Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Г.Батхуяг: Хүссэн бүх мэдээллээ нэг дороос авах ньюс платформ үүсгэж чадвал гадагшаа гарах мөнгөн урсгалыг татах боломжтой

Санхүү эдийн засгийн их сургуулийн багш, дэд профессор, доктор Г.Батхуягтай ярилцлаа. Нийгмийн сүлжээний зар сурталчилгаанд монголчууд багагүй хөрөнгө зарцуулдаг. Өнгөрсөн онд гэхэд “Фэйсбүүк” компанийн сурталчилгааны төлбөрт 500 сая ам.доллар төлсөн мэдээллийг салбарын мэргэжилтнүүд ярьж байна. Энэ мөнгөн урсгалыг дотооддоо авч үлдэх боломжийн талаар ийнхүү ярилцлаа.


-Нийгмийн сүлжээний зар сурталчилгаанд Монголоос гарч байгаа мөнгөн урсгал олны анхаарлыг татаж байгаа. Дижитал сурталчилгааны олон улсын нөхцөл байдал ямар байдаг талаар товч мэдээлэл өгөхгүй юү?

-Фэйсбүүк, Инстаграмм, Гүүгл зэрэг нийгмийн сүлжээнүүд зар сурталчилгааны маш том хэрэгсэл болчихоод байна. Ер нь дэлхий дахинд зар сурталчилгааны 70 хувь нь дижитал хэлбэрт шилжчихсэн. Хамгийн олон захиалагчтай сонин гэхэд 100 сая уншигчтай байхад фэйсбүүк гэхэд гурван тэрбум орчим хэрэглэгчтэй. Тус компанид хэрэглэгчийн маш олон дата байдаг. Юунд дуртай, хэдэн настай, эрэгтэй, эмэгтэй гэх мэт бүх төрлийн мэдээлэл байдаг учраас хүссэн бүлэг хүмүүс рүүгээ хүссэн мэдээллийг өгч чадах технологид суурилсан давуу талтайгаараа онцлогтой. Үүнтэй холбоотойгоор зар сурталчилгаа явуулах гэж байгаа хүмүүст маш сайн, онцгой үнэ цэнэ санал болгож чаддаг. Ингэхээр уламжлалт сурталчилгааны системээс хамаагүй давуу талтай болчихож байгаа юм. Түүнчлэн сурталчилгааг хэдэн секунд үзэв, цааш шейр хийж байна уу, лайк дарж байна уу, худалдан авалт хийгдэж байна уу гэдгийг үнэлээд явдгаараа онцлог. Ингэхээр зар сурталчилгааны салбарын хөгжлийг үндсээр нь өөрчилсөн нэг том бизнес модел болоод ороод ирсэн. Тэр утгаараа бүх сурталчилгаа хүссэн хүсээгүй дижитал хэлбэрт шилжээд байгаа юм.

-Монголчуудын фэйсбүүк хэрэглээг харуулсан тоон үзүүлэлт маш өндөр байдаг. Ийн хошуурч байгаа үндэслэлийг мэргэжлийн хүмүүс юу гэж хардаг юм бол?

-Фэйсбүүк бол хэрэглэгчдэд гурван үндсэн давуу талыг санал болгодог. Нэгдүгээрт, хүмүүстэй холбогдох, хоёрдугаарт, өөрийгөө илэрхийлэх, гуравдугаарт, шинэ зүйл олж мэдэх, сонсох зэрэг юм. Манайд өмнө нь ашиглаж байсан нийгмийн сүлжээ байгаагүй. Өрсөлдөгч байхгүй гэсэн үг. Хэрвээ Хятад руу орсон бол We chat гэх томоохон өрсөлдөгч байх байлаа. Харин манайд ийм сүлжээ байхгүй учраас Фэйсбүүк рүү шууд хурдан орж байгаа нэг шалтгаан энэ юм.

-Саяхан л бид ийм цөөн хүн амтай улс нийтээрээ фэйсбүүк хэрэглэгч болчихсоныг хараад зогтусаж байсан бол өнөөдөр энэ сүлжээнд төлж буй мөнгөн урсгал анхаарал татаж эхэллээ. Өнгөрсөн жил гэхэд 500 сая ам.долларыг “Фэйсбүүк” компанид төлсөн байна. Ер нь энэ талаарх судалгаа, мэдээлэл хэр нээлттэй байна вэ?

-Зарцуулалттай холбоотой яг бодитой судалгаа байхгүй. Ер нь ховор, нууц талдаа. Танай байгууллага хэдэн төгрөг ямар барааны сурталчилгаанд зарцуулав гэдгийг байгууллага, хувь хүн бүрээс судалгаа авч байж гарна гэсэн үг. Сонгуулийн үеийн сурталчилгаа гэвэл бүр нууц. Тэгэхээр хэмжиж гаргахад хэцүү ч гаднаас ирж байгаа мэдээллүүдийг харахад 500 сая орчим ам.доллар зарцуулагджээ гэсэн мэдээлэл гараад байгаа байх. Дэлхийн хандлага бол бүгд дижитал руу орчихсон учраас утсанд зарцуулж байгаа цаг ихсэх тусам фэйсбүүкт боломж нэмэгдэж байгаа гэсэн үг. Зар сурталчилгаанд зарцуулж байгаа мөнгө эргээд түүнээс олох ашгаар л хязгаарлагддаг. Тэгэхээр тэр хэмжээний ашигтай ажиллахаар төлөвлөсөн байна. Мэдээллийн хэрэгслүүдийг нийгэмд үзүүлж байгаа нөлөөллөөр бас хэмжиж болдог. Телевиз, сонингийн нийгэмд үзүүлж байгаа нөлөөлөл жил ирэх тусам буурсаар байна. Телевиз бол хамгийн их буурсан. Харин сошиал сувгууд өссөн. Тэгэхээр сонгуульд нэр дэвшиж байгаа нэр дэвшигч аль нөлөөтэйг л сонгоно гэсэн үг шүү дээ.

-Тэгвэл энэ мөнгөн урсгалыг дотогшоо чиглүүлэх үндэсний платформ байгуулъя гэсэн санаачилгыг манай сонин бичиж ирсэн. Мэргэжлийн хүний хувьд энэ талаарх байр сууриа илэрхийлээч?

-Мэдээж боломжтой, хийх хэрэгтэй. Гэхдээ дэлхийн хэмжээний ийм том давуу талтай систем байхад түүнийг хаяад орж чадах хэмжээний супер систем байх хэрэгтэй. Твиттер, фэйсбүүкийн хоёр дахь хувилбар хэрэггүй шүү дээ.

-Мэдээж…

-Хийгээд амжилттай болох эсэх л хэцүү. Фэйсбүүк хамгийн чадварлаг инженерүүдтэй, томоохон туршлагатай компани. Түүнтэй өрсөлдөх залуус цоо шинэ, инновацилаг үнэ цэнийг бий болгох замаар өрсөлдөх нь илүү боломжийг авчирна. Гүүгл компанийг гэхэд анх байгуулагдахад АНУ-ын Засгийн газрын санхүүжилтээр дэмжиж байсан. Тус компани одоо дэлхийн мэдээллийн урсгалыг атгаж байна шүү дээ. Энэ бол зөв. Одоо үр шимийг нь улс үндэстнэрээ хүртээд явж байна.

-Тэгвэл манайд үндэсний платформын ямар сүлжээ байгуулах боломжтой вэ?

-Одоо байгаа Фэйсбүүк, Инстаграмаас өөр, сул талуудыг нь шийдсэн байвал хүмүүс сонирхоно. Фэйсбүүк гэхэд ирэх оноос META болчихлоо, дараагийн шинэ шатанд гарчихаж байна. Түүнээс л ялгарах учиртай. Шинэлэг, өвөрмөц, онцгой хувилбар олж, тэрнийхээ хүрээнд хүмүүсийг цуглуулж болох систем байж болох юм.

-Технологийн хувьд монгол залуус дэлхийтэй эн тэнцүү хөгжиж, ажиллаж байна. Засгийн газраас дижитал шилжилт хийгдэж байна гэж зарлаад байгаа. Гүүглийг АНУ-ын Засгийн газар дэмжсэн шиг манай Засгийн газрын дэмжлэгтэйгээр том сүлжээ байгуулж болох нь?

-Бизнес гэдэг органик байх ёстой. Гүүгл гэхэд хоёр залуу “Манайх хайлтын супер систем” гээд цаасан дээр маш тодорхой харуулаад хөрөнгө татчихсан. Ийм бодит тооцоолол байвал Засгийн газар дэмжих хэрэгтэй.

-Бидэнд иймэрхүү нийгмийн сүлжээ үүсгээд гадагшаа гарах мөнгөний урсгалыг дотооддоо хадгалах боломж байгаа юу. Ялангуяа манай хэвлэл, мэдээллийнхний хувьд?

-Байж болно. Гол нь Фэйсбүүк, Инстаграм бол өөрөө контент хийдэг газар биш. Гэтэл манай хэвлэл, мэдээллийнхэн өөрсдөө контент үйлдвэрлэдэг учраас та бүхэн энэ давуу талаа ашиглах ёстой. Ингэхдээ хүмүүс өөрт таалагдсан бүх төрлийн мэдээллийг нэг дороос авч болдог ньюс платформ байж болно. Жишээ нь, “Өдрийн сонин”-ы ярилцлагын дугаар таалагддаг гэвэл түүнийгээ сонгоод, “Зууны мэдээ”-гийн шинжлэх ухааны булан зүгээр, “Тойм” сэтгүүлийн мэдээний дугаарыг үздэг гээд сонгоод явчих боломжтой. Хүн бүр өөрийн хүссэн мэдээллийнхээ багцыг үүсгээд түүгээрээ дамжуулж хэрэгтэй, дуртай мэдээллээ нэг дороос авдаг платформ байж болно. Хүн бүр өөр өөрсдийнхөө сонирхолд тааруулаад мэдээллийн хүрээллээ үүсгэчихэж болох юм. Сонингуудын булан байхаас гадна олны танил хүмүүсийг дагадаг байж болно, тэрхүү багцад нь. Тэднийг л нэгтгэдэг платформ байвал хүмүүс гишүүн болж ороод явна.

Ингэснээр янз бүрийн сонин сэтгүүл эргүүлж тойруулж, сайт гүйлгэж сонирхож байгаа юмаа хайхгүйгээр сонирхсон мэдээгээ шууд үзэх болно. Шууд л хүссэнээ үзээд явчих сүлжээ гэсэн үг. Иймэрхүү л инновацилаг, шинэлэг зүйл хэрэгтэй. Хүмүүс энд цагаа зарцуулаад эхэлбэл зар сурталчилгааны боломжууд нэмэгдээд, нөгөө гадагшаа урсах мөнгөнөөс ийшээ орж эхэлнэ.

-Хэвлэл мэдээллийнхний хувьд ч дата үүсэх давуу талтай юм байна?

-Хэвлэл мэдээллийн хувьд уншигчдаа хувийн мэдээлэл болон сонирхлоор нь ялгах боломж бүрдэнэ. Дээр нь хэвлэлийнхэн яг ямар контентыг хүмүүс илүүтэй захиалж байгааг мэдэж болно. Ямар контент уншигддаггүйг ч мөн мэдэж эхэлнэ. Орон нутгийнхан, ийм насныхан тийм мэдээллийг сонирхдог юм байна гэх мэтээр. Тэр мэдээлэл чинь эргээд яг хүссэн, сонирхсон зорилтот хэрэглэгчид хүрэх зар сурталчилгааны боломжийг нээнэ гэсэн үг. Магадгүй олон нийтийн санхүүжилт, IPO эсвэл Засгийн газрын дэмжлэгээр ч хөрөнгө босгож энэхүү платформ байгуулж болох юм. Хүмүүс ямар мэдээллийг үздэг юм бэ гэдгийг илүү бодитоор мэдэх боломж бий болоод эхэлнэ. Сонин, сэтгүүл гээд бүхлээр нь биш, задлаад контент бүрээр нь “худалдах” боломжийг олгож байгаа гэсэн үг. Өдөр бүр сонин гаргаад байдаг. 30 хувийнх нь мэдээллийг хэн ч сонгохгүй байгаа бол та бүхэн түүн дээрээ анализ хийх боломжууд үүснэ.

Өөр нэг хувилбар бол Фэйсбүүк, Гүүглээс мөнгө авах, дэмжлэг хүсэх тухай. Фэйсбүүк контент хийдэг компани биш. Харин хүмүүсийн контентыг ашиглаад түүнийг үзэж байх завсраар нь реклам цацдаг. Эндээс дэлхийн улс орнууд манай контентыг Фэйсбүүк, Гүүгл ашиглаад мөнгө олж байна гэсэн хандлага гарч эхэлсэн. Сонингууд орлогоос нь тодорхой хувь авъя гэдэг асуудал ч гарч ирсэн. Австрали, Европын орнууд хууль ёсны шаардлагаа тавиад эхний мөнгөө аваад эхэлчихсэн. Өнгөрсөн жил гэхэд Фэйсбүүк, Гүүгл дэлхийн хэмжээнд тухайн орон нутагт мэдээ бэлддэг хүмүүс рүү 600 сая ам.доллар тарааж өгсөн байдаг. Тэгэхээр Монголын хувьд Фэйсбүүк рүү хүсэлт гаргаж болно. Манай контент ашиглагдаж байна, бид эндээс хувь авъя. Манай сэтгүүлчдийн болон контент бэлтгэгчдийн чанарыг сайжруулахад зориулаад мөнгө авъя гэвэл авах бүрэн боломжтой. Гэхдээ энэ тохиолдолд яг авах хэмжээ бол бага л даа. Энэ асуудал шүүмжлэл дагуулсаар байгаа. “Фэйсбүүк” компанийн өнгөрсөн жилийн орлого 86 тэрбум ам.доллар байсан. Монгол Улсын төсвөөс бараг найм дахин их гэсэн үг. Тэрний 300-хан саяыг эргээд тухайн орон нутгийн контент үйлдвэрлэгчдэд өгсөн гэсэн үг.

-Манайхны фэйсбүүк хэрэглээ чанарын хувьд чамлалттай. Нэгнийгээ харлуулдаг, зүхдэг явдал гаарчихсан. Тролл, бот гэж хүртэл яригддаг болчихлоо. Глобал хэлтэй улс орнуудад ийм тохиолдолд хариуцлага хүлээдэг шүү дээ?

-Тийм зүйл бий. Технологи хөгжөөд хүн бүр news agency буюу мэдээллийн агентлаг болчихсон. Ямар нэгэн цензургүй. Урьд нь бол редакциар хянагдаад гардаг байсан. Хүн бүр одоо лайв хийгээд явах боломжтой. Жишээ нь, нийгмийн сүлжээнд Осоржамаа гээд хүүхдийн лайв байна. Тэгэхээр мэдээллийн баталгаатай, найдвартай байдал гэдэг тал дээр асуудал үүсч эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор “fake news”гэдэг асуудлууд гарч ирсэн.

Уг нь фэйсбүүк этик тал дээр хатуу дүрэм журамтай. Арьс өнгөний үзэл гаргах, буруу зүйлд турхирсан, уруу татсан агуулгатай пост хийхэд сувгийг нь хаадаг. АНУ-ын ерөнхийлөгч асан Д.Трамп гэхэд сонгуулиар ялагдахдаа хүмүүсийг үймээн самуун, төрийн эргэлтэд уриалсан агуулгатай “Бүгдээрээ Цагаан ордон руу дайрцгаая, өөрсдийн эрхээ хамгаалцгаая” гэсний төлөө түүнийг “Фэйсбүүк”-ээс life time буюу насан туршдаа нийгмийн сүлжээнд оролцох боломжгүй болгоод хасчихсан. Тиймээс Д.Трамп өөрийнхөө фэйсбүүк шиг сүлжээ бүтээж байх жишээтэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *