Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Г.Батжаргал: экспортын орлогоо богино хугацаанд нэмэгдүүлэх чиглэлд хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй DNN.mn

Санхүүч Г.Батжаргалтай ярилцлаа.

-Эдийн засаг улам л хүнд болоод байгааг хаа хаанаа мэдэрч байна. Монголд мөнгө орж ирэх ямар боломжууд байна вэ?

-Аливааг хугацааны хувьд богино, дунд, урт гэж харах шаардлагатай. Манайхан урт хугацаандаа харж, төлөвлөж, бодлогоо гаргаж чаддаггүй. Дандаа гал унтраах байдалтай асуудлыг шийддэг. Ингээд зогсохгүй гаргасан шийдвэрээсээ эргэж буцах нь энгийн үзэгдэл. Өнөөдөр мөнгө олж байгаа ганц салбар нь уул уурхай гэдгийг бүгд мэднэ. Уул уурхайд түшиглэсэн бүтээгдэхүүнүүдээсээ л доллар олох шаардлага бий. Тэгэхээр удирдлага, зохион байгуулалт, менежментдээ анхаарч дотоодоос хамаарч буй бүх хүчин зүйлийг гадны жишигт аваачих ёстой л доо. Сая нүүрсний хулгайтай холбоотойгоор Засгийн газраас БЭТ гээд баахан хүмүүс томилогдлоо. Үүнд найдаж л байна. Ер нь бид маш их хугацаа алдсан даа. Төмөр зам, ачаа тээвэр гээд эдийн засагт алдагдсан боломжуудыг тооцвол асар их. Одоо хариуцлага алдсан хүмүүст нь арга хэмжээ авахдаа удаан зууралдаад байх хэрэггүй. Доторх хэрүүлээ багасгаад урагшаа хармаар байна. Цаг хугацаа биднийг хүлээхгүй шүү дээ. Тиймээс менежментийн тогтолцоог яаж ашигтайгаар хийвэл илүү их нүүрс зарж, валют оруулж ирэх тал дээр анхаарах хэрэгтэй. Энэ бол богино хугацааны асуудал. Удахгүй Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт ашиглалтад орох гэж байна. Гадна, дотны хүчин зүйлд нөлөө багатайхан шиг үйл ажиллагааг нь саадгүй явуулчихмаар байгаа юм.

-Манай экспортын орлогод яаж нөлөөлөх вэ?

-Оюутолгойн далд уурхайн оргил үе нь 2028 он. Тэр үед бүрэн хүчин чадлаар ажиллаж эхэлнэ. Шат дараалласан байдлаар явах болохоор одоохондоо экспортын орлогод тийм ч айхавтар нөлөөлөхгүй. Тэглээ гээд бид гараа хумхиад сууж болохгүй. Оргил үед нь тээвэр ложистик, худалдан авалтын дэд бүтцээ бэлдсэн байх ёстой. Дээрээс нь Оюутолгойд эрчим хүчний асуудал бий. Урд хөрш рүү зэсээ гаргачихаад зөрүүлээд эрчим хүч худалдаж аваад байна. Орж ирсэн долларынхаа тодорхой хувь буюу жилд бараг 200-гаад сая ам.доллар эрчим хүчинд өгчихөөд байгаа юм. Үйлдвэрийн хүчин чадал нэмэгдэх юм бол эрчим хүчний хэрэглээ нь ч дагаад өснө. Тэр үед илүү хэмжээний валют гарна. Эрчим хүчний асуудлыг зайлшгүй шийдэх асуудал байгаа. Уул уурхайгаас олсон орлогоороо эргүүлээд эдийн засгийг солонгоруулах бусад үйлдвэр, аж ахуйн нэгжийг нэмэгдүүлэх гэхээр эрчим хүчний асуудалд орчихоод байгаа юм. Бид дэд бүтэц байхгүй хэрнээ дахиж эдийн засгийг солонгоруулах хүнд, хөнгөн үйлдвэрүүдийг хөгжүүлэхэд хүндрэлтэй байна л даа. Дунд хугацаандаа бид эдийн засгаа солонгоруулъя гэвэл эрчим хүчний бие даасан байдлыг шийдэх хэрэгтэй. Тэгэхгүй бол дараагийн сонгууль болно. Дахиад л нүүрсний хэрүүл маргаан үүсч бахь байдгаараа л явах дүр зураг ажиглагдаад байгаа. Уул уурхай бол богино хугацаатай. Тэндээс олсон орлогыг халамжид биш, аль болох дэлхийтэй өрсөлдөхүйц бүтээгдэхүүн гаргахад зарцуулмаар байна. Энэ тал дээр эрдэмтэн судлаачдын гаргасан хэд хэдэн бүтээгдэхүүн бий. Түүнд нь зоригтой хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. Жишээлбэл, Хятад Монголын ноолууран бүтээгдэхүүний харьцаа ойролцоо байгаа. Хэрэв бид ноолуураа бүрэн боловсруулаад гаргаж чадах юм бол дэлхийн ноолуурын зах зээлийн бараг 80-90 хувийг эзлэх бололцоотой. Дээрээс нь аялал жуулчлал гээд том зах зээл байна. Энэ мэтчилэн мөнгө олох салбаруудаа түшиглэн хөгжүүлэх ёстой. “2030 он гэхэд бид ийм хэмжээний долларын орлогыг эдгээр бүтээгдэхүүн үйлчилгээнээс олсон байна” гэдэг үндсэн зорилгоо тавиад түүндээ тууштай баймаар байна. Ямар ч улс төрийн хүчин гарч ирсэн бай, хөгжлийн том зорилтуудаа хэрэгжүүлдэг байх хэрэгтэй. Тэгэхгүй бол өнгөрсөн 30 жилийн түүх чинь яг давтагдахаар харагдаад байгаа.

-Урт хугацаандаа ямар ажлуудыг төлөвлөх ёстой гэж харж байна вэ?

-Төмөр замыг яаралтай ашиглалтад оруулах шаардлагатай байна. Дандаа машинаар зөөгөөд байж болохгүй. Төмөр зам тавилаа гэдэг ч дандаа мухар байдаг. Тиймээс төмөр замаа анхаарах хэрэгтэй байна. ирээдүйд нүүрс гэдэг юм чинь хэрэглэгдэх үү гэдэг нь асуудалтай. Тэгэхээр нүүрсээ дахин боловсруулаад эрчим хүч, түлш гаргах технологи Герман, Япон зэрэг өндөр хөгжилтэй орнуудад нэвтэрсэн. Үүнийг судалж оруулж ирэх шаардлагатай байна.

-Төмөр зам гэснээс галт тэрэгний ачаа тээврийн үнэ буурсан гэж байна. Энэ салбараас орж ирэх мөнгөний урсгал хэрхэн нэмэгдэх вэ?

-Төмөр замын хувьд хоёр эгнээ замтай болох шаардлагатай. Манайх урдаасаа хойшоо нэг эгнээ төмөр замтай. Нэг эгнээ олон зөрлөгтэй. Тийм болохоор өөдөөс ирэх галт тэргээ өнгөрөөхийн тулд заавал хажуу тийшээ зогсч хугацаа их алддаг. Тэгэхээр төмөр замын урсгалаа нэмэгдүүлэх хэрэгтэй. Түүнд хөрөнгө оруулснаараа бид ази европын транзит тээврийг хэдэн хувь нэмэгдүүлж чадах юм. Тэр эрэлт хэрэгцээг нь тодруулахад эдийн засаг болон зах зээлийн судалгаанууд шаардлагатай болж таараад байна л даа. Ер нь нэмэгдэх боломжтой байгаа. Оросууд барууны хоригт орчихоод байгаа ч эдийн засгийн бүх үйл ажиллагаа нь Хятадтай идэвхжээд байдаг. Үүнийг бид давуу тал болгон ашиглах боломжтой. Төмөр замыг нь Монгол руугаа татах юм уу, эсвэл нэг эгнээг нь дан Монголын хөрөнгө оруулалтаар хийгээд явах юм уу гэдэг нь улс төрийн том асуудал болж таарна л даа. Манайх өөрөө далайд гарцгүй орон. Төмөр зам хамгийн хямд тээвэр болж таараад байгаа юм.

-Хоёрхон хөрштэй хиллэдэг манай орон цар тахлын үед орц, гарц хаалттай байхын зовлонг хангалттай амссан. Цаашид агаарын ачаа тээврийг хөгжүүлэх ямар боломжууд харагдаж байна вэ?

-Хөгжлийн банкны хэрэгтэй холбоотойгоор сонсгол явагдаж байхад “Изинис Эйрвэйз” компанийнхан орж ирж байсан. Зорчигч тээвэр зогсчихсон байгаа үед агаарын ачаа тээврийн онгоц оруулж ирээд тэрүүгээрээ нислэг үйлдэж, өр зээлээ төлөх менежментийг богино хугацаанд хийхэд зөвшөөрөл авах тал дээр тодорхой хугацаа ордог юм билээ. Тэгж хийгээд явахад болохгүй юм үгүй. Тээврийн зардал бол төмөр замыг бодвол үнэтэй. Зайлшгүй тохиолдолд агаарын тээврийг сонгох учраас энэ салбар цаашид хөгжих ирээдүй бий. Зөвхөн Монгол руу тээвэр хийгээд байлгүйгээр улс хооронд ачаа тээвэр зөөж, тэндээс валют олох боломжтой. Нисгэгчтэй нь нойтон түрээсийн үйлчилгээ үзүүлдэг жишиг байна. “Изинис Эйрвэйз” компани ийм арга хэмжээ авсан юм билээ. Яаж мөнгө олох маневрийг хувийн хэвшлийнхэн л харуулж чадаж байна шүү дээ. Энэ салбар яалт ч үгүй ковидод хамгийн өндөр цохилт авсан. Гэхдээ тодорхой хэмжээний дэмжлэг өгвөл энэ салбараас олон боломж харагдаад байгаа.

-Хөрөнгө оруулагчдыг татах тал дээр ямар ажлууд хийвэл үр дүнд хүрэх бол?

-Улс төрийн тогтвортой байдал гадны хөрөнгө оруулагчдыг татахад том нөлөөтэй. Гэтэл сүүлийн үед хөрөнгө оруулагчдыг татахаас илүү үргээх бодлогууд их явсан. Учир байдлыг нь олохгүй янз бүрийн байлаар лицензийг нь авах, хохироох, хувь хувьсгалгүй хулхидсан асуудлууд гарлаа. Уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт татъя гэвэл хайгуулынхаа нөөцийг тогтоох асуудал дээр яаралтай анхаарах хэрэгтэй. Одоо ажиллаж байгаа уурхайнууд арав, хорин жилийн дараа нөөц нь тасраад эхэлнэ. Хайгуулал явуулаад олборлолт эхлэхэд нэг том уурхай дээр дунджаар 10-15 жилийн хугацаа шаарддаг. Ойрхон жишээ нь, Оюутолгой байна. Нийт баялгийн 80 хувь нь байгаа далд уурхайг одоо л ашиглаж эхлэх гэж байна шүү дээ. Манайх лиценз олгохыг зогсоомогц гадны хөрөнгө оруулагчид байхгүй болсон. Урт хугацаандаа экспортын орлого олох боломж эрдэс баялгийн хайгуулын асуудал болчихоод байгаа юм. Үүнийгээ бид эхлүүлмээр байна. Хоёрдугаарт, улс төр тогтвортой баймаар байна. Сайд дарга нар солигдмогц хариуцсан газар хэлтсийн дарга нарын ажил үүргийн хуваарь нь өөрчлөгддөг. Энэ чинь бидний том эрсдэл болоод байгааг ойлгох хэрэгтэй. Хэн ч байсан ажил нь явдаг төрийн бүтцийг бий болгох ёстой.

-Сүүлийн нэг жилд доллар эрчимтэй өслөө. Энэ онд ямар байх төлөвтэй байна вэ?

-АНУ инфляцтайгаа хатуу тэмцэнэ гэдгээ мэдэгдээд 2022 онд бодлогын хүүгээ өсгөсөн. Дэлхий нийтээрээ долларын үнэ ханш нэмэгдээд байгаа. Нөгөөтэйгүүр манайд орж ирж байгаа долларын урсгалд ковидтой холбоотойгоор нэлээд тасалдал үүссэн. Тэгсэн хэрнээ хэрэглээнд байгаад байдаг. Доллар бол бусад орны валютын суурь. Доллар өсөхөд бусад валют нь дагаж өсдөг зүй тогтолтой. Японоос бид иен авлаа гэхэд төгрөгөөр биш доллараар худалдаж авдаг. Долларын ханш нь өсөхөөр иен дагаж өсч орж ирдэг. Тэгэхээр долларын ханшийг бууруулах ганц зам нь экспортын тогтмол орлоготой, эсвэл гадны хөрөнгө оруулагчдыг сайн татдаг, орох, гарах урсгалыг тэнцвэржүүлсэн байдалтай байх хэрэгтэй. Тэгэхгүй бол доллар манай улсын санхүүгийн том эрсдэл болж таараад байгаа юм. Долларын үнэ нэмэгдчихээр гаднаас орж ирж байгаа импортын бараа бүтээгдэхүүн бүгд дагаад өснө. Статистикийн тайлангаас харахад инфляцийн 50-аас дээш хувь нь импортлогдож орж ирээд байна. Гэтэл эсрэгээрээ төсөв дээр яаж суудаг вэ гэхээр нүүрс, зэсээ экспортлоод долларын орлого олж байгаа бол ханш өсөх тусам төсвийн алдагдлыг бууруулах асуудал гардаг. Энэ хоёрын тэнцвэрийг олох шаардлагатай. Төсөв талаасаа ханш нь нэмэгдээд байх юм бол экспортын орлого нэмэгдээд байгаа юм шиг харагдаад байдаг. Цаад утгаараа төгрөгийн үнэ цэнэ валюттай харьцах үнэлэмжээр унаад байна гэсэн үг. Энэ бол асар хортой.

-УИХ-аас “Эрдэнэс-Таван толгой”-н ногдол ашгийг нөхөж тараах үүргийг Засгийн газарт өгсөн. Компанид нүүрсний хулгай үүрлэчихсэн, санхүүгийн хүнд байдалтай байгаа үед ногдол ашиг тараах боломж бий юу. Эдийн засагт яаж нөлөөлөх бол?

-Ногдол ашиг тараахад санхүүгийн эх үүсвэр байгаа эсэх нь эргэлзээтэй байна. Өөрсдөө бонд босгочихсон, өр төлбөр ихтэй. Ихэнх төлбөрөө валютаар биш нүүрсээр бартердахаар мөнгөө урьдчилаад авчихсан. Авсан мөнгөөрөө төмөр зам, халамжтай холбоотой бодлогуудад “Эрдэнэс-Таван толгой” оролцсон. Тэгэхээр санхүүгийн эх үүсвэр нь хэрэгтэйхаана байгаа нь эргэлзээтэй. Хоёрдугаарт, ногдол ашиг тараах нь хувьцаат компаниудын хувьд байдаг л зөв зүйл. Хэзээ, яаж тараах вэ гэдэг нь цаг хугацааны асуудал. Гэхдээ “Эрдэнэс-Тавантолгой”-н хувьцааны ногдол ашгийг сонгууль дөхөөд ирэхээр улс төрийн сенсаацийг дарах зорилгоор өгөх гээд байгаа юм шиг харагдаад байна. Өмнө нь Засгийн газар вакцин тариулахад 300 мянга, нэмэлт тун хийлгэхэд 50 мянган төгрөг шууд бэлнээр тараасан. Тэгэхэд инфляцийн түвшин богино хугацаанд яаж хурдан нэмэгдлээ дээ. Яг үүн шиг эрэлтээс үүдэлтэй инфляцийг эргүүлээд хөөргөдчих аюултай. Яаж өгөх вэ гэхээр тодорхой хугацаанд бага багаар өгч болно. АПУ гэхэд хагас жил тутам ногдол ашгаа тараадаг. Ядаж эднийх шиг хагас жилээ байг гэхэд жил бүр тогтмол тараасан бол өөр л дөө. Тэгэхгүй хамтад нь аваачиж бөөн мөнгө тараах нь хоёр гурван жилийн өмнөх түүхээ давтах гээд байгаа хэрэг. Зарим компани эдийн засгийн хүндрэлтэй үед ногдол ашгаа тараахгүй байж болдог. Хувьцаа эзэмшигчдийнхээ хурлаар шийддэг л дээ. Тэгэхээр ногдол ашиг тарааж байсанд орвол яаралтай мухар төмөр замуудаа нээж, хүртээмжийг нэмэгдүүлье. Ачааны болон толгой вагоны хүртээмж тааруу байна. Тэгэхээр ногдол ашиг тараах мөнгөөрөө тээвэр ложистикийн асуудлаа шийдэж, богино хугацаанд экспортын орлогыг нэмэгдүүлэх чиглэлд хөрөнгө оруулалт хийж болно. Ингэснээр ирээдүйд орж ирэх ногдол ашиг чинь өнөөдрийн тараах мөнгөнөөс илүү хэмжээтэй орж ирэх суурь дэд бүтцийг тавих бололцоотой. Гэтэл төр ийм боломжуудаа харахгүйгээр “Хавар жагсаал цуглаан болох нь, иргэд хэцүү байна. Засгийн газрын нэр хүнд унаж байна” гэдэг шалтгаанаар мөнгө тараах гээд байна л даа. Эргээд инфляц нэмэгдээд эхэлмэгц Мохнголбанк барьж чадсангүй гэж хэн нэгнээс буруутанг хайгаад улс төр хийдэг. Тамын тогооны үлгэр нь дахиад л үргэлжилнэ гэсэн үг.

М.МӨНХЦЭЦЭГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *