Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Г.Батзориг: УИХ-ын дарга нь Далай ламд мөргөх гэх мэт бодлогын алдаа гаргаад байвал инфляц улам гаарна DNN.mn

Эдийн засагч Г.Батзоригтой ярилцлаа.


-Инфляц 16 хувь давчихлаа, нөлөөлж буй гол шалтгааныг нь нэрлээч гэвэл та юуг онцлох вэ?

-Инфляцын одоогийн шалтгаан нь ойлгомжтой. Өмнө нь нэг талдаа хөршийн асуудал байсан бол одоо хоёр талдаа хөршийн асуудалтай болчихсон. Манайх хэрэглэгч орон учраас импортоос бүрэн хамааралтай. Импортын бараан дээр гэхэд тээврийн зардал 30 дахин өслөө. Ложистик болон ханшийн нөлөө, өртөг нэмэгдсэн гэх мэт дөрөв, таван шалтгаанаар эцсийн хэрэглэгчдэд бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж очиж байна л даа. Ийм шалтгаанаар инфляцын тавь, жаран хувийг импортын гаралтай инфляц эзэлж байна. Гол нөлөөлөгч нь энэ л дээ.

Манай гол зовлон далд эдийн засаг болчихсон. Монгол банкны бодлогын хүүг өсгөдөг гол арга бол төгрөгийн өгөөжийг нэмэгдүүлж ханшаа барьж үлдэх. Ийм байхад нөгөө талд “Да хүрээ”-гийн ченжүүд доллар аваад хадгалчихдаг. Яг Найман шарга шиг хөдлөөд байгаа. Үнийн өсөлтийн бас нэг том шалтгаан нь энэ. Хүссэн болгон нь хар зах дээр ханш арилжаад байна. Ийм нөхцөлд төгрөг унахаас аргагүй. Төгрөг унахаар бараа бүтээгдэхүүний өртөгт нөлөөлж хэрэглэгчдийн халаасыг сэгсэрч байдлыг улам дордуулаад байна. Банкны лимит таван сая байснаа таван сая боллоо л гэж байгаа. Яг үнэндээ дурын хорин хүн нэгтгэж оруулаад л зуун сая төгрөг авчихаж буй нь бодитой үнэн. Зах зээлийн энэ мэт үйл хөдлөл эдийн засгаа хэцүүдүүлээд байна л даа.

-Олон нийтийн зүгээс инфляц 16-гаас ч давчихсан гэсэн шүүмжлэл хүчтэй байна. Эдийн засагчийн хувьд энэ шүүмжлэлд ямар байр суурьтай яваа бол?

-Инфляцын бодит өсөлтийг үүнээс ч их гэж харж байна. Нэгдүгээрт инфляцаа хэмждэг хэмжигдэхүүнээ томсгох хэрэгтэй. 300 гаруйхан бараа бүтээгдэхүүнийг түүврийн аргаар судалснаа 16 гэсэн тоо тавиад явж таарахгүй. Цогц хэмжээнд нь харж, Америк шиг олон бүтээгдэхүүн хамруулж тооцвол манай инфляц нэлээд өндөр хувьтай гарах байх.

Таны хэлсэн шиг аргаар тооцвол инфляц хэд орчим хувьтай гарахаар байгаа вэ?

-Багцаа хэлэхэд хэцүү. Гэхдээ дор хаяж 20, 30 хувийн өсөлт яваа гэдэгт эргэлзэх юм алга. Монгол банк, Үндэсний статистикийн хороо инфляцийг ганцхан жилээр яриад байна. Ганцхан жилээр ярихаар 16 гэдэг тоо маш бага сонсогдоод байгаа юм. Хоёр жилээр яривал 16 биш, маш том тоо яригдана. Хоёр жилийн хуримтлагдсан инфляц гэж бодоод үзвэл хүнсний ногоо 70, шатахуун 90 гаруй, будаа жар, дал гээд маш өндөр хувиа өсчихсөн яваа. Гэтэл энэ хугацаан дах цалингийн өсөлт 15-хан хувь байх жишээний. Ингээд харахаар инфляцыг сүүлийн хоёр жилээр яривал хүмүүст илүү ойлгогдох байх. Өнгөрсөн жил 70 хувь өсчихөөд энэ жил 15 хувь өсөхөөр олон нийт худлаа тоо гаргалаа гэж хараад байна л даа.

-Инфляцтай тэмцэх бодитой арга чарга үлдсэн үү бидэнд?

