Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал үндэсний-бөx

Г.Баярсайхан: Допингийн шинжилгээний хариу нь ингэж уддаг тохиолдол манайхаас өөр хаана ч байхгүй DNN.mn

Энэ жилийн баяр наадамд дөрөв давсан 64 бөх долдугаар сарын 12-ны өдөр допингийн шинжилгээнд хамрагдсан. Түүнээс хойш бүтэн сар гаруйн хугацаа өнгөрсөн ч шинжилгээний хариуны талаар Баяр наадам зохион байгуулах хорооноос албан ёсны мэдээлэл хийгээгүй байна. Шинжилгээний хариу БНСУ дахь итгэмжлэгдсэн лабораториос ирсэн эсэх нь өндөөдрийг хүртэл тодорхой бус байгаа юм. Допингийн шинжилгээний хариу ямар хугацаанд гардаг талаар спортын анагаах ухааны мэргэжилтэн, эмч Г.Баярсайханаас тодрууллаа.


-ДОПИНГИЙН ЭСРЭГ БАЙГУУЛЛАГА БӨХЧҮҮДИЙН ДОПИНГИЙН ШИНЖИЛГЭЭГ ЯАЖ Ч ОРОЛДОЖ БАЙХ МАГАДЛАЛТАЙ-


-Баяр наадамд дөрөв давсан бөхчүүдийн допингийн шинжилгээний хариуны талаар холбогдох байгууллага мэдээлэл хийхгүй байгаа нь нийгэмд хардлага төрүүлж байна л даа. Таны тухайд допингийн шинжилгээнд гардаж ажиллаж байсан хүн. Допингийн шинжилгээний хариу ямар хугацаанд гардаг юм бэ. Энэ талаар тодруулахгүй юу?

-Зардлаасаа шалтгаалаад өөр хоорондоо харилцан адилгүй байдаг. Хамгийн хурдандаа 30 минутын хугацаанд л шинжилгээний хариу гарах боломжтой. Тив дэлхийн зэрэглэлийн тэмцээний үеэр хийж буй допингийн шинжилгээний хариу ийм хугацаанд л гардаг. Гэхдээ богино хугацаанд шинжилгээний хариуг гаргах шаардлагатай бол зардал нь тодорхой хэмжээнд өндөр болно. Жишээ хэлэхэд, жаахан өндөр зардал төлөөд гадаад паспортоо богино хугацаанд гаргаж авдагтай ижилхэн гэж ойлгож болно. Манай үндэсний бөх шиг допингийн шинжилгээний хариу нь гаралгүй сар гаруй болдог өөр спорт ертөнцөд байхгүй.

-Допингийн шинжилгээ авах, хариу нь ирээд зарлах үйл явц маш нууц, хөшигний ард байх юм. Энэ үйл явцын талаар та дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юү?

-Энэ үйл явц маш нууц байгаа нь асар их хардлага дагуулж байна л даа. Наадамд шөвгөрсөн бөхчүүд долдугаар сарын 12-ны өдрийн оройдоо л допингийн шинжилгээ өгдөг. Манай хууль эрх зүйн орчин нь ийм зохицуулалттай. Тухайн үед допингийн шинжилгээнд хамрагдахаас зайлсхийвэл допинг хэрэглэсэнд тооцдог.

Тамирчин допингийн шинжилгээ өгөхдөө эмчийн хяналт дор “А”, “Б” гэсэн хоёр саванд шээдэг. Ингээд савтай шээсийг тамирчин өөрөө лацдаад таглаж кодоо авна. Улмаар “А” савтай шээсийг шинжилгээнд илгээдэг. Хэрэв допингийн шинжилгээнд бүдэрсэн тамирчин хариугаа хүлээн зөвшөөрөхгүй бол “Б” савтай шээсээ дахин шинжлүүлж болно. Ингэхдээ шинжилгээний зардлаа хувийн зүгээс гаргадаг.

-БНСУ дахь лабораторид шинжлээд буцаж ирэх үйл явцын талаар тодруулахгүй юу. Шинжилгээний хариу ингэж удаад байгаа шалтгаан нь бүрхэг байгаа учраас л танаас тодруулж байгаа юм.

-Тухайн итгэмжлэгдсэн лаборатори лацтай шээсийг хүлээн авч шинжлээд хариуг нь холбогдох байгууллага руу факсаар илгээдэг. Товчхондоо ийм л үйл явц. Тэгж олон өдөр үргэлжлэх ажил огт байхгүй.

-Холбогдох байгууллага гэдэг нь?

-Манайд бол Монголын үндэсний олимпийн хороо, түүний харьяа Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага руу БНСУ-аас факсаар ирнэ. Үүнийг нь Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага лацдаад Баяр наадам зохион байгуулах комисст хүлээлгэж өгдөг.

-БНСУ дахь лабораториос л нууцлалтай ирдэг гэх түгээмэл ойлголт байдаг шүү дээ. Шинжилгээний хариуг энд ирсэн хойно лацаддаг юм уу?

-БНСУ дахь лабораториос лацтай ирдэг гэдгийг би онцолсон. Нэр байхгүй кодтой л ирнэ.

Энд ирэхэд нь Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагад лацдаад Баяр наадам зохион байгуулах хороонд хүлээлгэж өгдөг. Ингээд л нийтэд зарладаг. Допингийн эсрэг байгууллагад хэний ч шинжилгээний хариуг яаж ч болох магадлал харагдаж байгаа биз. Шинжилгээний үйл явц хөшигний ард далд явдаг болохоор үүнийг хэлж байгаа юм шүү. Удаж байгаа нэг үндэслэл нь энэ ч байж болох талтай.

-Баяр наадам зохион байгуулах хорооны зүгээс 80 шинжилгээнээс 77 нь ирсэн. Гурав нь хүлээгдэж байна. Ирэхээр нь нийтэд зарлана гэх тайлбар хэлж байна лээ.

-Нэг дор очсон шинжилгээний хариу ингэж цувж ирэх үндэслэлгүй. Манайхаас чөлөөт бөх, жүдо бөх, боксын шигшээ багийн тамирчид тогтмол допингийн шинжилгээнд хамрагддаг. Хариу нь тэр дороо л гараад ирнэ. Ингэж уддаггүй.

-Шинжилгээний хариу ингэж удах өөр ямар үндэслэл байж болох вэ?

-Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага БНСУ дахь итгэмжлэгдсэн лабораторитой байгуулсан гэрээний хүрээнд жилд 100 орчим тамирчинг үнэ төлбөргүй шинжлүүлдэг. Гишүүн орны тухайд тодорхой татвар төлнө. Үүнийхээ хариуд л үнэ төлбөргүй авч байгаа үйлчилгээ. Нэг үгээр хэлбэл, эрүүл мэндийн даатгал төлөөд үйлчилгээ авч байгаатай яг адилхан. Ийм гэрээтэй ажилладаг нь ингэж удах нэг шалтгаан байж болно. Уг нь баяр наадмын төсөвт допингийн шинжилгээний зардал суудаг шүү дээ. Хэрэв мөнгийг нь төлөөд үйлчилгээ авдаг бол хэдхэн хоногт л шинжилгээний хариу гараад ирэх бүрэн боломжтой. Шигшээ багийн тамирчид допингийн шинжилгээ өгөхөд тэр дороо л гардаг шүү дээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *