Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн чиглэлийн ахлах мөрдөгч, дэд хурандаа Г.Бөхчулуунтай ярилцлаа.
-Малын хулгайн нөхцөл байдал ямар байна вэ?
-Мал хулгайлах гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл өнгөрсөн арваннэгдүгээр сарын байдлаар 1137 бүртгэгдсэн. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 12 орчим хувиар буурсан үзүүлэлттэй байна. Хүлээн авсан гомдол мэдээллийн 981 хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Нийт хүлээж авсан гомдол мэдээллийн 84.4 хувьд эрүүгийн хэрэг үүсгэсэн гэсэн үг. 311 хэргийг илрүүлсэн.
-Аль аймагт малын хулгай их байна?
-Хүн ам ихээр суурьшсан газар малын хулгайн гэмт хэрэг гарах гээд байдаг. Тухайлбал, Төв аймаг, Хөвсгөл, Дорнод, Хэнтий, Архангай зэрэг газруудад түлхүү малын хулгай гарах нь ажиглагддаг.
-Цагдаагийн байгууллагаас энэ төрлийн гэмт хэргийг бууруулахын тулд хэрхэн ажиллаж байгаа вэ?
-Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг хэсгийн төлөөлөгчид гар бие оролцон хийж байна. Цагдаагийн байгууллагаас 2014 оны эхээр нөхцөл байдал хүнд аймгуудад илүү анхаарал хандуулсан. Дээр дурдсанаас гадна Увс, Баян-Өлгий аймагт энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгддэг. Хэнтий, Төв, Увс, Баян-Өлгий гэсэн аймгуудад мал хулгайлах гэмт хэргийн чиглэлээр бие даасан бүтэц байгуулсан. Тэнд дагнасан хэсэг алба хаагчдыг томилж өгсөн. Есөн аймагт малын хулгайн гэмт хэргийг хариуцсан алба хаагч ажиллаж байгаа.
-Хулгайчид ямар аргаар мал тууж байна?
-Ихэвчлэн бэлчээр дээрээс нь тууж явна, машинд ачна, жижиг оврын автомашинтай бол газар дээр нь нядалж, эвдэх тохиолдол ч байдаг. Малын хулгайн гэмт хэргийн гол үйлдлийн арга нь бэлчээрээс шөнө оройн цагаар хариулга муутай малыг авч, хулгайлдаг юм. Энэ төрлийн гэмт хэргийг 15-40 орчим насны хүмүүс үйлддэг. Ихэвчлэн малчид өөрсдөө үйлдэх нь бий. Тухайлбал, малтай байж байгаад, малгүй болчихсон ч юм уу, эсвэл тухайн үедээ өр зээлд орчихсон хүмүүс гэмт хэрэгт холбогддог. Нэлээд хэсэг нь дахин давтаж гэмт хэрэг үйлдэх тохиолдол нэмэгдсэн. Мөн хулгайчид бүлэглэж үйлдэхээс гадна махны ченжүүдтэй хамтарч гэмт хэрэгт холбогдоод байна.
-Энэ төрлийн гэмт хэргийг үйлдвэл хуулиар ямар хариуцлага хүлээлгэдэг юм бэ?
-Шинэ Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйл ангиар шийтгэдэг. Иргэдийн малыг хулгайлсан бол тодорхой хэмжээний ялын асуудал яригдана. Хүндрүүлэх нөхцөл гэж бий. Үүнд олон тооны мал оролцуулж, гэмт хэргийг байнга үйлдэж амьжиргааны эх үүсвэрээ болгосон бол Эрүүгийн хуулийн дагуу 2-8 жил хүртэлх ялаар шийтгэнэ. Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн нэгдүгээр хэсэгт таван жил хүртэлх хугацаагаар хорих, эсвэл торгох шийтгэлтэй байдаг. Өмнөх хуулиар иргэдийн малыг хулгайлсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ ч юмуу, тодорхой хэмжээний хохирол оногдуулдаг байсан. Одоо таван хошуу мал хулгайлсан бол эрүүгийн хэрэг үүсгэж, хэрэг бүртгэлтийн хэрэг нээдэг болсон.
-Малаа алдсан хүнд хэрхэн нөхөн төлбөр олгодог юм бол?
-Энэ төрлийн гэмт хэргийг олон дахин үйлдэж, цайчихсан этгээдүүд нөхөн төлбөр өгнө гэж байдаггүй. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн, ар гэрийнхэн нь боломжийн амьдралтай бол нөхөн төлбөр төлөх асуудал бий. Эцэст нь шүүхийн шийдвэр гардаг ч хохирол нөхөн төлөгдөх боломж бага байдаг.
-Өнгөрсөн сард малын хулгайн ноцтой гэмт хэрэг бүртгэгдсэн үү?
-Төв аймагт ноцтой хэрэг гарсан. Хэргийн шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа. Хэсэг залуу холбогдсон. Малын хулгайн гэмт хэрэг өмнө нь улирлын шинж чанартай үйлдэгддэг байсан. Өөрөөр хэлбэл, 1990-ээд оны сүүл, 2000 оны дунд үеэр өвөл голдуу энэ төрлийн гэмт хэргийн ажиллагаа идэвхждэг байв. Нэг ёсондоо идэш гаргаж,бэлдэх цагаар их гардаг байсан. Энэ нь зах зээлтэй холбоотой. Одоо нийслэлийг тойрч хориод махны үйлдвэр ажиллаж байна. Тэдгээр нь дотоодын хэрэгцээг хангахаас гадна гадаад зах зээл рүү мах нийлүүлэх, мах махан бүтээгдэхүүн боловсруулах гэх зэргээр олон төрлийн ажиллагаа явуулдаг. Иймээс малын хулгайн гэмт хэргийг ямар улиралд их, бага гарч байна вэ гэдгийг тодорхойлох нь харьцангуй ойлголт болсон. Одоогоор махны үнэ ханш өндөр байна. Энэ нь гэмт хэрэг идэвхжих гол шалтгаан болж байгаа юм. Тиймээс цагдаагийн байгууллага болон бусад байгууллагууд хараа хяналтаа улам сайжруулах хэрэгтэй. Удахгүй сар шинийн баяр болно. Ингэхээр махны хэрэгцээ өснө. Цагдаагийн байгууллага болон бусад мэргэжлийн байгууллага ч гэсэн махны гарал үүсэл дээр хяналт тавьж ажиллана байх. Гэхдээ энэ нь зөвхөн төрийн байгууллагын дунд яригдах асуудал биш. Ялангуяа малчид өөрсдөө илүү анхааралдаа авах нь чухал юм.
-Ер нь хулгайн мал хаана очсон байдаг вэ?
-Нийт алдагдаж буй малын 90 гаруй хувийг нядалсан байдаг. Махыг нь хүнсэнд хэрэглэж, мөнгө хүүлэх зорилгоор хулгай хийсэн нь ажиглагддаг. Энэ нь маш богино хугацаанд үйлдэгддэг юм билээ. Тухайлбал, Улаанбаатар хотоос 200 километр яваад хөдөө малтай тааралдаж, хурдан нядалж, аваад явдаг. Ингээд “Дэнжийн 1000” зах дээр очиж, наймаачидтай тохиролцдог юм билээ. Нэг ёсондоо захын цайны газар хулгайн махаар хоолоо бэлтгэдэг гэсэн үг. Үүнд мөрдөн шалгах ажиллагаа явуулахад асуудал, бэрхшээл их тулгардаг. Тиймээс малчдыг бүлгээрээ нийлж ажиллаач гэсэн шаардлагыг удирдлагууд тавьдаг. Хамтын ажиллагаа чухал байна. Ингэхгүй бол асуудал хүндэрч байна гэж үзсэн. Малчид өөрсдөө хамтран ажиллах нөхцөл хэрэгтэй байна гэсэн үг.
-Энэ онд малын хулгайн гэмт хэргийг бууруулахын тулд ямар ажил төлөвлөж байна?
-Урьдчилан сэргийлэх чиглэлээр тогтмол ажил байнгын явагддаг. Энэ оны нэг онцлог бий. 2017 оны арванхоёрдугаар сард Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль, Малын генетик, нөөцийн тухай хууль тус тус батлагдсан. Үүгээр дамжуулж малын гаралтай түүхий эдийн бүтээгдэхүүн, малын махны шилжилт, тээвэрлэх, арилжих ажиллагаанд тодорхой хэмжээний баримт бичигтэй болохоор болсон. Харин Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулиар махны гарал үүслийн гэрчилгээг ашиглаж, хулгайчид хууль бус ажиллагаа явуулдаг болсон байна лээ. Эдгээрийг цэгцлэх чиглэлээр эрчимтэй ажиллана. Мөн иргэд өөрсдөө анхаарал сэрэмжтэй байх хэрэгтэй.