-Инфляцад том нөлөө үзүүлдэг дөрвөн бүтээгдэхүүн бий. Мах, хүнсний ногоо, шатахуун, хатуу түлш инфляцын 60 хувийг эзэлж байсан бол одоо 50 орчим хувь руу уруудсан ч том нөлөөтэй хэвээр байна. Хүнсний ногооны хувьд хав дарж байгаад зардаг, энэ мэт аргаар үнийг нь хиймлээр өсгөдөг гэх мэт асуудал бий. Товчхондоо хүнсний ногооны үнэ зах зээлийн зарчмаараа тогтож чадахгүй явсаар өнөөг хүрсэн. Сая шатахууны үнэ нэмэгдчихлээ. Хүнсний ногоо хураах үеэр баахан дизель түлш ашиглана гээд бодохоор ногооны үнэ талийх байх. Махны зах зээл ч хүнсний ногоо шиг ченжүүдийн гарт орсон. Бүр тав, зургаан дамжлага дамждаг. Ченжүүдийн энэ нөлөөллийг багасгая гэж дуугарахаар ажлын байр багасгалаа гэсэн гомдол гаргадаг. Уг нь шат дамжлагыг нь багасгачихвал хэрэглэгчдэд чанартай мах хүрнэ, үнэ өртөг нь ч багасаад ирнэ. Хатуу түлшний тухайд төрөөс зохицуулалттай яваа. Шатахууны хувьд стратегийн бүтээгдэхүүн учир яах нь засгийн сонголтын асуудал. Ийм дөрвөн бүтээгдэхүүн дээр шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Монгол банк, Сангийн яам нь үүрэг хүлээх хэрэгтэй. Энэ зах зээлийг яаж хөгжүүлэх тал дээр хариуцсан яамдтайгаа хамтраад арга шийдэл олох ёстой л доо. Гэхдээ энэ бол дунд хугацааны шийдэл. Ингэж байж өндөр инфляцыг урт хугацаанд бууруулж чадах байх. Инфляцад нөлөөлж буй импортын хамаарлыг бууруулах боломж бидэнд байхгүй. Богино хугацааны шийдэл гэвэл худалдааны бодлогодоо ухаалаг зөв хандах. Харамсалтай нь худалдааны бодлого дээрээ алдаа хийгээд байна.

-Худалдааны бодлого дээр гаргасан алдаа гэхээр…?

-УИХ-ын дарга Г.Занданшатарыг Далай ламд мөргөсний дараа урд хил хаагдсан, экс Ерөнхийлөгчийг телевизээр Далай ламыг ярингуут Эрээн хаагдсан. Хятадын дотоод асуудалд маш эмзэг тусаж байгаа өнцгүүд шүү дээ. Энэ шалтгаанаа ил хэлэхгүйгээр ковидоор шалтаглаад хилийн хориг тавих нь урд хөршийн хувьд асуудал биш. Худалдааны асуудалд шашин гэх мэт шалтгаанаар алдаа гаргамааргүй байгаа юм.

-Терминалд анхаарах, гаалийн ачааллаа бууруулах замаар экспортын бүтээгдэхүүний гарцаа нэмнэ, тэлнэ гэж яриад яваа нь хэр бодитой шийдэл гэж харж байна?

-Сая таны дурддаг зүйлс үндсэн асуудал биш л дээ.

-Төмөр зам тавиад нүүрсний гарц нэмэгдэхгүй нь лав тодорхой байгаа. Тэгэхээр гадаад худалдаан дээрээ бодлогын алдаа гаргахгүй аж төрөхөөс өөр гарц үгүй юм байна даа?

-Ерөөсөө л тийм. Төмөр зам дээр гэхэд терминалаа та нар өөрсдөө барь гэчихлээ. Уг нь терминалыг хүлээж авах тал нь барих учиртай. За тэгээд өөрсдөө барих болчихоор баахан доллар олох асуудалтай нүүр тулж таарна. Гэх мэтээр харахад урд хөршийн нөлөө асар өндөр байна л даа. Тийм учраас бидний хувьд инфляц гэдэг асуудал өрсөлдөөн, зах зээлээрээ шийдэгдэх зүйл биш болчихсон. Товчхондоо гадаад бодлогын хувьд мэргэжлийн түвшинд тоглож байж суурь асуудлууд багасна.

-Ахиад лавлаж асуумаар санагдлаа, засгийн хэмжээнд инфляцын эсрэг хийж чадах юм байна уу?

-Наад зах нь сая онцолсон асуудал дээр анхаарах боломж бий шүү дээ. Засгийн газар Гадаад харилцааны яамаараа дамжуулж улстөрийн эрх бүхий хүмүүсийн төрийн айлчлалуудыг хянаж, чиглүүлж, зөвлөх ёстой. Г.Занданшатарыг Далай лам дээр очихоос өмнө яах ийх гэж байгааг нь анзаарч зөвлөх үүрэг нь Засгийн газарт байгаа гэсэн утгаар хэлж байна л даа. Засгийн газрын хийж чадах дараагийн асуудал бол гааль, тээвэр. Гааль дээр тэрбумтан төрлөө гэсэн шум ил цагаандаа гарсан ч гаалийн авлигыг ярих хүн алга. Ямар фракц нь тийшээ ороод ингэж айхавтар нөлөөлөөд байгааг мэдэхгүй. Гэхдээ тэнд асар том сонирхол бий. Ийм сонирхол тэнд бий ч Засгийн газар шийдэж хүчрэхгүй юм уу чадахгүй яваа гэж би хувьдаа харж байгаа.

-Засгийн газар гаалийнхныг хөдөлгөж чадахгүй байна гэж үү?

-Тэгж харагдаж байна шүү дээ. Бараа захиад авахаар тэмдэглэхгүй оруулж ирж байна, авлига өгөхгүй бол барааг нь оруулахгүй байна гэх мэт яриа хөөрөө бизнесийнхэн дунд ил цагаан өрнөсөөр байгаа. Хамгийн гол нь тэр асуудлыг сөхөөд гаргаад ирэх сонирхол хэвлэл мэдээлэл, засаг төр гээд аль аль талдаа алга. Ковидоос улбаатай хоёр гурван жил бугласан иймэрхүү асуудал гааль дээр бугшсаар яваа нь том зовлон болоод байна. Энэ бол Засгийн газрын чадамжийн л асуудал. Бүр тодруулж хэлбэл Засгийн газар дахь томоохон бүлгийн эрх ашгийг хөндөж буй учраас л энэ асуудал шийдэгдэхгүй яваа гэж харж байна.

-Наадмын үеэр шатахууны үнэ огцом өслөө. Ялангуяа дизель түлш өссөн нь эмзэг сэдэв болоод байна. Энэ шийдвэрийн хор нөлөөг нь бид хэзээ мэдрэх бол?

-Буруу цагтаа шатахууны үнийг өсгөчихлөө гэж харж байна. Иргэдийн хувьд Аи-92-ын үнийг өсгөсөнгүй гээд тайвширчих шиг боллоо. Засгаас ч ийм утгатай мэдээлэл түгээж байна. Дизелийн түлшний ханшийн огцом өсөлтийн гол ачаа нь эцсийн хэрэглэгчид буюу иргэдийн нуруун дээр л ирнэ. Дизель түлшний хувьд уул уурхайн нийт өртгийн 40, хөдөө аж ахуйн нийт өртгийн 30 орчим хувийг эзэлдэг. Төмс, ногоо, буудай, гурилын үнийн өсөлтөөр дамжаад иргэдэд ачаа болно гэдгийг олж харахгүй байна л даа. Уул уурхай, хөдөө аж ахуй ид хөдөлдөг цагт дизелийн үнийг нэмчихээр намраас эцсийн хэрэглэгчдэд хүнд байдал үүсэх нь хэнд ч ойлгомжтой асуудал. Ядаж аравдугаар сарын сүүлээр, ногоо тариагаа хураагаад авчихсан үед нэмсэн бол эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөө нь бага гарах байсан. Шатахууны үнийг зах зээл дээр барьдаг нь ойлгомжтой юм чинь хэзээ барих нь бидний л асуудал.

-Таны ярианаас анзаарахад Засгийн газрын хийж чадах зүйл ингэсгээд бараглах бололтой. Удахгүй бид гадаад өр гэсэн том асуудалтай нүүр тулна. Гарц шийдэл харагдана уу?

-Одоо Л.Оюун-Эрдэнэ, Б.Жавхлан хоёрын хувьд хоёр сонголтын өмнө ирчихлээ л дээ. Нэг талдаа хүлээгдэж буй өр төлбөрөө төлөхийн тулд ОУВС-гийн хөтөлбөрт орох, эсвэл орохгүй төлөх гэсэн хоёр сонголт бий. Валютын сангийн хөтөлбөрт ороод төлбөл ирэх жил хүлээгдэж байгаа нэг тэрбум ам.долларыг төлөхөд ямар ч асуудалгүй. Донор орнуудын тусламж орж ирээд хялбархан шийдчихнэ. Тэр үед Валютын сан валютын нөөцөө хадгал, ханшаа сулла, татвараа нэм гэх мэт шаардлага тавина. Сонгуулийн өмнөх жил эрх баригчдад ийм сонирхол төрөх үү гээд харахаар сангийн хөтөлбөрт орохгүй гэсэн замыг сонгох магадлал өндөр харагдаад байна. Валютын сангийн хөтөлбөрт орохгүйгээр зүтгүүлье гэхээр эдийн засаг мөд сэргэхгүй гэсэн зовлон бий. -3.8 хувийн агшилттай гарчихсан, төсвийн орлого байхгүй, ирэх жил их хэмжээний өр төлнө гэх мэт асуудалтай суугаа учраас. Миний бодлоор Засгийн газар хөтөлбөрт орохгүйгээр том өрөө төлөх оролдлогыг юуны түрүүнд хийх байх. Өндөр хүүтэй ч хамаагүй мөнгө олоод refinance хийлээ гэхэд ирэх сонгууль хүртэл өнөөгийнхөөрөө л зүтгүүлэх байх.

Тэгвэл сонгууль дуустал өндөр инфляцтай аж төрөхнээ. Оюу толгойн бүтээн байгуулалт бараглачихсан гэхээр ирэх жил гадаадын хөрөнгө оруулалт бараг тэг заах нь тодорхой болчихсон. Гадаадын хөрөнгө оруулалт татах боломж бидэнд хэр байна?

-Богино хугацаанд ямар ч боломж байхгүй. Хөрөнгө оруулалтын хувьд дэлхий даяараа найдвартай зах зээлд мөнгөө байршуулахад анхаарч байна. Хөрөнгө оруулагчдад хөгжиж буй орнуудад мөнгөө хийх сонирхол алга. Шри-Ланкаас эхлээд эхнээсээ тахил өргөгдөөд явж байгаа шүү дээ. Африкийн олон улс Шри-Ланкийн араас орох нь тодорхой болчихсон яваа.

-Газрын тосны ханш цаашдаа яах бол, ямар таамаг голлож байна вэ?

-Газрын тосны тухайд гурван том тоглогч байсны нэг нь дайнаас болж орон зайгаа алдчихсан. Одоо хоёр том тоглогч үлдсэн. Нийлүүлэлт багассан үед Америк нөөцөөсөө хэрэглээд эхэлсэн. Улаан гэрэл асаад ирэнгүүт АНУ Саудын Араб руу очиж уулзалт хийж байна л даа. Саудын Арабын хувьд нэг сая баррелаар нэмье гэсэн амлалт өгсөн ч яг шийдсэн юм байхгүй. Тэр хэмжээ нь Хятадын агаарын тээврийн жилийн хэрэглээ төдий гээд харахаар газрын тосны нийлүүлэлт нэмэгдэх боломж байхгүй нь тодорхой болчихлоо.

-Монгол банк инфляцыг оны эцэст 15 хувь орчимд төсөөлөөд байх шиг. Хэр бодит төсөөлөл бол?

-Монгол банкийг инфляцын тухай боддоггүй гэж би хувьдаа хардаг. Ханш л боддог байх. Бодлогын хүү ханшаас болж л хөдөлдөг. Мөнгөний бодлого ерөөсөө л төсвийг яаж зохицуулах вэ, ханшийг яаж унагахгүй аж төрөх вэ гэсэн хоёр даалгавар дор хэрэгждэг шиг санагддаг. Нийт инфляцын тавь, жаран хувь импортын шалтгаантай гэж түрүүн ярьсан даа. Монгол банкны бодлогын хүүгээр зохицуулагддаг эрэлтийн инфляц биш гэдгийг эндээс харчихаж болно. Бүр тодруулж хэлбэл Монгол банк бодлогын хүүгээ өсгөхөд банкууд зээлээ зогсоож, банкны зээл зогсонгуут иргэд зээлээр авах барааны худалдан авалтаасаа татгалзаж, тэр бүхний үр дүнд юмны үнэ буурна гэсэн зах зээлийн ойлголт хэрэгжих боломжгүй нөхцөлд бид амьдарч байгаа. Гэхдээ ханшаа улам ихээр алдахгүйн тулд хэрэгжүүлж байгаа бодлогыг нь буруутгах аргагүй. Шри Ланка улсын араас орохгүйн тулд ингэхээс өөр гарц байхгүй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *