорондоо ярьж ярьж байгаад тохирлоо шүү гэдэг. Бараг хуруугаа зүсч цус гаргаж тангараг тавиад түүнийхээ төлөө зүтгэдэг. Тэр уламжлал чинь бие биенийгээ ойлгох харилцан зөвлөлдөх боломж байна гэдэг санаа юм шүү дээ.

Монголчуудын төр засах уламжлалт ёсон гэж бий. Төр дээдлэх ёс гэдэг нь өрнөдийн хууль дээдлэх ёс гэдэгтэй нэг зиндаанд яригдах асуудал. Гэтэл өрнөдийнхөн төр дээдлэх ёсыг тахиж шүтдэг мухар сүсэг мэтээр тайлбарлаад тоохгүй байсан. Нэг хэсэг манайханд ч гэсэн хүчтэй байлаа. Төрөө дээдлэх ёс хууль дээдлэх ёстой адилхан тэнд байдаг бүх зүйл байсан юм. Гэтэл бид үүнийг гаргаж ирж чадаагүй. Сүүлийн үед Г.Занданшатар гишүүн ярьж байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *