ӨДРИЙН СОНИНЫ 2014 ОНЫ АРХИВААС ХҮРГЭЖ БАЙНА.
Монгол Улсын эрүүлийг хамгаалахын болон соёлын тэргүүний ажилтан, ахмад дайчин, бэлтгэл хошууч Гончигийн Батмөнхтэй уулзаж хөөрөлдлөө.
-Та хоёр дайнд оролцсон хүн. Цэрэг армитай амьдралаа холбосон түүхээ хуучлаач?
-Би Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын уугуул. Сэцэн хан аймгийн Далай вангийн хошуунд 1923 онд ард Гончигийн гуравдахь хүү болж төрсөн хүн дээ. Одоо 92 нас хүрч байна. Манайх мал малын захтай, тэмээнээс бусад малтай айл байлаа. Гэтэл 1932 оны усан бичин жилийн зуднаар ээж минь цасан шуурганд малтайгаа уруудаж алга болоод аав гурав дөрөв хоног үхэр адуугаа хайж яваад ололгүй унасан морьтойгоо ирсэн. Ингэж хүн малаа зэрэг алдаад манайх гэдэг айл ядруухан аж төрөх боллоо. Аав минь гэнэн томоогүй дүү бид хоёрыг аргадаж “Ээж нь хонио туугаад хүрээд ирнэ. Ээжийгээ битгий их санаарай” гэхэд тэр өвөл, хаваржингаа тэнгэрийн хаяаны зүг нүдээ хөхөртөл ширтэж өнждөгсөн. Тэр жил зуданд үхсэн малынхаа махаар л голоо зогоож байсан. Аав минь заримдаа хоёр хүүгээ ганц моринд сундлуулан хөтлөөд айлаас гуйлга гуйдаг сан. 1933 онд Зотолхаан суманд хүн малын тооллого боллоо. Энэ тооллого чинь одоо архивт байдаг улсын хэмжээний анхны тооллого байгаа юм. Миний дүүг Г.Доржпалам гэдэг. Ингээд 1937 оны гал үхэр жилийн хавар манайх Дорнод аймгийн төв Матадын наймдугаар дивизийн дарга нартай уулзан дивизийн халуун ус, угаалгын эрхлэгч, аргал түгээгч зэрэг ажил хийх болж, улмаар дүүг маань хөгжмийн салаанд сурагчаар оруулсан. Хөгжмийн салаан дарга нь ахмад Гомбосүрэн, хөгжмийн жагсаалын дарга ахлагч Санжаа гэдэг хүн байлаа. Дашдорж гэдэг хүн хөгжим заадаг байсан. Би аавд нэмэр болохын хажуугаар Дашдондог гэдэг хүнээр гэрээрээ хөгжмийн дадлага, ноот заалгасаар шалгалтаа өгч тэнцсэнээр армитай амьдрал минь холбогдож эхэлсэн дээ.
-Халхын голын байлдаанд та яаж оролцов?
-Японы эзлэн түрэмгийлэгчид 1935 оноос манай улсын хил рүү өнгөлзөх болж, 1939 оны нэгдүгээр сараас тавдугаар сарын 31 хүртэл гучин есөн удаа хилийн халдлага хийсэн байдаг. 1939 оны тавдугаар сарын 11-нд байлдаан эхэлсэн. Есдүгээр сарын 16-ны өдөр хүртэл байлдаан үргэлжилсэн юм. Энэ дайнд Доржпалам дүү маань Чойн Дугаржавын 23 дугаар морьт хороотой оролцсон. Би Нянтайсүрэн хурандаагийн Матадын наймдугаар дивизийн хамт тавдугаар сарын 14-нд Халх голын зүг хөдөлж, 16-ны бага үдийн алдад доод Баянцагааны орчимд хүрч араас ирэх хүн хүчийг хүлээв. Ингээд морин тэрэгэн дээрхи хээрийн халуун тогоотой хоолоо идээд хөдлөхөөр завдан байтал Халхын голын зүгээс улаан таван хошуутай гурван онгоц нисэн ирлээ. Дивизийн штабаас агаарын дохио өгсөн ч улаан таван хошуутай онгоц байсан учраас түгшүүрийн дохиог буулгасан байлаа. Ингээд морь тэмээгээ идэшлүүлж байтал нөгөө онгоцнууд Буйр нуурын зүг нисээд явчихлаа. Удалгүй Буйраас эргэж ирүүтээ дээгүүр пулёметоор шүршчихлээ. Бидний зарим нь дөрвөн дугуйтай тачанкан доогуураа орж нуугдсан ч долоон хүн хөнгөн шархтаж, есөн морь үхлээ. Пулёметын суманд сийчүүлсэн шилбээ тасдуулсан морь чинь их өрөвдөлтэй. Эзнээ харж янцгаагаад, босч ирэх гээд нүд нь дүрлэгнээд ёстой харуушгүй юм чинь тэр билээ. Мал эмнэлгийн эмч дэслэгч ирээд хоёр морийг үзээд буугаа шууд сугалж аваад хулхинд нь тулгаад буудчихсан. Эзэн цэргүүд нь “Малын эмч гэсэн чинь малын эрлэг” байна гэж уйлаад эмээлээ үүрээд явж байсан.
-За ингээд дарийн утаа үнэрлээд эхэллээ. Дайсантай нүүр тулан тулалдаж эхлэв үү?
-Агаарын довтолгоо өнгөрсний дараа цэргийн дарга нарын гэр бүлийнхнийг мэргэжилтэй мэргэжилгүйгээр нь ялгалаа. Арван найм есөн хүүхэн байна. Нянтайсүрэн дарга надад эднийг болоод хөнгөн шархтнуудыг дивизийн ар тал руу хүргэх үүрэг хүлээлгэлээ. Эр хүн болж дайнд оролцоно гэж сэтгэл шулуудан явсан надад энэ бол урам хугалсан шийдвэр байлаа. Цэргийн хүн тушаалаар байдаг хойно яалтай билээ. Галын шугам дээрээс буцлаа. Дивизийн ар талд байлдаж яваа дарга нарын гэр орныг харах, цэргийн казарм сахихаас гадна зав чөлөөгөөрөө дивизийн эмнэлэг дээр очиж шархтнуудын шарх сорвийг цэвэрлэж тусална. Цэргүүдийн ар гэрт захиа бичиж өгнө. Эмчлүүлэгсдэд дуу дуулж, шүлэг уншиж, хөгжим тоглож өгөх зэргээр ажил мундахгүй. Аравдугаар сар хүртэл иймэрхүү ажил хийсэн дээ. Халхын голын галын шугамаас хөнгөн шархтнуудыг Баянтүмэний эмнэлэг рүү, хүнд өвчтнүүдийг Чита хот руу онгоцоор ачаад аваад явна. Чита руу явсан шархтнууд дийлэнх нь бурхан болсон доо.
-Та Монголын Улаан загалмайн нийгэмлигийн анхны гишүүн гэсэн үү?
-1939 оны зургадугаар сард Дорнод аймаг тэр чигээрээ МУЗН-ийн анхны гишүүн болцгоосон. Зүүн дөрвөн аймаг тэр чигээрээ л хамрагдсан.
-Шархтсан цэргүүдийг авч явахад хэцүү юу?
-Хөнгөн шархтай цэргүүдийн сэтгэлийг нь дээш татаад байхад гайгүй ээ. Шог шүлэг уншихаар инээнэ.
-Ямар шүлэг уншдаг байв?
-Манай дүү болохоор “Бүрхэг манан, саруул туяа” гэдэг гамингийн тухай шүлэг уншдаг байсан. Би болохоор “Манжгогийн үнэн чанар” гэдэг шүлэг уншина.
“Манай нутгийн жигүүрт
Манжуур нутгийн тэртээд
Буун дуу гарахыг
Ажин сонсож мэдвээс
Дайн байлдаан үүсэхийг
Дарийн утаа үнэртэж
Хэзээний үхсэн манжийн угсаа
Хэдхэн тооны феодалын баячууд
Хэргээ барж, шороо үмхэнэ” гээд уншихаар цэргүүд хөхрөөд сүйд болно шүү дээ.
-Таныг алдарт жанжин Георгий Константинович Жуковтой дайны талбарт уулзаж явсан тухай “Улаан-Од” сонины эрхлэгч Да.Дамдиндорж гуайн бичсэн нийтлэл байдаг байх аа?
-1939 оны зургадугаар сарын эхээр байлдаанд шархтсан цэрэг дайчдыг авахаар Халх голын районд байсан дивизийнхээ фронтын ар талын эмнэлэгт хүрч очоод байлаа. Шархтан байгаагүй учир бид арагш буцаагүй байсан юм. Манай дарга Ц.Хургаа Говь-Алтайн цэрэг Соном бид хоёрыг тэмээнд хөллөсөн халуун тогоогоор усанд явж ирэхийг тушаалаа. Худаг дээр очиж усаа авч байтал гэнэт ард талд машины дуу гардаг юм. Эргэн харвал жижиг тэрэгнээс нэг бүдүүн орос дөрвөн ч цэрэг хувцастай залуугийн хамт буугаад ирлээ. Манай дивизийг асууж байгаа бололтой. Орос хэл мэдэхгүй болохоор дэмий л гараараа заалаа. Тэд бидний ховоо хувингийн уснаас нэлээд залгилж, гадуураа гэр бүхий дашмагт уснаас хийгээд машиндаа тавьчихаад буцаж ирлээ. Тэгснээ худгийн баруун өмнө талын бут дэрсэнд шүдэнзний хайрцаг өлгөж тогтоогоод хоёр орос дарга тус б үр хоёр буудсан ч оносонгүй, хоорондоо л шуугилдацгааж байна. Тэгэхээр нь би өөрийнхөө буугаар буудъя гэж дохьсонд хэлмэрч бололтой хүн миний хэлснийг даргадаа нэвтрүүлсэнд инээмсэглэн толгой дохив. Би гар буугаараа буудаад шүдэнзний хайрцгийг оночлоо. Тэгтэл бүдүүн орос дарга надад баяр хүргэж арван төгрөгөөр шагнахад хичнээн их баярлаж байсан гэж санана. Хожим мэдэхнээ намайг шагнасан тэр хүн ЗХУ-ын улаан армийн цэргийн алдарт жанжин Г.К.Жуков байсан. Надад бэлэглэсэн хорин дөрвөн оны анхны цаасан тэр арван төгрөг одоо Монгол цэргийн музейд байдаг юм. Жуков жанжны штабын байр Хамар даваанд байсан шүү дээ. ЗХУ-ын цэргийн дээд зөвлөл тавдугаар сарын 31-нд хуралдаад Жуковоор Халхын голын байлдааныг удирдуулах шийдвэрийг гаргаж зургадугаар сарын 6-ны өдөр шууд онгоцоор буугаад явж байхдаа надтай худаг дээр таарсан юм билээ.
-Та байлдааны талбараас шархтан зөөж явсан биз?
-Долдугаар сарын 4-ний өдөр ангийн холбоочин окопонд шархдаад байхад нь суган доогуур нь дэмнэж тэврээд явж байтал японы онгоц бөмбөг хаяж бид хоёр шороонд булагдан уналаа. Арай л бидний дээр хаячихаагүй хэрэг. Япон нисгэгчид ёстой муухай улайрсан туучийнууд байсан юм. Бөөн хүчин дээр хаядаг цэргийн тактик байхгүй, нэг хүн ч байсан пулёметоор шүршиж байдаг, нэг морьтой хүн ч явж байсан бөмбөг хаяж байдаг ёстой муухай амьтад. Азаар бөмбөг яг бид хоёрын урд талд туссан. Булагдсан шорооноосоо гарч ч амжаагүй байтал бөмбөгөн цув, төмөр малгайтай хоёр хүн ирсэн. Тэгэхнээ тэд оросын агаарын их бууны 135дугаар ангийн цэргүүд байсан. Төмөр каск чинь 39 онд манай цэрэгт байгаагүй юм шүү дээ.
-Зүгээр л цэргийн малгайтайгаа байлдаж байсан хэрэг үү?
-1945 оны байлдаанд л манайхан төмөр малгайтай байлдсан. Монголчууд 1939 онд зүгээр л притек малгайтайгаа, завсраар нь цэцэг навч, захиа махиагаа хавчуулаад явдаг байсан. Бид иймэрхүү л байдалтай байлдаж явсан даа. Япон чинь есдүгээр сарын 16-нд гал зогсоох хэлэлцээрт гарын үсэг зурсан мөртлөө 22-нд Зургадугаар дивизийн Пунцаг даргын арван дайчны долоон морийг барьж байсан жолооч цэргийн хамт устгасан юм шүү дээ. Японы тэр муу хөх онгоц гарч ирэх болгондоо заавал хэрэг тарьдаг туучий байсан юм. Халх голын дайн ингэж дөрвөн сар тав хоног буюу 125 хоног байлдсан юм даа.
-Та Халхын голын байлдааны бүх тэгш ойд оролцов уу?
-Далан жилээс бусад бүх ойд оролцож байна. Энэ жил таван хүн л Халхын гол руу явах юм уу даа. Энэ дайнд нийт хорин есөн мянган хүн оролцсон гэдэг юм. Одоо үлдээд байгаа нь гучин нэгэн хүн байгаа юм уу даа. Түрдэг тэрэгэн дээр нэлээд хүн байдаг гэсэн. Ах нь одоо Халхын гол руугаа явах гээд хувцсаа хийх чемодан энэ тэр авах гээд завгүй л байна даа.
Л.БАТЦЭНГЭЛ