Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн ард нийтийн хэлэлцүүлгийг говийн бүсэд зохион байгуулах УИХ-ын Тамгын газраас томилсон ажлын хэсгийн баг өнөөдөр /2017.08.18/ Говьсүмбэр аймагт ажиллалаа.
Говьсүмбэр аймгийн ИТХ-ын дарга Г.Батзам, ИТХ-ын Нарийн бичгийн дарга Ж.Оюунбилэг нар оролцож, хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ “Өмнө нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа ард нийтийн саналыг тусгаагүйгээс маргаан их гардаг. Харин энэ удаа УИХ-ын тогтоол гарч, УИХ-ын Тамгын газраас ажлын хэсгийн баг томилон улс орон даяар ард нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулж байгаад талархалтай байна. Мөн манай аймагт Засаг даргын захирамжаар ажлын хэсэг байгуулан сумдад ажиллаж байна” гэв.
Хэлэлцүүлгээр Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн танилцуулгыг УИХ-ын Тамгын газрын Эдийн засгийн байнгын хорооны ахлах зөвлөх Ж.Батсайхан хийж, УИХ-ын үйл ажиллагаатай холбоотой найман, нэмэлт өөрчлөлтийн талаар УИХ-ын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсийн зөвлөх Д.Мягмарцэрэн, Засгийн газар, засаг захиргааны нэгж, орон нутгийн өөрчлөлтөөр, УИХ-ын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсийн ахлах зөвлөх Н.Мөнхзэсэм, Ерөнхийлөгч, шүүх эрх мэдэл, төрийн албан хаагчийн нэмэлт өөрчлөлтөөр, УИХ-ын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсийн зөвлөх Л. Батмөнх нар тус тус мэдээлэл танилцуулгыг хийсэн.
Хэлэлцүүлгийн дараа иргэд санал сэтгэгдлээ хэлж, хуулийн төслийн зарим зүйл заалтыг тодруулж асуув.
Баянтал сумын сумын иргэн Л.Лхагвасүрэн “Иргэнийхээ хувьд Үндсэн хуульд орж байгаа нэмэлт, өөрчлөлтийг бүхэлд нь дэмжиж байгаа. Үүнээс Засаг захиргааны нэгжийн тухай өөрчлөлтийг дэмжиж байна. Ерөнхий сайд аймгийн Засаг даргыг, аймгийн Засаг дарга нь сумынхаа даргыг, сумын Засаг дарга нь багийн даргаа томилох энэ заалтыг дэмжиж байна. Мөн шүүхийн талаар нэмэлт, өөрчлөлт орж байна. Шүүхийн Ерөнхий зөвлөл нь шүүгчийг томилохдоо УИХ-аар хэлэлцүүлдэг байх нь зөв. Шүүхийн өмнөх тогтолцоо өөр байсан. Аль эрх барьж байгаа нам, засгийн талд шүүх ажиллаж шийдвэр гаргадаг байдал маш их хүчээ аваад байсан” гэж онцоллоо.
Хэлэлцүүлэгт оролцсон иргэд багийн Засаг даргыг шууд томилох нь мөн нам дагасан томилгоо болно. Мөн Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг хасах нь буруу гэх санал ч хэлж байсан юм. Нөгөө талдаа шүүгчийг УИХ-аар хэлэлцэж батлахыг нэлээд дэмжиж байв.
Харин Шивээговь сумын иргэн Д.Сүхбаатар “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэлэлцүүлэгт хоёр дахь удаагаа орж байна. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын сүүлд Улаанбаатар хотод зохион байгуулсан хэлэлцүүлэгт мөн оролцсон. Аймаг, орон нутгийг хот болгох заалтыг дэмжиж байгаа. Хувь хүний санал гэвэл УИХ-ын гишүүнийг нэг удаа улируулан сонгодог болмоор байна. Дөрвөн жилийн хугацаанд сонгууль хийсээр байтал ажил хийж амжихгүй байна” гэлээ.
Говьсүмбэр аймгийн хувьд гурван сумтай хэдий ч Дундговь аймгийн Цагаандэлгэр, Говь-Угтаал, Баянжаргалан, Дорноговь аймгийн зарим сумдын иргэд төр захиргааны үйлчилгээг Чойроос авдаг юм байна. Иймээс Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр хилийн цэс тогтоох, зарим аймаг, сумдыг нэгтгэх нь зөв гэдэгт цөөнгүй иргэд санал хэлж байлаа.
Энэ талаар Сүмбэр сумын иргэн Т.Бат-Эрдэнэ “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар нэлээд хугацаанд ярьж байна. Ард түмэн үүнд ач холбогдол өгч байгаа. Хуулийн өөрчлөлт ард иргэдийн амьдралд шууд нөлөөлдөг учраас анхаарахгүй байхын аргагүй. Тэр дундаа Үндсэн хуульд бол маш нухацтай хандах ёстой. Манай аймаг 1991 онд Чойр хот болж, 1994 онд Говьсүмбэр аймаг болсон. Дархан, Эрдэнэтийг дагаад хотын статустай болсон юм. Говьсүмбэр бол боржигон түмний цөм болсон аймаг. Тиймээс эргэн тойронд байгаа сумдыг Говьсүмбэрт нэгтгэвэл хүн ам олонтой, хөгжих боломжтой хот болж хөгжих боломжтой.Тэр аймгийн сумдыг шууд тасдаад нийлүүлчихнэ гэдэг бол бас өрөөсгөл ойлголт. Гэхдээ харьяалал, газар нутаг, төр захиргааны үйлчилгээ авч байгаа байдлаар нь хилийн цэсийг бодож үзмээр байна. Дундговийн наад талын сумдын айлуудын хүүхдүүд Говьсүмбэрт сурч, эмнэлэг, төр захиргааны бүх үйлчилгээг газар нутгийн дөт байдлаар нь эндээс авдаг” гэлээ.
Дээрх хэлэлцүүлэгт Говьсүмбэр аймгийн Сүмбэр, Баянтал, Шивээговь сумын орон нутаг, төр захиргааны байгууллагын ажилчин албан хаагч, оршин суугчид оролцлоо хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.